| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0048/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/46 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/46
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Гурван яргайт овогтой М.Б-д холбогдох эрүүгийн 1917000390035 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Г.овогтой М.Б /РД:........./, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын........ дугаар баг, Д..... гэх газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч М.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Шивээгийн 01 тоот хашаанд оршин суух Б.Э-ны гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун гарын алга хэсэгт хутгаар нэг удаа хутгалж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Шивээгийн 01 тоот хашаанд оршин суух Б.Э-ны гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун гарын алга хэсэгт хутгаар нэг удаа хутгалж хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э гэрт Б бид 2 байж байтал 12 цагийн үед Ганхуяг, Б нар гаднаас орж ирсэн. Г 1 шил 0.75 литрийн Ерөөл архи гаргаж ирсэн. Тэр архийг нь Б, Г, Б бид нар уугаад сууж байтал гаднаас Э архи ууж байгаад ирлээ гэсээр орж ирсэн. Тэгээд бид нарын ууж байсан архинаас уулцсан. Э дахиад 0.75 литрийн Ерөөл архи дэлгүүрээс авахуулсан. Б Б нар хөдөө явлаа гээд тэр архинаас уугаагүй яваад өгсөн. Тэгээд Э Г бид нар архи уугаад сууж байсан. Тэгээд юу болсон талаар би санахгүй байгаа юм. Нэг мэдсэн Э баруун гараас цус гарч байсан. Г босч ирээд гарыг нь боож өгч байсан. Би архи ууж байхдаа Э гарыг хутгалсан юм байна лээ... гэх мэдүүлэг.
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ гараад гадуур явж байгаад найз С-тай хамт нэг шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи уусан. Тэгээд Шивээгийн 101 тоотод гэртээ 13 цагийн үед ирсэн чинь Ба, Б, Б нэг танихгүй хүний хамт Ерөөл нэртэй 0,75 литрийн архи уугаад сууж байсан. би ороод тэр архинаас уусан. Би мөнгийг өгөөд 0,75 литрийн Ерөөл нэртэй архи Ба, Б нараар авчируулсан. Б, Б нар хөдөө явлаа гээд яваад өгсөн. Б, одоо энэ Ганхуяг гэх хүн бид гурав Ерөөл 0,75 литрийн архийг хувааж уусан. Б гэрийн зүүн хойд талд, би зүүн талынхаа орон дээр сууж байсан. Тухайн үед Б миний утсаар яриад байсан. тэгээд би Б-аас утсаа авъя гэсэн чинь өөдөөс нэг үг хэлээд байсан. Миний зүүн талын гар хөл саажилттай юм. Би эрүүл гараа буюу баруун талын гараа ширээн дээр тавиад сууж байтал Б миний баруун гарын сарвуу хэсэг рүү цохисон. Би баруун гар руугаа хартал эрхий хурууны дотор хэсэгт ангайсан шарх гарчихсан байхаар нь Б-д хандаад чи намайг дүрчихлээ гэж хэлтэл баруун талын диван дээр хэвтэж байсан Г надад хандаад чиний гарыг чинь хутгалчихлаа ш дээ гээд сандраад босоод ирсэн. Г босож ирээд гэрийн хэцний уяа таслаад миний баруун гарын бугуйгаар чангалж уяад цус тогтоосон. Миний гараас нилээн цус гарсан байсан. Тэгээд би нэг хэсэг унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн манай хүүхэд Х ирсэн байсан. Мөн манай дүү Э араас нь ирсэн. Э, Хү хоёрын нэг нь эмнэлэг цагдаа дуудсан байх. Би хүүхдээ эхлээд хашааны хадаасанд гараа эсгэсэн гэж худлаа хэлж байгаад сүүлдээ Бг хутгалсан гэж үнэнээ хэлсэн. Тухайн үед Гг чамайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би ямар хутгаар хутгалсаныг харж чадаагүй. Манай гэрийн хүрэн өнгийн хуванцар иштэй хятад хутга байхгүй болсон байна. Энэ хутгаар миний гар руу хутгалаад гаргаад хаясан байж магадгүй гэж бодож байна. Би эмчилгээний зардалд 300 000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал гаргаад өгвөл гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-16 хуудас/
Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ...дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл архи нэгийг авсан. Тэгээд одоо энэ Э гээд байгаа айлд Шивээгийн 01- тоот хашаанд очсон. Тэгээд мөн бид дөрөв архи уугаад талд орж байтал айлын эзэн Э гэртээ орж ирсэн. Э таяг тулж явдаг хүн байна лээ. Э архи ууж байгаад ирлээ гэж байсан. Э Б билүү Б мөнгө өгөөд архи захиж байсан. Мөн 0,75 литрийн Ерөөл архи авчирсан. Б, Б нар хөдөө явлаа гээд тэр архинаас уугаагүй яваад өгсөн. Э, Ба бид гурав үлдээд 0,75 литрийн Ерөөл архи уусан. Тэр архи бараг дуусч байхад би гадаа гараад бөөлжчихөөд буцаж орж ирээд би архи уухгүй гэж хэлээд баруун талын орон дээр хэвтсэн. Б, Э нар гэрийн зүүн талд нөгөө архиа уугаад сууж байсан. Би хэвтээд унтаж байтал Э намайг дүрчихлээ гэсэн. Тэгэхээр нь би босоод харсан чинь Э баруун гарын алга орчмоос цус гарч байсан. Би цусыг тогтоох гээд бугуй хэсгээр хар өнгийн гутлын үдээсээр ороож боогоод чангалсан. Тэгээд цус нь тогтохгүй байхаар булчин хэсгээр нь цагаан өнгийн мяндсан уяагаар ороож боогоод чангалсан. Би эмнэлэг дуудъя гэсэн чинь Э яах юм бэ гайгүй гээд байсан. Б наад чинь гайгүй гээд байсан. Тухайн үед гадаа нар арай шингээгүй байсан. Цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл Б Э гэрээс гараад явсан. Би хамт гараад явсан. Ба хамт яваад Ц гэдэг айлд очсон. Ц эхнэрийнхээ хамт гэртээ байсан. Ц ах болон эхнэрт Э талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Цогоо ах болон эхнэр нь Э хутгалсан талаар мэдээгүй. Би Б буцаад очихгүй бол Э цус алдаад байсан гэж хэлсэн. Б тэгье гээд замаараа дэлгүүр ороод нэг ширхэг лаазтай пиво аваад орсон. Э зүүн талынхаа орон дээр сууж байсан. Б бид хоёр 15 минут орчим болоод буцаад очсон. Эр цус нь тогтсон байсан. Э өмд нь цус болсон байсан Б Э өмдийг сольж өгөөд хөлийнх нь цусыг угааж өгсөн.Тэгээд байж байтал 19 цагийн үед байх гадаа харанхуй болсон байхад Э хүү гэх залуу орж ирсэн. Хүү нь Э гараа яасан юм бэ гэсэн чинь хашааны хадаасанд дүрчихсэн гээд худлаа хэлээд байсан. Сүүлдээ Э надад хандаад яасан талаар нь чи хэл гээд байсан. Би хүүд нь Б Э хутгалсан гэж хэлсэн. Би мөн Ба-д Б Э гар луу хутгаар дүрчихсэн гэж хэлсэн. Э хүү нь аавыгаа эмнэлэг явъя гэсэн чинь явахгүй гээд байсан. Тэгээд байж байтал мөн нэг залуу гаднаас орж ирсэн. Тэр залуу эмнэлэг цагдаа дуудаад байсан. Тэгээд удаагүй эмнэлэг цагдаагийн хүмүүс ирсэн. Б хутгаа яасан талаар мэдэхгүй байна. нар архи уусан нилээн согтсон байсан. Гэхдээ болсон зүйлийн талаар мэдэхээр байсан.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Э гэрээсээ 12 цаг өнгөрч байхад тогныхоо мөнгийг тушаана гэж гарч явсан. Э гэрт Ббид 2 байж байтал 14 цагийн үед гаднаас Б, Г хоёр Ерөөл нэртэй 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архитай орж ирсэн. Авчирсан архийг нь задлаад Г, Б бид 3 хоёр хоёр удаа уугаад байж байтал гаднаас Э гэртээ орж ирсэн. Тэгээд Б бид 2 гэрээс нь гарч явах гэтэл Эрдэнэчулуун дахиад 1 шил архи аваад ир гэж хэлээд Б, бид хоёрт мөнгө өгөөд Б бид хоёр Батжаргалын дэлгүүрээс дахиад 1 шил 0,75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи аваад Э гэрт аваачиж өгчихөөд би Э гэрээс 15 цагийн үед гарч явсан. Тэр үед Э гэрт Б, Э, Г нар үлдээд аваачиж өгсөн архийг хувааж уугаад үлдсэн. Тэр үед Э гар нь зүгээр байсан цус гарсан, зүсэгдсэн зүйл байгаагүй. Тэгээд би Б хамт бүдүүн Б хөдөө гэр лүү нь очоод буцаад 19 цаг өнгөрч байхад Чойрт ирээд Э гэрт очсон чинь Б, Э, Г нар согтуу, Г гэрийн баруун талын орон дээр суучихсан, Б нь гэрийн баруун талд газарт суучихсан, Э гэрийн зүүн орон дээр баруун гарнаас нь цус гарчихсан, хэвтэж байсан. Орны урд талын хивсэн дээр цус нөж болчихсон байсан. Б бид хоёрыг гэрт нь ороход Э ахын хүү Х ирчихсэн утсаар ярьчихсан зогсож байсан. Удалгүй Э төрсөн дүү Э гэдэг залуу орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Г ахтай Ба-н дэлгүүрийн арын эгнээнд таарсан. Г ах надаас ганц шил архи аваад өг гэж гуйгаад тэгээд надад архи авч өгөх мөнгө байхгүй гэж хэлээд Б хаана байна гэж асуухаар нь би Б ах Э ахын гэрт байгаа байх гэж хэлээд бид 2 Э ахын гэр болох Сүмбэр сумын 2 дугаар баг Шивээгийн 1 тоотод байх гэрт 14 цагийн үед очсон. Намайг гэрт нь очиход Э ахын гэрт ББ 2 гэрт нь байсан. Архи дарс уугаагүй эрүүл байсан. Тэгээд Г ах бид 2 буцаж гарч яваад Г ах дүүгээсээ мөнгө авна гээд мөнгө авчихаад миний дотор муу байна гэж хэлээд Батжаргалын дэлгүүрээс Ерөөл нэртэй 0,75 литр хэмжээтэй 1 шил архи аваад буцаад Э ахын гэрт очсон. Г бид хоёрын авч очсон архийг Б, Г, Б 3 хувааж уугаад байж байтал Э ах гэрт орж ирсэн. Тэгээд Э ах дахиад 1 шил архи аваад ир гэж надад хэлээд би Батжаргалын дэлгүүрээс дахиад 1 шил 0,75 литр хэмжээтэй Ерөөл нэртэй архи аваад Э ахын гэрт авчирч өгчихөөд би Б ахтай хамт Э ахын гэрээс 15 цагийн үед гарч явсан. Тэр үед Э ахын гэрт Б, Э, Г нар үлдээд миний авч очсон архийг хувааж уугаад үлдсэн. Тэр үед Э ахын гар нь зүгээр байсан ямар нэгэн шарх сорви, цус гарсан зүйл байгаагүй.Тэгээд би Б ахтай хамт бүдүүн Б ахын хөдөө гэр лүү нь яваад буцаад 19 цаг өнгөрч байхад Э гэрт очсон чинь Б, Э, Г нар нилээн согтуу, Г гэрийн баруун талын орон дээр, Б гэрийн баруун талд газарт, Эрдэнэчулуун гэрийн зүүн орон дээр хэвтэж байсан. Э ахын баруун гарнаас нь цус гарчихсан гэрийн зүүн орны урд талын хивсэн дээр цус нөж болчихсон байсан. Тэр үед Эрдэнэчулуун ахын хүү Хүрэлчулуун гэдэг залуу гэртээ ирчихсэн аавын гар нь зүсэгдээд цус гарсан байна гээд гар утсаараа эмнэлэг дуудна гээд яриад зогсож байсан. Тэгээд удалгүй Э ахын төрсөн дүү Эрка гэдэг залуу орж ирээд эмнэлэг, цагдаагийн хүмүүс орж ирсэн.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/
Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Сар өдрийг нь сайн санахгүй байна. Б, Г манай гэрээр орж ирсэн. Цагаан сарын дараа юм байна. Б нь нилээн согтуу Г нь арай гайгүй байсан. Б архи байна уу гэж нэхэж байгаад удаагүй гараад явсан. Г мөн хамт гарсан. Ганхуяг мэнд ус мэдчихээд суугаад байсан. Б архи байна уу гэж байсан өөр зүйл огт яриагүй. Б, Г нар хаанаас ирсэн талаар юм хэлээгүй. Хутга зэвсгийн чанартай ил харагдах зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б миний бага хүү байгаа юм. Б хувьд төлөв томоотой зантай, хүнтэй эвсэг харилцаатай. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 75 дугаар дүгнэлтэнд: Б.Э биед баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 30 хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-8 хуудас/
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 10 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-71, 94-95 /-аар тогтоогдож байна.
Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хохирогч Б.Э эмчилгээний зардал 300 000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох материалыг хэрэгт ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй орхих нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 22 хоног цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4,36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гурван яргайт овогтой М.Б-г хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Б нь 22 /хорин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Б нь иргэний нэхэмжлэгч Б.Э-аас нэхэмжилсэн 300 000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Баяндалайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ