| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 182/2024/01952/И |
| Дугаар | 210/МА2024/02115 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02115
2024 12 06 210/МА2024/02115
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04006 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХМХ-д холбогдох
Гэрээний үүрэгт 4,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Талууд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Мэдээлэл авах, түгээхээр хамтран ажиллах гэрээ-г байгуулж, ******* ХХК нь 5,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнээр хариуцагчийн эрхлэн гаргадаг ******* сэтгүүл, *******, ******* сайтаар дээрх гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д тусгасан үйлчилгээг бартердахаар харилцан тохиролцсон.
1.2. ******* ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1,350,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 3,050,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөгийн үнэ бүхий өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ******* ХМХ-д нийлүүлсэн.
1.3. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тул бартерт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ болох 4,400,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Бид нэг жилийн хугацаатай гэрээ хийсэн боловч өнгөрсөн 2021, 2022, 2023, 2024 онд гарсан сэтгүүлүүдэд тухайн байгууллагын 11 сая төгрөгийн реклам сурталчилгааг байршуулсан. Хэрэв нэхэмжлэгч гомдолтой байгаа бол дахин дараагийн 2 сэтгүүлийн дугаарт нийтлэл, ярилцлага, олон нийтэд хүрэх өөр бусад сувгаараа сурталчилгааг хүргэж өгч болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ******* ХМХ-ээс 2,316,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,084,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 85,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХМХ-иас улсын тэмдэгтийн хураамжид 52,017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч нь гэрээний үүргээ гэрээнд зааснаар биелүүлээгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн байна.
******* ХХК болон ******* ХМХ-ийн хооронд байгуулсан Мэдээлэл авах, түгээхэд хамтран ажиллах гэрээ-ний 7.1-т зааснаар гүйцэтгэгч тал нь захиалагч талын шар мэдээ, сурвалжлага, рекламыг байршуулж нийтэд сурталчлах ажиллагааг өөрийн хэвлэн гаргадаг сэтгүүлээрээ дамжуулж явуулсан. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ рекламны төлбөр илүү байдгийг огт бодолцож үзэлгүй дүгнэснээрээ шүүхийн шийдвэр бодитой болж чадаагүй.
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний нэг сарын үнэ 416,666 төгрөг байна гэж дүгнэсэн нь шүүх яг ямар байдлаар тухайн үнийг тогтоож гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг сарын төлбөр гэж дүгнэн гэрээний үнийн дүнг тодорхойлсон шүүхийн шийдвэр алдаа бүхий шийдвэр гэж үзэж байна.
Иймд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХМХ-д холбогдуулан гэрээний үүрэгт төлсөн 4,400,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх дээрх шаардлагаас 2,316,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 2,084,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3.1. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь 4,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 2,400,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХМХ төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгч ******* ХХК /Хаан банк *******/-д төлөхөөр зохигчид харилцан тохиролцжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/04006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ХМХ нь нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн Хаан банк дахь ******* тоот дансанд төлөх, нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.ГАНДИЙМАА