Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранчимэг,

ялтан Б.Алтангэрэл /цахимаар/, түүний өмгөөлөгч Р.Булган,

ялтан Ц.Төрбаярын өмгөөлөгч Г.Ганбат, Ч.Энхбаяр,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Төрбаярын өмгөөлөгч Г.Ганбат, Ч.Энхбаяр, ялтан Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт холбогдох 2016 2503 1772 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Алтан овогт Цоггэрэлийн Төрбаяр, 1996 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Баян чандмань суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 4 дүгээр гудамжны 116 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НХ96032311/,

2.Эзэн овогт Батсүрэнгийн Алтангэрэл, 1995 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механикийн мэргэжилтэй, “Ион Гэгээ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эмээ, ах, эгч нарын хамт Төв аймгийн Баянчандмань сумын Зант багийн 20-4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ95092371/,

Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нар нь бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Баярсайханыг зодож эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон гар утас, түрийвчтэй эд зүйлийг дээрэмдэж 348.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алтан овогт Цоггэрэлийн Төрбаяр, Эзэн овогт Батсүрэнгийн Алтангэрэл нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61-10 УБЕ улсын дугаартай “Тоёота Приус” загварын автомашин битүүмжилсэн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хугацааг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Алтангэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Миний найз охин өөр залуутай уулзаж учирдаг болохыг мэдэж маш их сэтгэл санаагаар унасан. Би Төрбаяртай найзындаа очиж юм ярьж сууж, маргааш нь ажилтай байсан болохоор найзынхаасаа 4 цаг өнгөрч байхад гарч явсан. Тэгтэл Баярсайхан замын хажуугаар явж байсан, хартал манай найз охины утсан дээр байсан залуугийн зурагтай адилхан харагдахаар нь Төрбаярыг машинаа зогсоож бай гэж хэлээд буугаад тэр залуугаас чи миний найз охинтой уулзаж учирдаг залуу байна гэж хэлсэн. Тэгтэл тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэрийг нь мэдэх гээд түрийвчийг нь авч үзтэл иргэний үнэмлэх бичиг баримтгүй байхаар нь би буцаагаад өгсөн. Утсыг нь аваад зураг, дуудлага үзэх гэж авсан юм. Аваад үзтэл миний найз охинтой хамааралгүй, үзэж байтал зугатаасан байсан. Энэ хэргийн эхний байцаагч Буянжаргал хохирогчийн мэдүүлгийг уншуулж байгаад яг энэ шиг өг гээд хууль мэдэхгүйг далимдуулан мэдүүлэг авсан. Иймд хэргийг дахин үнэн зөвөөр шалгуулмаар байх тул тус хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Ялтан Б.Алтангэрэл /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Надад хохирогчийг дээрэмдэх санаа зорилго анхнаасаа байгаагүй. Би энэ үйлдлийг хийсэндээ харамсаж байна. Найз охиноо хардсаны улмаас ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Тухайн үед намайг сэтгэл санаагаар унасан явж байхад Ц.Баярсайхан таарсан. Би тухайн үед Ц.Баярсайханыг миний найз охинтой явалдсан залуу мөн эсэхийг мэдэх зорилгоор түрүүвч, утсыг нь авсан. Энэ хэрэгт Ц.Төрбаяр ямар ч хамаагүй болно. Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан Б.Алтангэрэлийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан Б.Алтангэрэлийн өмгөөлөгч Р.Булган миний бие Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Алтангэрэл, Ц.Төрбаяр нарыг бүлэглэн, хохирогч Ц.Баярсайханыг зодож, эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон хэмээн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь “дээрэмдэх” гэдэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийж буюу хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн (араас нь цохих, хоолой боох гэх мэт) өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсан аливаа идэвхитэй үйлдлийг ойлгодог. Харин Б.Алтангэрэл, Ц.Төрбаяр нар нь бүлэглэн хохирогч Ц.Баярсайханыг зодож, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд энэ талаар хохирогч Ц.Баярсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн.

Миний үйлчлүүлэгч Б.Алтангэрэл нь тухайн үед өөрийн найз охинтойгоо муудалцсан байсан, түүнийг их хартай, үүнээс болж салсан талаар мөрдөн байцаалтад түүний найзалж байсан охин, гэрч Ганцэцэг мэдүүлсэн бөгөөд хохирогч ч гэсэн түүнийг найз охинтойгоо хардаж хандсан талаар мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байдаг.

Б.Алтангэрэл нь хэрэг учрал гарах тухайн мөчид өөрийн найз охинтойгоо хохирогчийг хардаж хохирогчийн нэр усыг нь мэдэх зорилгоор түүний түрийвчийг нь авсан, тэгээд уг түрийвчид түүний бичиг баримт байгаагүй болохоор буцаагаад өмдний халаасанд хийсэн, түүний гар утаснаас мэдээлэл авах зорилгоор rap утсыг нь булааж аваад шууд буцаад явсан гэж мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортойгоор мэдүүлдэг.

Үүнээс харахад Б.Алтангэрэлийн үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн объектив тал болох бусдын эд хөрөнгийг авахаар бусдын өмчлөх эрхэнд хүчирхийлсэн, довтолгоон халдлага үйлдсэн ба үйлдэхээр заналхийлсэн аюултай үйлдэл байхгүй байна.

Мөн дээрэмдэх гэмт хэргийн субъектив тал болох шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах гэсэн хүчирхийлсэн, довтолсон, заналхийлсэн шууд санаа зорилго, хүсэл алга байдаг.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 217 дугаартай “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт Б.Алтангэрэлийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т зааснаар буюу байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байхад шүүх прокурорын байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж авсан нотлох баримтад тулгуурлаж бичсэн яллах дүгнэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд бичигдсэн яллагдагч нарын мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй билээ.

Мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтгай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.”, мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан байхад прокурор, анхан шатны шүүх яллагдагч нараас хууль зөрчиж авсан мэдүүлгийг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоож, нотлох баримтыг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлд зааснаар танилцуулахдаа “шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэж тогтоох хэсгийг уншиж сонсгосон атал шийтгэх тогтоолын хуулбарыг гардуулахад мөн хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг зөрчиж шийтгэх тогтоолд дээрх заалтыг танилцуулснаас эрс өөрөөр бичигдэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Миний үйлчлүүлэгч Б.Алтангэрэл нь өөрийн найз охиныг хардсанаас болж хийж буй үйлдлээ хянах чадваргүй /сэтгэл зүйн таагүй байдлаас/ байдалд байхдаа бусдын эд зүйлийг булаан авч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөхцөл байдал ийм байхад анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж Б.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар зүйлчилж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2-т зааснаар “тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй” Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү гэв.

Ялтан Ц.Төрбаярын өмгөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргах нь:

1 хх 26-27 хуудсанд “..2016 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр таньж олуулах   ажиллагаа явуулсан тэмдэглэлд хохирогч Ц.Баярсайхан нь Б.Алтангэрэлийн зургийг хараад намайг цохиж миний түрүүвч, гар утсыг авсан бөгөөд тухайн үед миний баруун гар талд зогсож байсан залуу мөн байна” гэж шууд заасан байдаг.

Харин энэ өндөр залуу нь тухайн үед Б.Алтангэрэлтэй хамт явж байсан залуу мөн байна гэж заасан нь таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Хохирогч Ц.Баярсайхан мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө миний түрүүвч баруун талын халаасанд байсан гэж мэдүүлдэг. Үүнээс үзвэл дээрх таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан хохирогчийн мэдүүлснээр түүний баруун гар талд Б.Алтангэрэл зогсож байсан гэдэг нь тухайн хохирогч Ц.Баярсайханы түрүүвч, гар утсыг Б.Алтангэрэл авсан гэдэг нь тогтоогдог юм.

Гэтэл үүнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгах талын нотлох баримтаар үнэлээгүй. Мөн хохирогч Ц.Баярсайханы Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Б.Алтангэрэл нь намайг анх дуудаж цохиж, хэрүүл маргаан өдөж миний түрийвч, гар утсыг авсан харин Ц.Төрбаяр нь намайг зодож миний гар утас болон түрийвчийг аваагүй бөгөөд харин Б.Алтангэрэл бид хоёрын хооронд үүссэн маргааныг салгаж, таслан зогсоох зорилготойгоор оролцож байсан гэж мэдүүлгийг өгсөн байхад гэм буруутайд тооцож ял оноосон явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 94 дугаар зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2, 95.3 заасныг үндэслэж шийдвэрлээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Үүнээс үзвэл миний үйлчлүүлэгч Ц.Төрбаяр нь энэ хэрэгт хамтран оролцсон гэх үйлдэл нь тогтоодоггүй юм. Гэтэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн. Мөн Ц.Төрбаяр нь энэ хэрэгт холбоотой эсэх талаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн анхны мэдүүлгийг үндэслэж хамт байсан гэдэг утгаар ялласан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.2, мөн хохирогч Ц.Баярсайханы Чингэлтэй дүүргийн Б.Алтангэрэлтэй хамтран дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 –т заасныг удирдлага болгон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгч Ц.Төрбаярын зөрчигдсөн эрхийг сэргээнэ үү. Гэвч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарын хэргийг мөрдөн байцаах явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтууд ноцтой зөрчигдсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтан Ц.Төрбаярын өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Ч.Энхбаяр миний өмгөөлөлд буй Ц.Төрбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүх шүүн хэлэлцээд гэм буруутайд тооцон 3 жил 6 сарын ял оноосныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Ц Төрбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны шөнө найз Алтангэрэлийн хамт такси хийгээд явж байтал замын хажууд явсан залууг хараад машинаа зогсоогоорой энд манай найз эмэгтэйтэй унтсан залуу явж байна гэхэд нь машинаа зогсоосон. Алтангэрэл машинаас буугаад Төрбаяр машиндаа үлдээд гар утасаараа оролдоод сууж байтал тэр явж байсан залуутай муудалцаж барьцалдаж байгаа харагдсан.

Тэгээд Алтангэрэл “хамаа буугаад ир” гэхээр нь тэр хоёр дээр очоод салгах санаатай дундуур нь ороод хохирогч Баярсайханыг бариад автал хөл нь хальтираад Төрбаяр Баярсайхан хоёр далан руу унасан, хойноос нь Алтангэрэл бууж ирээд хохирогчид хүрээд далангаас гараад явсан, Төрбаяр босч ирээд чи тэр залуу нь мөн юмуу гэж асуучихаад далангаас гараад ирэхэд Алтангэрэл машинаа унаад явчихсан байсан, түүнийг хайгаад явж байтал Баянбүрдийн тойрог хавьд зосчихсон дуудаж байсан ингээд Алтангэрэлийг Сансарт гэрт нь буулгачихаад өөрөө хариад унтсан байдаг.

2016 оны 12 сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч оролцоод мэдүүлэхдээ өндөр залуу буюу Төрбаяр нь миний биенээс ямар нэгэн эд зүйл аваагүй, бид хоёрыг салгах гэсэн оролдлого хийсэн гэсэн бөгөөд мөн таньж олуулах ажиллагаанд 10 дугаартай Алтангэрэлийг шууд таньж энэ залуу миний эд зүйлийг авсан гэж хэлсэн, Төрбаярыг ямар нэгэн эд зүйл авсан гэж хэлээгүй байдаг. Хохирогч Баярсайханы түрийвч утасыг Алтангэрэл авсаныг Төрбаяр тухайн үед мэдээгүй ба маргааш нь гар утас ломбарданд тавьчих гэхээр нь өөрийнх нь юм байх гэж бодоод өөрийн нэр дээр тавьсан бусдын юм гэдгийг мөрдөн байцаалтын үед мэдсэн.

Дээрхээс үзэхэд Ц.Төрбаяр нь бусдын эд хөрөнгийг дээрэмдээгүй түүний тухайн үеийн сэдэл санаа зорилго нь бусдын эд зүйлийг авах биш, харин маргааныг таслан зогсоох оролдлого хийсэн байна. Тухайн үед Алтангэрэлийн найз охинтой унтсан залуу гэх ойлголттой л байсан, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал байхгүй. Хэрвээ дээрэмдэх санаа бодол агуулсан бол машиндаа суугаад үлдэх биш, Алтангэрэлтэй хамт бууж очоод дээрмийн үйлдэл хийх байсан гэж ойлгогдож байна.

Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.Баярсайхан нь шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч тухайн үед түүний биед гэмтэл учраагүй бөгөөд гар, бугуйнд нь зулгаралт үүссэн байдаг. Мөн шүүгдэгч нар хохирогчийн гар утсыг авч ломбарданд тавьсан нь тогтоогдсон. Иймд бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж үзэж байна. Ялтан болон түүний өмгөөлөгч нар тухайн үед найз охиноо хардсаны улмаас хохирогчийн гар утас болон түрийвчийг авсан гэж хэлдэг. Хавтаст хэргийн материалд гэрч Ганцэцэгийн “хохирогч Баярсайханыг танихгүй, урд нь харж байгаагүй” гэх мэдүүлэг авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт холбогдох хэргийг зөвхөн давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг нэмж мөрдөн байцаалгахаар прокурорт буцаасан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 217 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт:

“…Шүүгдэгч Эзэн овогт Батсүрэнгийн Алтангэрэлийг мөрдөн байцаагч 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татахдаа Боржигон овгийн Бат-Эрдэнийн Алтангэрэл гэж овог, эцгийн нэрийг зөрүүтэй бичиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Үүнийг шүүгдэгч Б.Алтангэрэлд ял сонсгож ирүүлээгүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ц.Төрбаярыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаажээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсгийг зөрчсөн байна...” гэсний /1хх-207/ дагуу Б.Алтангэрэл, Ц.Төрбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дахин яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцааж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  дээрх тогтоол гарахаас өмнө Б.Алтангэрэл, Б.Төрбаяр нараас мөрдөн байцаалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, тэднээс  яллагдагчаар авсан өмнөх  мэдүүлгүүдийг шүүх үнэлэх боломжгүй байна.

Харин, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.” гэж заасныг үндэслэн:

 хохирогч Ц.Баярсайханы 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө найзындаа хоночихоод Дэнжийн 1000-ын цагаан байрнаас доошоогоо Баянбүрд рүү уруудаад явж байсан. Намайг такси барих гээд алхаж байхад цагаан машин ирж зогсоод нэг залуу “миний найз охинтой унтсан пизда байна” гэж хэлээд намайг нэг цохиод авсан. Тэгэхээр нь би барилцаад авсан. Машинд байсан нэг залууг “андаа гараад ир” гэж дуудсан. Тэгэхэд өөрөөс нь өндөр биетэй нэг залуу гарч ирээд надтай зууралдсан. Намхан залуу нь миний ард талд гараас халаас ухаж хэтэвч авсан. Би өндөр залуутай нь зууралдаж байгаад далан руу унасан. Даланд унахдаа би доошоогоо хараад гартаа утсаа барьчихсан байсан. Жижигхэн залуу нь далан руу бууж ирээд миний гар руу цохиод утас аваад явсан...миний хэтэвч, гар утсыг Алтангэрэл авсан, өндөр залуугийн оролцоо байхгүй. Би гар утас болон бэлэн мөнгөө буцаан авсан...” /1хх-200/,

мөрдөн байцаалтад Б.Алтангэрэлийн яллагдагчаар өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 05 цагийн үед ... Төрбаярыг машинаа зогсоож бай гэж хэлээд машинаас нь буугаад Ц.Баярсайхан дээр очиж “чи манай найз охинтой унтсан залуу мөн үү” гэж асуухад …“үгүй” гэж хариулсан. Тэгээд бид хоёр хоорондоо “чи манай найз охинтой унтсан, унтаагүй” гэж маргалдаж байх хооронд би Төрбаярыг “андаа буугаад ир” гэхэд Төрбаяр бууж ирээд “энэ юун залуу юм бэ” гэхэд Төрбаярт би “энэ манай найз охинтой унтсан залуу” гэж хэлсэн. Төрбаяр Ц.Баярсайханд хандаж “чи нээрээ манай найзын найз охинтой унтсан залуу мөн юм уу” гээд Төрбаярын Ц.Баярсайхантай маргалдаж байх хооронд нь би Ц.Баярсайханы өмдний ард талын халааснаас нь түрийвчийг нь аваад иргэний үнэмлэх бичиг баримтыг харах гэсэн боловч байхгүй байхаар нь би буцаагаад түрийвчийг нь халаасанд нь хийсэн. Тэгээд би машин руу хараад зогсож байхад Төрбаяр, Баярсайхан нар жалга руу уначих шиг болсон. ... тэгээд би Ц.Баярсайхан дээр очоод ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр гарнаас нь татаад булаагаад авсан. ... Ц.Баярсайханы утсан дээр “манай найз охины дугаар, зураг байгаа эсэхийг шалгахад байхгүй байсан.” Тэгээд хэргийн газар эргэж очоод гар утсыг нь өгөх гэсэн боловч Ц.Баярсайхан байхгүй байсан. ... Би Ц.Баярсайханы нэрийг нь мэдэх зорилгоор түрийвчийг нь авсан. ... Тухайн үед Ц.Баярсайханы гар утсыг найз охинтойгоо хардаж авчихаад дараа нь утсыг нь яах учраа олохгүй болохоороо барьцаанд тавьчихсан...” /1хх-227-228/,

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.Алтангэрэлийн өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ... өглөөний 05 цагийн үед гэр рүүгээ явж байтал манай найз охинтой явалддаг гэх залуу явж байсан. Тэгэхээр нь би Төрбаярыг машинаа зогсоож бай гэж хэлээд машинаас буугаад “чи манай найз охинтой явалддаг залуу мөн үү” гэж асуухад …тийм зүйл байхгүй гэсэн. Тэгээд би Төрбаярыг “машинаасаа буугаад ир” гэж дуудахад Төрбаяр надаас энэ юун залуу вэ? гэж асуухаар нь манай найз охинтой явалддаг залуу байна гэж хэлсэн. Тэгэхдээ Төрбаярыг тэр залуутай ярилцаж байх хооронд нэрийг нь мэдэх зорилгоор түрүүвчийг нь авсан. Тэгсэн түрүүвчинд нь юу ч байхгүй болохоор нь буцаагаад халаасанд нь хийсэн. Тэгсэн Төрбаяр тэр залуутай маргалдаж байгаад далан руу унах шиг болсон. Учир нь би машин руу яваад сайн хараагүй. Тэгээд тэр залуугийн гар утсыг аваад …далангаас гараад найз охиныхоо зураг, утасны дугаар, мессеж зэргийг шалгасан боловч байгаагүй. Тэгээд буцаагаад гар утсыг нь өгөх гээд очиход тэр залуу байгаагүй...” /2хх-33/,

мөрдөн байцаалтад Ц.Төрбаяр яллагдагчаар өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө ... Алтангэрэл “манай найз охинтой явдаг залуу байна” гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл машинаа зогсоо гэж хэлээд машинаас буугаад тэр залуу дээр очсон. Би тухайн үед машин дотроо гар утсаа оролдоод сууж байхад 1 минут орчим хугацааны дараа Алтангэрэл намайг “андаа буугаад ир” гэж дуудсан, тэгээд би очиход Алтангэрэл үл таних эрэгтэй хүнтэй энгэрээс нь зууралдаад муудалцсан байдалтай зогсож байсан. Тэгээд би “андаа энэ ямар учиртай хүн юм бэ” гэхэд Алтангэрэл “энэ манай найз охинтой явдаг залуу байна” гэж хэлсэн. Тэр хоёр зууралдаад байхаар нь салгах гээд …дундуур ороод хоёр тийш нь түлхэх үйлдэл хийсэн боловч салахгүй зууралдаад байсан. Тэгээд бид гурав зууралдсан чигээрээ цаашаа явсаар байгаад Ц.Баярсайхан бид хоёр далан руу уначихсан, харин Алтангэрэлийг хаана байсан талаар нь хараагүй. Тэгээд би далан руу унаж босоод ирэхэд Алтангэрэл далангаас гараад явж байсан. ... хохирогчийг далан руу түлхэж оруулсан хүн байхгүй. Хохирогч Алтангэрэл бид хоёртой зууралдаж байгаад хөл алдаад л газар унасан. Тэр үед би хохирогчтой зууралдсан байсан. Хохирогчийг унаж байхад нь би татсан. ...Алтангэрэлийг хохирогчоос ямар нэгэн зүйл авсан гэдгийг мэдээгүй байсан. Цагдаа дээр ирсэн байхдаа Алтангэрэлийг гар утас, түрийвч мөнгө зэрэг эд зүйлсийг авсан гэдгийг мэдсэн.  ” /1хх-231-232/,

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ц.Төрбаярын өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 05 цагийн үед Алтангэрэл бид хоёр …Дэнжийн 1000-н цагаан байрны буудал өнгөрөөд явж байтал Алтангэрэл “манай найз охинтой явалддаг залуу байна машинаа зогсоож бай” гээд машинаас буугаад нэг хүнтэй уулзсан. Тэгээд би машиндаа гар утсаа оролдоод сууж байтал Алтангэрэл “буугаад ир” гэхээр нь би машинаас бууж очоод “энэ юун хүн бэ” гэж асуухад “манай найз охинтой явалддаг залуу байна” гээд маргалдаж байсан. Тэгээд би салгах гэж оролдож байгаад хохирогч Баярсайхан бид хоёр хамт далан руу унасан. Тэгсэн Алтангэрэл далангаас гараад явж байхаар нь араас нь дуудсан боловч сонсоогүй. Тэгээд би Баярсайханд “чи тэр хүн нь мөн юм уу, та хоёр ярилцаад учраа олооч” гэж хэлээд далангаас гарахад Алтангэрэл зам дээр байсан машин унаад явсан байсан. …Тухайн үед би хохирогчоос эд зүйлс авсан гэдгийг мэдээгүй. Сүүлд мөрдөн байцаалтын шатанд мэдсэн....” /2хх-33/ гэсэн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлавал:

Дээрмийн гэмт хэргийг Б.Алтангэрэл, Ц.Төрбаяр нар нь бүлэглэн үйлдсэн гэх буюу өөрөөр хэлбэл, дээрмийн гэмт хэргийг үйлдэхэд Ц.Төрбаярын оролцоо, санаа, зорилго  тогтоогдоогүй бөгөөд ба хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул  анхан шатны шүүх Ц.Төрбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсоныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.Төрбаярыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Прокуророос Б.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Алтангэрэл нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал болон хохирогч Ц.Баярсайхан нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэснийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд өмгөөлөгч Р.Булганы “…тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү …”, ялтан Ц.Төрбаярын өмгөөлөгч Г.Ганбат, Ч.Энхбаяр нарын “Ц.Төрбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай ялтан Ц.Төрбаярын өмгөөлөгч Г.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.