| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 184/2024/07400/И |
| Дугаар | 210/МА2024/02089 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/02089
2024 12 02 210/МА2024/02089
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05144 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* СӨХ-нд холбогдох
Гэрээний үүрэгт төлсөн 3,565,573 төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Б.*******, хариуцагчийн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* СӨХ-той 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Реклам байгууламжийн талбайн гэрээ байгуулж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны *******,******* байрнуудын дээвэрт реклам сурталчилгааны гэрэлт самбар байршуулж, барилга тус бүрт нэг жилийн түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг төлөхөөр тохирсон. Тус гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээгээр 2 жилийн хугацаагаар сунгаж, нэг жилийн түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөгөөр харилцан тохиролцсон.
1.2. Гэтэл 2023 оны 11 дүгээр сард ******* болон******* байрнуудын урдуур шинэ барилга баригдаж эхэлсэн бөгөөд өмнөх байршилд гэрэлт самбар төв замаас харагддаг учраас манайх брэндээ сурталчлах тал дээр үр өгөөжтэй гэсэн үүднээс гэрээ байгуулсан. Ингээд өндөр барилга баригдсаны улмаас манай брэндийн самбар харагдахгүй, хажуу талаас, доороос нь харахад хүндрэлтэй байсан учир ******* СӨХ-ны захирал С.*******ыг байлцуулан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 самбараа буулгаж, ажил хүлээлцэх акт үйлдэж гарын үсэг зурсан.
1.3. Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасны дагуу анх байгуулсан зорилгоос нөхцөл байдал нь өөрчлөгдсөн учраас гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх төлбөрийг суутгаж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр болох 3,565,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК-тай гэрээ байгуулах үед буюу 2023 оны 5 дугаар сард зэргэлдээ барилга баригдаж эхэлсэн. Барилга барьж эхлэхээр нь утсаар ярьсан. Улмаар нэхэмжлэгч тал самбараа буулгахдаа бүрэн бүтэн хүлээлцсэн гэж гарын үсэг зураарай гэсний дагуу гарын үсэг зурсан.
2.2. Манай талаас гэрээ зөрчөөгүй, самбарыг буулга гэсэн шаардлага тавиагүй. Өөрсдөө буулгачихаад үлдсэн хугацааны төлбөрөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь манай өөр байр дээр самбараа байрлуулъя, харагдахгүй байгаа учир байрлалыг нь сольё гэдэг байдлаар санал тавиагүй. Самбараа шууд буулгаад авч явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч ******* СӨХ-ноос 1,782,786 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,782,786 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,000 төгрөгийг улс орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* СӨХ-ноос 43,474 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр самбар буулгаснаас хойш гэрээний үлдэгдэл төлбөрийг хэрхэн буцаах талаар ******* СӨХ-той удаа дараа утсаар холбогдож байсан. Мөн компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/419 дүгээр албан бичгээр гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,565,573.77 төгрөгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдсэн ч хариуцагч талаас тодорхой хариу өгөөгүй. Улмаар 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч ******* СӨХ нь дээрх төлбөрт дүйцүүлэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны *******ны дээвэрт шинээр самбар байрлуулахтай холбоотой эвлэрэх санал тавьсан буюу ******* СӨХ-ны хэрэгт хавсаргасан 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 дугаар Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичигт тус эвлэрлийн талаар бичгээр санал гаргасан. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч ******* СӨХ-ноос дээрх эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй тохиолдолд гэрээний үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд хуваан төлөх боломжтой хэмээн нэмэлт санал тавьсан. Манай талаас тус хорооны *******ны дээвэрт шинээр самбар байршуулах саналыг нь хүлээн авч, эвлэрлийн гэрээ байгуулах тухайгаа хариуцагчид хэлсэн. Гэвч ******* СӨХ-ны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар албан бичгээр гэрээний заалт зөрчсөн зүйлгүй ба бид самбараа буулгаж авахыг санал болгоогүй бид төлбөр буцаан олгох боломжгүй... буюу эвлэрэх боломжгүй гэсэн 2 дахь тайлбарыг өгч, бидний эвлэрэх саналаас татгалзсан. Энэ талаар шүүх хуралдаан дээр талууд хэлсэн боловч шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй.
Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т заасны дагуу талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлж, өөр агуулгаар гэрээг байгуулах боломжгүй байхад уг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэсэн нь хуульд нийцэхгүй.
4.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны *******,******* байрны дээврийг ямар нэгэн эвдрэл, гэмтэлгүй хариуцагчид буцаан өгсөн, ******* СӨХ нь нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл төлбөрийг буцаан өгөөгүй.
Ийнхүү Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Реклам байгууламжийн талбайн түрээсийн гэрээ-ний үүрэг нь хожим дуусгавар болсон, мөн 3,565,573.77 төгрөгийн үлдэгдэл байгаатай ******* СӨХ маргаагүй.
Нэгэнт талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон, ******* СӨХ нь талбай ашигласнаас үлдэх төлбөрийг шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг зөрчсөн байхад шүүх хохирол биш гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 1.2-т заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* СӨХ нь нэхэмжлэгчээс 3,565,573.77 төгрөгийн илүү хөлс авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
4.3. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны *******,******* байрны урд ******* ХХК-ийн барилга шинээр баригдахад гэрээгээр байгуулсан 2 гэрэлт самбарыг тус хорооны *******ны дээвэр дээр сольж байршуулах боломжтой талаар хариуцагч ******* СӨХ ямар нэгэн санал, тайлбарыг тухайн үед гаргаж байгаагүй тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу ******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* СӨХ болон ХХК-ийг байлцуулан дээрх самбаруудыг буулгаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу *******,******* байрны дээвэр болон эргэн тойрныг ямар нэг эвдрэл, гэмтэлгүй хариуцагчид буцаан өгсөн.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу хариуцагч ******* СӨХ нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж буй байдлыг хүлээн авч, Ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Тус акт нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу хүчин төгөлдөр баримт юм.
4.4. Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаануудад талууд эвлэрэх асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байтал талуудыг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн өөр агуулгаар гэрээ байгуулах боломжтой байсан ч уг үүргээ биелүүлээгүй буюу эвлэрэх асуудлаар ямар нэг санал гаргаж байгаагүй мэтээр бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай зөвлөмжийн 3-т Шийдвэрийн тодорхойлох хэсэг нь хэргийн оролцогчдоос тухайн хэргийн талаархи гаргаж буй бүх мэдээллийг агуулсан байх учиртай гэсэнд нийцэхгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05144 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талууд 2020 оноос хойш хамтран ажиллаж ирсэн боловч 2023 онд ******* ХХК нь нэхэмжлэгч талын самбар өлгөсөн байрны урд талд өндөр барилга барьж эхэлсэн тул бидний зүгээс байршуулсан самбарын урд барилга баригдаж байгаа талаар гэрээний дагуу мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь ийм асуудал үүссэн бол харагдах байрлал руу шилжүүлье гэх саналыг огт ирүүлээгүй атлаа гэнэт самбараа буулгах гэж байна, хамт байлц, байраа хүлээж ав гэж дуудаад самбарыг буулгаж авч явсан.
5.2. Манай байгууллага гэрээг зөрчөөгүй, нэхэмжлэгч нь биднийг үл хүндэтгэсэн байдлаар харьцдаг ба зөвшилцсөн саналыг огт тавьж байгаагүй. Маргаан бүхий самбар тухайн байрлалдаа байсан ч огт харагдахгүй байрлал биш тул манайх гэрээний заалтыг зөрчөөгүй. Иймд төлбөрийг төлөх боломжгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* СӨХ-нд холбогдуулан гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон үндэслэлээр түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 3,565,573 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.
3.1. Талууд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20/16 дугаартай Реклам байгууламжийн талбайн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай *******,******* байрны дээвэр дээр 3м өндөр, 10м урттай Пэпси, Липтон брэндийн гэрэлт самбарыг зар сурталчилгааны зорилгоор 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байршуулж, барилга тус бүрийн нэг жилийн төлбөрт 2,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6 дугаар тал/
Дээрх тохиролцоог шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж тодорхойлсон, уг гэрээний хувьд гэрээний зүйлийг хөлслөгч ашиглах эрхтэй, түүний ашиглах хэрэгцээ шаардлагыг хангах зорилго бүхий байх нь тус гэрээний агуулгад нийцнэ.
Харин талуудын байгуулсан гэрээний хувьд зар сурталчилгааны самбар байршуулж эд хөрөнгийг ашиглахаас гадна шууд бусаар үр шим олох зорилго бүхий түрээсийн гэрээний шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ. Тус гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
3.2. Дээрх гэрээний хугацааг талууд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж, тухайн хугацааны нэг жилийн түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тохирч, ХХК нь гэрээний төлбөр болох 5,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрэлт самбарууд байршиж буй барилгуудын өмнө өндөр барилга баригдаж, нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцлаж, дуусгавар болгожээ.
Талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин нөхцөл байдал өөрчлөгдсөн үндэслэлээр гэрээг цуцалсан нь гэрээний төлбөрийг буцаах үндэслэл болох эсэх асуудлаар маргасан.
3.3. Гэрээ хэрэгжих явцад гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3 дахь хэсэгт заасан.
Энэхүү арга хэмжээний талаар Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхээр дээрх хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн байдал тогтоогдоогүй байх тул энэ талаар шүүх зөв дүгнэжээ. Энэ тохиолдолд өөрчлөгдсөн нөхцөл байдлаас бий болсон эрсдэлийг гэрээний аль нэг тал дангаар хариуцах үндэслэлгүй тул уг эрсдлийг талуудад адил тэнцүү хуваарилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.
Иймд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талууд маргааны зүйлийн талаар эвлэрэх эрхтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан. Энэ журмыг хэрэгжүүлэх талаар зохигчид шүүх хуралдааны явцад байр сууриа илэрхийлсэн боловч эвлэрээгүй бол энэ талаар шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй зүйлийн талаар эвлэрэх санал гаргасан нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөлд зохицуулах арга хэмжээ авсан гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...287 дугаар зүйлийн 287.1 гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА