| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2024/02526/И |
| Дугаар | 210/МА2024/02080 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02080
2024 11 29 210/МА2024/02080
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/04539 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* газарт холбогдох
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/02303 дугаар шийдвэрээр Д.*******аас 226,352,595 төгрөг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
1.2. ******* газраас томилсон шинжээч ******* ХХК нь Д.*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2 дугаар хороолол 31 дүгээр байрны ******* хаягт байрлах 54 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн.
1.3. Ч.******* болон төлбөр авагч гэх ******* ББСБ ХХК нь зээл олгож, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан мэтээр хуурамчаар зээлийн түүх үүсгэсэн, барьцааны гэрээг хуурамчаар үйлдэж эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн зэрэг үндэслэлээр гомдол гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1909022801207 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.
Иймд 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4/286 дугаар шийдвэрээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/16945 дугаар шүүгчийн захирамжаар ажиллагааг түдгэлзүүлсэн тул дахин түдгэлзүүлэх боломжгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн.
1.4. Гэтэл ******* газар нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4-171/8195 дугаар мэдэгдлийг Д.*******д 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн.
******* газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол огт гаргаагүй атлаа шууд 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь төлбөр авагч талд хэт үйлчлэн шийдвэр гүйцэтгэлийн хууль болон нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.
Иймд ******* газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/15360 дугаар захирамжаар Д.*******аас 226,352,595 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19250176 дугаар тогтоолоор эхлүүлж, төлбөр төлөгч Д.*******ы барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 31 дүгээр байрны *******од байрлах, 54 мкв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 4а дүгээр байрны од байрлах, 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцуудыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19250176/04, 19250176/05 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 2 дугаар хороолол 31 дүгээр байрны *******од байрлах 54 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01/171/19250176 дугаар тогтоолоор хураан авч, үнийн санал авахад төлбөр төлөгч Д.******* 750,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч талаас үнийн саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах саналыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. бичгээр ирүүлсэн.
2.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5/166 тоот шинжээчийн тогтоолоор шинжээч Ц. нь эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 31 дүгээр байрны *******од байрлах, 54 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4-171/9475, 4-171/9476 дугаар тоот албан бичгүүдээр мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч Д.******* нь үнэлгээг эс зөвшөөрч 3 шатны шүүхээр үнэлгээний талаар гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00058 дугаар магадлал, УДШ-ийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/00255 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
2.4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/7 тоот тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 04-171/7636 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн газарт хүргүүлж, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4-171/8195, 4-171/8194 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.
2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/7 тоот тогтоолыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4-142/10582, 4-142/10583 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Ж. нь 110,238,866 төгрөгөөр дуудлага худалдааны ялагчаар тодорсон.
Иймд төлбөр төлөгч Д.*******ы барьцаа хөрөнгөнд явуулсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ******* газарт холбогдох, ******* газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/7 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Д.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор хариуцагч ******* газарт холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан боловч 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хуулийн хугацаанд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс мөн хуулийн 72.3-д заасан үндэслэлээр хариуцагчийг эзгүйд шүүх хуралдааныг үргэжлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 29, 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан зэрэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
4.2. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн гаргасан нотлох баримттай танилцах, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа гаргаж байсан гомдол, холбогдох хариуг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасныг хариуцагч нь гомдолтой холбоотой хариу мэдэгдлийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой гэсэн болно. 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүнд хэлбэрийн ханиад хүрсний улмаас оролцох боломжгүй байсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд мөн хүндэрсэн хэлбэрийн ханиадны улмаас их халуунтай байсан тул шүүхэд хүсэлт гаргасан боловч хангаагүй.
4.3. ******* газрын төлөөлөгч 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******ы шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол, түүнтэй холбоотой хариу мэдэгдэл зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасантай холбоотойгоор хэргийн зохигч болох нэхэмжлэгчийг эдгээр нотлох баримттай танилцах, баримттай холбоотой нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээр хангах зэрэг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
Хариуцагчийн зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтаар 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ******* газрын дэд даргад гаргасан гомдлыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4-142/58 дугаар хариу мэдэгдэх /хх-ийн 120 тал/-ээр татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд нэхэмжлэгч Д.*******д огт танилцуулж байгаагүй. 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлыг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 4/40 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 2024 оны 7 дугаар сард шуудангаар хүлээн авсан болно. Нэхэмжлэгч Д.******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд одоо орон сууц түрээслэн оршин сууж, амьдарч байгаа хаягийн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдээлж байсан атал оршин суудаггүй хаягаар шуудангаар илгээсэн байна.
4.4. Хариуцагч ******* газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол огт гаргаагүй атлаа 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь шийдвэр гүйцэтгэлийн хуулийг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/04539 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тодруулж, энэ хүрээнд талуудыг мэтгэлцүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол гаргаагүй атлаа анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг гаргасан гэж тайлбарлаж, уг тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан ******* газрын 2024.03.18-ны өдрийн 4/286 дугаартай албан бичигт Үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/16945 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, , мөн 2024.05.30-ны өдрийн 4/40 дугаартай тогтоолд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2023/16945 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсон гэжээ.
Иймд шүүх дээрх нотлох баримтуудад дурдсанаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн эсэх, түдгэлзсэн бол шалтгаан, нөхцөл арилсан эсэх зэргийг тодруулаагүйгээс талууд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар мэтгэлцээгүй, энэ хүрээнд дүгнэлт хийгээгүй нөхцөлд шүүх маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
3.2. Түүнчлэн, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материатай танилцах, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өвчтэй байгааг харгалзан тус тус хойшлуулсан. Энэ хугацаанд хариуцагч байгууллагаас 8 хуудас /хх-ийн 115-122/ шинэ баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг нотлох баримттай танилцах нэхэмжлэгчийн эрхийг анхан шатны шүүх бүрэн хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн дээрх нотлох баримтын талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэж үзэх баримтгүй байх тул нотлох баримттай танилцаж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
Харин 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг шүүгч захирамждаа тодорхой заасан байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд бүрэн мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс түүнийг залруулах, нэмж дүгнэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/04539 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА