Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2024/00018

 

Б.......ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаар шийдвэртэй

Б.......ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн ........ .......... ........ холбогдох тус хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.......... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С........., хариуцагчийн өмгөөлөгч Д......... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Б........, Завхан аймгийн ............ холбогдуулан тус хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Завхан аймгийн ............... даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус хүчингүй болгож, 5, 6, 7 дугаар сарын цалингийн зөрүүг олгох уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх,  урьд эрхэлж байсан тус хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.

Б........... үндсэн цалинг буруулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгосон нь үндэслэлгүй байна. Иймд энэ тушаалын зөрүү болох 5, 6, 7 дугаар сарын цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа юм. Энэ тушаалтай танилцсаны дараа хуулийн хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж, комисс эвлэрэх боломжгүй шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал. Даатгалын компаниар хохирлын үнэлгээ хийлгээд, үнэлгээний дагуу мөнгийг бүрэн төлөөгүй байдаг. Энэ асуудлыг ажил олгогчийн зүгээс жолооч ........т хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна. Даатгал яах гэж байдаг юм бэ гэхээр тухайн жолоочийн хариуцлагыг бүрэн даах гэж байдаг. Жолоочийн хариуцлагын даатгалыг Завхан аймгийн ........ нягтлан бодогч, дарга хоёр гарын үсэг зурж гэрээ хийсэн байгаа юм. Өөрсдөө хариуцаж хийлгэсэн даатгалаа хөөцөлдөж, даатгал хийлгэсэн компаниар бүрэн төлүүлэх боломжтой байсан. ...... осолд орж эмнэлэгт байх хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Даатгалд бүрдүүлж өгөх материалуудыг нийгмийн даатгалын байгууллага бүрдүүлж өгөх ёстой байсан. Эд хөрөнгийн 100 хувийн даатгал хийлгэсэн. Даатгалын гэрээ дээр энэ талаар тусгагдсан байгаа. Иймд даатгалын компаниараа бүрэн гаргуулах боломжтой байхад ........т хариуцлага хүлээлгэх гэж дайраад байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б/51 тоот тушаалаар .........ыг ажлаас чөлөөлсөн. Үүнийгээ 08 дугаар сарын 11-ний өдөр тушаалыг гардуулсан байдаг. Тэр болтол ажлаас халагдсан талаараа мэдэхгүй ажил дээрээ очиж ажлаа хийж байсан. Гэтэл тушаалын үндэслэл нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн А/33 дугаартай тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэсэн өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэл заасан. Тушаалтай холбоотойгоор хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Хуулийн хугацаанд шийдвэрлэгдсэн. Тэгээд шүүхэд хандсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичгийг үндэслэж хүнийг ажлаас чөлөөлөх боломжтой юм уу? үүнийг бодож үзээч гэж хүсэж байна. Мөн 2024 оны 4 дүгээр сар Нийгмийн даатгалын ерөнхий газраас орон тоо баталсан шинэ тогтоол ирсэн. Үүнээс өмнө 2018 онд баталсан орон тоогоор явж байсан. Үүнээс харахад 2024 оны 4 дүгээр сард баталсан тогтоол нь хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хэм хэмжээний акт гэж үзэх юм бол Легал инфо буюу хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болох асуудал яригдана. Гэтэл 2024 оны 04 дүгээр сард орон тоо баталсан тогтоол 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм. Яагаад вэ гэхээр 2024 оны төсвийг УИХ-аас баталчихсан байгаа. Энэ төсөвт жолоочийн орон тоо байгаа цалин нь суугдсан байгаа. Хэрэгт орон тоо баталсан тогтоол байгаа бол уг тогтоолын хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдөр гэж үзэх ёстой гэв.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Б.........т манай байгууллагаас нэлээдгүй хөнгөлөлт, туслалцаа үзүүлсэн. Хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа өөрийнх нь хүсэлтийн дагуу 3,0 төгрөгийг 4 сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмжийг олгосон. Өөрөө хүссэний улмаас олгосон байгаа учраас цалинг олгох боломжгүй. Мөн 1.478.000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон. Энэ хоёр тэтгэмжийг давхардуулж олгосон. Тэлмэн сумаас эвдэрсэн машинаа ачиж авчирсан бензиний мөнгө болох 450.000 төгрөгийг байгууллагаас гаргасан. Тухайн үед ........ мөнгөгүй байсан. Үүнийг төлөөрэй гэсэн. Одоо хүртэл манай байгууллагын дансанд төлөөгүй байна. Даатгалаас 6.400.000 төгрөг гаргасныг машины сэлбэгт зарцуулсан. Ажлын хөлс 6.512.000 төгрөгийг байгууллагын төсвөөс гаргасан. 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарын цалинг нөхөн олгох боломжгүй. Сул зогсолтын мөнгө өгөх боломжгүй байхад олгож, цалинг нь 7 дугаар сар хүртэл өгсөн байгаа нь цалингийн жагсаалтаар нотлогдож байгаа. Төрийн хэмнэлтийн хууль болон дээд байгууллагын шийдвэрийг зөрчих эрх надад байхгүй. *******т сул зогсолтын нөхөн олговор олгохоор шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.4-т заасныг баримталсан. Эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас ажилтныг цаашид ажиллуулах боломжгүй болсон гэсэн үндэслэлийг барьсан. Хөдөлмөрийн хуулийн 116 дугаар зүйлд зааснаар ажилтныг цаашид өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүний үндсэн цалингийн 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно гэснийг баримталсан нь ......ын эрх ашгийг зөрчөөгүй. Эрх зүйн байдлыг нь дордуулаагүй гэж үзэж байна. Яагаад сул зогсолт гэж үзсэн талаараа удаа дараа тайлбарласан байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж ...........т цалин хөлс олгосон байна гэж аудитын газраас албан бичиг ирүүлээд байсан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сард удаа дараа албан бичиг, шаардлага ирсэн. Жолоочийн цалин, бензин болон жолооч тээврийн хэрэгсэл ашиглах журмыг хэрэгсэхгүй болгосон. ......ыг шууд ажлаас нь чөлөөлөөгүй түүнд сул зогсолтын олговор олгоод явсан. Нийгмийн даатгалын байгууллага нь тээврийн хэрэгсэл ашиглах эрхгүй байгууллага болсон учраас тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төсвийг танасан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сул зогсолтын олговор олгосон нь Б......ын эрх ашгийг нь зөрчөөгүй. Б/37 дугаартай тушаалаар ........т эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн. ........... нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын газрын тээврийн хэрэгслийг хариуцан ажилладаг ажилтан юм. Иймд эд хөрөнгийн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн этгээд мөн юм. 2023 оны 03 дугаар сарын 9-ний өдөр зам тээврийн осол гаргасан. Уг ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий албан тушаалтны магадалгаагаар жолооч замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т, 12.3-т заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг ...... эсэргүүцээгүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас энэ шийдвэрийн дагуу даатгалын байгууллага даатгалын гэрээнийхээ 8.4-т зааснаар даатгуулагчийн буруугаас болж хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс сонгон хамгаалахаас хамаарч даатгуулагчийн хариуцлагыг даатгалын хамгаалалтын хүснэгтэд заасны дагуу төлнө гэсэн гэрээний заалт, даатгагдсан хамгаалалтын төрөл буюу үүнд даатгуулагчийн буруутай үйлдлээс гарах эрсдэл гэсэн хэсэгт замын хөдөлгөөнд оролцох үед зам тээврийн осол гарсан үед даатгуулагчийн буруу болох нь эрх бүхий байгууллагаар нотлогдсон бол даатгуулсан үнийг дүнгийн 80 хувиар тооцож олгоно гэж заасан байна. Гэрээнд зааснаар даатгалын байгууллага 6.4 сая төгрөгийг олгосон байна. Энэ нь хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж үзэж байгаа юм. .... даатгалын нөхөн төлбөрийн мэргэжилтнийг асуулгахад Жолоочийн хариуцлагын даатгал гэрээ болон нөхөн төлбөр бодох журмын дагуу эдний даатгал хийлгэсэн үнийн дүнгээс хамаарч 80 хувийг нь олгосон. Яагаад гэвэл жолоочийн буруутай үйл ажиллагаа байсан гэдэг нь нотлогдсон гэсэн тайлбарыг өгсөн. Эд хөрөнгийн элэгдэл, хорогдлыг тооцож, нөхөн төлбөр болох 6.4 сая төгрөгийг хасаж 3,327.687 төгрөг байхаар тогтоосон нь эд хөрөнгийн хариуцлага хүлээх албан тушаалтны эрх зүйн байдлыг дордуулаагүй, хууль журамд заасан шийдвэр байна гэж үзэж байна. 2024 оны 04 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас орон тоо бүтцийг тогтоосон тушаал гарсан. Нийгмийн даатгалын газрын орон тоо бүтцийг тогтоох асуудал нь нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эрх хэмжээний асуудал. Хэрэв 2023 оны 07 дугаар сард бүтэц орон тоог өөрчлөөгүй байсан. Энэ тушаалыг эрх зүйн баримт бичгийн бүртгэлийн санд бүртгүүлээгүй байна гэж үзэж байгаа бол энэ талаарх маргаанаа нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж гаргах нь зүйтэй байх. Өнөөдөр Завхан аймгийн .................  дарга нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хэмжээнд очиж бүтэц орон тоо баталдаг эрх хэмжээтэй албан тушаалтан биш. Төрийн хэмнэлтийн тухай хууль, хуулийг мөрдөж ажилла гэсэн аудитын газрын шаардлага болон ерөнхий газраас өгч байгаа үүрэг, шаардлага, хүчингүй болсон журам, төсвийнхөө хүрээнд жолоочоо шууд ажлаас нь гаргачихгүй, сул зогсолтын олговор олгож явж байгаад мэдэгдлийг нь өгч, ажлаас нь чөлөөлж, тэтгэмжийг нь олгосон. .......ын эрх зүйн байдлыг ерөөсөө дордуулаагүй харин ч хуульд зааснаас дээгүүр хэмжээгээр хамгаалсан гэж харж байна. Хэрэв орон тоо баталсан тогтоол дээр маргах гэж байгаа бол нийгмийн даатгалын ерөнхий газартай маргах ёстой гэж харж байна..........т олгосон сул зогсолтын цалинг буцааж төрд төлөх үүрэг хүлээгээд байж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хэд хэдэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Б..........ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн .......... холбогдох тус хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б........... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль тогтоомж болон Хөдөлмөрийн хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа учир уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Иргэний хууль тогтоомж болон Хөдөлмөрийн хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.......... ажил олгогчийн зүгээс Б........т 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б\34 тоот тушаалаа сул зогсолтын нөхөн олговор олгох тухай тушаал гаргаад Б.......ын жолоочийн цалинг бууруулж , хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр , хөдөлмөрийн хуулийн 112 дугаар зүйлийг баримтлан олгосон байна. Сул зогсолтын нөхөн олговор гэж үзэж, тухай байгууллагад нийгмийн даатгалын байгууллагын бүтэц орон тоог , нийгмийн даатгалын ерөнхий байгууллага баталдаг. Хамгийн сүүлд баталсан орон тоо 2018 оны 3 дугаар сард баталсан орон тоогоор , жолоочийн орон тоо бол хэвээр батлагдсан. Хамгийн сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2021 оны 4 дүгээр сарын 8-ний өдрийн А\51 дугаартай нийгмийн даатгалын ерөнхий газрын тушаалаар Завхан аймгийн ......... бүтэц, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн байна. Энэ мөрдүүлсэн шийдвэр нь 2023 оны 6 дугаар сард хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Б\34 дугаартай тушаалаар нийгмийн даатгалын байгууллага жолоочийн орон тоо хасагдаагүй байсан учраас сул зогсолтын нөхөн олговор буюу олговрыг олгох Б........н цалинг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ төсвийн хэмнэлтийн тухай хуулийг баримталж хэрэгсэхгүй болгож хаясан.Төсвийн хэмнэлтийн тухай хууль нь бүтэц орон тоо баталсан, цалин олгох, олгохгүй байхыг шийдвэрлэх эрхтэй бүтцийн акт хууль биш ээ. Төсвийн хэмнэлтийн хуульд нийцүүлэн шийдвэрлэе гэсэн болохоос биш, бүтэц орон тоог байхгүй болгох, цалинг бүү олгоо гэсэн асуудлыг огт ярьсан хууль биш ээ. Гэтэл энэ хуулийг баримталж шийдвэрлэсэн тушаал учраас мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын түр орлох орлон гүйцэтгэгчийн тушаал албан тоотыг үндэслээд нөхөн олговор нь үндэслэлгүй тушаал учраас тус тушаалыг хүчингүй болгож 2023 оны 5, 6, 7 дугаар сарын цалингийн зөрүүг олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж харж байна. Мөн дараагийн тушаал нь болбол Б.......т эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал 2023 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн Б\37 энэ тушаалыг гаргахдаа хэд хэдэн үндэслэл хуульд нийцээгүй гэж үзэж байна. Уг тушаалын үндэслэлд дурдагдсан Завхан аймгийн ........... дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 16-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн тушаах нь гэж байгаа энэ ёс зүйн зөвлөлд байгуулсан шийдвэр өөрөө нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болсон тухай анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр яригддаг. Нэхэмжлэгч Б......... нь энэ ёс зүйн зөвлөл хүчингүй болсон гэдэг тайлбарыг хэлээд шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс асуухад энэ зөвлөл хүчингүй болоод, шинээр зөвлөл байгуулагдсан гэдгийг анхан шатны шүүх дээр тайлбарласан байдаг. Хүчингүй болсон зөвлөлийн зөвлөл байгуулсан шийдвэр хүчингүй болсон байхад, хүчингүй тушаалаар байгуулагдсан зөвлөлийн шийдвэрийн үндэслэлдээ эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж байгаа өөрөө үндэслэлгүй. Мөн Б.........ртай эд хөрөнгийн хариуцлагын гэрээ огт байгуулаагүй. Энэ гэрээ байгуулаагүй байж эд хөрөнгийн хариуцлагыг Б.......т оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дараагийн нэг асуудал нь энэ тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг баримталж гаргасан. Тус асуудал нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагатай гэрээтэй холбоотой асуудлаар энэ зүйл заалтыг баримтлах учраас тус заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас Б\37 дугаартай 2023 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн дараагийн тушаал нь 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн Б\51 тушаалаар Б.........ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А\33 дугаар тушаал А\82 дугаартай тушаал 05\880 албан бичиг, 01\1081 албан бичгүүдийг үндэслээд тушаасан , ажлаас чөлөөлөөд хаясан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэс жолоочийн орон тоотой байсан болох нь нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар жолоочийн орон тоо батлагдсан энэ тушаал хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоход Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гарсан. Энэ тушаалыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ жолоочийн орон тоо хасагдсан нь гэрч нийгмийн даатгалыг газрын санхүү бүртгэлийн газрын даргаар ажилладаг ....... , мөн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ........ нарын мэдүүлгийг үнэлсэн байдаг юм. Гэтэл энэ мэдүүлэг нь 01\1081 тоот албан бичиг явуулсан .......... хүн байгаа, энэ хүн тайлбарлахдаа төрийн төсвийн хэмнэлтийн тухай хуулийн үндэслэлээр байгаа цалинг хас гэсэн тушаал өгсөн гэсэн мэдүүлэг байна. Бүтэц орон тооны хувьд Завхан нийгмийн даатгалын бүтэц ямар байгаа гэхээр 2018 онд батлагдсан жолоочийн орон тоо болбол хэвээр хадгалагдаж байгаа тушаал өөрчлөгдөөгүй тэгсэн ч гэсэн Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлаад жолоочийг чөлөөлөх шаардлагатай гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл ......., ........... нарын энэ мэдүүлгийг үндэслээд жолоочийн орон тоо хасагдсан тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Орон тоо хасагдсан гэсэн ойлголтыг 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор тайлбарлахдаа орон тоо хасагдсан гэдэг нь тухайн орон тоо тухайн байгууллагын бүтэц орон тооны нэгжэд байхгүй болсныг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл энэ 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А\51 дүгээр тушаал гарах хүртэл Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст жолоочийн орон тоо байсан болох нь нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон анхан шатны шүүх дээд шүүхийн тайлбар болгон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хариуцагч байгууллагын төлөөлөгч нар танай байгууллагын орон тоог хэн баталдаг вэ гэхээр ерөнхий газрын дарга баталдаг хэлэлцүүлэгт бол хариулсан байдаг. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллагын орон тоог батлах эрх бүхий субьект нь нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байна. Ингэхээр даргын орон тоог цөөрүүлсэн хассан албан ёсны шийдвэр ирээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу орон тоог цөөрсөн мэтээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа юм. Мөн Б.......н эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б\34, 6 дугаар 31-ний өдрийн Б\37, 7 дугаар сарын 31-ний өдрийн Б\51 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож 2023 оны 5 , 6, 7 дугаар сарын сарын цалингийн зөрүүг Б.*******т олгох , 7 дугаар сарын 31-нээс хойш ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох , нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн улмаас үүсэлтэй Б........ын нэхэмжлэлтэй гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б........ нь өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгоод Хөдөлмөрийн гэрээг цуцалсан , гэнэт халагдсаны тэтгэмжээ авъя гэсэн өргөдлөө гаргаж байсан. Хавтаст хэргийн материалд байгаа тэр өргөдлийн дагуу манай байгууллага Хөдөлмөрийн гэрээг цуцалсны тэтгэмж төсөвт байхгүй байсан, манай байгууллага ерөнхий газарт уламжилж байж гэнэт халагдсаны тэтгэмж бүрэн олгосон байгаа. Б........ хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байгаа. Ямар ч эрх зүйн байдал нь дордоогүй. Б..........ыг ажилд эргүүлж авах ямар ч боломжгүй. Манай өмгөөлөгч сая хууль зүйн үндэслэлтэй хэлж байна. Эд хөрөнгийн хариуцлагыг Б..........т зохимжтой энэрэнгүй талаас нь манай байгууллага шийдвэрлэсэн байгаа. Даатгалын байгууллагаас 6,0 сая гаруй мөнгө гаргасан. Мөн манай байгууллагаас 5,0 сая гаруй төгрөгийг нэмж машины засварт өгсөн. Баримт нотолгоотой энэ мөнгийг харин ч Б...........аас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа. Иймд гомдлыг хүлээж авах боломжгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.........а давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сул зогсолтын нөхөн олговор олгохдоо хууль зөрчөөгүй. Орон тоо батлагдсан хэвээрээ байсан бол сул зогсолт гэж үзэх үндэслэлгүй байсан гэж тайлбарлаж байна. Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтэст 2023 онд Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас хэд хэдэн албан тоотууд ирсэн байдаг уг албан тоот тушаалуудаар болбол төрийн хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөө гэдэг үүрэг чиглэлийг өгсөн байдаг. Төрийн хэмнэлтийн хууль бол 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 6 дугаар зүйл 6.3, 6.5, 3.1 хэсэгт заасныг харахад нийгмийн даатгалын байгууллага авто машин ашиглахгүй байх жагсаалтад орсон байсан. Зайлшгүй шаардлагаар төсвийн хэмнэлтийн хуулийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэмжээнд аудитын байгууллага, Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрөөс машин ашиглахыг хориглосон шийдвэр гарсан байх ёстой энэ шийдвэрийн дагуу жолооч Б.........ыг ажлаас шууд халаагүй. Төрийн хэмнэлтийн хуулиар Завхан аймгийн даатгалын хэлтэс Б..........ыг ажлаас чөлөөлөөгүй учир энэ хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан бичиг ирсэн байдаг. 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 01\1084 дугаартай албан бичиг албан бичгээр нийгмийн даатгалын ерөнхий газрын хэмжээнд төрийн хяналт шалгалт хийсэн тухай байдаг. Төрийн хэмнэлтийн хуулиар авто машин ашиглахгүй байх жагсаалтад орсон байгууллага. Иймд жолоочийн цалин хөлс, авто машины шатахуунтай холбоотой зардал ерөөсөө гаргахгүй юм шүү гэдгийг албан бичгээр өгсөн. Харин орон тоо баталсан тушаал хэвээрээ байсан. 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр энэ алдаагаа залруулаад жолоочийн орон тоог хассан. Тэгэхээр орон тоо байсаар байтал Б.......ыг Төрийн хэмнэлтийн хуулиар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэн ёс зүйн зөвлөл нь хууль бусаар байгуулагдсан байна гэж үзэж байгаа. Б..........ын эрх ашгийг манай байгууллага хангаж байсан ажиллаж байх хугацаандаа унаж байсан авто машинаа осолд оруулж цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэг гаргаснаар шалгагдаж байсан. 2024 оны 3 дугаар сарын 11 өдөр зөрчил гаргасан өөрийнхөө буруутай үйлдлээс авто тээврийн осол гаргасан байна. Энэ дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоосон. Ийм учраас нөхцөл байдлуудыг үндэслээд Хөдөлмөрийн гэрээн дээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байсан. Мөн Б........т тээврийн хэрэгслийг бол хүлээлгэж өгсөн, эд хөрөнгө хүлээлгэж өгсөн баримтууд байгаа. Иймд Б.......рт эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн. Ингэж эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхдээ Б......ын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс даатгалын байгууллагаас 6 сая 400 мянга гаруй төгрөгийг хасаад 8 сая гаруй төгрөгөөр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн. Ингээд сүүлд харсан чинь элэгдэл, хорогдлыг тооцож болно гэсэн Хөдөлмөрийн хууль дээр заалт байхаар нь өмнө гаргасан тушаалаа өөрчлөөд Б........ын эрх зүйн байдлыг дээрдүүлээд элэгдэл, хорогдлоо тооцоод уг үнээсээ тооцоод 3 сая гаран төгрөгөөр Б.......т эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн юм. Энэ шийдвэр Б.*******ын эрх, ашгийг хөндөөгүй гэж үзэж байна. Б........ыг ажилд эргүүлэн татах хууль зүйн боломжгүй. Төрийн хэмнэлтийн тухай хууль бусад хуулийг зөрчих гээд байна. Энэ маргааныг шүүх шийдэх байх гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлуудыг үндэслэн Б.........ын эрх, ашгийг дордуулаагүй хууль хэрэглэсэн. Одоо хүртэл нийгмийн даатгалын байгууллага Б.........рын үйл ажиллагааны улмаас хохироод явж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.....ын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б......... нь хариуцагч Завхан аймгийн ............ холбогдуулан тус хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Б.......... нь Завхан аймгийн ............ жолоочоор ажиллаж байсан бөгөөд тэрээр албан үүргээ гүйцэтгэж явахдаа 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зам тээврийн осол гаргаж, байгууллагад 15.996.250 төгрөгний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон ба .......... ХХК-наас даатгалын нөхөн төлбөрт 6.487.939 төгрөг даатгуулагч байгууллагад олгосон байна.

4. Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд нэхэмжлэгч Б...... нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан бөгөөд ажил олгогч нь автомашины балансын үнээс тээврийн хэрэгслийн даатгалаар төлөгдсөн үнэ болон автомашины элэгдлийг хасч тооцож, нийт 3.327.686 төгрөгний хариуцлагыг Б..........т хүлээлгэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129, 131, 132, 133 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаал хуульд нийцсэн байна.

5. Түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалаар автомашин ашиглалтын журмыг хүчингүй болгож, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, бүх хэлтэс, нэгжийн автомашиныг ашиглахыг хориглож, жолоочийн цалин хөлс, шатахуун автомашины засвар үйлчилгээтэй холбоотой зардал гаргахгүй байхыг бүх салбар нэгжүүдэд даалгасан байна.

6. Үүнтэй холбоотойгоор Завхан аймгийн ........ нь албан хэрэгцээнд автомашин хэрэглэхгүй болж, жолооч Б......... нь ажлын байранд ажилгүй байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

7. Ажил олгогч нь дээд байгууллагын шийдвэрт үндэслэн Б...........ын ажилгүй, сул байгаа нөхцөл байдлыг харгалзан сул зогсолтын нөхөн олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1, 116.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Ажил олгогчийн ажилтанд сул зогсолтын нөхөн олговор олгосон 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалыг буруутгах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Харин ажил олгогч нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/51 дугаартай тушаалаар жолоочийн орон тоо хасагдаж, орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр жолооч Б.......ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан бөгөөд ажлын байр хасагдсан гэдэг нь байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр үгүй болсон, энэ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байхыг ойлгодог.

10. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2023 оны байдлаар Завхан аймгийн .......... бүтэц, орон тооны хязгаарт жолоочийн орон тоо нэг байхаар тогтоосон ба 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаартай Нийгмийн даатгалын байгууллагын даргын тушаал хүчинтэй байсан бөгөөд жолоочийн ажлын байрыг хассан, эсхүл цөөрүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байсан байна.

11. Харин ажил олгогчийн Б..........ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гарснаас хойш 8 сарын дараа 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/51 дугаартай тушаалын 6 дугаар хавсралтаар Завхан аймгийн ........ орон тооны хязгаарт жолоочийн ажлын байр-ыг батлаагүй хассан нөхцөл байдал тогтоогдсон байна.

12. Нэгэнт тус газрын жолоочийн ажлын байр хасагдсан байгаа тул нэхэмжлэгч Б........ыг жолоочийн ажилд эгүүлэн тогтоох боломжгүй бөгөөд харин түүний хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд сул зогсолтын олговрыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгөөр тооцож, 4.400.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, Б........рт олгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

13. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна.

14. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШШ2024/00392 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.2, 116 дугаар зүйлийн 116.1, 116.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Завхан аймгийн .........ээс 4.400.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.........т олгож, уг мөнгөнд тооцогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэгч Б........ын Завхан аймгийн ..........т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/37 дугаартай тушаал, 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/34 дугаартай тушаал, мөн 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн Б/51 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, 5, 6, 7 дугаар сарын цалингийнхаа зөрүүг олгуулах, уг зөрүүнд тооцогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 85.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.........т олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэл нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ