Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 204/МА2024/00032

 

2024 оны 12 сарын 18-ны өдөр             Дугаар 204/МА2024/00032          Өвөрхангай аймаг

 

 

“ХААК” ТӨХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэртэй,

“ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй,

ӨЗДТГ-т холбогдох,

Нийт 945,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ӨЗДТГ-ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О /цахим сүлжээгээр/, ӨЗДТГ-ын дарга Ц.Г, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-ын тайлбарын агуулга: “ХААК” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжийг урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг.

Монгол орны нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 сарын 09-ний өдрийн А/101 дүгээр Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалыг үндэслэн “ХААК” ТӨХХК-д нөөцөлсөн 900 тонн тэжээлийн буудайг нэгж үнэ 700,000 төгрөгөөр тооцож нийт 630,000,000 төгрөгөөр ӨЗДТГ зээлээр авсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 630,000,000 төгрөг байна.

Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ТБ-А/2024-11 дүгээр гэрээгээр 630,000,000 төгрөгийн тэжээлийн буудайг хүүгүй, 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлж барагдуулах гэрээ байгуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 630,000,000 төгрөг байна.

Гэрээний 5.2-т зааснаар нэг хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон бөгөөд өнөөдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрсэн алданги 516,600,000 төгрөг болж байгаа ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан анзыг 50 хувиар тооцоход 315,000,000 төгрөг, ТБ-А/2024-11 тоот гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 630,000,000 төгрөг, анз 315,000,000 төгрөг, нийт 945,000,000 төгрөг гаргуулж манай байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ӨЗДТГ-ын татгалзал, тайлбарын агуулга: 2023-2024 оны өвөл, хаваржилтын байдал Монгол Улсын хэмжээгээр хүндэрсэн учир малчин айл өрхийн хэмжээнд нөөцөлсөн өвс тэжээлийг зудын нөхцөл байдалд зарцуулдаг. Дараа нь сумын аюулгүйн нөөцөөс зарцуулдаг. Сумын нөөц дууссан тохиолдолд аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд нөөцөлсөн бараа бүтээгдэхүүнүүдийг цас, зудад нэрвэгдсэн айл өрхөд хүргэх ажлыг аймгийн онцгой комисс зохион байгуулж хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ энэ ажлууд бүгд хийгдсэн.

2023 оны 11 дүгээр сараас эхлээд аймгийн хэмжээнд бүх нутгийг хамарсан цас орж, орсон цас хайлж, зарим газраа хөлдөж, мөсөн зудын нөхцөлийг бий болгосон. Зарим газраа зуншлага байхгүйгээс малын хоол тэжээл хомсдож нөхцөл байдал хүндэрсэн. 2023 оны 11 дүгээр сараас эхлээд 2023 оныг дуустал малчин өрхөд нөөцөлсөн өвс тэжээл, сумын аюулгүй нөөц тэжээлийг гаргаад, зарцуулаад дууссан. Үүний дараа аймгийн нөөцөд хадгалсан өвс тэжээл, ногоон тэжээл, хужир, шүү зэрэг тэжээлүүдийг 2024 оны 01 дүгээр сард гаргаж малчин айл өрхүүдэд хүргүүлэх ажлыг аймгийн онцгой комиссоос зохион байгуулж ажилласан.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2024 онд гамшгаас хамгаалах зардалд 600,000,000 сая төгрөг төлөвлөөд үүнийг бүрэн зарцуулж дууссан. Өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын сүүлээс 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 600,000,000 төгрөгийн өвс тэжээлийг аймгийн нөөцөөс бүрэн гаргаж зарцуулж дууссан.

2023 оны төгсгөл, 2024 оны эхээр Улсын онцгой комисс болон Улсын онцгой комиссын дэргэд байгуулагдсан шуурхай штабаас Өвөрхангай аймгийн зудын нөхцөл байдалтай газар дээр нь хоёроос гурван удаа ирж танилцсан. Ингээд Улсын онцгой комиссын ажлын хэсэг, шуурхай штабын ажлын хэсэг гараад малчид болон сум, аймаг нөөцгүй болсон гэдгийг үзээд явсан. Айл өрхүүдээр, сумын аюулгүй нөөц, аймгийн аюул аюулгүй нөөцөөр орсон. Аймгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй болон хуваарилсан хөрөнгө мөнгөтэй танилцсан. Аймгийн онцгой комисс болон аймгийн удирдлагуудтай хуралдаад аймгийн зүгээс Улсын онцгой комисст малын тэжээл бусад бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлэхгүй бол бид нар хүндрэлтэй байгаа гэдгийгээ хуралдаан дээр танилцуулсан. Үүнийг Улсын онцгой комиссын ажлын хэсэг болон шуурхай бүлгийн ажлын хэсгийнхэн цааш нь Улсын онцгой комисстой ярилцана, Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ, тодорхой хэмжээний тэжээлийн дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг хурал дээр хэлээд явсан. Үүний дагуу 02 дугаар сарын 17-ны өдөр Улсын онцгой комисс хөдөө явсан ажлын хэсгүүдийн дүнг хэлэлцээд улсын нөөцөөс тодорхой хэмжээний нөөцийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймгуудад хүргэх нь зүйтэй гэсэн Улсын онцгой комиссын шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийн дагуу Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дүгээр тушаал гарсан. Энэ тушаалаар өвөлжилт хүндэрсэн аймгуудын болон цагаан зуд болон төмөр зудтай байгаа сумдад “ХААК” ТӨХХК-ийн нөөцөд хадгалагдаж байгаа буудайг тонн тутмын 700,000 төгрөгөөр олгох шийдвэр гараад тушаалын дагуу нийт 14 аймаг хамрагдсан. Энэ шийдвэрт манай Өвөрхангай аймгийн цагаан зудтай 8 сум, мөсөн зудтай 2 хоёр сум нийлээд 10 сум хамрагдаад аймгийн хэмжээнд 900 тонн улаан буудайг тонн бүрийг 700,000 мянган төгрөгөөр тооцож зээлээр олгох Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу танайх 900 тонн будаагаа улсын нөөцийн салбараас одоо татаж ав гэсэн чиглэлийг аймагт Улсын онцгой комиссоос ирсэн.

Тухайн үед аймгийн онцгой комисс хуралдаад тонн буудай 700,000 төгрөг гэдэг хэтэрхий үнэтэй, дээрээс нь Улаанбаатар хотоос тээвэрлэж ирэх зардал, ирсэн хойно малчдад хүргэх зардал өндөр байсан. Нэг ёсондоо 2 кг буудай малчны гар дээр 20,000 төгрөгөөр очих тооцоо гарч байсан учир энэ үнээр худалдаж аваад малчин өрхүүдэд хүргэх боломжгүй гэдгийг Улсын онцгой комисст болон тэр үеийн цахим хурлууд, шуурхай хурлууд дээр танилцуулж байсан. Нэгдүгээрт өндөр үнээр малчдад хүргэх боломжгүй, хоёрдугаарт зудын байдалд байгаа малчин өрхүүд худалдаж авах боломжгүй гэсэн чиглэлийг өгөөд Улсын онцгой комиссоос ямар нэгэн аргаар малчдад хүргэнэ, малчдаас ямар нэгэн төлбөр авч болохгүй, малчдад үнэгүй хүргэнэ гэсэн. Үнийг дараа Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ та нар зээлийн гэрээгээ байгуулаад энэ будааг яаралтай татаж ав гэсэн чиглэлүүдийг тэр үеийн одоо цахим хурлууд дээр өгч байсан. Нөхцөл байдлыг хараад татаж авалгүй хэд хоносон, бусад аймгуудтай ярилцсан.

Энэ тэжээлийн буудай нь малын тэжээлийн зориулалтаар биш. Нөөцөд хадгалагдаж байсан улаан буудайг малд их хэмжээгээр өгвөл муудсан малаа хордлогод оруулах сөрөг үр дагавар үүсгэдэг учраас Улсын онцгой комиссоос няцалж бутлаад, савлаад малчдад хүргээрэй гэсэн чиглэлийг өгч байсан. Няцалж савлахад маш их зардал нэмэлтээр гарах байсан учраас аймаг бэлэн тэжээл зах зээлээс худалдаж авбал хамаагүй хямд байсан. Аймаг орон нутагт тэр үед хөрөнгө, мөнгө байхгүй байсан. Энэ нөхцөл байдлаа Улсын онцгой комисс, засгийн газрын ирсэн ажлын хэсгийн хүмүүст танилцуулсан. Тэр тусмаа Өвөрхангай аймаг бол улсын төсвөөс татаас авдаг аймаг, ямар нэгэн нэмэлт орлого байхгүй, төлөвлөсөн орлого нь дуусчихсан учраас зээлээр ав гэхээр нь бид нар төлөх боломжгүй гэдгийгээ хэлж байсан.

Гэтэл 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өвөлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 76 дугаар тогтоол гараад “ХААК” ТӨХХК-д нөөцөд байгаа 10,200 тонн улаан буудайнаас манайд одоо 900 тонн ноогдсон.

Засгийн газрын тогтоол гарсны дараа манай аймаг 7,149,000,000 төгрөгийг ХААК-иас шийдвэрлэж өгөх юм байна аа гэдэг үүднээс 3 дугаар сарын 04-ний өдөр ямар ч гэсэн аймаг төлөхгүй юм байна гэдэг засгийн газрын 76 дугаар тогтоол гарсны дараа 900 тонн тэжээлийн будаагаа татаж авах гэрээгээ байгуулсан.

Татах ажил Улаанбаатарт Хөтлөөс Өвөрхангай аймгийн *** сумд татаж авч тээвэрлэх зардал, улаан буудайг савлах зардал 172,000,000 төгрөгийг аймаг орон нутгаасаа бүх нөөц бололцоогоо шавхаад ***-өөс *** суманд тээвэрлэж авчраад 256-р цэргийн ангийн хүн хүчийг ашиглаж савлуулаад малчин айл өрхөд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Улсын онцгой комисс болон шуурхай бүлгийн ажлын хэсгүүд хөдөө сумдад уулзалт хийсэн малчидтай уулзсан. Энэ уулзалтууд дээр Улсын онцгой комиссоос тэжээлийн болон улаан буудайн дэмжлэг үзүүлнэ гэдгийг маш тодорхой хэлж явсан. Энэ байдлаас болоод малчид одоо үнэгүй ирнэ гэсэн ойлголттой байсан. Бид нар борлуулсан мөнгийг төвлөрүүлж буцаагаад ХААК-д өгөх боломж бол байсан. Гэвч Улсын онцгой комисс шуурхай бүлгээс ямар нэгэн нэмэгдэлгүйгээр малчдад хүргэнэ гэсэн чиглэл өгсөн учраас ямар нэгэн нэмэгдэл үнэ төлбөр тогтоож өгөөгүй.

ХААК-иас төлбөрийг төл гэж албан бичиг ирсний дагуу Сангийн яаманд 900 тонн улаан буудайны үнэ 630,000,000 төгрөг, дээрээс нь тээврийн зардал 150,000,000 төгрөгийг 2024 оны төсвөөсөө шийдвэрлэх боломжгүй учир төсвийн тодотголд оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг албан бичгээр уламжилсан боловч Сангийн яамнаас энэ талаар хариу ирүүлээгүй бөгөөд утсаар ярихад Засгийн газрын 76 дугаар тогтоолоор наад асуудлыг чинь шийдвэрлэчихсэн гэдэг хариу өгсөн. Ингээд асуудал шийдэгдээгүй явсаар байгаад Улсын Их Хурлын сонгууль давхцаад бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулаад төсвийн тодотгол хэлэлцээд шийдэгдээгүй гэв.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 630,000,000 төгрөг гаргуулж “ХААК” ТӨХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 315,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5 Хариуцагч ӨЗДТГ-ын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, холбогдох эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын чиг үүрэг, уялдаа холбоо, хуулиар эрх олгосон эрх зүйн зохицуулалтыг дутуу судалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалтын хүрээнд үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна. Үүнд:

“Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г “ХААК” ТӨХХК”, Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газар харилцан тохиролцож байгуулсан бөгөөд аймгийн Засаг даргаар батлуулсан. Дээрх гэрээнд манай байгууллагаас гарын үсэг зурсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ц.И нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй, аймгийн Тамгын газрын дарга Ц.Г миний бие түүнд гэрээнд оролцох зөвшөөрөл, эрх үүрэгтэй холбоотой итгэмжлэл олгоогүй.

Иймд дээрх гэрээ Иргэний хуулийн 50 дугаар зүйл заасан “Зөвшөөрлөөр хийх хэлцэл”-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 50, 62, 68 дугаар зүйлүүдэд заасан хэлцэлд төлөөлөх, гэрээ байгуулах анхан шатны шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газрыг гэрээний нэг тал буюу худалдан авагч гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд гэрээний үндсэн хоёр тал нь “ХААК” ТӨХХК болон Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “ХААК” ТӨХХК-ийн Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлээд байгаа 900 тонн тэжээлийн буудайны үнийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг 2024 оны батлагдсан төсөвтөө зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Гэтэл “ХААК” нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас биш Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас тэжээлийн буудайны үнийг нэхэмжилснээр уг маргаан үүссэн бөгөөд шүүхээс энэ маргаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр.

Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тайлбар, тодруулга авалгүйгээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх маргааныг аймгийн Засаг даргын зүгээс Засгийн газраар шийдвэрлүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/529 дүгээр албан бичгээр хүсэлт гаргасан бөгөөд маргааныг хүлээн авч хянаж байгаа болно.

Иймд дээрх хоёр үндэслэлийг хянан үзэж “ХААК” ТӨХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О-ын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “ХААК” ТӨХХК нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/101 дүгээр тушаалын хүрээнд тэжээлийн буудайгаар тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор аймагт гэрээний дагуу буудайг олгосон. Энэхүү гэрээг байгуулах болсон зорилго тухайн аймгийн ард, иргэдэд тэжээлийн буудайг олгох байдлаар дэмжлэг үзүүлэх байсан.

Тухайн аймгийг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан нь аймгийн Засаг дарга болно. Аймгийн засаг дарга өөрийн чиг үүргээ харьяа байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлэх асуудал нэлээдгүй гардаг. Манай тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээг Засаг дарга нь баталгаажуулсан байх бөгөөд гэрээ дүгнэсэн акт буюу тэжээлийн буудайг хүлээж авсан эрх бүхий этгээд нь аймгийн засаг дарга буюу түүний ажлын алба  болох Засаг даргын Тамгын газар болно.

Иймд хариуцагч нь Худалдах, худалдан авах гэрээний оролцогч бөгөөд тэжээлийн буудайг хүлээн авч, захиран зарцуулсан талаарх түүний хариу тайлбар зэргээс үзэхэд хуульд заасан жинхэнэ хариуцагч мөн болно.

Мөн байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд хариуцагч маргаагүй байх бөгөөд төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл түүнийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэргийг гаргаагүй. Гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх эдийн засгийн боломжгүй байгааг шүүх харгалзан хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 76 дугаартай тогтоол биш. Энэ нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 101 дугаартай тушаал буюу Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээний тухай тушаал. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаартай тогтоолын гэрээний оролцогчийг тодорхойлсон эсвэл өөрчлөх эрх олгосон баримт эрх зүйн акт олгохгүй. Энэ гэрээний үүргээс чөлөөлж өгөх үндэслэл биш. Жижиг дунд зээлээ буцаан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа учраас Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд дээр ямар нэгэн үүрэг хүлээх нь ӨЗДТГ-ын гэрээний хариуцагч биш гэж байгаа нь буруу. Гэрээ хийж тус тусад нь дүгнэсэн акт, 6 дугаартай гэрээний акт дээр нэг талаас ХААК нөгөө талаас Өвөрхангай аймгийн Засаг дарга М.Д, санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.И дарга гарын үсэг зурсан.

Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын гэрээ дүгнүүлсэн акт байгаа. Сая энэ гэрээг манайд өгөөгүй гэдэг юм ярьж байна. Манай талаас гэрээг өгөх гэж зөндөө утсаар залгаж гэрээгээ аваарай гэхэд хариу өгөөгүй, ирж аваагүй. Тэгээд албан ёсны гэрээ хийж аймгийн малчдад тараасан. Үүний ашиг шимийг аймгийн малчдад өгсөн. Гэрээний хүчин төгөлдөр байдалд хариуцагч маргаагүй бөгөөд төлөөлөх эрхгүй этгээд хийсэн хэлцэл. Түүнийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги төлөх эдийн засгийн боломжгүй байгаа зэргийг шүүх харгалзан хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргасан байгаа учраас Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 145/ШШ2024/00494 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Хариуцагч ӨЗДТГ-ын дарга Ц.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-2024 оны өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулж өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 15-н аймгуудад Хөдөө аж ахуйн корпорацад хадгалагдаж байгаа 10,200 тонн будааг зээлээр олгох ажлыг зохион байгуулах Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тушаал гаргасан. Энэ тэжээлийн буудайнаас 900 тонн буудайг манай аймаг авахаар хуваарилагдсан. Бид хэт их үнэтэй, орон нутгаас зээлээр авах боломжгүй гэдгийг удаа дараа Улсын онцгой комисст санал хүргүүлсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 76 дугаартай тогтоол гарсан. Энэ нь Хөдөө аж ахуйн корпорацад хадгалагдаж байгаа 10,200 тонн улаан буудайны үнийг Хөдөө аж ахуйн сайдын төсвийн батлагдсан төсөвт багтааж зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг үүрэг болгосон. Засгийн газрын тогтоолын 3 дугаар заалт болон 1 дүгээр заалтаар дээрх нийт 10,200 тонныг өвөлжилт хүндэрсэн аймгуудад хуваарилах ажлыг зохион байгуулж Хөдөө аж ахуйн сайд Б-д үүрэг болгосон. Мөн 3 дахь заалтаар 10,200 тонн буудайны мөнгө 7,140,000,000 төгрөгийг Хөдөө аж ахуйн сайдыг өөрийнхөө төсвийн багцад зохицуулалт хийж санхүүжүүл гэсэн үүрэг болгосон. Энэ тогтоолын дагуу Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар тэжээлийн буудайг зээлээр худалдан авах гэрээ байгуулж малчдад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Манай аймгийн 10-н сумын хувьд нийтдээ 15,000 өрх хамрагдаж тэжээлийн буудайг малчдад хүргэх ажлыг зохион байгуулсан. Тэжээлийн буудайг Улаанбаатар хотоос тээвэрлэн авчирсан зардал нийт 173,000,000 төгрөгийг орон нутгаас шийдвэрлэсэн.

ӨЗДТГ 900 тонн тэжээлийн буудайны төлбөр тооцоог барагдуулах хариуцагч биш гэж давж заалдах гомдол гаргасан. Тэжээлийн буудайг зээлээр худалдах, худалдан авах тухай 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 202411 гэрээний эхлэл хэсэгт тодорхой заасан. ХААК ТӨХХК, Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар Монгол улсын Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлийг үндэслэж гэрээг байгуулсан. Мөн хуулийн 243 дугаар зүйлд худалдан авах гэрээний зохицуулсан зохицуулалттай гэрээгээр худалдан авагч талыг төлөөлөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга гарын үсэг зурсан.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.И гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэгэхээр аймгийн Засаг даргын Тамгын газар бол худалдан авагч тал биш. Энэ гэрээний эхлэл хэсэгт ӨЗДТГ-ын худалдан авагч талаар оролцуулж мөн аймгийн Засаг даргын тамгын газар Хүнс хөдөө аж ахуйн газар гэж хоёуланг нь төлөөлүүлэн худалдан авагч талаар Хөдөө аж ахуйн газрыг тодорхойлж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар гарын үсэг зуруулсныг би ойлгохгүй байгаа. Би үүнийг мэдээгүй гэрээ шүүх дээр ирсний дараа аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга гарын үсэг зурсныг мэдсэн. Одоогоор гэрээний эх хувь аймгийн Тамгын газар болон Хүнс хөдөө аж ахуйн газар дээр байхгүй. Яагаад гэвэл энэ гэрээ цахимаар ирээд манай холбогдох албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулж буцаагаад явуул гэсэн ийм л юм болсон. Буцаагаад явуулсан гэрээний төсөл эргэж ирээгүй. Аймгийн тамгын газар дээр Хууль зүйн хэлтэс болон Тамгын газрын даргад ямар нэгэн байдлаар хянагдаагүй. Үүнийг аймгийн Засаг дарга баталсныг би аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн корпорацтай байгуулсан гэрээтэй танилцуулаад Засаг даргадаа батлуулсан л гэж ойлгож байгаа. ӨЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга И аймгийн тамгын газрыг бүрэн төлөөлөх эрхгүй субъект. Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд байгаа захиргааны байгууллага хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлнө. Хэрвээ эсвэл эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө. Тэгэхээр И даргад ямар нэгэн аймгийн Тамгын газрын даргаас итгэмжлэл болон Засаг даргаас итгэмжлэл олгосон зүйл байхгүй. Тэжээлийн буудай зээлээр худалдан авах худалдах гэрээ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу зайлшгүй зөвшөөрлөөр хийх хэлцэл гэж бид нар үзэж байгаа. Яагаад гэвэл зайлшгүй зөвшөөрлөөр хийх хэлцэл юм.

Мөн Иргэний хуулийн 68 дугаар зүйлд төлөөлөх эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээд хэлцэл хийсэн бол уг хэлэлцэгч хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. Үүнийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэлсэн. Харин энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдагдаагүй байсан. Би ӨЗДТГ бол хариуцагч биш юм гэдгийг хэлсэн. Энэ гэрээ нь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, ХААК хоёрын хооронд байгуулсан гэрээ юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг үндэслэж анхан шатны шүүх Засаг даргын Тамгын газрыг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газрын 76 дугаартай тогтоолыг бас иргэний хэргийн нотлох баримт дээр сайтар судлаагүй үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан.

Хөдөө аж ахуйн яам зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй учраас төлбөр тооцоо саатсан. Тэгээд энэ маргаан үүссэн байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцагч биш Хүнс хөдөө аж ахуйн газар хариуцах ёстой гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан.

Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлд энэ талаар тодорхой заасан. Энэ талаар Засгийн газраар шийдвэрлүүлэх боломж байсан ч шууд шүүхэд хандсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 2-т тодорхой заасан. Аймаг нийслэлийн Засаг дарга, яам, агентлаг хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй тул Засгийн газар шийдвэрлэнэ. Тэгэхээр ХААК ямар зарчмаар тогтоосон гэвэл энэ маргааныг Засгийн газраар шийдвэрлүүлэх байсан. Гэрээний 8.5-д гэрээг биелүүлэхтэй холбогдуулан гарсан аливаа санал зөрөлдөөн маргааныг талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэх бөгөөд маргаан зөрөлдөөнийг зөвшилцөх аргаар шийдвэрлэж чадахгүй бол харьяалах анхан шатны шүүх рүү шийдвэрлүүлнэ гэж заасан. Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн баримтуудыг дутуу судалж шийдвэр гаргасан  гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.

1. “ХААК” ТӨХХК нь ӨЗДТГ-т холбогдуулан нийт 945,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ӨЗДТГ эс зөвшөөрч маргажээ.

2. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дүгээр тушаалаар улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан “ХААК” ТӨХХК-ийн худалдан авч нөөцөлсөн тэжээлийн буудайг цагаан зуд, төмөр зудын нөхцөл байдалтай байгаа аймгуудад 1 тонныг 700,000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулан хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу зээлээр олгох ажлыг шуурхай зохион байгуулах, төлбөрийг 2024 оны 01 дүгээр улиралд багтаан төвлөрүүлэхийг “ХААК” ТӨХХК-д даалгасан байна.

Улмаар “ХААК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах ТБ-А/2024-11 дүгээр гэрээг дээрх сайдын тушаал болон хавсралтад заасан тоо хэмжээ, үнэ, төлбөрийн хуваариар буюу 900 тоон тэжээлийг буудайг, 1 тооныг 700,000 төгрөгөөр тооцон, нийт 630,000,000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх нөхцөлөөр байгуулан, Өвөрхангай аймаг 900 тоон тэжээлийг буудайг хүлээн авч, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** сумын нийт малчдад тараасан үйл баримтууд тогтоогдож байна.

3. Үүнээс дүгнэхэд субъект нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор байгуулагдсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох “ХААК” ТӨХХК, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага болох Өвөрхангай аймгийн Засаг дарга нарын хооронд Тэжээлийн буудай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний нөхцөлийн хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан субъектийн тэгш эрхийн зарчмын үндсэн дээр тохиролцоогүй, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлагын захирагдах харилцаан дээр үндэслэгдсэн буюу Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/101 дүгээр тушаалаар гэрээний нөхцөлийг урьдчилан тодорхойлсон, гэрээний зорилго нь тэжээлийн буудайг худалдан авч аюулт үзэгдэл буюу цагаан зуд, төмөр зудын нөхцөлд байгаа сумын нийт малчдад тарааж гамшгийн эрсдэлийг бууруулан нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “онц байдал, гамшиг, ослын нөхцөл байдлын улмаас бий болсон хэрэгцээ, шаардлагыг даван туулахтай шууд холбогдох бараа, ажил, үйлчилгээг худалдан авах яаралтай хэрэгцээ бий болсон шалтгаанаар энэ хуульд заасан бусад аргаар тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй” гэж зааснаар зохицуулагдсан захиргааны гэрээ байна.

4. Захиргааны Ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж заасан бөгөөд захиргааны гэрээтэй холбоотой маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцээгүй байна.

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Төсвийн байгууллага хариуцагчаар оролцож байгаа бол гомдол гаргахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тул ӨЗДТГ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т төрийн болон орон нутгийн өмчит, “ашгийн төлөө бус” хуулийн этгээдийг төсвийн байгууллагад орно гэжээ.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 394 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “ХААК” ТӨХХК-ийн дүрмийн 1.3-т зааснаар тус компани нь “ашгийн төлөө” хуулийн этгээд мөн гэжээ.

Тиймээс “ХААК” ТӨХХК-ийг төсвийн байгууллага гэж үзэх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхгүй болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 145/ШШ2024/00494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан “ХААК” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй ӨЗДТГ-т холбогдох нийт 945,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан ӨЗДТГ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,307,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

             ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА

                                                                                        Л.НЯМДОРЖ