Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02112

 

 

 

 

 

 

2024 12 06 210/МА2024/02112

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04000 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.*******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид нийт 11,714,025 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Есөн-Эрдэнэ худалдааны төвийн ******* павильонд худалдааны үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд манай байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулж ахуйн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч худалдан борлуулж байсан.

1.2. Хариуцагч Д.******* нь 2022 оны 5 сард 4,167,360 төгрөг, 6 сард 1,834,150 төгрөг, 7 сард 1,807,840 төгрөг, нийт 7,809,350 төгрөгийн хүнсний бараа, бүтээгдэхүүн авсан боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг, утсаар ярихаар төлнө гэдэг, сүүлдээ утас нь холбогдохгүй, түүнийг эрэн сурвалжлуулж хаяг тогтоолгосон.

Иймд Д.*******гаас үлдэгдэл төлбөр 7,809,350 төгрөг, алданги 3,904,675 төгрөг, нийт 11,714,025 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хамтран ажиллах гэрээ байгуулж, ахуйн бараа бүтээгдэхүүн авч байсан нь үнэн. 2022 оны 4 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч нь барааны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн, татварын байгууллагад өртэй болсон, Есөн Эрдэнэ худалдааны төвөөс түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан зэрэг асуудлаас болж дахин ахуйн бараа худалдан авахаа больсон, үйл ажиллагаа явуулаагүй. Энэ үеийн төлбөр тооцоогоо хийсэн.

2.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 5 сард 4,167,360 төгрөг, 2022 оны 6 сард 1,834,150 төгрөг, 2022 оны 7 сард 1,807,840 төгрөг, нийт 7,809,350 төгрөгийн үнэ бүхий барааг Д.*******д хүлээлгэн өгөөгүй. Нэхэмжлэгч өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотлох ёстой, бараагаа н.******* буюу н.******* гэдэг хүнд хүлээлгэн өгснөө Д.*******г авсан гээд шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

2.3. Гэрч Г.******* нь н.******* гэдэг хүнийг Д.*******тай хамт ажиллаж байсан гэж мэдүүлж байгаа боловч хариуцагчтай ашиг сонирхлын зөрчилтэй хүн. Тухайн үед Г.******* нь манай нягтлан байж, тайлан тооцоог татварын байгууллагад илгээж байсан, түүний илгээсэн тайлан алдаатай байсны улмаас хариуцагч Д.******* өрөнд орсон байдаг.

2.4. Нэхэмжлэгчтэй байгуулсан бичгийн гэрээ байхгүй, нэхэмжлэлд алдангийн тооцоолол тусгагдаагүй. Иймд нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.*******гаас 7,084,554 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,629,471 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 202,374 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 128,303 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сард бараа материалын үнэ нэмэгдэж эхэлсэн тул дахин худалдан авахаас татгалзсан. 2022 оны 5, 6, 7 сард нэхэмжлэгчээс бараа бүтээгдэхүүн хүлээж аваагүй, н.******* буюу н.******* гэж хүн манай компанид ажиллаж байгаагүй, танихгүй этгээд байхад хариуцагч Д.*******д 7,084,554 төгрөгийг хариуцуулж гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хэргийн үйл баримтаас харахад Д.******* нь ******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээ-гээр ажиллаж байсан гэдэгт зохигч маргадаггүй. Гэтэл ******* ХХК нь бараа материал болон бүтээгдэхүүнийг гэрээний оролцогч тал болох Д.*******д хүлээлгэж өгөөгүй. Хамтран ажиллах гэрээ-ний оролцогч биш, хамааралгүй этгээд буюу н.******* гэх хүнд хүлээлгэн өгсөн гэх тайлбар өгдөг. Хамтран ажиллах гэрээ-ний оролцогч биш, хамааралгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бараа материалын төлбөрийг Д.******* төлөх ёстой, тайланд тусгагдсан учраас төлбөрийг төлөх ёстой мэтээр тайлбарлаж хариуцагчийн эрхийг зөрчиж, хамааралгүй этгээдийн өмнөөс хариуцлага хүлээлгэж байгаад гомдолтой байна. Мөн ******* ХХК нь бараа материал хүлээлгэн өгсөн этгээд болох н.*******т холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр, ******* ХХК нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасныг зөрчсөн, мөн Д.*******д бараа материалыг хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож, нотлогдсон.

4.3. Нэхэмжлэгч байгууллагын харилцагчийн зарлагын баримтаар Д.*******гийн 2022 оны 5, 6, 7 сард хүлээн авсан хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүний нийт үнэ 8,025,710 төгрөг байх боловч ******* ХХК нь 2022 оны харилцагчийн үлдэгдлийн тайландаа Д.*******д хүлээлгэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг 7,084,554 төгрөг гэж тусгасан байна. Тиймээс шүүх нэхэмжлэгч байгууллагын 2022 оны харилцагчийн үлдэгдлийн тайланг үндэслэн хариуцагч Д.*******гийн төлөх бараа бүтээгдэхүүний төлбөрийг 7,084,554 төгрөг байна гэж тогтоолоо. гэж дүгнэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн.

Төрийн болон хувийн бүх хуулийн этгээд, компаниуд хүлээлгэн өгөөгүй бараа материалаа тайландаа хүлээлгэн өгсөн мэтээр тусгаж, мөн төлбөртэй гэх байдлаар дүгнэж дурын иргэн, хуулийн этгээдээс төлбөр нэхэмжлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломж олгож, нэхэмжлэгч талын буруутай үйлдлийг дэмжиж, хуулийг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж, давуу байдал олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь гэрчийн мэдүүлэх зөвлөмжид Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана. гэж заасан. Гэрч Ч.Биндэръяагийн мэдүүлэг нь бичгэн болон үйл баримтаар нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарлаж байгаад гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 5, 6, 7 саруудад үйл ажиллагаа явуулаагүй, н.******* гэх хүн манайд ажилладаггүй гэх тайлбарыг гаргадаг ч татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй.

5.2. Хариуцагч Д.******* нь Есөн Эрдэнэ ХХК-ийн ******* павильоныг түрээслэн ажиллаж байсан нь түрээсийн гэрээ болон түрээсийн төлбөр төлсөн баримтуудаар тогтоогддог. Мөн 2022 оны 7 дугаар сард Д.*******гийн павильон гээд н.******* гэх хүн бараа нийлүүлсэн, мөн өөр зарлагын падаан дээр н.******* гэх хүн гарын үсэг зурж өөрийн данснаас ******* ХХК-ийн данс руу тооцоог хийж байсан үйл баримт тогтоогддог. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* барааг н.******* гэх хүнээр хүлээн авахуулсан ч ашиг олсон хүн Д.******* өөрөө юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,809,350 төгрөг, алдангид 3,904,675 төгрөг, нийт 11,714,025 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг зөв тогтоож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

3.1. ******* ХХК нь Д.*******д хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, түүний үнийг Д.******* төлөх үүрэг хүлээж, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр талууд гэрээ байгуулсан, энэ асуудлаар зохигч маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагчид бараа нийлүүлж, уг барааг хариуцагчийн ажилтан болох н.*******т хүлээлгэн өгч, гэрээний үүргээ гүйцэтгэсэн, ийнхүү нийлүүлсэн барааны төлбөрт 7,084,554 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй.

Учир нь хэргийн 8, 10-14 дүгээр талд авагдсан харилцагчийн зарлагын баримтад тусгагдсанаар ******* павильонд 7,809,350 төгрөгийн барааг хүлээлгэн өгч, н.******* хүлээн авч гарын үсэг зурсан, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Биндэръяагаас мэдүүлэг авсан /хх-ийн 138-142/, тэрээр Д.******* ******* павильонд үйл ажиллагаа эрхэлж байсан, ...худалдагчаар эрэгтэй, эмэгтэй н.******* гэж хоёр хүн ажилладаг байсан талаар мэдүүлсэн байх ба эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэж, няцаасан нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь 2022 оны 5-7 дугаар сард бараа хүлээж аваагүй, н.******* буюу н.******* гэдэг ажилтан байхгүй гэж маргасан боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Энэ тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийг нэхэмжлэгч байгууллагаас бараа хүлээн авсан нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, харин үнийн дүнг 8,025,710 төгрөг гэж алдаатай дүгнэсэн боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.

3.3. Хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг харилцагчийн зарлагын баримтыг үндэслэн 7,809,350 төгрөг гэж нэхэмжлэгч тодорхойлсон боловч хэргийн 61 дүгээр талд авагдсан авлагын үлдэгдлийн тайлангаар 7,084,554 төгрөг гэж баталгаажуулсан байх тул шүүх уг баримтад үндэслэн хариуцагчийн гүйцэтгэх үүргийг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

4. Шүүхээс анзын гэрээг бичгээр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг алданги шаардах эрхээ алдсан талаар дүгнэж, алданги 3,904,675 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04000 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,038 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.ГАНДИЙМАА