| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2024/03603/И |
| Дугаар | 210/МА2024/02090 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/02090
2024 12 02 210/МА2024/02090
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.*******, Д.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14,474,064 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Н.*******, Д.******* нар 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 102100665999 тоот зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн, сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 102100665999 тоот барьцааны гэрээ байгуулж, ******* улсын дугаартай, ******* арлын дугаар бүхий Toyota prius 20 маркийн автомашин буюу хөдлөх хөрөнгө барьцаалсан.
1.2. Дээрх гэрээний дагуу ******* ХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөгийг Н.*******ы харилцах дансанд шилжүүлж, зээлийг олгосон. Зээлдэгч гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээл 1,742,554 төгрөг, хүү 1,602,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,092 төгрөг нийт 3,352,742 төгрөг төлсөн.
1.3. Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 6,257,445 төгрөг, үндсэн хүү 7,172,927 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,043,691 төгрөг нийт 14,474,064 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан ******* арлын дугаар бүхий Toyota prius 20 маркийн автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөгийн зээл авсан, уг зээлээс 6,000,000 төгрөгийг төлж чадаагүй нь үнэн.
2.2. *******ин дээр 4-6 удаа банкин дээр очиж уулзахад хариуцсан ажилтнууд нь өөрчлөгдсөн, 2 удаа бичгээр зээлийг хаалгах, зээлийн хүүг зогсоогоод өгөөч, төлбөр төлөх боломжгүй болсон гээд хүсэлт өгсөн боловч банк огт шийдэж өгөхгүй явсаар хүү их болсон, хүүнээс хасч өгнө үү, мөн ковидын хоёр жилийн хугацааг хасч өгнө үү. Өөр маргаан байхгүй.
2.3. Автомашин олон жилийн өмнө зарагдсан, одоо хаана байгааг мэдэхгүй. Анхнаасаа минийх биш өөр хүний автомашин байсан.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Н.*******, Д.******* нараас 11,096,386 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,377,678 төгрөг болон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг 8702 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,520 /230,320+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 192,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. ******* ХК-ийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Н.*******, Д.******* нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 14,474,064 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн А-203 дугаар тушаалаар баталсан банкны зээлийн хүү тооцох аргачлалын дагуу хүү тооцооллын хүснэгт, холбогдох дансны хуулга зэрэг материалуудыг хавсаргасан.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс баримтаар: хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэргийг ирүүлсэн хэмээн шийдвэрийн тодорхойлох нь хэсгийн 3 дахь заалтад заасан мөртлөө үндэслэх нь хэсгийн 5.1-т: Нэхэмжлэгчээс хүү, тооцооллыг хэрхэн тооцсон талаарх дэлгэрэнгүй баримтыг ирүүлээгүй, харин зээлийн дансны хуулгыг ирүүлсэн. Тухайн баримтаар хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлөлт хийснээр зээлийн үлдэгдэл 6,257,445 төгрөг болсон байна. Үүнээс хойш зээлдэгч зээлээс төлөлт хийгээгүй, зөвхөн банкны өөрийн торгуулийн хүү, үндсэн хүү тооцсон болох нь дансны хуулгаар тогтоодсон хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн 3,377,678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шаардлагад нийцэхгүй байна.
4.2. Иймд банкны зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу зээлийн хүүг тооцоолж, шаардах эрхээ хэрэгжүүлсэн тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын 3,377,678 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх миний төлбөрөөс 3,800,000 төгрөгийг хасаж өгсөн. Миний зүгээс тухайн зээлийг төлөхгүй гэж огт хэлж байгаагүй бөгөөд сүүлд харахад 6,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч анхан шатны шүүхэд очихоос өмнө 10,500,000 төгрөг болсон байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны явцад буюу 2 сарын дотор уг мөнгө нь 14,000,000 төгрөг болж нэмэгдсэн тул хүүг хасаж тооцож өгнө үү гэх хүсэлтийг нэхэмжлэгч талд удаа дараа тавьж байсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,474,064 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 102100665999 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ******* ХК нь 8,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, бичил бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлэх, Н.*******, Д.******* нар нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 13-15 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 102100665999 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Д.Энхжаргалын өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалжээ. /хх-ийн 16-17 дугаар тал/
3.3. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч нар мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний хугацаанд 3,352,742 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, харин хүүг хасах үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. Энэхүү гэрээгээр хариуцагч нар сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн тогтмол үнийн дүнгээр төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.
Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн.
4.2. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлд 1,742,554 төгрөг, зээлийн хүүд 1,602,096 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8,092 төгрөг төлж, зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн, улмаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөр, хүүг огт төлөөгүй гэрээний хугацаа дууссан байна.
4.3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.1.9, 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгаагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэжээ.
Нэхэмжлэгч банкнаас хариуцагч нарт 2020.06.10, 2020.08.20, 2020.09.29, 2022.03.01-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, уг үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож буй талаарх мэдэгдлийг /хх-19-23/ удаа дараа хүргүүлж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хариуцагч нарт мэдэгдэж байсан боловч хариуцагч нар нь зээл авсан үеэс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаагүй, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй гэрээний хугацаа дууссан, ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт тодорхой байхад зээл төлүүлэх талаар гэрээний 4.1, 6.2.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь иргэний эрх зүйн харилцаанд эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар нэхэмжлэгчийг гэрээний эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлсэн гэж дүгнэх баримтгүй байх тул төлбөр төлөх боломжгүй болсноос хүүг зогсоох хүсэлт гаргахад шийдвэрлээгүйгээс хүүгийн хэмжээ ихэссэн гэх агуулга бүхий хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
5. Иймд дээрх үндэслэлээр хэтэрсэн болон нэмэгдүүлсэн хугацааны хүүг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхээс зээлийн үлдэгдэл 6,257,445 төгрөг, хүү 4,032,451 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 806,490 төгрөг нийт 11,096,386 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үлдсэн 3,377,678 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хуульд заасан журмаар баталгаажуулаагүйгээс шаардах эрх үүсээгүй гэж дүгнэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдэлд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03829 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,992 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.ГАНДИЙМАА