| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2024/00691/И |
| Дугаар | 210/МА2024/02111 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02111
2024 12 06 210/МА2024/02111
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/03940 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.*******, Ч.*******, М.*******, Б.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 307,281,972.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч Б.*******, Ч.******* нар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ******* ХК-тай ЗГ201743159884 тоот зээлийн гэрээ байгуулж, 160,500,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлж авсан.
1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.*******гийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох Тоёота ланд круйзер 200 GXR маркийн ******* арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, суудлын зориулалттай, ******* улсын дугаартай, жийп төрлийн тээврийн хэрэгсэл, Б.*******, М.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6А байр, , 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалуулж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, барьцаалбарыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1.3. Зээлдэгч нар зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу зохих ёсоор төлөөгүй бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд үндсэн зээлд 6,563,230 төгрөг, хүү 18,229,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,948 төгрөг, нийт 24,807,322 төгрөгийг төлсөн. Ийнхүү зээлийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул зээл төлөх мэдэгдэл болон зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардсан боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.
1.4. Иймд, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,769.75 төгрөг, хүү 142,539,450.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,757,752.33 төгрөг, нийт 307,233,972.24 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 48,000 төгрөг нийт 307,281,972.24 төгрөгийг зээлдэгч Б.*******, Ч.******* нараас гаргуулж өгнө үү.
Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан тээврийн хэрэгсэл болон 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь 307,281,972.24 төгрөгийн тооцоог хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхойлж, холбогдох тооцоог гаргаж шүүхэд ирүүлээгүй байгаа нь миний гаргах хариу тайлбарын цар хүрээг хязгаарлаж байна.
2.2. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацаа талдаа ч ороогүй байхад банк нь зээлдэгчийн данснаас шууд татан авсан мөнгөө зөвхөн хүүгийн төлбөрт тооцож, харин гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг хойш тавьж эхэлснээс маргаан үүссэн. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хэрхэн яаж тооцоод байгаа, хугацаа нь дуусаагүй байгаа гэрээний хугацааг тохиролцох, улмаар хугацааг сунгах талаар тохиролцох боломжтой.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.*******, Ч.******* нараас 307,233,972.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******, Ч.******* Б.*******, Ч.******* нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд, М.*******, Б.******* нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6А байрны хаягт байршилтай 30 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц, мөн Б.*******гийн өмчлөлийн арлын дугаартай Toyota Land Cruiser 200 GXR маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.18-нд төлсөн 1,764,559.86 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,764,080 төгрөг /1,693,880+70,200/-ийг гаргуулж ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх ******* ХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хариуцагчаас 307,233,972.24 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гол үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх зааснаар тодорхойлохдоо гэрээний үндсэн хугацааг үл харгалзан хариуцагчийн төлсөн мөнгөн дүн, нэмэгдүүлсэн хүүг дээрх дүнд оруулсанд гомдолтой байна.
4.2. Гэрээний үндсэн хугацаа 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дуусах ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг үл хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна.
Мөн түүнчлэн дээрх хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтын үндсэн зорилтын ач холбогдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь зээлийн гэрээний үндсэн хугацаанаас өмнө зээлдэгчийн төлсөн 24,807,322 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцохгүйгээр шийдвэр гаргахад нөлөөллөө.
Иймд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдррийн 182/ШШ2024/03940 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 307,233,972.24 төгрөгийг 35,565,074 /24,807,322+10,757,752.33/ төгрөгөөр бууруулсан өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн төлбөр 6,563,230 төгрөг, хүүгийн төлбөрт 18,229,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,948 төгрөг, нийт 24,807,322 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлдэгч нар нийт 2023 хоног зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн.
5.2 Зээлдэгч нараас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үндсэн зээлийн төлбөрт 104,316 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 219,449 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 39,324 төгрөгийг төлсөн. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.*******, Ч.*******, М.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 307,233,972 төгрөг, нотариатын зардалд 48,000 төгрөг, нийт 307,281,972 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* ХК болон Б.*******, Ч.******* нар 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ЗГ201743159884 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ******* ХК нь 160,500,000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.*******, Ч.******* нар нь зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, уг төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 12-13 дугаар тал/
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХК болон Б.*******, Ч.******* нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан БГ201743159884 дугаартай барьцааны гэрээгээр Б.*******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тoyata Land Cruiser 200 GXR маркийн тээврийн хэрэгсэл буюу хөдлөх эд хөрөнгө,
мөн талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан БГҮ201743159884 дугаартай барьцааны гэрээгээр Б.*******, М.******* нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 6А байрны хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 14-16, 19-22 дугаар тал/
3.3. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон хүчин төгөлдөр байдлын талаар, гэрээний дагуу хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, гэрээний хугацаанд 24,807,322 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, харин зээл, хүүгийн тооцоолол үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
4.1. Энэхүү гэрээгээр зээлдэгч Б.*******, Ч.******* нар сар бүр тогтсон хугацаанд зээл, түүний хүүг хэсэгчлэн тогтмол үнийн дүнгээр төлөх, ийнхүү төлснөөр гэрээний хугацаа дуусахад зээл болон зээлийн хүүг төлж дуусах, зээлийг төлөөгүй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.
Талуудын дээрх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцсэн.
4.2. Зээлдэгч нар 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 6,563,230 төгрөг, хүүд 18,229,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 14,948 төгрөг нийт 24,807,322 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс зээлийн төлбөр огт төлөөгүй, энэхүү зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгч тал удаа дараа мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх-ийн 35-37 дугаар тал/
Дээрх гэрээний үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлсэн бөгөөд ийнхүү гэрээ цуцлагдсанаар хариуцагч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээ цуцлагдах хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримтаар зээлдэгч нар нь гэрээ цуцлагдсан 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 153,936,769 төгрөг, хүү 142,539,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,757,752 төгрөг, нийт 307,233,972 төгрөг төлөх нь тогтоогдож байх ба хүүг хуульд заасан журмаар зөв тооцоолсон байна.
Иймд гэрээний ерөнхий хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй талаарх хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
4.3. Түүнчлэн, талууд зээлийн гэрээний 2.4.3.2-т нэмэгдүүлсэн хүү, хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх байдлаар гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нарын төлсөн төлбөр нь сар бүрийн тогтоосон хэмжээнд хүрэлцээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл төлүүлэх зарчмаар үүргийн гүйцэтгэлийг тооцохоор тохирчээ.
Харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дараалал нь үүрэг гүйцэтгэгчийн сонгох эрхэд хамаарахгүй, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гүйцэтгэсэн үүргийн дарааллыг зохицуулсан тул зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд гэрээний 2.4.3.2-т заасан дарааллаар үүргийг гүйцэтгэнэ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлдэгч нарын төлсөн төлбөрөөс үүргийн гүйцэтгэлийг тооцсон нь талуудын зарчимд нийцсэн байх тул зээлийн төлбөрт төлсөн 24,807,322 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцох агуулга бүхий хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол хангагдахгүй.
4.4. Зээлийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэгчид учирсан хохирол болох нотариатын зардал 48,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.
5. Анхан шатны шүүхээс барьцааны гэрээтэй холбоотой хийсэн зарим дүгнэлтийг залруулах боломжтой.
5.1. ******* ХК болон Б.*******, Ч.******* нарын хооронд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан БГ201743159884 дугаартай барьцааны гэрээгээр Б.*******гийн өмчлөлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Тoyata Land Cruiser 200 GXR маркийн тээврийн хэрэгсэлийг барьцаалсан байх бөгөөд барьцааны мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим мэдээллийн санд бүртгүүлсэн нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт нийцсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин нэхэмжлэгч тал Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан барьцааны эрхийг хэрэгжүүлэх сонголт хийгээгүй байхад мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 12.4 дэх хэсэгт зохицуулсан хөдлөх эд хөрөнгийн барьцаа баталгаажих, баталгаажсанд тооцох талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байжээ.
Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдах аргыг сонгож нэхэмжлэлээ гаргасан бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
5.2. Мөн талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр БГҮ201743159884 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагад нийцсэн талаар дүгнээгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, уг гэрээнд барьцааны зүйлийг тодорхойлсон байх шаардлагын талаар зохицуулжээ. Анхан шатны шүүхээс барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэхдээ хэм хэмжээний урьдчилсан нөхцөлийг шалгаагүй алдаа гаргасныг дурдав.
Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар хариуцагч нар гомдол гаргаагүй болно.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2024/03940 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,775 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА