Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02079

 

 

 

 

 

 

  2024 11 29 210/МА2024/02079

 

 

И.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/03842 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: И.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* газарт холбогдох

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. И.*******д мөнгө зээлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний нэр дээр 8 шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүгдийг төлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

1.2. Шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан мөнгөн төлбөр төлөгдсөн тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэл бий болно. Төлбөр төлөгч И.******* шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлсөн учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэл бий болсон. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах үүрэгтэй.

Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй, энэ талаар удаа, дараа тус байгууллагад гомдол гаргасан боловч төлбөр төлөгчийн эрх хамгаалагдахгүй байна. Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Төлбөр төлөгч И.*******д холбогдох 8 гүйцэтгэх баримт бичигт 205,033,689 төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны ******* хаягт байрлах 40 м.кв орон сууцыг худалдан борлуулж, төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

2.2. Нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг удаа, дараа шүүхэд гаргасан хэдий ч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж шүүх шийдвэрлэсэн. Улмаар 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс төлбөр авагч нарт төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул 7 гүйцэтгэх баримт бичгийг хааж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.

2.3. Төлбөр төлөгч И.*******д холбогдох бүртгэлийн 14280217 дугаартай, төлбөр авагч ******* ХХК-д 60,030,000 төгрөг төлүүлэх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй гэх үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 23/09/404 дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн байсан тул дуусгавар болгоогүй.

2.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 28 дугаар байрны ******* 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 111,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. ******* газраас зохион байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа хууль, журмын дагуу явагдаж, анхны албадан дуудлага худалдаагаар иргэн Х.******* ялагч болсон.

2.5. Нэхэмжлэгч талаас төлбөр авагчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах ёстой гэж үздэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т зааснаар төлбөр төлөгч 14 хоногийн дотор төлбөрөө төлөх ёстой. Төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гардаг. Төлбөр төлөгч 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа төлбөрөө төлсөн. Гэтэл 14 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй учраас өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсан.

Энэ тохиолдолд дуудлага худалдааны ялагчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шууд дуусгавар болгож чадаагүй. Үүнээс болж маргаан үүссэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Х.******* нь ******* газраас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааны 35 дугаарт зарлагдсан зарын дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол, 28 дугаар байр, ******* хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцны дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр үнэ амлан ялагч болсон бөгөөд дуудлага худалдааны үнийг бүрэн төлж барагдуулсан.

3.2. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно. гэж заасан. ******* газраас 2023 оны 8 дугаар сарын 03-нд Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч И.*******д 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх мэдэгдлийг өгсөн.

Гэвч төлбөр төлөгч тал буюу иргэн И.******* нь 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлээ дахин гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэдэг үндэслэлээр 2023 оны 8 дугаар сарын 22-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Энэ түдгэлзүүлсэн захирамж өнөөдрийг хүртэл сэргээгүй, ажиллагаа үргэлжилсээр байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй. гэж заасан. Энэ хугацаа хэтэрсэн байгаа тул дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэлтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг баримтлан төлбөр төлөгч И.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, хувийн хэргийг хаахыг ******* газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэхэмжлэгч И.*******ын гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэн учраас ажиллагаа түдгэлзсэн байсан. Тодруулбал, төлбөр төлөгч И.******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан гэх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх хүртэл ШШГА түдгэлзсэн. Ийнхүү түдгэлзсэн байдал одоо ч арилаагүй байгаа.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь түдгэлзсэн үндэслэл арилтал ШШГА-г сэргээх хууль зүйн хувьд боломжгүй. Иймд ажиллагааг сэргээгээгүй ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн татгалзал үндэслэлтэй.

5.2. Төлбөр төлөгч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний улмаас гуравдагч этгээдэд өмчлөх эрх үүссэн. ******* газраас гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг эдлүүлэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн шалтгаанаар ажиллагаа түдгэлзсэн нөхцөл байдал саад болж байсан. Ажиллагаа сэргэх юм бол өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Гуравдагч этгээдэд өмчлөх эрх үүссэний дараа төлбөр төлөгч төлбөр төлсөн нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв үнэлээгүй. Төлбөр төлөгч өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гарсны дараа төлбөрөө төлсөн бол түүний буруу. Орон сууцыг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэн өгөх ёстой.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. И.******* төлбөрөө төлж дуусаж, төлбөр авагч төлбөрөө авч дууссан. Албадан дуудлага худалдааны ялагч эд хөрөнгө худалдаж авсан мөнгөө бүрэн төлөөгүй. Нөгөөтэйгүүр, хуульд төлбөр төлснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгоно гэж заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн болон дуудлага худалдаагаар хөрөнгийг худалдан борлуулсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болохгүй гэж хуульд заасан зүйл байхгүй.

6.2. Гуравдагч этгээдийн эрх ашиг дуудлага худалдаатай холбоотой хэсэгт хөндөгдөж байж магадгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой маргаанд гуравдагч этгээд шаардлага гаргах эрхгүй. Гуравдагч этгээд албадан дуудлага худалдаанд оролцож байгаа этгээдийн хүрээнд тайлбар гаргах ёстой бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохтой холбоотой тайлбар гаргахгүй.

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т ...Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж заасан. Дуудлага худалдаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж, Х.******* гэх хүн дуудлага худалдааны ялагчаар тодорч, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дэнчин болон бусад төлбөрөө бүрэн төлсөн. Иймд дуудлага худалдааны ялагчийн эрх ашиг хөндөгдөж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан 8 шүүхийн шийдвэрт холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах нэхэмжлэл гаргасан ба уг шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгах гэж өөрчилжээ. Уг нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.******* хариуцагчийн байр суурийг дэмжсэн агуулгаар тайлбар гарган оролцжээ.

3. Анхан шатны шүүх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

3.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар И.******* нь ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 60,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон талуудын эвлэрлийг баталжээ.

Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 74/05/Ч дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 637 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Хэргийн 23 дугаар талд авагдсан ******* ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 23/156 дугаартай албан бичигт ...шүүгчийн захирамжийн дагуу төлбөр төлөгч И.*******аас 45,000,000 төгрөгийг төлсөн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн байх ба уг баримтыг нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар гарган өгсөн, төлбөр төлөгдсөн гэх нөхцөл байдалтай холбоотой ямар нэг нотлох баримтыг хариуцагч байгууллагаас гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүх дээрх албан бичгийг үндэслэн төлбөр төлөгч И.*******ыг гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлсөн гэж дүгнэхдээ тухайн албан бичигт гарын үсэг зурсан ерөнхий захирал гэх ******* нь тус хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байсан эсэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох агуулга бүхий монгол хэл дээр бичигдсэн хүсэлт нь төлбөр авагч хуулийн этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тодруулбал, дээрх нотлох баримтыг төлбөр авагчаас гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байгаа учраас үүнийг тодруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл төлбөр авагчийг оролцуулах байсан эсэхийг тодруулж хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ.

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдийн эрх зөрчигдсөн үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/03842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

Т.ГАНДИЙМАА