Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2019/0212/З |
Дугаар | 221/МА2019/0527 |
Огноо | 2019-10-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0527
|
|
|
“М-О г” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М-О г” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчээс “Дээж авах холбогдох журмыг зөрчсөн” талаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайлбал хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулаагүй, дүрс бичлэгээр баримтжуулаагүй, дахин шинжлүүлж маргаан таслах зориулалт бүхий дээжийг аваагүй, зохих ёсоор хадгалаагүй нь “Дээж авах арга” MNS0218:2018 стандартын 7.2-7.7 зүйлийг зөрчсөн, шинжилгээний хариуг эс зөвшөөрсөн нөхцөлд дахин шинжилгээ хийлгэх оролцогчийн эрхийг хангаагүй нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS0217:2017 стандартын шинжилгээний арга. Дээж авах 9.1-д заасан журмыг зөрчсөн талаар маргасан. Гэтэл шүүхийн дүгнэлтэд энэхүү шаардлагыг няцаасан эсхүл үндэслэлгүй болох талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Нэхэмжлэгч “MNS 0217:2017 стандартын ГОСТ Р 51925 шинжилгээний аргаар тодорхойлогдох ёстой зүйлд MNS ASTM D 5185:2008 шинжилгээний арга ашигласан” талаар маргаж холбогдох нотлох баримтыг шинжлүүлсэн боловч шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Шинжилгээний аргууд нь өөр өөр технологи, хэмжилтийн аргачлал, багаж тоног төхөөрөмж ашигладаг бөгөөд үүнээсээ хамаарч гарах үр дагавар нь өөр өөр байдаг. Нэн ялангуяа атом, цөмийн микро орчны өндөр мэдрэмжтэй үзүүлэлтийг хэмжихэд ашиглах багаж, орчин, агаарын даралт, чийгшилт, температур гэх мэт олон хүчин зүйлс хэмжилтийн үр дүнд нөлөөлдөг бөгөөд тухайн аргачлалд энэ бүхнийг тооцож стандарт тогтоож өгдөг. Тухайлбал дурдсан шинжилгээнд багажны алдааг тооцдог бөгөөд аргачлал бүрд өөр өөр багаж ашиглах бөгөөд энэ хэрээр багажны алдаа шинжилгээний үр дүнд нөлөөлдөг болно. Маргаан бүхий хэргийн хувьд MNS ASTM D 5185:2008 шинжилгээний аргыг ашигласан шинжилгээний үр дүнгээр маргенцийн агууламж 0.8+0.01 мг/дм3 гэж тодорхойлогдсон.
MNS 0217:2017 стандартад марганец 0.25 мг/дм3-аас бага бол “марганец байхгүй”-тэй адилтгаж үздэг. Хэрэв MNS ASTM D 5185:2008 стандартын шинжилгээний аргыг ашиглахад багажны алдаа 0.55 мг/дм3 байсан гэж үзвэл маргаан бүхий шинжлүүлсэн бензины хувьд 0.8-0.55=0.25 буюу “марганец байхгүй” гэж гарах бүрэн боломжтой. Тодруулбал ГОСТ Р 51925 шинжилгээний аргын багажны алдаа, MNS ASTM D 5185:2008 шинжилгээний аргын багажны алдаа өөр өөр юм. Гэтэл шүүх дурдсан байдлыг анхааралгүй тодруулбал, MNS ASTM D 5185:2008 стандартын шинжилгээний аргыг ашиглаж гаргасан үр дүнг, MNS 0217:2017 стандартын ГОСТ Р 51925 шинжилгээний аргын үр дүнтэй дүйцүүлэн хэрэглэж улмаар тус стандартыг зөрчсөн мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй нотлох баримтыг тал бүрээс нь бодитой дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Ийнхүү шүүх хариуцагч тал болох төрийн хяналт шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа хууль болон холбогдох журамд нийцэж байгаа эсэх талаас нь үнэлгээ дүгнэлт хийгээгүй нь “зорилго нь зөв бол арга нь ямар ч байж болно” гэх хандлагаар асуудалд хандсаныг илэрхийлж байна. Зүй нь хариуцагч төрийн байгууллага холбогдох журам, дүрмийг чанд баримталж, холбогдох хуулийн хүрээнд шинжилгээ, шалгалтыг явуулсны үндсэн дээр л бусдад зохих арга хэмжээг хэрэглэх эрх үүсэх учраас тэдгээр байгууллагын явуулсан үйл ажиллагаа, хууль хэрэглэсэн байдалд нэн түрүүнд дүгнэлт хийх учиртай.
Иймд анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
“М-О г” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргажээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 дүгээр шийтгэлийн хуудсаар “М-О г” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ШТС-6 салбарын АИ-92 автобензинээс дээж авч шинжлүүлэхэд “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасны дагуу 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Улмаар “М-О г” ХХК маргаан бүхий 0005541 дүгээр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...Зөрчил шалган шийдвэрлэх журмыг зөрчиж, хяналт шалгалтыг холбогдох хууль, журмын дагуу хийгээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотолбол зохих ажиллагааг хийгээгүй... эргэлзээтэй шинжилгээний дүгнэлтэд тулгуурлан шийтгэл оногдуулсан...” гэсэн үндэслэлээр шүүхэд маргажээ.
Анхан шатны шүүх “...Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас эрх бүхий байгууллага болох Стандарт, хэмжил зүйн газраас батламжилсан итгэмжлэл бүхий Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораториор шинжилгээ хийлгэсэнтэй холбогдуулан уг лабораторийн MNS ASTM D 5185:2008 стандартад заагдсан аргаар гаргаж авсан үр дүнг MNS 0217:2017 стандартад тавигдах техникийн шаардлагад дүйцүүлэн хэрэглэн, марганецийн агууламжийг тодорхойлсон гэх үндэслэлээр хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу явуулсан хяналт шалгалтын ажлын дүнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэн, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж дүгнэн “М-О г” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.16-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.10, 10.1, 10.2 дугаар зүйлд ...заасан зөрчил” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хариуцагч улсын байцаагч нар “М-О г” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШТС-6 салбараас АИ-92 автобензинээс дээж авч, чанарын үзүүлэлтийг тодорхойлуулахаар бүтээгдэхүүний дээж авах акт үйлдэн дээжийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн, тус лабораторийн СШ18/242 дугаар сорилтын дүнд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлснээр тус газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжилгээний дүнгийн тухай” 07/106/363 дугаар дүгнэлтээр “автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3” гомдол гаргагчийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецийн агууламж байх ёстой үзүүлэлтээс их хэмжээтэй буюу 0.8 мг/дм3 гэж тодорхойлогдсон тул “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй зөрчил”-д шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Х, улсын байцаагч Д.М, Л.А нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005541 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албан бичгийн дагуу дээжийг хүлээн авч “М-О г” ХХК-ийн АИ-92 автобензин дэх марганецийн агууламжийг MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргаар тодорхойлсныг эргэлзээтэй шинжилгээний дүгнэлт гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Учир нь ГОСТ Р 51925 стандартын арга, MNS ASTM D5185:08 стандартын шинжилгээний аргууд нь шинжилгээ хийж буй шинжилгээний тоног төхөөрөмжийн хувьд ялгаатай байдлыг тодорхойлсон ч “М-О г” ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авахдаа холбогдох журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, “М-О г” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0525 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “М-О г” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН