| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 989 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Улсын яллагч Б.Алтанцэцэг,
Хохирогч Н.Баттулга,
Шүүгдэгч Ө.Б , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Б т холбогдох эрүүгийн 1806 07392 2043 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Сүхбаатар дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 641 дугаартай тогтоолоор Эрүүгийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадваргүй, Ө.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Баттулгыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “....Энэ нь ХБХүний эрхийн тухай хуулийн 6.1. заалт буюу “Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэдэг заалтыг зөрчсөн. Үйлчлүүлэгчийн оюун ухааны чадварын сул талыг ашиглан яаж ийгээд хэдэн төгрөгийг нь илүү авчих зорилго тээсэн хохирогч гэгдэх Н.Баттулга нь намайг хуурч, худал мэдээллээр хангаснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2 зүйлийг зөрчиж үйлдвэрлэгч нь барааныхаа талаар хэрэглэгчид үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ умартсан. Ингэснээр хэрэглэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан ба 4.1.2. зүйлд зааснаар хэрэглэгч нь бараа, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах эрхээ эдлээгүй. Н.Баттулгын худал үгнээс болж дээд шүдээ үнэгүй хийлгэх боломжоо алдсан. Хиймэл шүд хугацаандаа гаргалгүй цаг алдсанаас 6 хоногийн турш гэдэс дотор хямарч, гүйлгэж эхэлсэн тул 16.000 төгрөгөөр нэг хайрцаг “Линекс” эм авч ууж зүгээр болсон. Хууртагдсанаа мэдсэнээр сэтгэл санаа хямарч эмнэлэг дээр цочролд орж улмаар Н.Баттулгаар хоолойгоо боолгосноос болж манарч ухаан алдсан. Гэрээс нь хол орших шүдний эмнэлгийн дэргэд орших Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаалт өгөх гэж 5-7 удаа очсон. Хийж өгсөн шүд нь дутуу дулимаг байснаас 6 удаа “Их Зайсан” эмнэлэг дээр ахин очиж засч янзлуулсан. Сэтгэцийн шинжилгээ хийлгэх гэж Шархадны эмнэлэг рүү 5 удаа очсон. “Их Зайсан” эмнэлгийн эмч нарын хиймэл шүдээ хэрхэн зөв ашиглах тухай өгсөн буруу заавар, зөвлөгөөнөөс болж буйл үрэвссэнээс 4-5 хоног юм идэж чадаагүй. Чанаргүй хийсэн хиймэл шүд нь амнаас өмхий үнэр гарган, буйл өвтгөх болсон тул 2018 оны 10 сараас хойш огт хэрэглэхээ больсон. 60-с дээш хоногийн турш яллагдагчийн хувьд өдөр бүр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр руу автобусаар зорчин ирж бүртгүүлэх шаардлага үүсч, 100 хувь бүрэн биелүүлж шүүх хуралдаанд оролцсон. Хамгийн гол нь 2018 оны 12 дугаар сарын 17-нд шүүхийн байр руу бүртгүүлэх гэж явахдаа оройтсоноос 2018 оны 12 сарын халамжийн мөнгөө авахаас хоцорч 155.000 төгрөгөөр хохирсон ба 2019 он гарснаар халамжийн сангаас урьд жилийн мөнгийн нөхөн олохгүй гэсэн. Би 1990 онд бусдад зодуулж тархиа хагалснаар 2 жилийн дараа үе үе унадаг болсон. 2016 оны 12 дугаар сард Америкт зарагддаг үнээсээ 5 дахин хямд үнээр “Монос”-т зарагддаг “Ацидофилис” гэсэн хуурамч эмнээс нэг хайрцгийг ууж хеликобактертай болоод “Монос”-оос 3 ширхэг эм авч уусан биш гүйлгэн, цагаан мах гарсан. Эмийн санчдаас нь зөвлөгөө авах гээд очсон биш “Монос” эмийн сан дотор ухаан алдаж тархиа хүчтэй хагалснаар өчнөөн олон эм, тариа хэрэглэн эмнэлэгт бүтэн нэг cap хэвтсэн. Миний бие нь өөрийн гэнэн итгэмтгий зангаасаа болж энэ залууд хууртагдсандаа мөн мэдрэлийн хүнд өвчин болох өнчин тархины хавдраас болж өөрийн түргэн ааш зангаа хянан барьж дийлэлгүй түр зуурын өвдөлт учруулахаар цохисондоо гэмшиж байна. Би энэ залуугийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах зорилго огт хийгээгүй ба зөвхөн шүдээ тэр өдрөө авах гэж эмнэлэг дээр нь очсон. Даан ч шүд гараагүй байсан тул надад гүйлгэлтийн эсрэг эм авч өг гэж шаардахад үл тоон намайг хөөсөнд аргагүй эрхэнд биеэ барьж чадаагүй. Муугаар бодоход хэрэв би энэ залууг үнэхээр хорлон хохирооё гэж бодсон бол кинон дээр гардаг шиг анх ажлых нь өрөөнд нь хутга мэс барьж түүн рүү дайрах юм уу эсвэл эмнэлгийг нь орой үдшийн цагаар шатаах гэж л зүтгэнэ шүү дээ. Шүүх эмнэлэгт үзүүлж шинжилгээгээ сэтгэцийн компьютер томографикаар авахуулсан бол рентген зураг нь байх ёстой. Энэ залуу эмнэлгийн төлбөр төлсөн мөнгөний баримтаас гадна тэр зургаа заавал үзүүлэх ёстой. Миний бие эрүүл ухаан санаагаа гэнэт алддаг балай өвчнөөр 25 жилийн турш шаналж яваа хүний хувьд зарим тохиолдолд биеэ үнэхээр хянан барьж чаддаггүй тул грүппэд орсон. Гол нь 2016 оны 12 дугаар сарын 19-нд “Монос” эмийн сан дотор ахин ухаан алдаж унахдаа урьд нь авсан толгойн хэсгээрээ төмрөн дээр унаж ахин хагалснаар бүр донгио жаахан хүүхэд шиг амархан уурлан баярлах болсон. Би бусдад амархан хууртагддаг тул юм худалдаж авахдаа дандаа ээжтэйгээ явдаг. Хууртагдсанаа мэдээд маш амархан уурлахдаа эхний үйлдээ л мэдэх болсон тул хүмүүстэй харьцахаа больж ганцаараа л дэлгүүр энэ тэрээр огт явдаггүй. Н.Баттулга нь намайг мэдрэл муутайг минь далимдуулж намайг анхнаасаа л хуурч шулахыг хүссэн. Хэрэв намайг анх үзэхдээ “таны уян шүд чинь 15 хоногийн дараа гарна, шүдийг чинь ажилдаа гаршсан Эрдэнэчимэг мастер биш саяхан сургууль төгссөн нэг хүүхэн хийж өгөх тул 10.000 төгрөг танаас би нэмж авахгүй, хэрэв дээд доод араагаа хоёуланг нь улсын зардлаар үнэгүй манайхаар хийлгэхийг хүсч байгаа бол 110.000 мянган төгрөгөөр хөнгөлөлтийн үнэ бичүүл, нэмж дээд шүдний ёзоор авахуулах 10000 төгрөг төлөх мөнгө буюу нийтдээ 120.000 төгрөгтэй дараа ирээрэй” гэж хэлсэн бол би тэр дороо харьж гэрийнхээ ойр орших шүдний эмнэлгүүдэд шүдээ хийлгэх байсан. Миний ээж дэргэд минь байгаагүй байсан бол 10.000 төгрөг нэмж шаардсаныг нь өгөөгүйн улмаас эхний өдөр л энэ залуутай хэрэлдэх байсныг үгүйсгэх аргагүй. Тэгээд ч халаасандаа 60.000 төгрөгтэй байж 70.000 төгрөгийн үнэ санал болгох энэ залууд би шүдний хэмжээгээ авахуулахыг зөвшөөрөх үү. Би мөнгөө бүрэн авчирч төлсөний дараа л хэмжээ авахуулна шүү дээ. Би Эрдэнэчимэг мастераар шүдээ хийлгэж байна дээр нь ээж 10.000 төгрөг гаргасан юм чинь гэж эсэргүүцээгүй ба энэ залуу Эрдэнэчимэг шүдийг чинь хийж өгнө гэж худлаа хэлж намайг хуурсан. Намайг унаж тусдаг өвчтэй болохоор олон хүн чамд хамаагүй асуудал тул эндээс яв гэх дээрэлхэн хөөдөг. Үүнд би маш эмзэг ханддаг тул хэн нэг нь намайг ямар ч гэм хийгээгүй байхад хөөхөд амархан уурладаг. Хэрэв энэ залуу шүдээ цагтаа гаргаагүйдээ надаас уучлал хүссэн бол би уурлахгүй байх байсан. Би шүд хийдэг өрөөнд буй Эрдэнэчимэгтэй уулзаж мэхлэгдсэнээ мэдэнгүүтээ гайхан цочирдсон ба хий дэмий шүд хийлгэлгүй 40 хоног алдсандаа маш их харамссан. Хууран мэхлэгчээ үзэнгүүтээ өөрийн эрхгүй түүнээс тайлбар нэхэхэд “чи энд юу хийж яваа юм, чиний гүйлгэх эсэх нь надад хамаагүй тул эндээс яваач” гэж намайг доромжлон хөөсөн учраас хэрүүл зодоон өрнөсөн. Цагдаа дээр очиж байцаалт өгөөд 20-30 ммнутын дараа ирээд хагас дутуу хийсэн шүдээ хараад би тэр дороо тайвшран баярласан. Учир нь гүйлгэхийн эсрэг эм надад хэрэггүй болсон тул энэ залуутай уулзалгүй мөрөөрөө гэртээ харьсан. Даан ч намайг хорлох гэж хийсэн маш чанаргүй хийсэн шүднийх нь нэг тал гүйцэт нөгөө нь дутуу байсан. Буйл холгоод байсан тул өөр нэг эмч залуугаас энэ тухай лавлан асуухад “шинэ гутал өмсөхөд хөл холгодог ч хэд хоноод л зүгээр болдог шүү дээ иймд шүдээ байнга зүүгээд яв” гэж хуурсан. Бариу хиймэл шүд зүүсэн биш дутуу, дулимаг хийсэн хэсгийн доор буй буйлнаас цус гарч шүд өвдсөн ба зөвхөн баруун талаараа тэр орой хоол идсэн. Тэгээд маргааш буйл бүр илүү хүчтэй өвдсөн тул Баянзүрх дүүргийн цагдаагаас дуудахад цагдаа дээр очихдоо энэ эмнэлэгээр дайрахад Н.Баттулга нь “наад муугийн шүд ямар байх нь надад огт хамаагүй, би огт үзэхгүй” гэсэн. Техникч хүүхэн нь “шүдээ байнга зүү” гэж мөн буруу зөвлөж шүдэнд бага зэрэг засвар оруулсан. Хятад түүхий эдээр хийсэн хулхи хиймэл шүд тул ам өмхий үнэртүүлэх болсон тул энэ шүдийг зүүхээ больсон. Шүүгчийн туслах Золзаяа надтай уулзсан эхний өдөр л намайг чи архи уусан байна цаашаа бай гээд байсан. Хэрэв та бүхэн итгэхгүй байгаа бол би зүүж үзүүүлье хурлын дараа миний амыг үнэртээрэй. Гэдсээ гүйлгэхгүй нь тулд би сүүлийн үед зөвхөн бантан идэх болсон ба “Монос”-ыг шүүхэд өгсөн. Өрөө дарахын тулд зажилж иддэг махан хүнс бүр хэрэглэхээ больсон. Би аманд ороод шууд залгих эсвэл амархан хайлдаг хүнс л идэж байна. Миний шүдний материал 11.000 төгрөг гэтэл шүд хийлгэх үнэ нь 59.000 төгрөг болоход шүдний техникч хүүхэн яагаад үйлчлүүлэгчээ бодохгүй ийм удаан муу ажилласан юм бол. Сүүлд би эмнэлгийн дарга Лхагва дээр ороход надаас уучлалт гуйж “энэ залууд гомдолгүй” гэж хэлээч гэхэд “наадах чинь хэрэг хүлээх чадвартай тул би наадахаас чинь хэдэн төгрөг авахаа бодолгүй яахав” гэсэн. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү 10-с дээш удаа дуудагдан очсон. Сүүлийн үед сэтгэл санаа хямрах, ухаан алдаж унахын өмнө гүйлгэх болсон. Гол нь Эрдэнэчимэг мастер миний шүдийг хийгээгүйг сонсоод би үнэхээр цочирдсон. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн нийгмийн хэр хэмжээ, гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 2.4-д заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 2.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөрүүлдэг. Гэрээсээ хол орших энэ хулхи эмнэлэгт яах гэж хий дэмий бүтэн 50 өдөр алдаж шүд хийлгэвээ гэж уурласандаа би үнэхээр биеэ барьж чадаагүй болно. Миний бие 3-4 өдрийн турш усан чацга алдаж байсан тул хол явж чадахгүй байсан. Хэд хоног гүйлгэсэн би энэ залуугийн хэлсэн шүд найдвартай гарах эцсийн өдөр хүртэлх “Линекс” гэдэг гүйлгэлтийн эсрэг эмэнд бүх мөнгөө зарсан байсан. Илүү 1 өдөр уух 2-3 мянган төгрөгийн зардлаа олох гэж энэ залууг хууль ёсны байгууллагад 20-30 мянган төгрөгийн төлбөр төлж өгснөөр олж авч чадах уу. Тэгээд ч би энэ залууд 10.000 төгрөг илүү төлөхөд энэ эмчийн дипломтон 7 хоног хоцроож маш чанар муу, хагас дутуу хулхи шүд хийж өгсөн шүү дээ. 5 хоногийн дотор шүд хийхдээ 30 хувийн илүү төлбөр авдаг байж 7 хоног хоцроосон хүндээ 2 ширхэг эм аваад өгчихвөл энэ залуу ядуурах уу. Энэ залуу мөнгө төлөх чадваргүй бол баримт 73.000 болгон засахад шатахгүй биз гэж бодсон. Учир нь дээд араагаа хийлгэхдээ 50.000 төгрөгийн баримт шинээр бичүүлээрэй гэсэн ч 50.000 олоогүй болохоор би хийлгээгүй. Субьект тухайн цаг мөчид сэтгэцийн хувьд өөрийн үйлдпийг үнэн зөв ухамсарлаж, үйлдлээ хариуцах буюу жолоодох өөрийн чадвартай байсан эсэхийг үнэлэн дүгнэдэг. Олон улсын эрүүгийн хуулиудад түр зуурын сэтгэцийн хямралд орсон сэтгэл, мэдрэлийн өвчтэй хүн бусдад хөнгөн хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлагад татагддаггүй. Үүнд ухаан алддаг өвчтэй хүн хамрагддаг. Олон улс оронд яахаа мэдэхээ больсон хямралд орсон унадаг өвчтэй хүнийг бүр ноцтой юм хийсэн тохиолдолд ч хүртэл чөлөөлдөг. Учир нь унадаг хүн унаагүй үедээ заримдаа эрүүл хүнээс огт дутахгүй ч цочролд орсон үедээ согтуу хүн шиг юу хийснээ мэддэггүй. Миний бие заримдаа өдөр гадуур алхаж байхдаа унавал яаж гэртээ ирсэнээ мэддэггүй ба машин тэргэнд дайруулаагүйдээ маш их баярладаг. Гэтэл эмч юм байж О.Баатаржав, Э.Амгалан, Я.Ганхүү нар шоконд орсон намайг тухайн үед хэрэг хүлээх чадвартай байсан гэж дүгнэснийг үзээд 100 хувь эсэргүүцэж байна. Эпилепси өвчний үеийн ухамсарт ухаан олон хэлбэрээр балартах шинж тэмдгүүд гардаг бөгөөд үүнийг заримдаа эпилепсийн солиорлууд гэдэг. Эпилепсийн ухамсарт ухаан өөрчлөгдөх пароксизмын хамгийн хүнд ноцтой хам шинж нь бол ухамсарт ухаан сонгомол байдлаар бүрийтэн балайрах явдал мөн. Ийм хэлбэрээр ухаан бүрийтэн балайрах үед өвчттөн бачимдан уурлаж замд тохиолдсон бүхэн рүү дайрч, нийгэмд аюултай үзэгдлүүдийг хийнэ.” гэж энэ номон дээр бичээстэй байгаа. О.Баатаржав Э.Амгалан, Я.Ганхүү нарын 916 тоот дүгнэлтэн дээрх "Батбаяр нь өөрийн үйлдпийн улмаас үүсэх үр дагаврыг мэдэж байсан байна" гэдэгтэй би зуун хувь санал нийлэхгүй. Би 2016 оны зөрчлийн шинэ хуулиийн талаар юу ч мэдэхгүй ба үл ялиг зүйлээс болж хөнгөн хэрэг тарьсан ч бай хамаагүй шүүхээр орж доод тал нь 460 мянгаар торгуулах болсныг огт мэдээгүй. Миний гол алдаа бол ээжийн маань нэмж төлсөн 10.000 төгрөг шууд Н.Баттулгын халаасанд ордог гэж бодсонд оршино. Гэтэл энэ мөнгө түүний халаасанд биш “Их Зайсан” эмнэлгийн данс руу ордог байсныг сүүлд тэндхийн ажилтнууд шүдээ засуулах үед надад тайлбарлаж өгсөн. Ингэж буруу бодсоноос мөн 5 хоногийн дотор яаралтай шүд хийлгэх үед 30 хувийн нэмэлт төлбөр төлдөг юм чинь шүд гаргана гэсэн хугацаанаасаа бүтэн 7 хоног хоцроосон. Гэрээс минь хол орших эмнэлэг рүүгээ олон дахин ирүүлж чирэгдүүлэхийн дээр гэдэс дотрыг минь хямраасан юм чинь энэ том эмнэлгийн баян эмч гүйлгэлтийн эсрэг эмийн нэг өдрийн зардлыг төлөхөд ядуурахгүй. Тэгээд ч надаас өөр бусад худал ярьдаггүй итгэмтгий хүмүүсийг ахин бүү хуурч мэхлээсэй гэж бодсоноос хамаг гай үүдэлтэй. Яг намайг Н.Баттулга хөөх үед би доромжлуулан мэхлэгдсэндээ үнэхээр хүчтэй цочролд орсон. Эрхэм прокурор онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болдогийг анхааралдаа авна уу. Мөн бүтэн 3 сарын турш тархины шархаа эдгээх мөн шамбарам, суулгалтын эсрэг эм уусан ба хеликобактероо дарахад нийт 400.000 төгрөгийг зарахдаа зардлаа таньдаг хүн амьтнаасаа мөнгө зээлж олсон. Одоо тэд уулзахаараа өрөө нэхдэг. “Монос”-оос эм тарианы мөнгө нэхэж шүүхэд хандахад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь шүүх эмнэлгийн эмч нь мэдрэл муутай хүн хаана ч ухаан алдаж болно гэсэн. “Монос”-ын удирдлага гэрч болох бүх эмийн санчдаа 2 жилийн дотор бүгдийг нь ажлаас нь халж, видео бичлэгийг устгасан. Үүнээс болж би эмийн сан дотор нь бүр ухаан алдаагүй болсон шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн иргэний шүүхийнхэн гаргасан. Надад учирсан гэмтлийн хэр хэмжээ ямар болсныг та бүхэн картнаас үзэж болно. Гэтэл энэ залуу миний дэргэд яагаа ч үгүй мөртлөө намайг ингэж чирэгдүүлж буйг үзээд үнэхээр гайхаж байна. Би цагдаа руу ачигдсаныг далимдуулж тэрбээр надаас хэдэн төгрөг саахын тулд ингэж намайг хэлмэгдүүлж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хоёрдугаар бүлгийин 5.4.-зүйлд бараа, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван наймдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. 228.4 зүйлд хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй ба 4.1.2. зүйлд хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах эрхтэй. Би Баттулгыг дээрэмдээгүй түүнд илүү өгсөн 10.000 төгрөгөө шаардаагүй. Гэтэл би шаардах эрхтэй шүү дээ учир нь бидний хэн нь ч гэсэн хэн нэгэнд мөнгө төлөөд үйлчилгээ захиалахад нөгөө хүн чинь үүнийг биелүүлээгүй бол төлсөн зардлаа нэхэж авдаг шүү дээ. Би миний шүд гарсан байх ёстой өдрөөс 5 хоногийн дараа тус эмнэлэг дээр очоод Н.Баттулгатай анх уулзаад хугацаа алдлаа гэж ямар ч мөнгө нэхээгүй мөн шүд муу хийлээ гэж дайрч давшлаагүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Баттулга мэдүүлэхдээ: “....2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 9 цагийн үед байсан. Тухайн үед Ө.Б , Б.Эрдэнэчимэг эгч хоёр сууж байсан. Гэнэт Ө.Б нь “би шүдгүй тул гэдэс өвдөөд байна, чи халамжаар авах мөнгөнөөс илүү бичиж өг” гэхээр нь би “илүү бичих боломжгүй” гэтэл 5-6 удаа цохисон гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Баттулгын өгсөн мэдүүлэг /хх-24-26/, гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10511 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-34/, шүүгдэгч Ө.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-48/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 246, 916 дугаартай дүгнэлтүүд, шинээр групп дэвтрийн хуулбар зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Г эм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Баттулгыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баттулгын өгсөн: "...2018 оны 8 дугаар сарын 27-нь| өдөр 9 цаг 15 минутын орчим би өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” шүдний эмнэлэг дээр ажлаа хийж байтал үйлчлүүлж байсан иргэн Ө.Б гэх хүн хэд хоногийн өмнө шүд хийлгэх гэж захиалга өгсөн. Тэгээд халамжаар хөнгөлөлттэй шүд хийлгүүлж байсан ба халамжийн хөнгөлөлтэй шүд хийлгүүлэх бичиг дээр “чамаас болж миний гэдэс гүйгээд байна, гэдэсний эм бичиж өг” гээд байсан. Тэгэхээр нь би “наана чинь эм тариа бичиж болохгүй зөвхөн хиймэл шүдний хөнгөлөлт бичих л боломжтой цаас” гэж хэлсэн. Тэгсэн чинь Ө.Б уурлаад миний баруун нүд болон толгой хацар хэсэг рүү 5-6 удаа цохисон.” /хх-24-26/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэчимэгийн өгсөн: "...Шүдийг нь хийж өгсөн эмч Баттулга ороод ирсэн. Тэгсэн Ө.Б гэх хүн миний хажуу талаас босоод эмч рүү дайраад “чи эмний мөнгө өг, эсвэл эм бичиж өг” гээд дайраад байсан. Тэгээд Н.Баттулга эмчийг заамдаж аваад толгой руу цохиод дээшилсэн чинь нүд рүү нь цохисон. Тэгээд би сандал дээрээс босож очоод салгасан.” /хх-30-31/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Н.Баттулгын биед баруун дээд зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-34/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 276 дугаартай дүгнэлтэд:
1. Ө.Б нь Тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт таталт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Ө.Б нь дээрхи эмгэг нь тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн олдмол эмгэг болно.
3. Ө.Б ын дээрхи эмгэг нь 1992 оноос тархины гэмтлийн шалтгаан өвчин эхэлсэн байх боломжтой байна. Уг эмгэг нь тархины гэмтлийн хожуу үе шатанд илэрдэг сэтгэцийн эмгэг болно.
4. Ө.Б нь хэрэг хариуцах чадваргүй байна.
5. Ө.Б нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна.” гэх дүгнэлт,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох акт /хх-39-40/,
Хохирол нэхэмжилсэн баримт /хх-51/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-61/,
Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-62/,
Шүүгдэгч Ө.Б ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-48/, зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “…Шүүгдэгч Ө.Б нь тархины гэмтлээс шалтгаалан сэтгэцийн өвчтэй. Тухайн хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцлуулах үндэслэлгүй. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй байж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү.“ гэх тайлбарыг гарган мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их зайсан” эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Баттулгыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгохоор тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 916 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Ө.Б хэрэг хариуцах чадвартай гэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох”-оор шүүхээс шүүгчийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн №146 дугаартай дүгнэлтээр сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар даалгасан бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 сарын 28-ны өдрийн 916 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Б нь тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн уналт, таталт, бухимдал сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй нь тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахаар байх тул нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт /хх.102-105/-ээр тогтоогдож байх тул түүнийг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэж гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Ө.Б ын сэтгэцийн байдал, Шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт, саналыг үндэслэж Сэтгэц эмгэг судлалын энгийн тасагт эмчлүүлэхээр тогтоож, уг хугацаанд хяналт тавих үүргийг прокурорт даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч Ө.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ө.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9-д заасныг журамлан Ө.Б ыг 1 жилийн хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Ө.Б ыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн энгийн тасагт
хэвтүүлж, эмчийн хяналтад байлгасугай.
4. Ө.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Баттулгад олгосугай.
6. Энэ хэрэгт Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхийг 1 ширхэг сидиг хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС