Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0009

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

      Улсын яллагч Б.Бүжинлхам

       Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М холбогдох эрүүгийн  тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн П.М

        

                                                     Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч П.М 2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 11-ний хооронд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт “Делта-9 тетрагидроканнабинол”-ын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2014 онд энэ гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан минь үнэн. Сая 2018 оны 09 сараас 11 дүгээр сарын хооронд хориглосон ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн хадгалсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Болчимгүй зан гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Би хотод ээжтэйгээ амьдарч байгаад амьдралаа тэгшитгэж, аавтайгаа амьдарч туслах гэж 2018 оны 6 дугаар  сард ирсэн. Ээж аав хоёр маань хоёулаа өндөр насны тэтгэвэрт байдаг. Ээж маань 2018 оны 10 сард тархины сүлхэнцэгийн хавдарын хагалгаанд ороод одоо ч асаргаанд байгаа. Энэ хэрэгт хөнгөн ял шийтгэж өгнө үү. Би гаргасан алдаа хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна, тулгамдаад ярих зүйл орж ирэхгүй байна гэсэн мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Уг байрны шатан дээр 32 х 12 х 9 см хэмжээ /орчим/ бүхий цагаан гялгар уутанд боосон хатаасан ургамал байгааг хураан авлаа. Ханан пийшингийн урд дээд хэсэгт 8.5 х 4.7 см бүхий дүнсэн тамхины ороолтын цаас гэх хаяг бүхий 80 ширхэг цагаан цаас байгааг хураан авлаа. Байшингийн баруун хойд  булангаас урагш 80 см зайд цагаан өнгийн торон материалтай даавуу мэт зүйлд боосон хатаасан өвс ургамал хураан авав” гэсэн тэмдэглэл /хх 6-12 хуудас/

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-29 хуудас/

П.М зориулалтын саванд шээлгэж үр дүнг нь хүлээв. 3-4 минутын дараа тестний заалтаар ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэсэн тестер ашиглан шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 24-26 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11033 дугаартай:  “Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цэнхэр алаг ууттай ургамал мэт зүйл №2 гэж дугаарласан 95 грамм цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйлд тус тус дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /delta-9 tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” Шинжилгээнд ирүүлсэн “П.М 2018 . 10. 11” хаягласан 110 мл хэмжээтэй /зураг 9,10/ шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв гэсэн дүгнэлт /хх 32-36 хуудас/

Гэрч Н.Б ...тухайн хэрэг болохоос 10 орчим хоногийн өмнө найз М өвс татаж байхад нь сонирхоод ЭКО хороололын орчим гадаа явж байгаад 1-2 удаа сорчихсон юм. Тэрнээс өөрөөр сорж байгаагүй гэх мэдүүлэг/ хх 42 хуудас /

Шүүгдэгч П.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Яллагдагчаар татагдсан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Цагдаа манай гэрт ирж шалгаснаас 10 гаруй хоногийн өмнө манай хашааны урд хог хаядаг хэсэг болон жорлонгийн орчим, хажуу талаар нь энэ ургамал ургасан байсан. Интернет зурагтаар харж байсан болохоор таньдаг, өмнө нь би энэ ургамлыг татсаны улмаас шийтгүүлж байсан. Би хараад энэ ургамлыг гадарладаг болсон байсан. Хашаанд байсан ургамлаас 4-5 бутыг түүж аваад уутанд хийгээд дараа нь нэг сонирхолгүй хаячихсан. Гаражын тэнд даавуун ууттайгаа ил газар хэвтэж байсан. Үүнийг цагдаа нар олсон. Би өөрөө түүсэн өдрөө дэлгүүрээс тамхи ороодог цаас аваад татсан. Тэр өдөр Б манайд ирээд сонирхоод ганц, хоёр сорчихсон. Гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх 95-96 хуудас/

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-18 хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 22 хуудас/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45 хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх 99-100 хуудас/

П.М яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01, 95-96 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт  хийхэд хангалттай байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.М нь  2018 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 11-ний хооронд хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт “Делта-9 тетрагидроканнабинол”-ын төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,  гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна.

 

Шүүгдэгч П.М хууль бусаар бэлтгэж хадгалсан өвс мэт зүйл нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “коневенцийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламжтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг халдсан нийгэмд аюултай, санаатай хийсэн үйлдэл гэж үзлээ.

“Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай “ 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад багтсан өвс мэт зүйл нь хэрэглэсэн хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлж, донтуулж улмаар амь насанд аюул учруулдаг тул түүнийг хууль бусаар ашигласан аливаа үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

   Иймд шүүгдэгч П.М дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй “сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн  түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” үйлдэл мөн бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

                   Шүүгдэгч П.М ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрллээ.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гялгар ууттай 310 грамм ургамал, цагаан өнгийн торон материалд боосон 95 грамм ургамал, гялгар уутанд хийсэн 65 грамм ургамал, “Дүнсэн тамхины ороолтын цаас” гэх нэртэй 8.5х4.7 см хэмжээ бүхий 80 ширхэг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдав.