Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 205/МА2024/00019

 

Ц.*******аагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 140/ШШ2024/00365 дугаар шийдвэртэй

Ц........ нэхэмжлэлтэй Завхан аймгийн ............. сургуульд холбогдох тус сургуулийн захирлын 2024.03.11 ний өдрийн Б/12 дугаартай албан тушаал бууруулах тухай тушаал, Б/13 дугаартай ажилд томилох тухай тушаалыг  тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр, нэхэмжлэгч Ц....... /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А......, Э........, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё........., хариуцагчийн өмгөөлөгч Б........ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Ц........а хариуцагч Завхан аймгийн ...... сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024.03.11 ний өдрийн Б/12 дугаартай албан тушаал бууруулах тухай тушаал, Б/13 дугаартай ажилд томилох тухай тушаалыг  тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Завхан аймгийн Улиастай сумын ..... сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай, "Албан тушаал бууруулах тухай" тушаалаар, Ц..... намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугааp зүйлийн 43.1.1, 43.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэж, "... төрийн хяналт шалгалтын явцад зөрчил дутагдалтай ажилласан нь удаа дараа илэрсэн..." гэсэн зөрчил гаргасан гэж үзэж, 2024 оны 03 дугаар сарын 11- ний өдрөөс сургуулийн няравын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/13 дугаартай, "............ .......ааг ажилд томилох тухай" тушаалаар дотуур байрны жижүүрээр томилсон байдаг. Ц........а миний бие үүнд маш их гомдолтой байх бөгөөд ажилдаа ямар нэгэн алдаа гаргаж, эд хөрөнгө дутаасан, мэдээ тайланг дутуу гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй ямар ч алдаа дутагдал гаргаагүй байхад гаргасан мэтээр, үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэсний дагуу Улиастай сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан байдаг. Энэхүү гомдлыг гаргасны дараа ......... сургуулийн захирал Ё. .......... нь өмнө гаргасан тушаалаа засварлаж, дахин 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай, "Ц.........д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал гаргаж, 2 удаагийн тушаалаар Ц.......... намайг сургуулийн няравын үүрэгт ажлаас чөлөөлж, тушаал бууруулсан байдаг. Завхан аймгийн Улиастай сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Ц....... миний гомдлыг хэлэлцсэн боловч "... талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон бөгөөд энэхүү хуралдааны тэмдэглэлийг миний бие 2024 оны 04 дугаар сарын 26 -ны өдөр хүлээж авсан болно. Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар, Улиастай сумын .........сургуулийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай, "албан тушаал бууруулах тухай" тушаал, Б/13 дугаартай ажилд томилох тухай" тушаалыг тус тус хүчингүй болгож, Ц........ намайг ............. сургуулийн няравын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Завхан аймаг дахь төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1303/364 тоот дүгнэлтээр үндсэн хөрөнгийг кодлох аж ахуйн картыг үнэтэй болгох, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн дагуу сургуулийн балансад бүртгэлтэй үндсэн хөрөнгийг кодлох эзэмшигч нэг бүрээр карт хөтлөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх 2023 оны эхний хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор биелэлтийг хангасан байх гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй. (Завхан аймаг дахь төрийн аудитын газрын дүгнэлтийг хавсаргав) 2023 оны 09 дүгээр сарын 18-нд сургуулийн захирал Д...... үүрэг даалгаврын биелэлтийн хуудас өгсөн. Уг хуудсаар өгсөн үүрэг даалгаврыг ч биелүүлээгүй. Үүрэг даалгаврын биелэлтийг шалгасан хуудсыг хавсаргав) 2023 оны 10дугаар сарын 10-ны өдөр Б/139 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан. (тушаалыг хавсаргав) 3авхан аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын ажлын хэсэг (Э. ....... Г........, Д...........) хяналт шалгалт хийх явцад хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн байсныг илрүүлж зөрчлийг арилгах үүрэг даалгавар амаар өгсөн. 2023оны 12 дугаар сарын 08-ны өдөр үүрэг даалгаврын биелэлтийг хянах явцад сургуулийн дэргэдэх дотуур байрны гал тогоонд хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүний хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглаж байсан зөрчил илэрсний дагуу сургуулийн дотоод хяналтын зөвлөлд үүрэг даалгавар өгсөн. .......ийн Дотоод хяналтын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр үдийн хоолны гал тогоонд байгаа хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг тоолох явцад хүнсний бүтээгдэхүүний зарим нэг нэр төрөл дээр хадгалалт, хамгаалалтын хугацаа байхгүй бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан. Зуны хугацаанд ажиллуулдаг ..........ны амралтад ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үдийн амралтад ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үдийн хоол, дотуур байрын гал тогоонд хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашигласан зэрэг зөрчлүүд илэрсэн. (......... сургуулийн дотоод хяналтын дүгнэлт 2023 оны 12 дугаар сарын 10 хавсаргав), 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ........ийн тооллогын комисс, өмч хамгааллын байнгын зөвлөл, орон нутгийн өмчийн, газартай хамтарсан төлөвлөгөөт тооллогын тайлан, дүгнэлтээр тооллого хийж байх явцад сургуулийн няравт эд хөрөнгө хүлээж авсан бүртгэл жагсаалт байхгүй байсан нь эд хөрөнгийг тулгаж тоолоход хүндрэлтэй байсан. Хэзээ хаана ямар эд хөрөнгийг акталсан бүртгэл хөтлөлт байхгүй хэнд хүлээлгэж өгсөн бүртгэл жагсаалт гарын үсэг байхгүй байсан. Эд хөрөнгө кодлож бүртгэл үүсгээгүй нь хэдэн онд хаанаас ямар хөрөнгө оруулалтаар ирсэн нь тодорхой бус байгаа нь нэг ижил хөрөнгийг ялгаж бүртгэн тоолоход асуудалтай байсан. Складад тооллого хийх явцад нөөц болон үлдэгдэл хөрөнгийн жагсаалт байхгүй хаана юу байгаа нь тодорхой бус эмх цэгцгүй байсан гэсэн дүгнэлт гарсан. Энэ тооллогод Ц.......аа хамтарч тоолж тайлан бичсэн бөгөөд өөрөө гарын үсэг зурсан. (*******ийн тооллогын комисс, өмч хамгаалах комиссын тайлан дүгнэлт 2023. 12.01 хавсаргав) 2023.02.25-ны өдрийн N421 Завхан аймгийн орон нутгийн өмчийн газрын эд хөрөнгийн тооллого, ашиглалт, хамгаалалтад хийсэн хяналт шалгалтын зөвлөмжид илэрсэн зөрчилд байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийгддэггүй хөтлөлт хангалтгүй байна. Тооллогын явцад 25,871,356 төгрөгийн балансын үнэ бүхий 10 нэр төрлийн 24 ширхэг хөрөнгийг санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөөгүй дутагдуулсан, байгууллагын албан хаагчдын эд хариуцагчийн картыг бүрэн гүйцэд хөтөлж хөрөнгүүдийг шифрлэж тэмдэглэл хийх зөвлөмж өгсөн зөвлөмжийг өөрт нь бичгээр өгч үүрэг даалгавар өгсөн хэрэгжүүлээгүй. (зөвлөмжийг хавсаргав), ............ийн дотоод хяналтын зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын эд хариуцагчийн картад хөрөнгийн үнэ, он, чанар байдал, сериал дугаар, шифр тавигдаагүй, эд хариуцагчийн хөрөнгийг шилжүүлэхдээ хөдөлгөөн хийгддэггүй, хөтлөлт хангалтгүй гэсэн Орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу сайжруулсан ажил хийгддэггүй, хөтлөлт хангалтгүй биелүүлсэн зэрэг зөрчлүүдийг гаргасан. (2024.02.22 *******ийн дотоод хяналтын ажлын дүгнэлтийг хавсаргав),Тус зөрчлүүдийг арилгуулах, үүрэгт ажлыг сайжруулах чиглэлээр аман болон бичгээр үүрэг даалгаврын биелэлтийг өгч байсан боловч тухайн зөрчлүүдтэй холбоотой ямар нэг сайжруулсан ажил хийгдээгүй тул миний бие нь сургуулийн 2024 оны 02 сарын 27-ны өдөр захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар тус асуудлыг хэлэлцсэний дараа сонсох үйл ажиллагаа явуулсан хариу тайлбар хийгээгүй. Ц..........д Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэж 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/12 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан болно. Захиргааны *******ий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 заасны дагуу албан тушаал бууруулсан тушаалыг утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр засаж Ц.*******аад мэдэгдсэн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Ц......... нэхэмжлэлтэй Завхан аймгийн .... сургуульд холбогдох Завхан аймгийн Улиастай сумын ..............ийн захирлын 2024.03.11 ний өдрийн Б/12 дугаартай албан тушаал бууруулах тухай тушаал, Б/13 дугаартай ажилд томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Ц.,,,,,,,,, .......... сургуулийн нярвын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ц............. давж заалдах гомдолдоо ...Би Завхан аймгийн Улиастай сумын ......... .......... сургуульд няраваар ажилладаг байсан гэвч ажлаас үндэслэлгүй албан тушаал бууруулж ажлаас халсан. Ингээд би хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комиссоор ороод эвлэрээгүй тул дахин иргэний хэргийн шүүхэд хандсан. ...анхан шатны шүүх хурлаар миний санал хүсэлт гомдлын талаар буцаан ажилд томилогдохгүй шийдвэр гарсан. Иймд давж заалдах шатны шүүхэд дахиж хянуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхний асуудал нь хүнсний бүтээгдэхүүний асуудал хүнсний бүтээгдэхүүнийг муудгасан гэж үздэг. Хоёрдох асуудал нь 25,0 сая төгрөгийн хөрөнгө дутаасан талаарх асуудал, энэ талаар арга хэмжээ аваад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан болно. Энэ хоёр асуудлаар гомдол гаргаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байна. Манайх амралтын газраас зайтай бартаатай замтай учраас ногоо ,хүнсээ намар нь авч яваад , хавар нь аваад ирдэг цаг тухайд нь зохицуулаад ажилладаг. Өмнө манайх ийм байдлаар зохицуулж байсан. Захирал илүү гарсан ногоогоо байлгаж бай скалдандаа хадгална шүү гээд байлгаад байсан. Шалгалт ирсэн зориулалтын бус газар хүнсний бүтээгдэхүүнээ хадгалж байна наад асуудлаа зохицуул гэсэн үүрэг өгсөн. Хүнсний бүтээгдэхүүнээ хадгалаад хугацаа нь дууссан устгахад ганц миний бие оролцохгүй комисс томилж бүхэл бүтэн бүрэлдэхүүн байгуулж байж устгал хийдэг. *******ийн дотоод хяналттай хамтраад устгана гэсэн. Энэ хооронд юу болсон гэхээр устгах шийдвэр ирээгүй учраас байлгах ёстой гэсэн газар нь байлгаж байсан. 2024 оны 11 дүгээр сард Боловсролын газраас шалгалт ирээд одоо болтол устгал хийгдээгүй байна гэсэн. Би захирлын шийдвэрээр устгана уу гэхээс биш би өөрөө дур мэдэн устгана гэж байхгүй. Боловсролын газраас шалгалт ирэх гэж байгаа болохоор хүнсний ногоогоо, өөр газар аваачиж хий гэж хэлсэн. Иймэрхүү асуудал дээр намайг буруутгаад байна. Хоёрдугаарт намайг 25,0 сая төгрөгийн эд зүйл дутаасан гээд байгаа энэ дутаасан гээд байгаа зүйлүүдэд дунд актлах хөрөнгийн жагсаалтад орсон 2 принтер хүртэл явж байгаа. Скаладанд дотор бүгд зурагтайгаа байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А............ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 00365 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буюу тухайн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь: нэхэмжлэгчийг хариуцагч ажлаас чөлөөлөхдөө 2 тушаал гаргасан байдаг. Хэрэгт авагдсан тушаалуудын эх хувь хэсгийг бид нар хэргийн материалтай танилцахад эх хувиараа авагдсан гэж үзэхээргүй байсан. Шүүгчид үүнийг анхааралдаа авч үзнэ байхаа гэж бодож байна. Мөн хариуцагч байгууллагын захирал үндэслэлтэй ажлаас чөлөөлөөд байна уу гэдэг нь яг хэрэгт авагдаагүй байсан. Давж заалдах шатны шүүхийн хувьд бол хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянадаг учраас тухайн баримтуудын хүрээнд өнөөдөр өмгөөлөл хийнэ. Нэхэмжлэгчийг хариуцагч ажлаас чөлөөлөхдөө 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б\12 дугаартай албан тушаал бууруулах тухай гэсэн тушаалаар чөлөөлсөн байдаг. Тухайн тушаал хуульд тэр чигтэй нийцээгүй байдаг. Түүний дараа 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энэ тушаалаа засаад Ц.........д сахилгын шийтгэл ногдуулах тухай гээд 3-н үндэслэл бүхий тушаалыг шинээр гаргасан байдаг. Уг үндэслэлийг болохоор Захиргааны *******ий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасныг үндэслээд захиргааны актын алдааг засаж байна гэсэн байдлаар гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахаар шүүх энэ 2 тушаалыг хоорондоо үндэслэх байдлаар шүүхийн шийдвэрийг гаргасан байгаа. Эхний гаргасан шийдвэр албан тушаал бууруулах зорилгоор ажлаас халсан байна. Дараагийн тушаал нь сахилгын шийтгэл оногдуулах гэсэн тушаалыг Ц...........д цахимаар явуулсан байдаг. Энэ 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2 өөр тушаал гаргасан гэж үзэж байна. Энэнээс өмнө гаргасан дотоод хяналтын дүгнэлтүүд бас байдаг. 2023 оны шүүхийн шийдвэр дээр ингэсэн байдаг. Нэхэмжлэгч Ц...............аа нь үдийн хоолонд хэрэглэгдэж буй хүнсний бүтээгдэхүүнийг зарим нэр төрөл бүхий тодорхой хугацаа байхгүй тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа хяналт тавьж ажиллаагүй. Зуны хугацаанд ажиллуулдаг ....... амралтын газарт ашиглагдаж байсан хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үдийн хоол, дотуур байрны гал тогоонд байлгаж, хүүхдийн хоол үйлдвэрлэлд ашиглаж байж болзошгүй гэсэн зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдож байна гэсэн. Гэтэл эдгээр зөрчлүүдийн талаар Завхан аймгийн орон нутаг хөгжлийн өмчийн зөвлөмж сүүлийн хуудас дутуу зөвлөмж байдаг. Энэ дотоод хяналт гээд байгаа газрууд 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн зөрчил гаргасан гэж тушаал гаргасан байна. Ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байна. Энэ 25,0 сая төгрөгийн талаар дутагдуулсан гэж үзэхээргүй байна, хоорондоо бүртгэл тооцоо нийлээгүй зүйлийг оруулж ирж байна. Жишээлбэл тэр тракторыг жижүүр авч яваад буцааж авчирч өгсөн. Эрх бүхий ажилтнууд санхүүгийн бүртгэлийн тал дээр нярвын хувьд бол картаараа хөтлөөд өгсөн зүйлийг тухайн эд хариуцагч нар буюу Жишээлбэл: Багшид нэг компьютер, принтер өгсөн бол эдгээрийг нь буцаагаад тооллого тоолох үед бол тэдгээрийг хооронд тулгах тийм л ажил явагдаж байсан. Тэгэхээр ор үндэслэлгүй 25,0 сая төгрөгийг эд зүйлийг дутагдуулсан гэхээр гэмт хэргийн шинжтэй зүйл болгон гүтгэсэн. Энэ 25 сая төгрөгийг хаанаас гаргаж ирсэн гэхээр нөгөө 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн тооллого нь энэнийг энэнээс авлаа тэрнийг тэрнээс авлаа гэсэн бүртгэл хөтөлж л авсан байна. Энэ дээр нөгөө 25,0 сая төгрөгийн эд хөрөнгийн дунд акталсан зүйлийн нэрс буюу 2 ширхэг принтер хүртэл байсан. Хоорондоо утга агуулгын хувьд зөрчилдөөнтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийг анхан шатны шүүх баримтлаагүй. Хөдөлмөрийн гэрээний тухайд хариуцагч өөрөө ажлын байрны тодорхойлолтгүй байгаа учир талууд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн хувьд ажилтанд оногдсон сахилгын шийтгэл зөв байх ёстой. Гэтэл тухайн сахилгын шийтгэлийг бүхэлд нь 10 гаран хүний сахилгын шийтгэлийн дүнг аваачаад тэр чигт нь нярав дээр аваачиж тавиад, дээрээс бүр 12 дугаар сарын 8-ны өдөр устгасан дууссан юмнуудын араас мөн оны 2 дугаар сарын 22-ний дүгнэлт хийгээд 3 дугаар сарын 12-ний дүгнэлт, 4 дүгээр сарын 11-ний тушаал гаргасан ийм үйл баримт тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг харахын бол 2 тушаал гарсан байдаг. Гэтэл зөвхөн албан тушаал бууруулах тушаалтай холбоотой дүгнэлтэд илүү ач холбогдол хийсэн байна. Дараа нь гараад байгаа сахилгын шийтгэл ноогдуулах тухай гээд байгаа он, сар ижилхэн албан тушаал буруулах нөгөө нь сахилгын шийтгэл ногдуулах гээд доторх агуулгууд нь өөр байдаг. Гэтэл анхан шатны шүүх сахилгын шийтгэл ноогдуулах тушаал гараад энэ тушаалтай маргаад явж байхад энэтэй холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй. Энэ тушаал дээр саяны яриад байгаа 25 сая төгрөгийн хохирол байгууллагад учирсан байна гэдэг зүйл тушаал дээр тодорхой байж байхад анхан шатны шүүхийн шийдвэрт бол ямар ч дүгнэлт байдаггүй. Дээрээс нь хавтаст хэргийн 4-7 дахь хуудсанд авагдсан тушаалууд нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу хангахгүй байна. Ийм хангахгүй баримт бичиг байхад анхан шатны шүүх уг тушаалыг хэрхэн яаж дүгнээд тэр шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Төрийн өмчийн газар,болон аудитын газраас зөвхөн зөвлөмж маягаар бичиг гаргадаг. Процессын хувьд бол анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв явуулсан гэдэг дээр давж шаалдах шатны шүүхийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сахилгын шийтгэл ноогдуулах тухай ямар ч дүгнэлт хийгээгүй байна. Ц........агийн гаргасан зөрчил тухайн сургуульд ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхой биш байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд бол сургуулийн хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлсөн нь нотлогдож байна гэж үздэг. Тэгтэл энэ сургуульд Ц...........гийн гаргасан зөрчил гээд байгаа нь юунд муугаар нөлөөлсөн юм. *******ьд муугаар нөлөөлөөд ямар хохирол учирсан юм, ямар эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй байна. Нотлогдож байна гэдэг байдлаар өмнө нь 2022, 2023 онд тогтоогдсон гэж сүүлд 4 сард гарсан тушаалдаа холбогдуулж дүгнэлт хийж байгаа нь бол Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. Анхны шатны шүүхийн шийдвэр бодит байдалтай нийцэхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё........аа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр би ажлаа хүлээж авсан. 2023 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр сургуулийн захирал ...... үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгавартаа бол Бор бургас амралтын газар байсан хүнсний бүтээгдэхүүний тооцоог дуусга гэсэн гарын үсэг зуруулсан. Ц.......аа тухайн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан байдаг. 10 сард бол Боловсролын яам, Боловсролын газраас хяналт, шалгалт хийгээд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалж байна. 12 сард эргэн шалгалт хийхэд дотуур байранд хадгалсан байж байгаад хүүхдийн хоол, хүнсэнд хэрэглэсэн нь илэрсэн. Уг асуудлыг дотоод хяналтаар үүрэг даалгавар өгөөд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүрэн устгал хийсэн. Дараагийн асуудал сургуулийн дотоод хяналтын зөвлөл, өмч хамгаалах газар нийлээд тооллого хийсэн. Ц..........аа 25,0 сая төгрөгийг дутаасан бүртгэл хийгээгүй, эд хөрөнгийг асуудлыг шийдээгүй, актлах бүтээгдэхүүний бичиг баримт байгаагүй, анхан шатны санхүүгийн бүртгэл хийгдээгүй учраас хөрөнгө дутаагдсан гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Сонсох үйл ажиллагаа явуулаад албан тушаал бууруулахаар шийдвэр гарсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 365 дугаар тушаал хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэж байна. Ц.........гийн тайлбарлаад байгаа би энэ хөрөнгийг дутаагаагүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн үдийн цайнд хэрэглэсэн гэдэг асуудал хавтаст хэрэгт авагдсан байгаа, гэрчүүдийн мэдүүлгээр, аудитын дүгнэлт зэргээр бүрэн дүүрэн тогтоогдсон. Энэтэй холбогдуулаад анхан шатны шүүх дээр хэрвээ тэр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байсан бол устгах талаар эрх, бүхий албан тушаалтандаа хандсан уу? үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөх шаардлага хангасан уу? анхан шатны санхүүгийн баримтыг хэн бүрдүүлэх ёстой юм бэ гэхээр нярав бүрдүүлэх ёстой зэрэг асуултуудад хариулсан шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Өөрөөр хэлбэл, аудитын дүгнэлтээр тогтоогдсон асуудал Ц..........аа нэг ч зүйл хийгээгүй талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад асуултад хариулахдаа ярьсан. Золзаяа өмгөөлөгчийн дүгнэлт дээр нэмж хэлэхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэргийн оролцогч өөрөө нотлох баримтыг бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч Ц......аа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч байгууллагыг ....... ...........р сургуулийг заагаад хариуцагч байгууллагын төлөөлөгч Ё........аа гэж заасан учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу нэхэмжлэгчийн заасан хариуцагчийг шүүх дуудан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Мөн хавтаст хэргийн 4-7 хуудаст байгаа тушаал бол нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн нотлох баримт учраас энэ нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх нь өөрийнх нь асуудал учир шүүх түүнийг нь буруутгах, хариуцагчийг буруутгах хууль зүйн боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлтэй холбоотой хэд , хэдэн юм яриад байна. Боловсролын сайдын А\22 дугаартай тушаалд Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд зааснаар бол нярав бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу нярав нь үйлчилгээний ажилтанд хамаарч байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа 1 жилийн дотор арга хэмжээ авах бүрэн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан учраас нэхэмжлэгч Ц...........ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ц.......... нь хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ......... сургуульд холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг хийх ба шинжлэн судалж болно. гэснийг зөрчиж хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хүлээн авч үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгч Ц........г няраваар ажиллаж байх хугацаанд Завхан аймгийн Төрийн аудитын газраас Улиастай сумын .............ийн 2022 оны санхүүгийн гүйцэтгэл тайлан төсвийн гүйцэтгэлд шалгалт хийсэн ба илэрсэн зөрчлүүдэд нь үндэслэн 2023 оны 10 дугаар сард сануулах арга хэмжээ авсан, илэрсэн зөрчлүүд арилаагүй байсан болох нь 2023 оны 12 дугаар сард орон нутгийн өмчийн газартай хамтарсан шалгалтын дүнгээр тогтоогдсон, тэгээд Ц.......г 2023 оны 3 сард ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч Ц........... нь хөдөлмөрийн гэрээнд заасан яг ямар зөрчлийг гаргасныг тус бүр нь нэрлэн зааж бичээгүй, зөрчил тус бүр тогтоогдсон эсэх, зөрчил тус бүрд оногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл маргааны үйл баримтыг хангалттай тогтоогоогүй байна.

5. Түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтлаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэж үзэх боломжгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 140/ШШ2024/00365 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Ц........ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ хэргийн нэхэмжлэл нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ