Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01402

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00210 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1618 дугаар магадлалтай,

           “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           “Ц” ХХК-д холбогдох           

           Үндсэн нэхэмжлэл: 8.119.758 төгрөг гаргуулах 

           Сөрөг нэхэмжлэл: 4.849.348 төгрөг гаргуулах

          Хариуцагчийн өмгөөлөгч С.Б гаргасан гомдлыг үндэслэн шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

         “С” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа: Манай компани 2014-09-10-ны өдөр Ц ХХК, түүнийг төлөөлж захирал Ж.Ц 7.850 тонн нүүрс нийлүүлэх гэрээг шивээ овоо боомтод хүлээлгэн өгөх нөхцөлөөр байгуулсан. Уг гэрээгээр 0-300 мм-ийн хэмжээтэй, 2.900 ккалориас дээш илчлэгтэй нүүрсийг нийлүүлэх, үүний хариуд 1 тонн бүрийг нь 21.853 төгрөгөөр тооцож төлбөр авахаар харилцан тохиролцсон болно. Гэрээний үргэлжлэх хугацаанд 179.738.468 төгрөгийн нийт 6424.5 тонн нүүрсийг хувиарын дагуу шилжүүлсэн. Энэхүү шилжүүлсэн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангиас С ХХК-д хүргүүлсэн 2015-07-20-ны 33/179 тоот албан бичиг болон Шивээ овоо ХК-ийн санхүүгийн хэлтэстэй 2016-11-18-ны өдөр тооцоо нийлсэн актуудаар баталгаажуулсан байна. Нийт 179.738.468 төгрөгийг шилжүүлэх байснаас Ц ХХК-ийн зүгээс хэсэгчлэн төлж байсан болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.5-д тус тус зааснаар худалдан авагч нь хүлээн авсан нүүрсний үнийг төлөхгүй хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцон нийлүүлэгчид төлөх ба тус алдангийн дүн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тохирсон байна. Мөн тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-д гэрээ нь хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр, 2015-03-31-ний өдөр дуусгавар болно гэж тохиролцсон байна. Худалдан авагч тал 2016-07-29-ний өдөр сүүлийн удаа 10сая төгрөг төлснөөс хойш ямарч төлбөр төлөөгүй одоог хүртэл төлбөр хойшилсон байна. Худалдан авагч тал 2016-07-29-ний өдөр 10 сая төгрөг шилжүүлснээс нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017-02-29-ний өдөр хүртэл нийт 205 хоног өнгөрсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 6.738.468 төгрөгөөс талуудын тохиролцсоны дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцвол 1.381.290 төгрөгийн алданги болж байна. Иймд хариуцагч “Ц” ХХК-иас нийт 8.119.758 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч хариу тайлбартаа: Ц ХХК нь С ХХК-тай нүүрс борлуулсны дараа мөнгийг нь өгөх гэрээ хийсэн. Энэ нүүрсний борлуулалтаас 182.700.000 төгрөг Батлан хамгаалах яамны ЗХЖШтабаас одоог хүртэл авч амжаагүй. Гэвч 173 сая төгрөг төлсөн байгаа. 179.738.498 төгрөгийн борлуулалт хийсэн боловч нийт НӨАТ-ийн 17.973.849 төгрөгийг манай компанид төлөх ёстойгоос 14.017.604 төгрөгийн НӨАТ өгсөн, 3.956.244 төгрөгийн НӨАТ-ийг дутуу төлсөн учир нэхэмжилсэн 6.738.468 төгрөгийн үлдэгдлээс хасаад 2.782.223 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх болно. Уг компани нь Шивээ Овоо уурхайд сэлбэг нийлүүлсэн үнэ болох 179.738.468 төгрөгийг уурхайгаас авч чадахгүй байсан учир танил хүнээрээ дамжуулан манай компанийн уурхайд өгөх ёстой мөнгө болох 173 сая төгрөгийг уурхайн өмнөөс энэ компанид өгсөн юм. Хэрэв би энэ мөнгийг энэ компанид өгөөгүй бол өнөөдрийг хүртэл С ХХК нь уурхайгаас мөнгөө авч чадахгүй байх байсан. Алдангийг би хүлээн зөвшөөрөхгүй улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ үед манай компани нь 182.700.000 төгрөгийг тэр нүүрсний борлуулалтаас одоог хүртэл авч чадаагүй байгаа ч Сутай эрчим ХХК-ийн 173сая төгрөгийг төлсөн гэжээ.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь С ХХК-тай 2014-09-10-ны өдөр нүүрс худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 85 вагон 6240 тонн нүүрс худалдан авч, нүүрсний үнэ болон төмөр замын тээврийн зардалд 173.000.000 төгрөгийг С ХХК-д шилжүүлсэн. Манай компани нүүрсний үнэд 136.362.720 төгрөг, төмөр замын зардалд 39.562.400 төгрөг, нийт 175.925.120 төгрөг төлөх тооцоо гарч байна. Үүнээс 173.000.000 төгрөгийг төлөөд зогсоосон учир нь С ХХК манай компанид нэмэгдсэн өртгийн албан татварын 12.743.164 төгрөгийн баримт олгоод, дахин …4849348 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй болж, энэ хэмжээгээр улсад татвар төлсөн. Иймд С ХХК-иас Ц ХХК-д нүүрсний гэрээний дагуу нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4.849.348 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Тус шүүхэд Ц ХХК-д холбогдуулан 8.119.758 төгрөг гаргуулах нэхэмжлэл бүхий хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Хариуцагчийн зүгээс манай компанид холбогдуулан 4.849.348 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Хариуцагч нүүрс тээвэрлэн худалдсан бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын 4.849.348 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С ХХК манай компанид НӨАТ-ын 12.743.164 төгрөгийн баримт олгоод дахин баримт өгөөгүй буюу 4849348 төгрөгийн татварын өртэй болж улсад төлсөн учир нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа гэрээний нийт үнийн дүн 179.738.468 төгрөг бөгөөд хариуцагч үүнээс 173сая төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 6.738.468 төгрөг, үүнд гэрээний алданги тооцож 1.381.290 төгрөг, нийт 8.119.758 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн НӨАТ-ын баримтын дүнг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүснэгтээр үзүүлбэл: Олгосон НӨАТ-ын баримтаар манай компани нийт 140.176.048 төгрөгийн баримт олгосон бөгөөд гэрээний нийт үнийн дүнгээс 179.738.468 төгрөгөөс хасч тооцвол үлдэгдэл 39.562.420 төгрөг буюу тээврийн зардлын төлбөр үлдэж байна. Талууд гэрээ байгуулан нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Батлан хамгаалах яамны харъяа байгууллагуудад тараасан байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх буюу төмөр замын тээврийг Монгол улс нэмэгдсэн өртгийн албан татвар чөлөөлдөг болно. Нөгөөтээгүүр талуудын хооронд байгуулагдсан 3 дугаар зүйлийн 3.1-д энэхүү гэрээгээр тохиролцсон 7.850 тонн нүүрсийг шуурхай хүлээн авч тээвэрлэлттэй холбоотой хариуцлага хүлээнэ гэсэн үүргийг худалдан авагч буюу хариуцагч Ц ХХК хариуцах үүргийг хүлээсэн байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлохоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч С ХХК нь хүлээн авсан мөнгөн дүнгийн хэмжээгээр НӨАТ-ын баримтыг бүрэн өгсөн, Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар талуудын аль нэг нь төмөр замын тээвэрт НӨАТ төлөх үүрэг байхгүй буюу чөлөөлөгдөх ажил үйлчилгээ, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тээвэрлэлттэй холбоотой зардал (гэрээний 3.1), татварын асуудлыг худалдан авагч буюу Ц ХХК хариуцахаар (гэрээний 1.2) тохиролцсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00210 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Ц ХХК-с 8.119.758 төгрөг  гаргуулж С ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 144.890 төгрөг, хариуцагчаас  төлсөн 94.000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Ц ХХК-с 144.890 төгрөг гаргуулан  С ХХК-д олгожээ.  

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1618 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: “...Ц ХХК нь С ХХК-иас гэрээний дагуу 95 вагон 6414.5 тонн 140 176 068 төгрөгийн нүүрс хүлээн аваагүй. Харин Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнөөс ...нийт 65 вагон нүүрс, төмөр замын ачилт буулгалтын талбайд байсан 520 тонн, нийт 4910 тонн нүүрс хүлээн авсан. Харин төмөр замын Зүүн баян 336-р ангиас 2014.10.09-нд 10 вагон 665 тонн, 10-р сарын 14-нд 10 вагон 665 тонн буюу 1330 тонн нүүрс, нийт 6.240 тонн нүүрс хүлээн авсан. Энэхүү нүүрс хүлээлгэн өгсөн тооцоог Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн 33/79 тоот албан бичиг нотолж байгаа. Гэтэл Нэхэмжлэгч тал “ Шивээ овоо” ХК-аас өөртөө хүлээн авсан 95 вагон 6414.5 тонн нүүрсийг Ц ХХК-д хүлээлгэж өгсөн гэж “Шивээ овоо” ХК-ийн нягтлан Н.Соёлмаатай тооцоо нийлсэн актаар нотлогдож байна хэмээн нэхэмжлэл гаргасныг шүүх бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн. ...Гэтэл нэхэмжлэгч хариуцагчид 174.5 тонн нүүрс өгөөгүй байхад, өгсөн гээд төлбөрийг авахыг шаардсан. Бичгийн баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 6.240 тонн нүүрс өгсөн нь нотлогдож байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Ц ХХК-ийг татсан боловч захирал биш н.Цэнгэл гэж хүн тайлбар гаргасан, дараа нь жинхэнэ захирал Д.Алтандөш Б.Мягмархүүг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, түүнд шүүхээс хурлын товыг мэдэгдсэн байдаг. Үүнд хариуцагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхэд хариуцагч ч алдаа гаргасан, мөн шүүх ч алдаа гаргаж, ИХШХШТХ-ийн 28.1, 35-р зүйл, 76-р зүйл заалтууд зөрчигдсөн. Гэтэл энэ бүхнийг дан ганц хариуцагчид бүх бурууг хүлээлгэж шийдэж байна. Зохигчид мэтгэлцээд, хэн дийлсэнд нь шүүх шийдвэр гаргах нь иргэний шүүхийн ганцхан зарчим биш байх, ямар ч шүүх байсан үнэн бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргах нь шүүхийн үнэ цэнэ юм. Тэрнээс хэн нэгний алдааг ашиглан, нөгөө талд ашигтай шийдвэр гаргах нь буруу гэж үзэж байна. Ц ХХК-ийн захирал Д. Алтандөш “н.Цэнгэлийн тайлбарыг нарийн тооцоо хийгээгүй тул хүчингүй болох талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй гэдгээ мэдэгдсэн, бичгийн баримтаар 174 тонн нүүрс аваагүй бодит байдлыг шүүх дүгнээгүй буюу Иргэний хуулийн 248-р зүйлийг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт нэг талд буюу нэхэмжлэгчийн талд ашигтайгаар шийдвэр гаргахдаа ИХШХШТХ-ийн 172-р зүйлийг зөрчсөн. ...Гэтэл хариуцагчийн алдааг ашиглан, нэхэмжлэгчийн зөрчигдөөгүй зарим эрхийг бүрэн хангахаар бодит байдлаас өөрөөр шүүх шийдвэр гаргах нь шударга шүүхийн мөн чанар алдагдаж, иргэд шүүхэд итгэх итгэл алдарч байна. Иймд шүүхийн шийдвэрээс 4.644.658 төгрөгийн алдангийн шаардлагыг хангасныг үндэслэлгүй гэж үзэж, хяналтын журмаар гомдол гаргаж байгааг хянаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Шийдвэр болон магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна. 

       Тухайлбал, шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид бус, харин өмгөөлөгчид нь /хх 87/ гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсгийн “...нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана...” гэснийг болон мөн хуулийн 25, 72, 73, 34 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчжээ.  

      Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн эрх, үүргийг хүлээхгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С ХХК-г Д.Баярсайхан төлөөлөх эрхтэй байна.

       2. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй гэж үзлээ. 

        Хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж “С” /хуучнаар С/ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №1 дугаар гэрээний хавсралтыг  үндэслэсэн боловч 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

       Түүнчлэн, нэхэмжлэгч “Ш” ХК-тай тооцоо нийлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг шаардах болсон үндэслэлээ тайлбарлаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

        3. Гэрээнд худалдан авсан нүүрсний үнийг төлөх хугацааг заагаагүй байхад алданги гаргуулсан нь ойлгомжгүй, шүүх хариуцагчаас алданги гаргуулахдаа үндэслэлийг шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцээгүй гэж үзлээ.  

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцээгүй тул   шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1618 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-г  баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 89.265 төгрөгийг “Ц” ХХК-д захирамжаар буцааж олгосугай. 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

                               ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ