Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Н.Энхжаргал 

Хохирогч: Н.М

Шүүгдэгч: Б.М, Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б М, Б овогт Бгийн Г нарт холбогдох 1712002250114 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Б овогт Б-н М /РД:......... /   

Шүүгдэгч: Б овогт Б-гийн Г /РД:.................. /

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М, Б.Г нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг, Ишгэнт гэх газраас иргэн О.Жы олон тооны буюу 12 тооны адууг хулгайлж, 4.370.000 төгрөгийн, иргэн Н.Мын 1 тооны адууг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би одоо ээжтэйгээ амьдардаг. Г намайг маллаад өгөөч, ажил төрөл хийх гээд байна гээд адуу өгөхөөр нь би маллах гээд аваад явсан. Би хүнд аваачиж өгөөд маллуулсан. Надад тэр адууг зарж үрсэн, ашиг хонжоо харсан асуудал байхгүй. Би хүнд харуулсан байсан гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Би М-д хулгайн адуу гэж хэлж өгөөгүй. Харин маллаад өгөөч гэж хэлээд өгсөн. Би мөнгөний хэрэг болоод хот руу явж ажил хийх гээд байна, хулгайн адуу биш, маллаад өгөөч гэж хэлсэн гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М мэдүүлэхдээ: Би Гийг адуу хулгайлсан талаар сүүлд нь мэдсэн. Манай нэг байдас Б.Г-ийн харж байсан Ж ахын адуун дотор байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1712002250114 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ж-ы мэдүүлсэн: ...Манайх 13 тооны адуутай айл юм. 2017 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнт гэх газар бэлчээрт байсан манай адуу алга болсон юм. Адуугаа явах боломжтой бүх газраар эрж сурж явсан боловч ерөөсөө сураг нь гараагүй, өдийг хүрлээ. Манай адуу нутгийн адуунууд болохоор ийш тийшээ гүйнэ гэсэн асуудал бол байхгүй. Тэгсэн чинь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай азарга хүзүүндээ ногттой нэг хүрэн халзан морь дагуулаад гүйгээд ирсэн. Удалгүй хэд хоногийн дараа тэр хүрэн халзан морины эзэн нь гэх хүн ирээд морио аваад явсан. Бид аргаа бараад цагдаад ирж тэмдэглүүлж хэлсэн юм. 1. Хүрэн халзан зүсмийн азарга тамгагүй, 2. Хүрэн халзан зүсмийн гүү, 3. Борлог зүсмийн гүү, 4. Хээр байдас, 5. Хээр байдас, 6. Цагаан халиун зүсмийн гүү, 7. Цагаан халиун зүсмийн даага, 8. Халтар зүсмийн байдас, 9. Хүрэн халзан зүсмийн унага, 10. Бор хээр зүсмийн унага, 11. Бор хээр зүсмийн гүү, 12. Халтар зүсмийн байдас гээд нийт 13 тооны адуу байсан юм. Бүгд тамгагүй. Манай азарга суран ногттой байсан бөгөөд суран ногт эргүүлээрээ тасарсан байсан, одоо ногт нь байгаа. Одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гүүнүүдээ нэгийг нь 500.000 төгрөгөөр бодож, 8 гүүгээ нийт 4.000.000 төгрөгөөр үнэлж байгаа,. Харин унагаа бол үнэлж мэдэхгүй байна. Миний адуунуудыг олж өгч хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ж-ы дахин мэдүүлсэн: ...Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний алдсан адууг миний төрсөн эгчийн дүү Б.Г хүмүүстэй нийлж байгаад тууж хулгайлан Ихтамир сумын Хөхнуур багийн нутагт аваачсан байна гэж хэсгийн төлөөлөгч надад хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Г манай адуунуудыг тууж авчирч өгсөн. Миний алдсан 13 тооны адуунаас 12 адууг авчирсан бөгөөд нэг адуу дутуу байсан. Миний адуунууд бүгд им тамгагүй байсан чинь бүгдийг нь зөв талын гуянд нь чандмана тамгаар тамгалчихсан байсан. Борлог зүсмийн гүү дутуу байна. Г тууж гэрийн гадаа авчирчихаад юу ч хэлээгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Дутуу байсан нэг гүүг Г төлчихсөн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ж-ы дахин мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр азарга маань ганцаараа ирсэн бөгөөд танихгүй хүрэн халзан морь дагаж гүйж ирсэн. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г 12 тооны адууг тууж ирсэн. 12 адууны нэг нь М-ын гүү байсан. Манай борлог гүү байхгүй байсан. Өмнө нь авсан мэдүүлэгт андуурсан юм шиг байна. Манайх 12 тооны адуу алдсан, хамт байсан М-ын гүүтэй хамт 13 тооны адуу алдсан юм. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Буцаж адуутай ирээгүй борлог гүүг Г өөр гүүгээр төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М-ын мэдүүлсэн: ...Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв. Дээр нь нэмээд ярихад Б.Г нь О.Ж-ы адуунуудыг 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр ганцаараа тууж авчирсан. О.Ж ахаас адуунуудыг хаанаас авчирсан талаар асуухад Ихтамир сумын Хөхнуур багийн нутгаас авчирсан гэж хэлсэн. Миний адууны хоёр талын гуян дээр нь чандмана тамгаар тамгалсан байсан. Миний адуу өмнө нь ямар ч им тамгагүй байсан юм. Миний нэг тооны адуу, им тамгагүй, бор хээр зүсмийн нэг тооны гүү байсан юм. Би адуугаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Би адуугаа олоод авчихсан болохоор надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Д-гийн мэдүүлсэн: ...Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрүүдийн аль нэгэнд байх, би сайн санахгүй байна, намайг Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр Өндөр хүрэн гэх газарт зусландаа байхад 12 тооны, азарга байхгүй адуу тууж ирээд миний өөрийн адуу байгаа юм, энэ жил ган гачигтай байна, та энэ адуунуудыг маллаад өгөөч гээд ирсэн юм. Манай тэр хавийн нутаг хад асга ихтэй нутаг болохоор адуу холдож явахгүй, тэр хавиар байсаар байгаад 2017 оны 09 сард нэг борлог зүсмийн гүү нь асганд ороод үхчихсэн юм. Тэгээд айлын адуутай нийлээд самраад байхаар нь хүний адуу алдчих байх гэж бодоод би зөв талын гуянд нь өөрийн чандмана тамгаар тамгалчихсан юм. 2017 оны 10 сарын сүүлээр Б.М нэг танихгүй залуутай ирээд адуугаа туугаад аваад явсан. М--ийн авчирсан адуунууд тамгагүй байсан. М-ийн авчирсан адуунууд хүрэн халзан зүсмийн гүү, халтар зүсмийн байдас, борлог зүсмийн гүү, хээр зүсмийн байдас, цагаан халиун зүсмийн даага, хүрэн зүсмийн 2 унага, бор хээр зүсмийн унага гээд нийт 12 тооны адуу байсан. Борлог зүсмийн гүү нь асганд ороод үхчихсэн юм. Бусад нь бүрэн байсныг М танихгүй залуутай туугаад аваад явчихсан юм. М адууг авчирч өгөхдөө миний өөрийн адуунууд байгаа юм, ган гачигтай байна, та хариулаад өгөөч, намраас авъя гэж хэлсэн юм. Надад мотоцикль байхгүй, би мотоциклиор адуу сольсон зүйл байхгүй. М-тэй хамт ирсэн залуу танихгүй хүн байна лээ, намхан биетэй залуу л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.И-гийн мэдүүлсэн: Би морь алдаагүй, гэхдээ 2017 оны 08 дугаар сарын сүүлээр хүрэн халзан зүсмийн морь олон хоног унаж байгаад тавьсан. Хэд хоног хараагүй байж байгаад адуундаа нийлээгүй байхаар нь 10 гаруй хоногийн дараа сураг сонсоод адуугаа алдсан айлын хүн манай азаргатай хамт хүрэн халзан морь ирсэн гэж хүнд ярьсан байхаар нь сонсоод яваад очтол миний морь Ж гэх айлд байсан. Тэгээд л морио авчихсан, өөр зүйл болоогүй. Ж нь тухайн үед 10 гаруй тооны адуу алдсан азарга нь гүйгээд ирсэн, бусад нь байхгүй байна гэж ярьж байсан. Миний морийг хэн нэгэн хүн хулгайлсан гэх сэжиг байхгүй байна, гүйж явсан азарга дагаад явсан юм шиг байна лээ. Миний морь им тамга байхгүй, зээрд халзан, шингэн гөхөлтэй, суман дэлтэй, цагаан олойртой морь байсан. Өөр содон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А-ийн мэдүүлсэн: ...Манай нөхөр Ж, Э Б нар нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш өдийг хүртэл адуугаа эрээд олохгүй байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай азарга хүзүүндээ ногттой нэг хүрэн халзан морь дагуулаад гүйгээд ирэхээр нь хүн туугаад явчихаж гэж бодож байсан чинь 7 хоногийн дараа хүрэн халзан морины эзэн нь гэх залуу ирээд манай морийг танай азарга дагуулаад гүйчихэж гэж хэлээд аваад явсан. Танай морь хаана байсан юм бэ гэхэд сумын төвийн ард байсан гэж хэлэхээр нь би тэр хавиар манай нөхөр болон М нар нь хамт хайлцсан боловч одоо болтол олдоогүй байна. 13 тооны бараан зүсмийн адуу байсан бөгөөд 3 унагатай. Энэ дундаас нэг гүү нь М гэх хүний гүү байсан юм. Надад сэжиглэж байгаа ямар нэгэн хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.А-ийн дахин мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр манай 12 тооны, Мынх 1 тооны, нийт 13 тооны адуу алга болсон. Манай азарга 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэг морины хамт гүйж ирсэн. Бусад адууг нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г тууж ирсэн бөгөөд тууж ирэхэд нь манай борлог гүү дутуу ирснийг Г төлж барагдуулсан. Адууг хэн, хэрхэн хулгайлсан талаар харсан, үзсэн хүн байхгүй. Хэн, хэн яаж хулгайлсан талаар мэдэх хүн байхгүй, би ч мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө хониндоо явж байхад Б.Г мотоцикльтой давхиж ирээд та мод хийнэ гээд байсан бэлдсэн юм уу гэхэд би үгүй амжаагүй байна гэхэд одоо хоёулаа хамт мод хийе гэсэн. Би хонинд явж байна гэхэд хонийг чинь харангаа модоо бэлдчихье гээд бид хоёр хамт мотоцикльтой нь манайхаар орж хөрөө авахаар явсан. Тэгэхэд Г надад та виза карттай юу, дансаа бичээд өгчих, би хүнээс мөнгө авах ёстой юм гэхээр нь би сүүлд бол гэхэд үгүй одоо бичээд өг гэхээр нь би цаасан дээр дансаа бичиж өгөөд бид хоёр мод руу орсон. Тэгэхэд модонд нэг хөтөлгөө морьтой танихгүй залуу байсан бөгөөд тэр залуутай Г очиж уулзаад хэсэг юм ярьсан. Тэгэхэд нь би модоо хийгээд явж байсан. Тэгээд тэр залуу морьтойгоо цаашаа яваад өгсөн. Г бид хоёр модоо бэлдэж дуусаад би гэртээ харьсан. Би Гоос мөнгө аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д дахин мэдүүлсэн: ...Би адуу хулгайлсан талаар мэдээгүй. Надад ямар нэгэн байдлаар хулгайн хэргийн талаар яриагүй. Г надтай мод хийе гэхэд модонд хөтөлгөө морьтой танихгүй залуу хүлээж байсан. Тэгээд тэр хоёр уулзаад байсан. Би хол байсан учир юу ярьсан талаар нь мэдэхгүй. Г /Мөөс/ танихгүй тэр залуугаас мөнгө авах ёстой, та дансаа өгчих гэхээр нь дансаа өгсөн. Тэгээд миний дансаар ямар нэгэн мөнгө, төгрөг орж гараагүй. Намайг мэдэж байгаа гэж худал ярьсан байна. Би Г-ийг хэд хоногийн өмнө мод хийлцээд өг гэж гуйсан байсан. Тэр үед малд явж байхад ирчихээд мод хийе гээд явсан нь тэр залуутайгаа уулзахаар надтай явсан байх. Тэр залуу нь модонд хүлээгээд байж байсан бөгөөд уулзахаар тохироод л хүлээж байсан байх гэж бодож байна. Би хулгайн хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан асуудал байхгүй. Малын хулгайн хэргийн талаар огт мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Н-гийн мэдүүлсэн: ...Б.М нь 1987 онд миний 2 дахь хүүхэд болж Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Хөдөө мал дээр, мал маллаж гэртээ өссөн. Галуут сумын сургуульд 4 дүгээр анги төгссөн, тэрнээс хойш сургуульд сураагүй. Эхнэр авч тусдаа гараагүй, одоо гэртээ надтай хамт хоёулаа амьдарч байгаа. Цэргийн алба хаагаагүй, ар гэрийн гачигдлаар чөлөөлөгдсөн. Би бие муутай байнгын эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байдаг. Манай хүү М нь зан байдлын хувьд томоотой, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, гэрээс гардаггүй, хүний үгнээс гардаггүй, архи уухгүй, тамхи бага зэрэг татдаг. Хамт 1 залуутай хэрэг хийсэн сурагтай, тэр хүнийг нь танихгүй, хоорондоо бие биенээ яаж таньдаг талаар нь мэдэхгүй. Одоо М өөрийнхөө малыг маллаад гэртээ байдаг. Манайх Ихтамир сумын Хөх нуур багт шилжиж ирээд 22 жил болж байна. Хүү М гэртээ малаа маллаад суурин байгаа, ийш тийш яваад тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/

  Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Б-ын мэдүүлсэн: ...Би Д-гийнхтэй айл байдаггүй, хол зайтай байдаг бөгөөд хааяа очиж малаа эргэдэг. 2017 оны 08 дугаар сарын 20-ны үед мал дээрээ очиход хээр, бараан голдуу 10 гаруй тооны адуу байж байсан. Би юун адуу болохыг асуухад М миний адуу байгаа юм, маллаад өгөөч гэхээр нь би харж байгаа юм гэж хэлсэн гэж Д ярьж байсан. Нэг бүрчлэн зүсийг нь санахгүй байна, им тамгыг нь мэдэхгүй. Дараа нь 2017 оны 10 сард М өөрөө аваад явсан гэж гүү нь /бор гүү гэсэн/ асганд хөлөө хавчуулаад үхсэн байгаа гэсэн. Би тэр адууг тулж хараагүй, сайн мэдэхгүй. Тухайн адууг би хулгайн адуу болох талаар огт мэдээгүй. Д хулгайн адуу гэж мэдсэн бол хулгайн адуу хариулахааргүй хүн байгаа юм. Тэр адууг хаанаас, хэн, хэрхэн хулгайлсан талаар мэдэх зүйл байхгүй. М адуугаа Гтой тууж ирсэн байх, харин авч явахдаа хэнтэй ирсэн талаар мэдэхгүй. ...М-ийг манай тэр хавийнхан Болдихай гэж дууддаг бөгөөд сургууль соёлоор яваагүй, айлын ганц хүү гээд жаахан дураараа, гэхдээ их томоотой, дуугүй, янз бүрийн зангүй хүүхэд байгаа юм. Өмнө нь хэрэг зөрчилд орсон гэж сонсогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-65 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Н-ийн мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сард хамаатныхаа ахын адууг хулгайлж хүнд өгч явуулсан гэх яриа байсан. Би хэргийнх нь талаар сайн мэдэхгүй, хүмүүсийн амнаас сонсож байсан. Б.Г нь их л даруухан юм шиг байдаг, хүн амьтанд тус болж гэр бүлээ авч явдаг, өмнө нь хэрэг зөрчилд орж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Тэрээр ам бүл долуулаа, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, амьдрал тааруу, нэн ядуу өрхийн бүртгэлд байдаг, халамжийн картын бараа авдаг айл байгаа юм. Хүүхдүүд нь бүгд бага насны цэцэрлэгт явахгүй, гэртээ байдаг. Г өөрөө архи уудаг эсэхийг мэдэхгүй, надад мэдэгдэж байгаагүй. Өөрийн гэсэн цөөхөн малтай бөгөөд малаа маллаад амьдардаг. Би малынх нь тоог нарийн хэлж мэдэхгүй байна. Г сургууль соёлд явж байсан эсэхийг мэдэхгүй, сууж байсан бол бага ангиасаа дээш суугаагүй байх. Харин эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Гэр бүлээрээ манай багийн үндсэн иргэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Г-ийн гэрчээр мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ихтамир сумын Тайхар чулууны тал дээр болсон сарлагийн баяр дээр оччихоод гэртээ очоод байж байхад 23 цагийн орчим Б.М манай гэрт ганцаараа нэг жороо морь уначихсан ирсэн юм. Тэгээд М надад гэрийн гадаа хэлэхдээ би танай адуунуудыг туугаад явлаа шүү, чамд тэгж байгаад 2 сая юм уу 3 сая төгрөг өгчихье гэж хэлэхээр нь би тухайн үед юу ч яриагүй бөгөөд М модонд орж хонолоо гээд яваад өгсөн. Маргааш нь 12 цагийн үед Д ахтай хамт мод хийх гээд мод руу ороход М тааралдаад танай адуунууд өвөлжөөний байрны зүгт байна, би туугаад явлаа шүү гэхээр нь би арыг чинь дааж чадахгүй шүү гэхэд намайг дансаа өгчих гэхээр нь би дансаа цээжээр мэдэхгүй болохоор Д ах дансаа хэлж өгсөн юм. Тэгээд би 10 гаруй хоногийн дараа Б.Мтэй утсаар холбогдож ярихад адуунуудыг зараагүй байна, зарахаараа мөнгө явуулна гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа Мийн тууж явсан О.Ж ахын адууны азарга нь ногттой гүйгээд ирэхээр нь би Мтэй утсаар холбогдож азарга нь гүйгээд ирсэн шүү гэж хэлсэн. Д гэх хүн М-ийг танихгүй. Гэхдээ М-ийг Ж ахын адууг хулгайлж явсныг мэдэж байсан. М адуунуудыг зарчихаад мөнгө хийнэ гэхэд Д ах дансаа өгсөн юм. Би М-өөс мөнгө аваагүй. 2017 оны 10 дугаар дундуур манай гэрт сумын хэсгийн төлөөлөгч ирээд намайг сумын төв рүү авч явсан бөгөөд намайг адуу хулгайлсан гэхээр нь би хулгайлаагүй, М туугаад явсан гэдгийг нь хэлсэн. Тэгээд М бид хоёр адуу байгаа газар руу хамт явсан. Ихтамир сумын Хөхнуур багийн нутагт нэг айлд 8 адуу нь байсан, бас нэг айлд 4 адуу нь байсан юм. 8 адуу байсан айлын хүнд Мустанг-5 маркийн мотоциклиор өгчихсөн байсан. 4 адуу байсан айлын хүнээс дараа нь мөнгийг нь авна гэж хэлээд өгчихсөн байсан. Тэгээд М бид хоёр адуугаа туугаад Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Улаалзай гэх газар хүртэл хамт туугаад би цааш нь О.Ж ахын гэр хүртэл тууж явсан юм. Адуу байсан айлууд өөрсдийнхөө тамгаар тамгалчихсан байсан. 8 адуу байсан айлын хүнийг Д гэж байсан. 4 адуу байсан айлын хүнийг мэдэхгүй, Баянхонгор аймгаас отроор орж ирсэн айл гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Г-ийн мэдүүлсэн: ...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар байхгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би сургуульд суугаагүй, уншиж, бичиж чадахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Г-ийн дахин мэдүүлсэн: ...2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө болж байхад 22 цагийн үед М манайд хөтөлгөө морьтой ирээд намайг дуудахаар нь уулзсан чинь адууны хэрэг байна гэхээр нь өглөө болъё, ууланд очоод хоночих гэж ярилцаад явуулсан. Тэгээд өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө би мотоцикльтой ууланд мод хийхээр гуйгаад байсан Дг авч мод руу очоод М-тэй уулзаж Ж ахын адууг зааж өгсөн. Миний зааж өгсөн адууг М тэр өдөр өөрөө туугаад явсан. Би туулцаж гаргаж өгөөгүй. Харин зааж өгөөд мөнгө авахаар тохирч Д-гийн дансны дугаарыг өгсөн. Гэхдээ Дгийн дансаар ямар нэгэн мөнгө ирээгүй. Д хулгайн хэргийн талаар мэдээгүй, би өмнө нь худлаа мэдүүлэг өгсөн. Д-гийн дансны дугаарыг дараа нь мөнгө авахаар М-д өгсөн. Ууланд намайг М-тэй уулзаж байхад Д мод хийж байсан бөгөөд хажууд байгаагүй учир бид хоёрын ярианы талаар мэдээгүй. Би М-тэй очиж Д гэдэг айлаас авсан, адууг нь 2 хэсэг хувааж 2 өөр айл дээр тавьсан байсан гэж худлаа ярьсан бөгөөд ганцхан Д гэх айлд бүх адуу байсан. Харин 1 тооны борлог гүү нь үхсэн гээд байхгүй байсан. Мөн 2017 оны 08 дугаар сарын сүүлээр азарга нь гүйж ирсэн. Бусад 12 тооны адууг 2017 оны 10 дугаар сард Ж ахынд тууж хүргэж өгсөн. Тэр адуунуудын дунд М-ын нэг тооны гүү байсан. Харин бусад нь Ж ахын адуу байгаа юм. Хулгай хийх санааг М гаргасан. Мөнгөний хэрэг болоод хулгай хийсэн. Хулгайн хэргийн талаар мэдэх хүн байхгүй. М намайг хулгай хийх санааг гаргаж, адууг тууж гаргаж өгсөн гэж худлаа ярьсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 91-93 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.М-ийн гэрчээр мэдүүлсэн: ...2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Ихтамир сумын төвд архи ууж яваад Б.Г гэх хүнтэй танилцсан юм. Тэрнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Ихтамир сумын төвд Г-той тааралдахад надад хэдэн адуу байгаа, чи тэрийг ирээд тууж авч яваад маллаж байгаач, надад адуу байдаггүй юм, хэдэн адуутай болох гэсэн юм гэж байсан. Би араас чинь нэхэл дагал болохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чадахгүй гэдгээ хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр миний..........дугаарын утас руу Б.Г залгаад манайд хүрээд ирэх үү гэхээр нь би тэгье гээд 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө морьтой Гийн гэрт очиж уулзахад Г урд талын уулын модонд хоночих, өглөө найз нь адуугаа олоод яваад очъё гэсэн. Тэгээд би модонд очиж хоночихоод хүлээгээд сууж байхад мотоцикльтой хөрөө ганзгалчихсан, Г нь Д гэх хүнтэй хамт ирээд адуугаа ойрхон туугаад аваад ирсэн, оройхон сумын төвийн чигтээ давуулаад өгье хөөгөөд яваарай гэсэн. Д гэх хүн нь надад цаасан дээр дансны дугаараа бичиж өгөөд бололцоо олдвол мөнгө хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр яваад өгсөн бөгөөд модонд түлээ бэлдэж байсан. Би тэр хооронд модонд унтаж байсан. Орой бүрэнхий болох үеэр Б.Г мотоцикльтой адуугаа туугаад уул давуулж өгчихөөд би явлаа, чи хөөгөөд яв гэхээр нь би ганцаараа хөөгөөд явсан. Би шөнөжин туугаад Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг Гөшгийн тал гэх газар ууланд шахаж хонуулчихаад маргааш орой нь Хөхнуур багийн нутаг Урд гол гэх газар аваачиж Д гэх хүнд энэ хүний адуу, өсгөх гэж байгаа юм, та хэд хоног харж байгаач гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгэхдээ азаргыг нь бариад уячихсан байсан чинь ногтоо тасдаад гүйчихсэн байсан. Арваад хоногийн дараа Г над руу утсаар яриад азарга нь ирчихсэн шүү гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ байж байхад 2017 оны 10 дугаар сарын 20-ны үеэр сумын хэсгийн төлөөлөгч ирж намайг авч явсан бөгөөд би Гтой хамт явж адууг нь тууж авчирч өгсөн. Хүрэн халзан азарга, шар цагаантай, хүрэн халзан гүү, бор хээр гүү 5, бор гүү, халиун гүү, бор даага, хээр даага, хүрэн унага 3, нийт 13 тооны адуу байсан. Би Д гэх хүнд маллаж байгаарай гэж өгсөн. Би Г, Д нарт мөнгө өгөөгүй. Д гэх хүн намайг адуу хулгайлж байгааг мэдэж байсан. Гтой хамт ирээд дансаа өгч байсан. Д гэх хүн миний тууж аваачсан адуунуудыг тамгалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/ 

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.М-ийн дахин мэдүүлсэн: ...Би өмнө нь Б.Г-ийг сайн танихгүй байсан. 2017 оны хавар 05 дугаар сарын сүүлээр сумын төвд айлд Гтой танилцаж байсан. Дараа нь 2017 оны 06 сард Г-той таарсан чинь надад хэдэн тооны адуу байна, ирээд аваадах гэхээр нь нэг их ойшоолгүй утасны дугаараа өгөөд явсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын сүүлч, 08 дугаар сарын эхээр Г утсаар яриад манай ахын адуу байгаа юм, ах дарамтлаад байна, ирээд аваадах гэхээр нь гэрээсээ хөтөлгөө морьтой гарч 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Г-ийн гэрт ирж уулзаж ярилцчихаад хээр хонож 2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө Г-той ууланд модонд уулзаад орой нь Г-ийн тууж миний байгаа газар авч ирсэн хүрэн халзан азаргатай нийт 13 тооны адууг тууж явсан. Адууг Г өөрөө мотоциклиороо ганцаараа тууж миний байсан модонд авч ирсэн. Би цааш нь ганцаараа туугаад явсан. Хулгайн хэргийн талаар Д-г мэдэж байгаа гэж Г ярьж байсан, гэхдээ мэдэж байсан эсэхийг мэдэхгүй. Г бид хоёрыг модонд уулзаж байхад хажууд байгаагүй, тийм болохоор хулгайн хэргийн талаар мэдэх хүн байхгүй. Тэгээд адуугаа тууж явсаар Хөхнуур багийн Урд гол гэх газар аваачиж Д ахад харж өгөөч гэж гуйгаад өгсөн. Д ах миний аваачиж өгсөн адууг алдчих байх гээд тамгалсан байсан. Харин азаргыг нь би барьж аваад хээр модноос уясан байсан чинь алдуураад гүйгээд явсан байсан. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа Г утсаар яриад азарга нь гүйгээд ирлээ, яасан бэ гэж ярьсан. Гэтэл тэрнээс хойш 10 сарын сүүлээр цагдаа ирээд надаас мэдүүлэг авч, адууг буцааж тууж хүргэж өгсөн. Би адууг Урд голд байх Д ахынхаас авч туугаад Г-т өгч явуулсан. Миний хулгайлсан адуунууд хүрэн азарга, борлог гүү, халиун гүү, бор халиун гүү, халиун даага, 3 хүрэн унага, хүрэн халзан гүү, 5 хээр гүү байсан. Им тамга байгаагүй. Нийт 13 тооны адуу байсан. Хулгай хийх санааг Г гаргасан, би зөвшөөрсөн. Г өөрөө адууг ирээд аваадах гээд гуйгаад байхаар нь хулгай хийсэн. Тэр талаар Д мэдээгүй, хулгайн адуу гэж хэлээгүй. Д хулгайн адуу гэж мэдсэн эсэх талаар мэдэхгүй, тэр талаар Г мэдэж байгаа байх. Гийн өгсөн дансанд мөнгө хийгээгүй. Миний хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морь байгаа, үзлэг хийлгэсэн, бор хээр зүсмийн морь байгаа. Би өөрийнхөө гэрээс өөрийнхөө морийг хөтөлж явсан. Нийт 13 тооны адуу хулгайлсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хулгайн хэргийн адуугаа өгсөн. Үхсэн нэг тооны гүүний төлбөрийг Г төлж хохиролгүй болгосон. Би ээжийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Ээж элэг, цөсний хүнд өвчтэй, байнгын эмчилгээ хийлгэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 104-106 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04, 20 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05, 21 хуу/

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07 хуу/

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75 хуу/

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13-14 хуу/ 

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 18-19 хуу/

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 170 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81 хуу/

Тодорхойлолт /хх-ийн 119 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116-118, 122-123 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 120-121, 124-125 хуу/ 

Шүүхэд шинээр өгсөн нас барсны бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эмчилгээтэй холбоотой баримтууд зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Ишгэнт гэх газраас иргэн О.Жы 12 тооны адуу хулгайлагдаж, түүнд 4.370.000 төгрөгийн хохирол учирсан, иргэн Н.Мын 1 тооны адуу хулгайлагдаж, түүнд 400.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.М, Б.Г нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Б.М, Б.Г нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Ишгэнт гэх газраас иргэн О.Ж-ы 12 тооны адууг хулгайлж 4.370.000 төгрөгийн, иргэн Н.Мын 1 тооны адууг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ж-ы мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ны өдрийн хооронд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Ишгэнт гэх газар бэлчээрт байсан манай адуу алга болсон юм. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай азарга хүзүүндээ ногттой нэг хүрэн халзан морь дагуулаад гүйгээд ирсэн. 1. Хүрэн халзан зүсмийн азарга тамгагүй, 2. Хүрэн халзан зүсмийн гүү, 3. Борлог зүсмийн гүү, 4. Хээр байдас, 5. Хээр байдас, 6. Цагаан халиун зүсмийн гүү, 7. Цагаан халиун зүсмийн даага, 8. Халтар зүсмийн байдас, 9. Хүрэн халзан зүсмийн унага, 10. Бор хээр зүсмийн унага, 11. Бор хээр зүсмийн гүү, 12. Халтар зүсмийн байдас гээд нийт 13 тооны адуу байсан юм”, “миний алдсан адууг миний төрсөн эгчийн хүү Б.Г хүмүүстэй нийлж байгаад тууж хулгайлан Ихтамир сумын Хөхнуур багийн нутагт аваачсан байна гэж хэсгийн төлөөлөгч надад хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Г манай адуунуудыг тууж авчирч өгсөн юм. Миний алдсан 13 тооны адуунаас 12 адууг авчирсан бөгөөд нэг адуу дутуу байсан. Г тууж гэрийн гадаа авчирчихаад юу ч хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-28, 29-31/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Мын мэдүүлсэн “Б.Г нь О.Жы адуунуудыг 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр ганцаараа тууж авчирсан. О.Ж ахаас адуунуудыг хаанаас авчирсан талаар асуухад Ихтамир сумын Хөхнуур багийн нутгаас авчирсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Д-гийн мэдүүлсэн “Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрүүдийн аль нэгэнд байх, намайг Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн нутаг дэвсгэр Өндөр хүрэн гэх газар зусландаа байхад 12 тооны, азарга нь байхгүй адуу тууж ирээд миний өөрийн адуу байгаа юм, энэ жил ган гачигтай байна, та энэ адуунуудыг маллаад өгөөч гээд ирсэн юм. 2017 оны 10 сарын сүүлээр Б.М нэг танихгүй залуутай ирээд адуугаа туугаад аваад явсан юм. Мийн авчирсан адуунууд хүрэн халзан зүсмийн гүү, халтар зүсмийн байдас, борлог зүсмийн гүү, хээр зүсмийн байдас, цагаан халиун зүсмийн даага, хүрэн зүсмийн 2 унага, бор хээр зүсмийн унага гээд нийт 12 тооны адуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Аийн дахин мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-ны өдөр манай 12 тооны, Мынх 1 тооны, нийт 13 тооны адуу алга болсон. Манай азарга 2017 оны 08 дугаар сарын 28-нд нэг морины хамт гүйж ирсэн. Бусад адууг нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Г тууж ирсэн бөгөөд тууж ирэхэд нь манай борлог гүү дутуу ирснийг Г төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Д мэдүүлсэн “модонд нэг хөтөлгөө морьтой танихгүй залуу байсан бөгөөд тэр залуутай Г очиж уулзаад хэсэг юм ярьсан”, “Г надтай мод хийе гэхэд модонд хөтөлгөө морьтой танихгүй залуу хүлээж байсан. Тэгээд тэр хоёр уулзаад байсан. Г /Мөөс/ танихгүй тэр залуугаас мөнгө авах ёстой, та дансаа өгчих гэхээр нь дансаа өгсөн. Тэр үед малд явж байхад ирчихээд мод хийе гээд явсан нь тэр залуутайгаа уулзахаар надтай явсан байх. Тэр залуу нь модонд хүлээгээд байж байсан бөгөөд уулзахаар тохироод л хүлээж байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 52-54/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бболдын мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сарын 20-ны үед мал дээрээ очиход хээр, бараан голдуу 10 гаруй тооны адуу байж байсан. Би юун адуу болохыг асуухад М миний адуу байгаа юм аа, маллаад өгөөч гэхээр нь би харж байгаа юм гэж хэлсэн гэж Д ярьж байсан. М адуугаа Гтой тууж ирсэн байх, харин авч явахдаа хэнтэй ирсэн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-65/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Н-ийн мэдүүлсэн “2017 оны 08 дугаар сард хамаатныхаа ахын адууг хулгайлж хүнд өгч явуулсан гэх яриа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/, мөрдөн байцаалтын шатанд Б.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна”, “2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө болж байхад 22 цагийн үед М манайд хөтөлгөө морьтой ирээд намайг дуудахаар нь уулзсан чинь адууны хэрэг байна гэхээр нь өглөө болъё, ууланд очоод хоночих гэж ярилцаад явуулсан. 2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө би мотоцикльтой ууланд мод хийхээр гуйгаад байсан Дг авч мод руу очоод Мтэй уулзаж Ж ахын адууг зааж өгсөн. Миний зааж өгсөн адууг М тэр өдөр өөрөө туугаад явсан, би харин зааж өгөөд мөнгө авахаар тохирч Дгийн дансны дугаарыг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93/, мөрдөн байцаалтын шатанд Б.М-ийн яллагдагчаар мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын сүүлч 08 дугаар сарын эхээр Г утсаар яриад манай ахын адуу байгаа юм, ах дарамтлаад байна, ирээд аваадах гэхээр нь гэрээсээ хөтөлгөө морьтой гарч 2017 оны 08 дугаар сарын 12-ны шөнө Гийн гэрт ирж уулзаж ярилцчихаад хээр хонож 2017 оны 08 дугаар сарын 13-ны өглөө Г-той ууланд модонд уулзаад орой нь Г тууж миний байгаа газар авч ирсэн хүрэн халзан азаргатай нийт 13 тооны адууг тууж явсан. Адууг Г өөрөө мотоциклиороо ганцаараа тууж миний байсан модонд авч ирсэн. Би цааш нь ганцаараа туугаад явсан. Тэгээд адуугаа тууж явсаар Хөхнуур багийн Урд гол гэх газар аваачиж Д ахад харж өгөөч гэж гуйгаад өгсөн. Тэрнээс хойш 10 гаруй хоногийн дараа Г утсаар яриад азарга нь гүйгээд ирлээ, яасан бэ гэж ярьсан. Гэтэл тэрнээс хойш 10 сарын сүүлээр цагдаа ирээд надаас мэдүүлэг авч, адууг буцааж тууж хүргэж өгсөн. Миний хулгайлсан адуунууд хүрэн азарга, борлог гүү, халиун гүү, бор халиун гүү, халиун даага, 3 хүрэн унага, хүрэн халзан гүү, 5 хээр гүү байсан. Им тамга байгаагүй. Нийт 13 тооны адуу байсан. Хулгай хийх санааг Г гаргасан, би зөвшөөрсөн. Г өөрөө адууг ирээд аваадах гээд гуйгаад байхаар нь хулгай хийсэн. Миний хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морь байгаа, үзлэг хийлгэсэн, бор хээр зүсмийн морь байгаа. Би өөрийнхөө гэрээс өөрийнхөө морийг хөтөлж явсан. Нийт 13 тооны адуу хулгайлсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хулгайн хэргийн адуугаа өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шүүгдэгч Б.Гийн “би тухайн үед ах О.Ж-ы адууг малладаг байсан. М-д хулгай хийж байгаа талаар хэлээгүй, тэр мэдэхгүй, адууг маллах хүн олж өгөөч гэж өгсөн юм” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Мийн “хулгай хийхэд би оролцоогүй, Г манай адууг маллаад өгөөч гээд гуйгаад байхаар нь хүнээр харуулж тусалсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Н.Энхжаргалын “Б.Г нь өөрийн хариуцан маллаж байсан ахынхаа малыг завших санаа зорилготой байсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчлэх боломжтой” гэх санал, шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн “шүүгдэгч Б.М нь хулгайн гэмт хэрэг үйлдээгүй тул цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэх санал зэрэг нь тус тус няцаагдаж байна гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б овогт Б-Очирын М, шүүгдэгч Б овогт Бгийн Г нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.М-ийг эрэн сурвалжлахад 911.760 төгрөгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан болох нь хавтаст хэргийн 189-190 дугаар хуудсанд авагдсан зардал тооцох тэмдэглэл, зардал тооцсон тооцоо зэргээр, шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн морийг, шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хэрэглэсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-өөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 911.760 төгрөг гаргуулан Архангай аймаг дахь Цагдаагийн газарт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь буюу морийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг гаргуулан шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөхөөр заасан хохирлыг төлөхөд зарцуулж, шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль буюу мотоциклийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М, Б.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.М, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын М, Б овогт Б-гийн Г нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Гт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 31 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасч тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөөс 911.760 /есөн зуун арван нэгэн мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Мийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь буюу морийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг гаргуулан шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөхөөр заасан хохирлыг төлөхөд зарцуулж, шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль буюу мотоциклийг хураах боломжгүй тохиолдолд түүний үнийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 

 

7. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.М, Б.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Р.АЛТАНЦЭЦЭГ