| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0131/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/138 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: М.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алиа арслан овогт М-ын С-д холбогдох 1912001850114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: А-овогт М-ын С /РД:
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.С нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ар Арвис” ХХК-ний зүүн талд бага насны буюу 5 настай Г.Ц-ийн 6000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1912001850114 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г-ын мэдүүлсэн:...2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед би гэртээ байж байтал дэлгүүр орж ундаа авангаа салхинд гарсан охин Ц, Б нар маань гаднаас уйлаад ороод ирсэн. Би юу болсон талаар асуухад миний охин Ц уйлаад миний ундаа авсан мөнгөний хариултыг нэг танихгүй ах аваад явчихлаа гэхээр нь би эхнэр З рүү ороод “Ар Арвис” ХХК-ний хяналтын камерыг шүүж үзтэл нэг үл таних залуу миний охинтой тоглох гэж байгаад тэвэрч явангаа гэрийн үүдэнд авчраад ундааны хариулт мөнгө болох 6000 төгрөгийг аваад зугтаад гүйсэн байна лээ. Эхнэр З рүү орохдоо 2 охин маань уйлаад ээждээ ховлоод байсан. Би энэ залууг хайж байгаад 24-ийн тойргийн тэнд очтол хяналтын камерт миний охиныг тэвэрч булан тойрсон залуу согтуу сууж байсан. Би хараад шууд таньсан. Би тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг залууг би хаана байдаг талаар асуухад би Сүхбаатар аймгийнх, Архангай аймагт хаяг байхгүй, оршин суух газаргүй гэсэн. Тиймээс би эрүүлжүүлэх рүү хийлгэсэн. Учир нь хаяггүй байсан болохоор би энэ залууг зугтана гэж бодсон. Миний охин Ц 6000 төгрөг барьж явсан. Хяналтын камерын бичлэгт хар хөх гадуур хувцастай байсан охин нь байгаа юм. Ц-ийн биед ямар ч гэмтэл байгаагүй. Тухайн үедээ мөнгөө алдсан болохоор уйлаад гэртээ орж ирсэн. Одоо бие нь хэвийн зүгээр, гэртээ тоглоод байж байгаа. М.С гэх залуу архи уусан, нилээн согтуу байсан. Миний охин Ц бүрэг ичимхий зантай, ухаан санаа нь хөгжиж яваа, 5 нас хүрсэн байгаа. Миний охин хүнтэй юм ярьж чаддаггүй. Миний мөнгийг нэг ах аваад явчихлаа гэсээр орж ирсэн. Тухайн хүн ямар нэгэн байдлаар миний охиныг оролдоогүй, хулгайлах санаагүй байсан. Тэр залуутай уулзахад ахаа надад мөнгө хэрэгтэй байсан, архи уух гэж байсан гэж хэлсэн. Тэр нь үнэн юм байна лээ. Миний охиныг оролдож айлгаж ичээгээгүй, хулгайлаагүй. Тэр залуу шал согтуу байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний мууг үзээд байх сонирхол надад алга байна. Хөнгөн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Д-ийн мэдүүлсэн: ...Миний хамтран амьдрагч байгаа юм. С Улаанбаатар хотод амьдардаг. Ам бүл 2, ээжийн хамт амьдардаг. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай гэрт С согтуу байж байгаад надтай утсаар хэрүүл хийгээд гараад гүйсэн. Би гэртээ байхгүй байсан. Архангай аймгийн төв рүү орж ирээд нэг жаахан хүүхдээс 5000 төгрөг авсан гэж надад өнөөдөр хэлсэн. Би 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хаана байгааг нь мэдээгүй байтал эрүүлжүүлэх байранд хоносон байна. Манай хамтран амьдрагч С нь 1990 онд Сүхбаатар аймагт төрсөн. Одоо Улаанбаатар хотод “Аравт” гэх хамгаалалтын албанд хамгаалагч хийдэг. Манай найз залуу архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Хүний үг авдаггүй том толгойтой гэж хэлмээр, урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Бид үерхэж нөхөрлөөд хамтран амьдраад 6 сар болж байна. С Улаанбаатар хотод амьдардаг. С нь Архангай аймагт ажил хийх гэж ирсэн бөгөөд Архангай аймагт ирээд ажил хийсэн зүйлгүй, гадуур тэнээд байгаа. С манай оршин суух хаягт байхгүй байна. Архангай аймагт манай гэрт түр амьдарч байгаа. Би Стай гэрлэж гэр бүл болно гэж бол байхгүй, амьдрахад хэцүү хүн байгаа юм. Би ямар байдлаар Архангай аймагт ирээд амьдраад байгааг нь ойлгохгүй байна. Тэр гадуур гараад архи уугаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.З-ийн мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн ажил болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ар Арвис” ХХК-ний байранд өөрийн охин Г.Ц, Г.Б, миний дүүгийн охин Ж нарыг дагуулж ирсэн. Өдөр 15 цаг өнгөрч байхад манай охидууд 12 дугаар дэлгүүрийн тийшээ ундаа авахаар явсан. Би хүүхдүүдээ салхинд гараад ундаа уугаад ороод ирнэ гэж бодоод байж байтал миний охин Ц маань нэг ах миний мөнгийг шүүрээд яваад өгсөн гээд уйлаад орж ирэхээр нь би араас нь гараад олоогүй юм. Тэгээд “Арвис” баарны хяналтын камерыг шүүж үзээд өөрийн охин Ц-ээс асуугаад камер харж байтал баарны зүүн талын камерт үл таних залуу хүүхдүүдийг тоглож байхад орж ирээд гар, хөлөө гозолзуулаад газар, тэнгэрдэж тоглъё, хожигдсон нь мөнгө өгнө шүү гэсэн гээд миний охин Ц-ийг тэврээд камераас гараад явсан байсан. Миний охин энэ талаар надад хэлсэн. Хяналтын камераас гараад миний охины гарт нь атгасан байсан 6000 төгрөгийг дээрэмдээд авсан. Уг залууг би араас нь хайж байгаад 24 уулзварын тэнд явж байтал миний камерт харсан, манай охины мөнгийг дээрэмдсэн гэх залуу согтуу сууж байсан. Би тэр залууг үсээр нь болон биеийн порпорцоор таньсан. Тэр залууг олоод 18 цаг 01 минутын үед цагдаагийн байгууллагад манай нөхөр Г дуудлага өгсөн. Миний охин Ц-ийн оюун ухаан, хэл яриа нь бүрэн хөгжиж яваа, бусадтай харилцах чадварын хувьд муу, ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүй. Миний охин 4 настай, Архангай аймгийн 5 дугаар цэцэрлэгт сурдаг, даруу, ноомой, бүрэг ичимхий зантай хүүхэд байгаа юм. Миний охин 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн. Миний 4 дэх охин минь байгаа юм. Миний охины биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Хувцсыг нь урсан зүйл байхгүй. Охин маань айж сандарсан байсан. Хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү. Манай “Арвис” бааранд хяналтын камер ажиллаж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Ц-ийн мэдүүлсэн: ...Амралтын өдөр би ээжээс мөнгө гуйгаад гадаа тоглож байгаад ундаанд явсан. Надад манай аав гарахад 10.000 төгрөг өгсөн. Би дэлгүүрээс том кола гэх ундаа авахад надад дэлгүүрийн эгч 6.000 төгрөг хариулж өгсөн. Би мөнгө тоолж мэдэхгүй. Дэлгүүрийн эгч надад хэлэхдээ би чамд хариултанд 6.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би дэлгүүрээс гараад ээжийн ажлын хажуугаар гарахад нэг ах араас гарч ирээд хөөе гээд дуудаад халтирч унаад ирснээ газар тэнгэрдэж тоглъё ахыгаа алгадаадах дараа нь харин надад наад гартаа барьсан мөнгөө өгөөрэй гэж хэлэхээр нь би өгөхгүй агаа гэж хэлсэн. Тэр ах намайг ийшээ явж тоглъё гэж хэлээд намайг тэврээд миний баруун гарт байсан мөнгийг аваад явсан. Араас нь мөнгөө авъя агаа гэж гуйтал одоо би чиний мөнгийг өгөхгүй гээд тэр ах цааш алхаад яваад өгсөн. Би тэр мөнгөө баруун гартаа барьсан байсан чинь миний гараас мөнгийг аваад явсан. Би мөнгөө халаасандаа хийгээгүй байсан. Тэр ах намайг ерөөсөө зодоогүй. Бид нартай тоглъё гэхээр нь би тоглоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.М мэдүүлсэн: ...Би тухайн өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр Архангай аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан. Тэр өдөр 18 цагийн үед цагдаагийн байгууллагад хүүхэд дээрэмдүүллээ, эзнийг нь оллоо гэх дуудлагыг Х.Г гэх хүн өгсөн. Би дуудлага дээр очоод 24 дүгээр тойргийн ард талд байхад З гэх эмэгтэй миний охин Ц-ийг С гэх залуу дээрэмдэж мөнгийг нь авсан байна, бичлэг нь энэ байна гэсэн. С гэх залуу нь бичлэг дээр байсан залуу мөн байсан. С нь согтуу байсан учраас эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч эрүүлжүүлсэн. З надад хэлэхдээ миний охин Цээс 6000 төгрөг дээрэмдсэн байна гэж хэлсэн. С нь архи уусан байдалтай, оршин суух хаягаа ч хэлж мэдэхгүй байсан. Зийн охиныг өргөөд явж байсан залуу С мөн байсан. Би тухайн үед Сыг Ц гэх охиноос мөнгө авсан болохыг нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.С-ын мэдүүлсэн: ...2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /хагас сайнд/ би Архангай аймгийн үл таних ах, эгч хоёртой “Арвис” гэх газарт хүүхэдтэй тоглодог газрын ойролцоо архи уусан. Би тэднээс салаад явж байтал жаахан хүүхэд мөнгө бариад явж байхаар нь би хараад мөнгийг нь аваад архи нэмж аваад ууя гэж бодсон. Тэгээд л би 3 хүүхэд дээр очоод нэг хүүхдийнх нь барьж явсан мөнгийг нь авч урагшаа яваад нэг дэлгүүрээс “Их монгол” нэртэй архи авч уусан. Би уг дэлгүүрийн нэрийг санахгүй байна. Би хамтран амьдрагч Д-ийн гэр рүү очиж байснаа санаад байгаа бөгөөд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд ирсэн байсан. Би архи уух гээд явж байтал мөнгө барьсан хүүхэд байхаар нь гарт нь байсан мөнгийг аваад явсан юм. Архангай аймагт надад очих айл байхгүй. Би яг 6.000 төгрөг авсан. Надад өөр шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй...гэх мэдүүлэг...гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.С-ын дахин мэдүүлсэн: ...Би цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтад гарын үсэг зурсан. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шиг санагдаж байна, би Архангай аймгийн зах дээр архи уугаад сууж байгаад тэнд байх 3 залуутай хууч хөөрөөд өөрийнхөө холбогдсон хэргийн талаар ярьтал наадах чинь сүртэй асуудал биш байна, наад асуудал дээр чинь чиний араас явах хүн гэж байхгүй, эндээс алга бол гэхээр нь би тухайн өдрөө шууданд 20.000 төгрөг өгөөд суусан. Би бичүүлээгүй явсан. Тэр үед би шал согтуу байсан. Улаанбаатар хотод яаж очсон болохоо ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд 805 дугаар цэргийн ангийн тэнд явж байсан. Би тэр хүмүүсийн үгээр ороод мөрдөгч болон прокурорт хэлэлгүй Улаанбаатар хот руу явсан. Би тэр 3 залуугийн нэрийг нь мэдэхгүй байна, тэд нар өөрсдийгөө олон жил ял эдэлж байсан гэх зэрэг зүйлүүдийг ярьж байсан. Би тэр залуучуудыг өмнө харж байгаагүй, танихгүй. Би 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш очих хаяггүй байсан. Манай гэрт хэн ч байхгүй. Би тэнд очих болон гадуур тэнэх надад бол ямар ч ялгаа байхгүй. Би Улаанбаатар хотод 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн гаралтай найз Цэрэнчимэг гэх охины гэрт очоод 2 хоносон. 04 дүгээр сарын 14-ний өдөр Дэнжийн 1000 гэх хороололд байх Батбаярын гэрт очиж хоносон. Бусад үед нь би зах дээр ачаа буулгаад олсон мөнгөөрөө архи уугаад таарсан газраараа хоноод хоол идээд гадуур яваад байсан бөгөөд тэгж яваад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч нартай таарсан. Тэгтэл намайг Архангай аймгийн Цагдаагийн газраас оргодлоор зарлаад эрэн сурвалжлагдаж байна гэж хэлж байсан. Би Архангай аймагт оршин суух хаяг байхгүй. Би эхээс гурвуулаа. Манай аав Өмнөговь аймгийн Цагаан хаданд байдаг. Ээж Б-ын Н нь Хэнтий аймгийн Өндөр хаан суманд байдаг. Төрсөн дүү С нь гадаад улсад байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/
2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 28 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 28-29 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42 хуу/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 49 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 70 хуу/
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 480 тоот шүүгчийн захирамж
Шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар зэрэг болно.
Шүүх хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ар Арвис” ХХК-ний зүүн талд бага насны буюу 5 настай Г.Ц-ийн 6000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч М.С нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ар Арвис” ХХК-ний зүүн талд бага насны буюу 5 настай Г.Цийн 6000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гын мэдүүлсэн “Би юу болсон талаар асуухад миний охин Ц уйлаад миний ундаа авсан мөнгөний хариултыг нэг танихгүй ах аваад явчихлаа гэхээр нь би эхнэр З рүү ороод “Ар Арвис” ХХК-ний хяналтын камерыг шүүж үзтэл нэг үл таних залуу миний охинтой тоглох гэж байгаад тэвэрч явангаа гэрийн үүдэнд авчраад ундааны хариулт мөнгө болох 6000 төгрөгийг аваад зугтаад гүйсэн байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Д-ийн мэдүүлсэн “С Архангай аймгийн төв рүү орж ирээд нэг жаахан хүүхдээс 5000 төгрөг авсан гэж надад өнөөдөр хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.З-ийн мэдүүлсэн “Би хүүхдүүдээ салхинд гараад ундаа уугаад ороод ирнэ гэж бодоод байж байтал миний охин Ц маань нэг ах миний мөнгийг шүүрээд яваад өгсөн гээд уйлаад орж ирэхээр нь би араас нь гараад олоогүй юм. Тэгээд “Арвис” баарны хяналтын камерыг шүүж үзээд өөрийн охин Ц-ээс асуугаад камер харж байтал баарны зүүн талын камерт үл таних залуу хүүхдүүдийг тоглож байхад орж ирээд гар, хөлөө гозолзуулаад газар, тэнгэрдэж тоглъё хожигдсон нь мөнгө өгнө шүү гэсэн гээд миний охин Ц-ийг тэврээд камераас гараад явсан байсан. Миний охин энэ талаар надад хэлсэн. Хяналтын камераас гараад миний охины гарт нь атгасан байсан 6000 төгрөгийг дээрэмдээд авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15/, мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Г.Ц-ийн мэдүүлсэн “Би дэлгүүрээс гараад ээжийн ажлын хажуугаар гарахад нэг ах араас гарч ирээд хөөе гээд дуудаад халтирч унаад ирснээ газар тэнгэрдэж тоглъё ахыгаа алгадаадах дараа нь харин надад наад гартаа барьсан мөнгөө өгөөрэй гэж хэлэхээр нь би өгөхгүй агаа гээд хэлсэн. Тэр ах намайг ийшээ явж тоглъё гэж хэлээд намайг тэврээд миний баруун гарт байсан мөнгийг аваад явсан. Араас нь мөнгөө авъя агаа гэж гуйтал одоо би чиний мөнгийг өгөхгүй гээд тэр ах цааш алхаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.М мэдүүлсэн “тэр өдөр 18 цагийн үед цагдаагийн байгууллагад хүүхэд дээрэмдүүллээ, эзнийг нь оллоо гэх дуудлагыг Х.Г гэх хүн өгсөн. Би дуудлага дээр очоод 24 дүгээр тойргийн ард талд байхад З гэх эмэгтэй миний охин Ц-ийг С гэх залуу дээрэмдэж мөнгийг нь авсан байна, бичлэг нь энэ байна гэсэн. С гэх залуу нь бичлэг дээр байсан залуу мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, мөрдөн байцаалтын шатанд М.С-ын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /хагас сайнд/ би Архангай аймгийн үл таних ах, эгч хоёртой “Арвис” гэх газарт хүүхэдтэй тоглодог газрын ойролцоо архи уусан. Би тэднээс салаад явж байтал жаахан хүүхэд мөнгө бариад явж байхаар нь би хараад мөнгийг нь аваад архи нэмж аваад ууя гэж бодсон. Тэгээд л би 3 хүүхэд дээр очоод нэг хүүхдийнх нь барьж явсан мөнгийг нь авч урагшаа яваад нэг дэлгүүрээс “Их монгол” нэртэй архи авч уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Алиа арслан овогт М-ын С-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 11 хоног цагдан хоригдсон, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч М.С нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алиа арслан овогт М-ын С-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч М.С-д сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Сын тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Шүүгдэгч М.С нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 11 хоног цагдан хоригдсон, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М.С-ын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ