| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 101/2024/00948/И |
| Дугаар | 210/МА2024/02142 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/02142
2024 12 11 210/МА2024/02142
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04517 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, БНХАУ-ын иргэн ******* нарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-ийн захирал А.*******тай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 53 дугаар сургуулийн зүүн талд байрлах Гэгээ 39 дүгээр байр 11 давхрын *******ын 1 өрөө, 29.13 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг 1,400,000 төгрөгөөр тооцож, нийт 40,782,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдаж авсан.
1.2. Дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 12,234,600 төгрөгийг 6 хувааж төлсөн, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 1 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг хүртэл цалингаа бүхэлд нь орон сууцны төлбөрт тооцож, төлсөн.
1.3. Орон сууц ашиглалтанд орсон боловч хариуцагч компанийн эцсийн өмчлөгч нь барилгыг бүхэлд нь Хаан банкинд барьцаалж 3 тэрбум төгрөгийн зээл авсан, зээлийг төлж дууссаны дараа улсын бүртгэлийн гэрчилгээ гарна гэсэн. Гэтэл захирал А.******* 2021 онд нас барсан тул шинээр томилогдон ирэх захирал БНХАУ-ын иргэн *******-г хүлээж, 2023 оны 10 сард ирэхэд нь уулзахад гэрчилгээг өгөх боломжгүй гэж хэлсэн.
Иймд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол Гэгээ 39 дүгээр байрны ******* хаягт байрлах 29.13 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* ХХК-ийг гадаад улсын иргэн үүсгэн байгуулсан бөгөөд 2014-2015 оны хооронд 177 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлж Хаан банкнаас зээл авч барьж дуусгасан. Захирал А.******* 2020 оны 12 сард нас барснаас хойш компанийн санхүүгийн баримтуудад төвөгтэй байдал үүссэн. 2023 онд хувьцаа эзэмшигчийн зүгээс БНХАУ-ын иргэн *******-г гүйцэтгэх удирдлагаар ирүүлсэн. Гэтэл санхүүгийн зөрчилтэй холбоотой зүйлүүд үүсч, нэхэмжлэгч Б.******* нь тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан боловч компанийн санхүүгийн ямар ч баримтыг гаргаж өгдөггүй, байрны бүх төлбөрийг барагдуулсан гэдэг боловч санхүүгийн баримтуудыг өгч байгаагүй.
2.2. Маргааны зүйл болсон ******* орон сууцны гэрээ нь компанид эх хувиараа байдаггүй бөгөөд гэрээн дээр дарагдсан санхүүгийн тамга, тэмдэг эргэлзээтэй. Мөн төлбөрийн баримтууд болон орон сууцны гэрээнд санхүүгийн тамга, тэмдэг дарагдсан, гэрч нарын үйлдэлтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь энэ хэргийн субьект болохыг үгүйсгэхгүй.
Иймд энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх хүртэл иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.*******ийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 39 дүгээр байр, 11 дүгээр давхрын ******* хаягт байрлах 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, иргэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,060 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 432,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа өмнөх захирал А.******* нас барснаар компанийн үйл ажиллагаа маш хүнд доголдсон, шинэ удирдлага компанийн бүхий л бичиг баримт, иргэдтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн баримтууд, санхүүгийн баримт бичиг, санхүүгийн тамга, тэмдэг зэргийг олж авах боломжгүй буюу компанийн ажилтан гэх Л.*******, мөн компанид хамааралгүй С. нар дээрх бүхий л бичиг баримт, санхүүгийн тамга, тэмдгийг авч зугтан, хуурамч баримт бичиг үйлдэж байгаа талаар дурдаж тус асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа талаар хэрэг хэлэлцэх үе шатанд дэлгэрэнгүй дурдсан.
Нэхэмжлэгч нь компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг гэх өөрийн худалдан авсан орон сууцны төлбөрийг компанид зохих ёсоор төлсөн /компанийн санхүүгийн тамга дарагдсан баримтууд/ гэж үзэн нэхэмжлэл гаргасан.
Өөрөөр хэлбэл, компанийн бүхий л бичиг баримтыг дээр дурдсан иргэд, ажилчид нь авч зугтсан, нуун дарагдуулсан учраас нэхэмжлэлийг няцаах боломж хариуцагч талд тун хомс, уг хэрэгт нотлох баримтаар авагдсан кассын орлогын баримтууд, маргаан бүхий орон сууцтай холбоотой болон бусад баримтыг эрүүгийн журмаар шалган хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тодорхой дурдсан байдаг.
Гэтэл шүүхээс Л.******* гэх хүнд холбогдуулан гаргасан эрүүгийн гомдол нэхэмжлэгчид хамааралгүй гэж үндэслэлгүй тайлбар хийсэн. Цагдаагийн газарт эрүүгийн журмаар гаргасан гомдол нь компанийн хөрөнгө завших, компанийн санхүүгийн хуурамч бичиг баримт үйлдэх, хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, компанийн баримт бичиг, тамга тэмдэг нуух зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар өгснийг шүүхээс зөвхөн Л.******* гэдэг хүнтэй холбогдуулан гомдол гаргасан мэт хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдлыг зөв дүгнэж чадаагүй шийдвэр гаргасан.
Шүүх компанийн дотогш чиглэсэн маргаан буюу бичиг баримт, тамга тэмдгийн үнэн зөв талаарх маргаан нь талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийн, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, мөнгө төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн нь хэргийг тал бүрээс үнэн зөв дүгнэж, нөхцөл байдлыг бодитойгоор тогтоож үнэлж чадаагүйд гомдолтой байна.
4.2. Гэрч Л.*******, С. нарыг мөрдөн шалгах ажиллагаа ЭХШХШтХ-д заасны дагуу зохих ёсоор явж байгаа бөгөөд маргаан бүхий орон сууц, түүнтэй холбоотой баримтуудын талаар шалгагдаж байгаа болох нь нотлогддог.
Гэтэл шүүх дээрх гэрч нарын мэдүүлгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, төлбөр төлсөн нөхцөл байдлыг нотолж байна гэж үзэн гэрчийн мэдүүлгийг үнэлсэн нь хууль бус байна. Тодруулбал, 2023 оны 12 сард гэрч С. нь компанийн дэд захирлын биед гэмтэл учруулан шүүхээр гэм буруу нь тогтоогдон ял авсан бөгөөд тэрээр цагдаагаар шалгагдаж байгаа асуудалд хариуцагч компанид хувийн субьектив байдлаар хандаж гэрчийн мэдүүлэг өгч болох талтай бол Л.******* нь санхүүгийн тамга тэмдэг ашиглан бэлэн мөнгөний баримтуудад гарын үсэг зурсан хуурамч баримт үйлдсэн байж болзошгүй /маргаан бүхий хэрэгт ч хамааралтай/ талаар шалгагдаж байгаа этгээдүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн нь учир дутагдалтай.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.
Компаниас маргаан бүхий орон сууцыг шилжүүлж буй худалдах, худалдан авах гэрээ, мөн түүний төлбөр төлсөн баримтууд нь дээрх иргэдийн авч зугтсан компанийн тамга тэмдэгтэй холбоотой байдлаар үйлдэгдэж байгаа эсэхийг шалгуулахаар гомдол гаргасан байтал шүүх дээрх иргэдийн үйлдэл хэрэгт хамааралгүй мэт тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн. Харин ч нэхэмжлэгч нь энэ талаар компанид ирж тайлбар тавих ёстой байтал нэг ч удаа ирж тайлбар тавихгүй зугтдаг болно.
Манай компанийн өмгөөлөгч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан хүсэлт, гомдолд маргаан бүхий ******* орон сууцыг нэр заан дурдаж гомдол гаргаж байснаар эрүүгийн журмаар тус асуудал шалгагдаж байгаа нь тодорхой харагддаг. Шүүх тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хариу хүргүүлсэн албан бичгүүдийг зөвхөн Л.*******, С.д хамааралтай мэтээр буруу тайлбарлан хууль буруу хэрэглэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Анхан шатны шүүх хэргийг тусгаарлах зарчим гэж үзэн хариуцагчийн эрүүгийн журмаар гаргасан гомдлыг эс хүлээн зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь уг компанийн нэр бүхий ажилчид болох Л.*******, С., н. гэх нэр бүхий хүмүүс Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэлд дурдагдсан асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж буй асуудалтай хамааралгүй.
5.2. Б.******* нь 2015 оноос хойш ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. Маргаан бүхий орон сууцны үнийг цалингаасаа төлсөн гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог. Мөн 2015 оноос хойш уг байранд амьдарч байгаа. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК, БНХАУ-ын иргэн ******* нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
3.1. Хэргийн 4-5 дугаар талд ******* ХХК болон Б.******* нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх №0043 дугаартай Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаар авагджээ. Уг гэрээгээр орон сууц худалдах, худалдан авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар тусгаж, гэрээний зүйл нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Гэгээ 39 байр 11 давхрын *******ын 29.13 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, гэрээний үнэ 40,782,000 төгрөг гэж тодорхойлсон байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний үнийг бүрэн төлсөн үндэслэлээр тус гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллага маргаж буй орон сууцны өмчлөх эрхтэй холбогдох аливаа үйлдлийг хийх эрх бүхий этгээд байх шаардлагатай бөгөөд энэ талаарх улсын бүртгэлийн баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.
3.2. Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.06.13-ны өдрийн 674 дугаартай албан бичигт ...Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Улаанхуаран гудамж 39 дүгээр байр ******* орон сууц нь өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэлгүй байна. гэжээ. /хх-ийн 84 дүгээр тал/
Тус лавлагаагаар маргаан бүхий орон сууц улсын бүртгэлийн байгууллагын цахим санд бүртгэгдээгүй нь орон сууцны барилга бүхэлдээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэдгийг тодорхойлохгүй бөгөөд үүнийг тодруулах ажиллагаа хийгдээгүй, дээрх орон сууц болон орон сууцны барилгын өмчлөх эрхтэй холбогдох өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
3.3. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас орон сууцны барилга бүхэлдээ барьцааны эрхэд бүртгэлтэй талаар нэхэмжлэлдээ дурдсан байхад үүнийг зохигчоос тодруулж, холбогдох баримт хэрэгт авагдсанаар маргаж буй асуудлаар шүүх эрх зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой болох юм.
4. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/04517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА