Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1581

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Амарзаяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00349 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Амарзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хурд групп” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүүнд 8 442 000 төгрөг гаргуулах гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Амарзаяа нь “Хурд групп” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №А5/34 гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсаны дагуу төлбөрийг миний бие төлж барагдуулсан. Ашиглалтад хүлээн авч 5-34 тоот байрны талбайг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9011121029 тоот улсын бүртгэл, 5168465 РД, 3119-136/12 тусгай зөвшөөрөлтэй “Инжкон” ХХК-иар хэмжилтийн ажлыг гүйцэтгүүлэхэд 4,69 м.кв дутуу байгаа нь нотлогдсон тул “Хурд групп” ХХК-д танилцуулахад зөвшөөрөөгүй.

2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн  төлөөх газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэст гомдол гаргасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс 2016 оны 9 дугаар сарын 15-ны өдөр танай байгууллагаар энэ асуудлыг шийдвэрлэх хууль, эрх зүйн акт байхгүй тул шүүхэд хандана уу гэсэн хариуг өгсөн.

Иймд “Хурд групп” ХХК-иас 5-34 тоот байрны талбайн зөрүүний төлбөр 8 442 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэж өгсөн. 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц ашиглалтад орсон бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Орон сууцны талбай хэмжих талаар стандартад зааснаар манай компаний тагтын хэсгийг виранд гэж үздэг. Орон сууцны талбайд виранд хэсэг нь багтдаг юм. Гэтэл хэмжилт хийхдээ тагт гэсэн байгаа, ойлголтын зөрүү л гарсан байна. Тагтыг 3 тал нь хашлагатай задгай тавцанг ойлгодог. Орон сууцны талбай барилга байшингийн онцлогоос хамаарч янз бүр байдаг. Хананы наашаа илүү гарсан дам нурууны хэмжээг талбайгаас хасаж тооцохоор зөрүү гардаг. Өрөө хоорондын хаалганы завсар хэсгийг хэмжилтэд орохгүй байгаа тул зөрүү гарсан. Нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сард байрыг хүлээж авсан гэвэл 2014 оны 10 дугаар сард метр квадратын зөрүүг мэдсэн байна. Тиймээс худалдах, худалдан авах гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар хариуцагч “Хурд групп” ХХК-иас орон сууцын талбайн зөрүүнд 8 442 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Амарзаяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 022 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150 022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөр давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан. “Хурд групп” ХХК нэхэмжлэгч талтай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол орон сууцны 5 дугаар байрны 34 тоот 105.61 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн зөрүү хэмээн нэхэмжлэл гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд энэ талаар 2014 оны 10 дугаар сарын 24 ний өдөр “Инжкон” ХХК-иар хэмжүүлэн мэдсэнээс хойш жил гаруй хугацааны дараа шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаандаа гаргаагүй тул шаардлага гаргах эрхээ алдсан хэмээн үзэж байна.

Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00349 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч П.Амарзаяа нь хариуцагч “Хурд групп” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүнд 8 442 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “П.Амарзаяатай орон сууцны үнэ, талбайн хэмжээг харилцан тохиролцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлж, орон сууцыг хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хөөн хэлэлцэр хугацаа өнгөрсөн, шаардах эрхээ алдсан” гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 45/34 дугаартай “Орон сууцны барилгыг захиалан байгуулах гэрээ” байгуулж, хариуцагч нь 2014 оны 1 дүгээр улиралд ашиглалтанд оруулах Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт баригдах Нарны хороолол хотхоны Н5 дугаар байрны 34 тоотын 105.69 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу 1 м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцож, 190 242 000 төгрөг 3 хуваан хариуцагчид төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан тухайд зохигчид маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч П.Амарзаяа нь дээрх орон сууцны өмчлөгч болсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2014 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 000326679 дугаартай гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон төлбөрийг хариуцагчид төлсөн талаар зохигчид маргаагүй байна.

 

Эдгээр үйл баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгч орон сууц захиалж түүний оруулсан хөрөнгөөр хариуцагч барилгын ажил гүйцэтгэж, барилга баригдсан, ашиглалтанд орсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулжээ.

Нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн орон сууц буюу гүйцэтгэсэн ажил доголдолтой байснаас гомдлын шаардлага гаргах хугацааг хуулиар харилцан адилгүй зохицуулсан тул зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд барьж дуусган шилжүүлэх, нэхэмжлэгч нь уг орон сууцыг барихад шаардагдах ажлын хөлсийг 1 м.кв-аар тооцон урьдчилан нэхэмжлэгчид зохих хуваарийн дагуу төлөх, барилгыг барих ажлын явцад талууд зохих өөрчлөлтийг хийхээр тохиролцсон болон 5 дугаар байрны 34 тоотын 3 өрөө орон сууцны хэмжээ нь 4.69 м.кв-аар дутуу байсан, нэхэмжлэгч нь “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 359 тоот “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон тэмдэглэл” гарснаар мэдсэн гэдгийг хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн бодит хэмжээ зөрүүтэй байгааг ажлын үр дүнг хүлээн авах үед мэдэх боломжгүй бөгөөд мэргэжлийн байгууллага, эрх бүхий байгууллагаас батлагдсан стандарт, зохих журмын дагуу хэмжиж тогтоосноор гэрээгээр тохиролцсон хэмжээнд хүрэхгүй доголдолтой эсэхийг мэдэх боломжтой гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан болон орон сууцны талбайн хэмжээ нь Монгол Улсын стандарт MNS 6058:2009-д заасан шаардлагын дагуу мэргэжлийн байгууллага хэмжилт хийж дүгнэлт гаргах үед мэдсэн гэдгийг хариуцагч үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2015/32874 дугаар шүүгчийн захирамжаар “Тоонто гранд” ХХК-ийг шинжээчээр томилсон ба тус компани нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 031 дугаар “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”-ээр маргаж буй орон сууцны талбайн хэмжээг “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS6058:2009 стандартаар тооцож, “100.84 м.кв талбай байх ба 4.85 м.кв-аар дутуу болно” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. /хх 31, 32-37/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заажээ.

 

Талуудын гэрээгээр тохиролцсон орон сууцны талбайн хэмжээнээс бодит хэмжээ бага байгаа нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөх ажлын хөлсийг бууруулах үндэслэл болох тул илүү төлсөн хөлсийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй. Гэтэл шүүх гэрээний дагуу ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой хугацаа тогтоосон мөн хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг шаардах эрхийн үндэслэл болгон шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байна.

 

Мөн шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Инжкон” ХХК-ийн орон сууцны талбайн хэмжээ тогтоосон үнэлгээ гэх баримтыг үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд “Инжкон” ХХК нь орон сууцны талбайн хэмжилт хийх эрхтэй гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүхээс томилсон “Тоонто гранд” ХХК-ийн дүгнэлтээр маргаж буй орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан “Инжкон” ХХК-ийн үнэлгээгээр орон сууцны талбайн хэмжээ нь 4.69 м.кв-аар дутуу гэж, “Тоонто гранд” ХХК-ийн үнэлгээгээр орон сууцны талбайн хэмжээ 4.85 м.кв-аар дутуу гэж тус тус зөрүүтэй дүгнэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч нь “Инжкон” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт нийцэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “гэрээний 5.3-т заасан сууцны худалдах талбайн хэмжээг барилгын зураг төсөлд үндэслэн сууцны гадна ханын дотор талаас тооцоолж, уг талбайд сууцны ба сууцны бус зориулалттай талбай түүний бүрдэл хэсэг орно” гэж тохиролцсон, энэ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн” гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсад мөрдөгдөж буй “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS6058:2009 стандартыг талууд гэрээгээр тохиролцон өөрчлөх, зөрчиж болно гэсэн ойлголт биш юм.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт дээр дурьдсан үндэслэлээр хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00349 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “349 дүгээр зүйлийн 349.1” гэснийг “352 дугаар зүйлийн 352.2.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Хурд групп” ХХК-ийн төлсөн 150 100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН