| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/03918/И |
| Дугаар | 210/МА2024/02078 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02078
2024 11 29 210/МА2024/02078
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/04559 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 91,225,885 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Э.******* нь ******* ХК-тай 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944468102 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар зээл авсан ба уг зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/201944468102-1 тоот гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
1.2. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр БГХ/201944468102 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрийн эд хогшил болон дансны орлого, мөн БГҮ/201944468102 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Б.*******, А.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 2-р байр ******* хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууц зэргийг барьцаалуулсан.
1.3. Зээлдэгч Э.******* зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,271,749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,461,978 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,465 төгрөг нийт 7,736,192 төгрөг төлсөн байна.
1.4. Э.******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний хугацаа хэтэрч, гэрээний үүрэг зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна.
Иймд зээлдэгч Э.*******од холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,728,251 төгрөг, зээлийн хүү 44,996,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,501,208 төгрөг, нотариатын зардал 33,000 төгрөг нийт 91,258,885 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.*******, Б.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын 2 дугаар байр ******* хаягт байрлалтай 24 м.кв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч Э.******* шүүхэд тайлбар гаргаагүй.
3. Хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Э.*******оор мөнгийг төлүүлэх ёстой. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцаа алдахыг хүсэхгүй байна.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.*******оос 91,225,885 /ерэн нэгэн сая хоёр зуун хорин таван мянга найман зуун наян тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс 33,000 төгрөг болон хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөөрөнгөөр хангуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 685,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******оос 614,079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол гэж үзэх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад нэмэлт зардал буюу нотариатын үйлчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал болох нотариатын үйлчилгээний зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
5.2. Тус зээлийн барьцаанд Б.*******, Б.******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 2 дугаар байр ******* хаягт байрлалтай, 24 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалуулсан бөгөөд хамтран өмчлөгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчаас гаргаж өгсөн нас барсны гэрчилгээний хуулбар, лавлагаагаар тогтоогдсон бөгөөд барьцаалуулагч нас барсан талаар барьцаалуулагч болон зээлдэгч нараас банкинд мэдэгдэж байгаагүй, банк үүнийг мэдэх, мэдээллийг олж авах боломжгүй, шүүхээс барьцаанд байгаа тул өвийн асуудал шийдвэрлэгдээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
5.3. Мөн уг хөрөнгийн хамтран өмчлөгч Б.*******гийн үүрэг дуусгавар болоогүй байхад нас барсан өмчлөгчийн баримтыг үндэслэж Б.*******гийн үүргийг дуусгавар болгож байгаа нь хуульд нийцээгүй байна.
5.4. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэддэгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ тус тус заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талийгаач Б.*******г нас барах хүртэлх хугацаанд хамтран өмчлөгч түүний төрсөн охин Б.******* нь хамт амьдарч байсан талаар асуулт хариултын шатанд хариулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтын дагуу мэтгэлцэж, өв хүлээн авсанд тооцож барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй талаар тайлбарлаж мэтгэлцсэн боловч шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцааны эрх дуусгавар болоогүй байхад Иргэний хуулийн 160 дугаар зүйл, мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2, 528 дугаар зүйлийн 528.1, 538 дугаар зүйлийн 538.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ханаагүй байна.
Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/04559 дугаар шийдвэр өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Э.*******, Б.*******, Б.******* нарт холбогдуулан 91,258,885 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Б.******* нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Хариуцагч Б.******* 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нас барсан талаарх баримт хэрэгт авагдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь Б.*******д холбогдох шаардлагаасаа татгалзсан агуулга бүхий тайлбарыг гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. ******* ХХК болон Э.******* нар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 45,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.******* нь зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 11-13 дугаар тал/
Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.*******, Б.******* нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ХМК-ийн 2 дугаар байр ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 24 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, уг гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 16-18 дугаар тал/
Шүүх хариуцагч Э.*******оос 91,225,885 төгрөг гаргуулж, уг үүргийн гүйцэтгэлийг дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн хөрөнгийн нэг өмчлөгч Б.******* нас барсан нь үүрэг дуусгавар болох үндэслэл болсон, түүнчлэн өвийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа гэх агуулга бүхий дүгнэлтийг хийжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно. гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар маргаантай эрх зүйн харилцааны оролцогч нас барсан тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн үргэлжлүүлэх талаарх журмыг зохицуулсан байхад энэ талаар зохигчоос тодруулах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж холбогдох ажиллагааг явуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлээгүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.*******д холбогдох шаардлагаасаа татгалзсан агуулга бүхий тайлбар гаргасан байх ба энэ тохиолдолд хариуцагч Б.*******д холбогдох шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлага нь үл хуваагдах шинжтэй эсэх асуудлыг анхаараагүй хэргийг шийдвэрлэжээ.
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэжээ.
Хариуцагч Б.*******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцуулахаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.*******д 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба шүүх уг итгэмжлэлийг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Б.Нямлхагвад нэхэмжлэлийг гардуулж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг ирүүлэх хугацааг тогтоосон байна. Ийнхүү шүүх хугацаа тогтоосон атлаа 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчигдсөн гэж үзнэ. /хх-ийн 63-64 дүгээр тал/
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан, уг татгалзлын үндэслэлийг шүүх тодруулаагүй байх ба ийнхүү тодруулснаар хариуцагч Б.*******д холбогдох шаардлага тодорхой болох, улмаар энэ талаар зохигч мэтгэлцэж, маргааны үйл баримт тогтоогдох учиртай. Уг ажиллагааг хийгээгүй нь дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнтэй холбоотой гэж үзэхээр байна.
4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан гомдолд материаллаг хэм хэмжээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2024/04559 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА