| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0170/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/148 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Хохирогчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Хохирогч: С.С
Шүүгдэгч: Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У оргих овогт Чоймбийгийн Од холбогдох 1812006670044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: , У овогт Ч-гийн О /РД:....................... /
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.О нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт С.Сг хутгаар нүүр орчим нь зүсч, баруун мөрийг нь мулталсан гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ: Би эхнэртэйгээ тэтгэврээ авах гээд Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү орсон. Д.Б надад морь худалдаж авлаа, та үзээдэхээч гэхээр нь морийг нь үзэх санаатай эхнэртээ хэлчихээд явсан. Д.Б морь хөтөлсөн урдаас ирж явахаар нь морийг нь үзэх гээд буусан чинь Ч.О машин тойрч ирээд намайг замдаад авахаар нь би хоёр мөрөн дээрээс нь зөрүүлээд бариад авсан. Бид хоёр барьцалдаад явж байгаад миний дээрээс Ч.О дараад унахаар нь харсан чинь солгой гартаа хутга барьсан байсан. Тэр хутгаа нүдэн дээр тулгаад хоёр нүдийг чинь ухна, удам угсаа үйлдвэрээр чинь устгана гээд байсан. Миний хамарт хоёр удаа хутгалсан, эрүүний хажуу талд 1 удаа хутгалсан, эрүүний тэнд хутгалсан нь лав орсон. Тэр үед Ц бид хоёрыг салгахаар нь би босоод нүүрээ цасаар дарж байгаад машиндаа суугаад явсан. Тэгээд би эхнэрээ аваад явж байсан чинь гар өвдөөд байхаар нь гэртээ хариад байж байсан чинь гар өвдөөд байхаар нь маргааш өглөө нь дүүгээ дуудаад Архангай аймгийн Цэнхэр сумын эмнэлэг дээр очсон чинь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь эмнэлэгт ирээд үзүүлсэн чинь гар мултарсан байна гэж хэлсэн. Тухайн үедээ би гайгүй болох байх гэж бодож байсан боловч хоёр хоносон чинь хавдаад болохгүй байсан. Тэгээд эмч нар намайг Улаанбаатар хот руу явах хэрэгтэй гэж хэлэхээр нь Улаанбаатар хотод очиж, 3 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтээд, гэмтлийн эмнэлгээс гараад “Найрамдал” эмнэлэгт хэвтсэн. Дараа нь “Найрамдал” эмнэлгээс гараад Архангай аймагт ирсэн. Би 6 сарын хугацаанд хөдөлмөрийн ямар ч чадваргүй байсан. Би хохирлоо гаргуулж авмаар байна. “Реплекс” эмнэлгийн эмч нарын хэлснээр бол 2 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх ёстой гэж хэлсэн. Гэхдээ миний гарыг бүрэн гүйцэд мэдээ орохгүй гэж хэлсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1812006670044 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.С-гийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг сумын төвд эхнэр Агийн хамт банк орох гэж ирсэн бөгөөд би эхнэрийгээ банкан дээр буулгачихаад хүнтэй уулзах гээд машинтайгаа явж байсан чинь гудамжинд О-тай таарахаар нь би машинаас нь буусан чинь О намайг чи олон адуутай байж хүнд айраг өгдөггүй, манай цөгцийг хулгай хийсэн пизда гээд барьж аваад хутга гаргаж ирээд миний нүүрийг хутгаар зүсэх гээд байхаар нь би арагшаа ухарсан чинь замын ховилд тээглээд унасан. Тэгтэл миний дээрээс дарж суугаад өвдгөөрөө миний хоёр мөрөн дээр өвдөглөж дараад, хутгаараа миний нүүрийг зүсээд хоёр нүдийг чинь ухна гээд байсан. Тэгээд миний эрүү рүү хутгаараа лав хутгалчих шиг болсон. О зүүн гартаа хутга барьчихсан байхаар нь би хөлөөрөө зүүн гар руу нь өшиглөсөн чинь хутга нь унасан. Тэр үед миний хажуу талд 2-3 хүн ирчихсэн зогсож байсны нэг нь Ц гэх хүн байсан бөгөөд Ц хутгыг нь аваад, намайг О-гаас салгаад машинд суулгаж өгсөн. Би тэндээсээ буцаж яваад банкан дээрээс эхнэрийгээ аваад хөдөө гэр рүүгээ буцсан. Замд явж байхад миний баруун гар даагдахгүй, хөдлөхгүй, мэдээгүй болчихсон байсан бөгөөд гэртээ хариад шөнө нь гар өвдөөд унтаж чадаагүй болохоор маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. О надтай гудамжинд таараад мэндийн зөрөөгүй намайг барьж аваад зодсон. О-ын ах нь болох А гэх хүн надад 3 жилийн өмнө дэн өргөдөг том цөгцөө зарсан юм. Тэгтэл тэр цөгцийг намайг хулгайлсан гээд худал гөрдөж, намайг зодсон. О өмнө нь надтай 2-3 удаа таараад, чи миний цөгцийг хулгайлсан хулгайч гэж заналхийлж байсан юм. Би тухайн үед нь О-д учрыг нь хэлж танай ах А надад 15.000 төгрөгөөр зарсан юм, хэрэв тэр цөгц чинийх юм бол мөнгийг нь өгөөд буцаагаад ав гэж хэлж байсан. О миний мөрөн дээр өвдөглөж дараад миний баруун мөрийг мулталсан, мөн миний нүүрийг 3-4 удаа хутгаар зүссэн, баруун талын эрүү хэсэгт гараараа хоёр удаа цохисон, зүүн талын ташаан толгой хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. О намайг барьж авах үед хажууд хүн байгаагүй. Харин намайг дээрээс дараад суучихсан байхад хажууд Ц ирсэн байсан бөгөөд цаана нь Б нэг хүнтэй хамт зогсож байсан. Би О-г цохиогүй. Би маш их гомдолтой байна, би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.С-гийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. О намайг газар унагааж, дээрээс дарж суугаад өвдгөөрөө өвдөглөөд байх үед миний баруун талын мөр мултарсан. Би босох гэхэд миний баруун мөр даагдахгүй, баруун гар мэдээгүй болсон байсан. О хутгаа хаанаас гаргаж ирснийг нь мэдээгүй, ямар ч байсан өөрт нь хутга байсан. Хүрэн бор иштэй хутга байсан. Хамгийн сүүлд хутгыг нь Б авч байх шиг байсан. Би сайн харж чадаагүй. Би тэр цөгцийг одоогоос 5 жилийн өмнө буюу 2014 оны 12 дугаар сард О-гийн төрсөн ах Агээс 15.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тухайн үед сумын төвд гудамжинд явж байсан чинь А надтай таараад өврөөсөө том гуйлан цөгц гаргаж ирээд нэг шил архины мөнгөөр зарна гэхээр нь худалдаж аваад Аг гэрт нь хүргэж өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.А-гийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөр С-гийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын төв орсон. Би сумын төвд банкан дээр буугаад үлдсэн бөгөөд С хүнтэй уулзаад ирье гээд явсан. Би банкнаас мөнгөө авчихаад гараад ирсэн чинь манай нөхрийн нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь юу болсон юм гэсэн чинь О намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүүгээ явсан бөгөөд замдаа баруун гар нь даагдахгүй өвдөөд байсан. Тэгээд тэр шөнөдөө гар нь өвдөөд унтаж чадаагүй юм. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. О манай нөхрийг чи миний цөгцийг хулгайлсан гээд зодсон байсан. С-гийн нүүр нь хоёр, гурван газар зүсэгдсэн, баруун гар нь даагдахгүй болсон байсан бөгөөд зүсэгдсэн шархнаас нь цус гарсан байсан. Манай нөхөр 3 жилийн өмнө А гэх хүнээс мөнгөөр нь том гуйлан цөгц худалдаж авч байсан. Тэрнээс биш хулгай хийсэн асуудал огт байхгүй. Энэ О гэх хүн өмнө нь манай нөхрийг 2-3 удаа заналхийлж байсан юм байна лээ. Би маш их гомдолтой байна. Манай нөхөр бид хоёр мал дээрээ хоёулахнаа байдаг юм, одоо манай нөхөр малдаа явж чадахгүй, мал харах хүнгүй болсон учраас бид хоёрын амьдрал хэцүү болчихоод байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б-ын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын дундуур байсан байх би хэдний өдөр байсныг нь санахгүй байна, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг буюу сумын төвд “Хаан” банкны харалдаа зүүн талын гудамжинд машинтай явж байсан чинь С, О хоёр маргалдаад байх шиг байхаар нь яваад очтол О согтуу С ахыг зодох гээд байсан. Тухайн үед Б байсан. Тэгтэл О С-гийн нүүр рүү цохиод газар унагаагаад хутга гаргаж ирээд нүүрийг нь зүсэх гээд байхаар нь би Ог салгах гээд чи хөгшин хүн зодохоо болиоч гээд яваад очтол над руу дайраад байхаар нь би яваад өгсөн. Б, Ц хоёр О-г С-гээс салгах гээд үлдсэн. Тэрнээс цааш юу болсныг нь мэдээгүй. Дараа нь сураг сонссон чинь С ах бие нь өвдөөд, бэртэж, гэмтээд эмнэлэгт хэвтсэн гэж байсан. Ямар учраас зодсон гэдгийг нь мэдэхгүй. Миний харснаар бол О С-гийн нүүр рүү гараараа цохиж газар унагааж байгаад дээр нь гарч суугаад хутгаар нүүрийг нь зүсэх гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ц-ын мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын үед байсан байх, хэдний өдрийг нь санахгүй байна, би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг сумын төвд гудамжинд явж байсан чинь С ах нэг хүнтэй ноцолдоод байсан бөгөөд хажууд нь М, Б хоёр байхаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод очтол О С ахыг газар унагаагаад дээр нь гараад суучихсан, С ахын нүүр хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан. Тэнд байсан Б бид хоёр Ог С ахаас холдуулаад салгасан чинь С ах босч ирээд машиндаа суугаад явсан. Би С ахаас юу болсон талаар асууж чадаагүй. Тэгээд тэнд байсан хүмүүс яваад өгсөн. О С ахын биеийн аль хэсэгт, яаж цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Намайг яваад очиход бүх зүйл болоод өнгөрсөн, О гартаа хутга барьсан, С ахыг доороо хийгээд дээрээс нь дараад суусан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-гийн мэдүүлсэн: ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг сумын төвд морио усалчихаад явж байсан чинь О согтуу надтай таарсан. Тухайн үед С ах миний худалдаж авсан морийг үзэхээр над дээр ирсэн. С ах машинтай хүрч ирээд машинаасаа буугаад ирсэн чинь О С ах руу дайраад хөгшин төгцөгөө, миний бурханы цөгцийг аваад ир гэснээ заамдаж аваад зодох гэхээр нь би О-г боль гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт Ц, М, Дарьгаа гэх хүмүүс байсан. Тэгээд Ц салгах гээд очтол О хутга гаргаж ирээд С ахад тулгаад, чамайг ална гээд байсан бөгөөд хутгатай байсан учраас бид нар ойртож чадаагүй юм. О С ахыг газар унагаагаад хутгаа нүүр рүү нь тулгасан байсан бөгөөд С ах босох гээд ноцолдоод байсан. Би салгах гээд яваад очтол О С ахын хацрыг нь зүссэн байсан бөгөөд би хутгыг нь булааж аваад О-г түлхэж салгасан. С ах босч ирээд машиндаа очиж суугаад яваад өгсөн. О тэнд үлдэж, би морио унаад явсан. О тухайн үед их согтуу байсан бөгөөд С ахаас цөгц нэхсэнээ барьж аваад зодсон. Миний харснаар О С ахын хацрыг хутгаар зүссэн, мөн газар унагаагаад дээрээс нь дараад суусан. Хүрэн бор иштэй хутга байсан. С ах О-г цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-гийн дахин мэдүүлсэн: ...О хутгаа С ахад тулгасан байсан бөгөөд С ах О-г өөр дээрээсээ холдуулах гээд ноцолдож байх үед О хутгаа газар унагаачихсан юм. Тэгтэл Ц хутгыг нь өшиглөөд холдуулахаар нь би тэр хутгыг аваад хол шидсэн бөгөөд яг хаана унасан болохыг хараагүй. Би тэр хутгыг шидсэнээс хойш өөр хүн очиж хутгыг аваагүй байх. Тэр хутга нь хүрэн бор иштэй дунд зэргийн урттай хутга байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.О-гийн мэдүүлсэн: ...Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би С.С-г зодож биед нь хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 12 дугаар сарын дунд үед байсан байх, хэдний өдөр байсныг одоо санахгүй байна, би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутагт гудамжинд явж байсан чинь манай сумын Б гэх хүн морьтой явж байсан. Би Б-тай уулзаад байж байсан чинь С бид хоёр дээр машинтай ирсэн. Би тухайн үед архи уусан согтуу байсан бөгөөд С-г машинаасаа буугаад ирэхээр нь барьж аваад би аавынхаа зул өргөдөг цөгцийг авья гэсэн чинь миний урдаас чиний цөгц байхгүй гэхээр нь С-г айлгах гээд газар унагааж байгаад дээр нь дарж суугаад хоёр өвдгөөрөө С-гийн 2 мөрөн дээр нь өвдөглөж дараад хутга гаргаж ирээд нүүрийг чинь зүснэ гэж айлгасан. Тэгтэл С хутганаас бултах гээд нүүрээ хоёр тийш нь хөдөлгөөд байсан чинь миний барьсан байсан хутганд нүүрээ зүссэн. С өмнө нь манай аавын зул өргөдөг байсан цөгцийг авсан байсан бөгөөд манай цөгцийг хэзээ, яаж авсан талаар нь би сайн мэдээгүй юм. Би өмнө нь С-д манай цөгцийг буцаагаад өгчих гэж 2-3 удаа хэлсэн боловч тэр цөгцийг өгөхгүй байсан бөгөөд тэрнээс болж би С-г барьж авч зодсон. С намайг дээрээсээ холдуулах гэж ноцолдоод байснаа, чиний цөгц байгаа, тэр цөгцөө аваарай гэж хэлэхээр нь би дээрээс нь босоход С босоод машиндаа суугаад надаас зугтаагаад явсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан. Би С-г барьж аваад газар унагаагаад дээр нь хоёр өвдгөөрөө дарж суугаад нүүрэнд нь хутга тулгасан. Тэр үед нүүр нь зусэгдсэн. Би тухайн үед их согтуу байсан учраас хутга авснаа санахгүй байна. С бид хоёрын хажууд ямар ч байсан Б байсан. Өөр хүн байсан эсэхийг мэдээгүй. Миний барьж байсан хутгыг миний хажууд байсан хүмүүсийн аль нэг нь авсан байх гэж бодож байна. Би тэр өдөр хажуу айлдаа гэрлийн утас янзалж өгөх гээд биедээ хутга авч явсан бөгөөд хутгаа гутлын түрийндээ хийсэн байсан. 2015 оны үед байх С, манай ах Атэй манай гэрт орж ирээд манай цөгцийг авсан гэсэн. С, А хоёр хоорондоо юу гэж ярьсныг би мэдэхгүй. Ямар ч байсан манай цөгцийг авсан байсан. С намайг цохиогүй, миний биед гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-61 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.О-гийн дахин мэдүүлсэн: ...Манай зүүн талын хашаанд хөлгүй хөгшин амьдардаг бөгөөд тэдний тогны утас нь салсан байсан учир тэр утсыг нь залгаж өгөх үед хутга хэрэг болоод гэрээсээ хүрэн бор иштэй мах иддэг хутгаа авч гарсан юм. Тэгээд тэр хутгыг гутлын түрийндээ хийсэн байсан. Би тэр хутгыг яаснаа санахгүй байгаа. Зодоон болсон газрын орчимд хаясан байх гэж бодож байна. Би маргааш өдөр нь зодоон болсон газар очиж хутгаа хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. С.Сгийн биед баруун мөрний үений мултрал, зүүн шанаа, зүүн зовхины гадна буланд зүсэгдсэн шарх, хамрын нуруу, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун мөрний үений мултрал нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үеэр эвгүй хөших үед үүсэх боломжтой, нүүрний зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. С.Сгийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 36 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.С.С-гийн биед баруун мөрний үений мултрал, зөөлөн эдийн няцралт, мөрний мэдрэлийн сүлжээний суналт буюу доод салааны гэмтэл, зүүн шанаа, зүүн зовхины гадна буланд зүсэгдсэн шарх, хамрын нуруу, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун мөрний үений мултрал нь мохоо зүйлийн цохих, цохигдох, үеэр эвгүй хөших үед үүсэх боломжтой, нүүрний зүсэгдсэн шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар баруун мөрний үений мултрал, зөөлөн эдийн няцралт, мөрний мэдрэлийн доод салааны гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 43-44 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 691 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Сгийн биед тухайн үед С.Сгийн биед баруун мөрний үений мултрал, зөөлөн эдийн няцралт, баруун мөрний сүлжээний доод хэсгийн хүнд зэргийн аксиональ гэмтэл, зүүн шанаа, зүүн зовхины гадна буланд зүсэгдсэн шарх, хамрын нуруу, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. 2. Дээрх баруун мөрний сүлжээний доод хэсгийн хүнд зэргийн аксиональ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус бүр 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №17 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №42 /нэмэлт/ тоот дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 05-18 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 65 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 70 хуу/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 93 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 94 хуу/
Ч.Огийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 128-136 хуу/ Шүүхэд шинээр өгсөн хохиролтой холбоотой баримтууд, гэрэл зураг 2 ширхэг зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт С.С-г хутгаар нүүр орчим нь зүсч, баруун мөрийг нь мулталсан гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт С.С-г хутгаар нүүр орчим нь зүсч, баруун мөрийг нь мулталсан гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С-гийн мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг сумын төвд эхнэр Агийн хамт банк орох гэж ирсэн бөгөөд би эхнэрийгээ банкан дээр буулгачихаад хүнтэй уулзах гээд машинтайгаа явж байсан чинь гудамжинд О-тай таарахаар нь би машинаасаа буусан чинь О намайг чи олон адуутай байж хүнд айраг өгдөггүй, манай цөгцийг хулгай хийсэн пизда гээд барьж аваад хутга гаргаж ирээд миний нүүрийг хутгаар зүсэх гээд байхаар нь би арагшаа ухарсан чинь замын ховилд тээглээд унасан. Тэгтэл миний дээрээс дарж суугаад өвдгөөрөө миний хоёр мөрөн дээр өвдөглөж дараад, хутгаараа миний нүүрийг зүсээд хоёр нүдийг чинь ухна гээд байсан. Тэгээд миний эрүү рүү хутгаараа лав хутгалчих шиг болсон. О зүүн гартаа хутга барьчихсан байхаар нь би хөлөөрөө зүүн гар руу нь өшиглөсөн чинь хутга нь унасан. Тэр үед миний хажуу талд 2-3 хүн ирчихсэн зогсож байсны нэг нь Ц гэх хүн байсан бөгөөд Ц хутгыг нь аваад, намайг О-гаас салгаад машинд суулгаж өгсөн. О миний мөрөн дээр өвдөглөж дараад миний баруун мөрийг мулталсан, мөн миний нүүрийг 3-4 удаа хутгаар зүссэн, баруун талын эрүү хэсэгт гараараа хоёр удаа цохисон, зүүн талын ташаан толгой хэсэг рүү 1 удаа өшиглөсөн”, “О намайг газар унагааж, дээрээс дарж суугаад өвдгөөрөө өвдөглөөд байх үед миний баруун талын мөр мултарсан. Би босох гэхэд миний баруун мөр даагдахгүй, баруун гар мэдээгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-24/, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.А-гийн мэдүүлсэн “Би банкнаас мөнгөө авчихаад гараад ирсэн чинь манай нөхрийн нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон байхаар нь юу болсон юм гэсэн чинь О намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэр рүүгээ явсан бөгөөд замдаа баруун гар нь даагдахгүй өвдөөд байсан. О манай нөхрийг чи миний цөгцийг хулгайлсан гээд зодсон байсан. Сгийн нүүр нь хоёр, гурван газар зүсэгдсэн, баруун гар нь даагдахгүй болсон байсан бөгөөд зүсэгдсэн шархнаас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Б-ын мэдүүлсэн” 2018 оны 12 дугаар сарын дундуур байсан байх Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг буюу сумын төвд “Хаан” банкны харалдаа зүүн талын гудамжинд машинтай явж байсан чинь С, О хоёр маргалдаад байх шиг байхаар нь яваад очтол О согтуу С ахыг зодох гээд байсан. О С-гийн нүүр рүү цохиод газар унагаагаад хутга гаргаж ирээд нүүрийг нь зүсэх гээд байхаар нь би О-г салгах гээд чи хөгшин хүн зодохоо болиоч гээд яваад очтол над руу дайраад байхаар нь би яваад өгсөн. Миний харснаар бол О С-гийн нүүр рүү гараараа цохиж газар унагааж байгаад дээр нь гарч суугаад хутгаар нүүрийг нь зүсэх гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цын мэдүүлсэн “2018 оны 12 дугаар сарын үед байсан байх, хэдний өдрийг нь санахгүй байна, би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг сумын төвд гудамжинд явж байсан чинь С ах нэг хүнтэй ноцолдоод байсан бөгөөд хажууд нь М, Б хоёр байхаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод очтол О С ахыг газар унагаагаад дээр нь гараад суучихсан, С ахын нүүр хэсгээс нь бага зэрэг цус гарсан байсан. Тэнд байсан Б бид хоёр Ог С ахаас холдуулаад салгасан чинь С ах босч ирээд машиндаа суугаад явсан. Намайг яваад очиход бүх зүйл болоод өнгөрсөн, О гартаа хутга барьсан, С ахыг доороо хийгээд дээрээс нь дараад суусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-гийн мэдүүлсэн “С ах машинтай хүрч ирээд машинаасаа буугаад ирсэн чинь О С ах руу дайраад хөгшин төгцөгөө, миний бурханы цөгцийг аваад ир гэснээ заамдаж аваад зодох гэхээр нь би О-г боль гэж хэлсэн. Ц салгах гээд очтол О хутга гаргаж ирээд С ахад тулгаад, чамайг ална гээд байсан. О С ахыг газар унагаагаад хутгаа нүүр рүү нь тулгасан байсан бөгөөд С ах босох гээд ноцолдоод байсан. Би салгах гээд яваад очтол О С ахын хацрыг нь зүссэн байсан бөгөөд би хутгыг нь булааж аваад О-г түлхэж салгасан. С ах босч ирээд машиндаа очиж суугаад яваад өгсөн”, “О хутгаа С ахад тулгасан байсан бөгөөд С ах О-г өөр дээрээсээ холдуулах гээд ноцолдож байх үед О хутгаа газар унагаачихсан юм. Тэгтэл Ц хутгыг нь өшиглөөд холдуулахаар нь би тэр хутгыг аваад хол шидсэн бөгөөд яг хаана унасан болохыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.О-гийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгосон ял миний үйлдэлд тохирч байна. Би С.Сг зодож биед нь хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи уусан согтуу байсан бөгөөд Сг машинаасаа буугаад ирэхээр нь барьж аваад би аавынхаа зул өргөдөг цөгцийг авья гэсэн чинь миний урдаас чиний цөгц байхгүй гэхээр нь С-г айлгах гээд газар унагааж байгаад дээр нь дарж суугаад хоёр өвдгөөрөө Сгийн 2 мөрөн дээр нь өвдөглөж дараад хутга гаргаж ирээд нүүрийг чинь зүснэ гэж айлгасан. С хутганаас бултах гээд нүүрээ хоёр тийш нь хөдөлгөөд байсан чинь миний барьсан байсан хутганд нүүрээ зүссэн. Би өмнө нь С-д манай цөгцийг буцаагаад өгчих гэж 2-3 удаа хэлсэн боловч тэр цөгцийг өгөхгүй байсан бөгөөд тэрнээс болж би С-г барьж авч зодсон. С намайг дээрээсээ холдуулах гэж ноцолдоод байснаа, чиний цөгц байгаа, тэр цөгцөө аваарай гэж хэлэхээр нь би дээрээс нь босоход С босоод машиндаа суугаад надаас зугтаагаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-61/, хохирогч С.Сгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 691 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У оргих овогт Ч-гийн О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.О-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийг хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогч С.С-гийн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн рентген зураг 3 ширхэг, фото зураг 2 ширхэг, сиди 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.С-д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч С.С нь гэм хорын хохиролд нийт 3.179.258 төгрөг нэхэмжилснээс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний үнэ 25.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлсэн, зураг авахуулсан эмчилгээний үнэ 270.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр авсан эмний үнэ 216.840 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр авсан эмний үнэ 80.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ирсэн зардал 23.400 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “МТ” шатахуун түгээх станцаас авсан бензиний үнэ 70.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Бор талын хишиг” сувилалд эмчлүүлсэн ор хоногийн үнэ 80.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Шижир Ойл” ХХК-аас авсан бензины үнэ 50.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Шунхлай Трейдинг” ХХК-аас авсан бензиний үнэ 112.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гарын сойлт/тавиур/ авсан 100.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Ази-Фарма” ХХК-аас авсан эмний үнэ 86.060+40.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Дуб” ХХК-нд авахуулсан зурагны үнэ 120.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “МТ Ойл” ХХК-аас авсан бензиний үнэ 50.000 төгрөг, шүүхэд шинээр гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ирсэн 2 хүний зардал 46.800 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Рефлекс” эмнэлэгт эмчлүүлсэн 70.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авсан эмний үнэ 44.820 төгрөгийн, нийт 1.484.920 төгрөгийн зардал гарсан болох нь хавтаст хэргийн 5-18 дугаар хуудсанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтаар нотлогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.О нь хохирогчид 400.000 төгрөг төлснийг хасч, нийт 1.084.920 төгрөгийг шүүгдэгч Ч.О-гаас гаргуулж хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн Хөндлөн гэх газар оршин суух Ө овогт Сгийн С /РД:.........../-д олгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч С.С-гийн нэхэмжилсэн 1.694.338 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт шүүхэд ирээгүй буюу хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан баримт шаардлага хангаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримт тодорхойгүй учир 14.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.О нь өөрийн боломжоор хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У оргих овогт Ч-ийн О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Огаас 1.084.920 /нэг сая наян дөрвөн мянга есөн зуун хорь/ төгрөг гаргуулан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 04 дүгээр багийн Хөндлөн гэх газар оршин суух Ө овогт Сгийн С /РД:........ /-д олгож, хохирогч С.С нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хохирогч С.С-гийн нэхэмжилсэн 1.694.338 /нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга гурван зуун гучин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 14.400.000 /арван дөрвөн сая дөрвөн зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хохирогч С.С-гийн дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн рентген зураг 3 ширхэг, фото зураг 2 ширхэг, сиди 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч С.С-д буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.О-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ