| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0164/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/180 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч Л.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дид холбогдох эрүүгийн 1938002710185 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн нутагт иргэн Л.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Д нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн нутагт иргэн Л.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938002710185 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ар тархийнхан танай ахыг хулгайч гэдгийг андахгүй шүү дээ гэхээр нь би Л.М ахын цээжин дээр гараараа дараад гараараа 1-2 удаа цохитол Л.М ах Галаа миний дүү О.Дийг авч бай ах нь хувцсаа өмсчихий гэтэл Галаа ах намайг салгасан. Тэгээд Л.М ах гутлаа өмсөх гээд тонгойхоор нь би ширээн дээр байсан цагаан өнгийн төмөр данхыг аваад Л.М ах руу шидтэл тэр данх Л.М ахын толгойн баруун дээд хэсэгт оносон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...О.Д надад чи миний ахыг хулгайч гэдэг хэн бэ? гээд миний өмсөж байсан цамцны захаас зүүн гараараа барьж байгаад баруун гараараа миний шанаа руу хоёроос гурван удаа цохитол Гал-Эрдэнэ зүүн талын орон дээрээс босож ирээд О.Дийг чи настай хүнийг яаж байгаа юм бэ? гээд надаас салгаж аваад зүүн талын орон дээр аваачиж суулгасан. Тэгэхээр нь би босоод хувцасаа өмсөөд гутлаа өмсөх гээд тонгойж байтал О.Д надруу цагаан өнгийн төмөр данхыг аваад шидэх шиг болсон. Тэгтэл данх нь миний толгой хэсэгт ирж оноод миний толгойноос цус гарсан...Би Улаанбаатар хот явж хувийн эмнэлгийн соронзон үелзүүрт шинжилгээнд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нутгийн Галаа гэж залуу манай гэрт орж ирээд Л.М ахыг хүн зодчихлоо. Л.М ахаас цус гараад байна. Та хоёрт хэлээд өгөөч гэж дамжууллаа гэхээр нь би өөрийн автомашинаа асаагаад том хүү Баттулгын хамт Л.Мийн гэрт явж очсон. Бид нарыг Л.Мийн гэрт ортол баганаас урагш хэсэгт дэвссэн байсан хулдаас дээр их хэмжээний цус гарчихсан байсан. Харин О.Д гэх залуу Л.Мийн дэргэд зогсчихсон. Би харин Л.М ахруу данх шидчихсэн чинь ингэчихлээ гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Т.Г-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Д Л.М ахаа та яагаад миний ахыг хулгайч гээд байгаа юм бэ? гэтэл Л.М ах Тархийнхан та нарыг хулгайч гэж мэднэ гэж хэлтэл О.Д Л.М ахыг хоёроос гурван удаа цохитол Л.М ах Галаа ахын дүү чи О.Дийг барьж бай ах нь хувцасаа өмсөөдхөе гэхээр нь би О.Дийг салгаад байж байтал О.Д ширээн дээр байсан цагаан өнгийн төмөр данхыг аваад Л.М ах руу шидтэл нөгөө данх нь Л.М ахын толгой хэсэгт нь онож байгаа харагдсан. Тэгтэл удалгүй Л.М ахын шанаанаас цус гараад эхэлтэл Л.М ах надад хандан Галаа ахын дүү чи яваад айлаас хүн дуудаад ир гэхээр би тэр үед ойролцоо өвөлжиж байсан Батцэцэг эгчийг дуудаж ирсэн...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Мийн толгойн хэсэгт авсан шарханд цэвэрлэгээ хийж 7 оёдол тавиад цус тогтоох, өвчин намдаах, шингэн сэлбэх эмчилгээнүүдийг хийгээд биеийн байдал нь тогтворжсоны дараа гэрлүү нь буцаасан. Тэр хүнээс асуумж авахад гэртээ байж байхад нь гаднаас хүн орж ирээд зодсон гэх утгатай зүйл ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт:
1. Л.Мийн биед тархи доргилт, духны зүүн дээд хэсэгт үстэй хэсгийн заагт мэс заслын оёдол тавигдсан сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Л.Мийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 46-48, 53-55, 58-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938002710185 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Д нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн нутагт иргэн Л.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Л.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/, гэрч Б.Батцэцэгийн /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Т.Гал-Эрдэний /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч Б.Цэнгэлийн /хх-ийн 24-25-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 171 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч О.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нь хохирогчид гарсан эмчилгээний зардал 825.050 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд 406.180 төгрөгний хохирол нэхэмжилж байх ба Гуа мөрөн эмнэлгээс авсан эмний үнэ 52.500 төгрөг, Хөвсгөлийн эмийн эргэлтийн сангаас авсан эмний үнэ 78.200 төгрөг, Гуа мөрөн эмнэлгийн өвчтөний түүх дээр бичигдсэн эмчилгээний зардал 145.480 төгрөг нийт 276.180 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 276.180 төгрөгийг шүүгдэгч О.Доос гаргуулж хохирогч Л.Молгох нь зүйтэй байна.
Харин хохирогч нь үлдэх 130.000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн данх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938002710185 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.Доос 276.180 /хоёр зуун далан зургаан мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Молгосугай.
5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн данх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1938002710185 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Л.М нь 130.000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР