Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0538

 

 

 

 

“Н” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн гомдолтой, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гомдол гаргагч “Н” ХХК-ийн, Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-040317-06 тоот даалгаврыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д зааснаар “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтэгдүүхэний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээ дараа оны нэгдүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ”. Иймд ашигт малтмал, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “А” нэртэй 0000А дугаартай “Н” ХХК нь хуульд заасан хугацаанд мэдээ, тайлан, төлөвлөгөөг гаргаж өгөх үүрэгтэй. “Н” ХХК нь 0000А дугаартай ашиглалтын зөвшөөрлөө өөр аж ахуйн нэгжид шилжүүлээгүй тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

“Н” ХХК, “А” ХК-иудын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ нь нүүрсний ордыг ашиглах, олборлох, ажил гүйцэтгэх талаар байгуулсан хамтын гэрээ учир “А” ХК-д хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, аж ахуйн нэгжийн дотоод асуудал.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул торгуулийн шийтгэлийг оногдуулж байгаа нь хуульд нийцээгүй байна гэсэн шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-д зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон. Энэ нь 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа нь нэгээс доошгүй жил байх, мөн Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны 263 дугаар тогтоолын 5.1-д “...улсын болон орон нутгийн төсөвт төлж байгаа татвар, төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс, ногдол ашиг, торгууль, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагад өгсөн хандив, тусламж, төрийн болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нийгмийн зориулалтаар (цэцэрлэг, сургууль, спортын үйл ажиллагаа санхүүжүүлсэн) зарцуулсан хөрөнгийн тайланг аудит хийсэн санхүүгийн тоо баримтад үндэслэн батлагдсан маягтын дагуу жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлангийн сүлжээгээр тайлагнаж, зохих журмын дагуу нийтэд мэдээлж байх...” гэж заасан.

Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зөрчилд оногдуулсан 0165577 дугаар шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны 12-04-317-06 тоот даалгаврыг тус тус хүчинтэй буюу хугацаандаа багтсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар хүргүүлэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, албаны нотлох баримтыг гаргаж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй гэж үзээд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

“Н” ХХК нь “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-04-317-06 дугаар даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Дорнод аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0165577 дугаар шийтгэлийн хуудсаар “...2017 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2-т заасны дагуу 10,000 нэгж /10 сая төгрөг/-тэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэлийг “Н” ХХК-д оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийг заасан бөгөөд 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаар дээрх үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад “Н” ХХК-ийг “2017 оны Олборлох үйлдвэрлэлийн, ил тод байдлын санаачилгын тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй” гэж хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0165577 дугаар шийтгэлийн хуудсаар “Н” ХХК-д 10 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан нь хууль бус болжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “Н” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, хариуцагчаас тайлан гаргаагүй аж ахуйн нэгжүүдээс “Н” ХХК нь 22-т, цахим дээр 16-д бичигдсэн байсан гэх үндэслэлээр тус компанийн зөрчил үйлдсэн нь ил тодорхой болсон гэж дүгнэж Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасанд нийцэхгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдийг дээрх нотлох баримтууд тодорхойлж чадахгүй, холбогдогч зөрчил гаргаснаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, тайланг хуулийн хугацаанд гаргаж өгсөн гэх тайлбарыг өгсөн байхад хариуцагч “Н” ХХК-ийн зөрчилд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газраас хариуцагчид хүргүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/193 дугаар албан бичиг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй болсон гэсэн үндэслэлд хамаарахгүй.

Тиймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй байхад Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан “шийтгэлийн хуудас”-ыг хууль ёсны гэж үзэхгүй тул 0165577 дугаар шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтны 12-04-317-06 дугаар даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН