Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 1616

 

БНСУ-ын “Дабль Юү эйч трейд” компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч БНСУ-ын “Дабль Юү эйч трейд” компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Өгөөмөр хужирт" ХХК, Д.Нансалням нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 189 289 812 төгрөг тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалням нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нансалням,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Цэндсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын “Дабль Юү эйч трейд” компанийн төлөөлөгч Бэк Үн Чан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч М.Хатанзориг нар шүүх хуралдаанд тайлбартаа: БНСУ-ын / Дабль Юү эйч трейд компани/-ийн захирал /Baik Woon Chang/ Бек Үн Чан нь М.Сандуйжав,  Д.Нансалням нартай 2012 онд танилцаж Монгол Улсад хатаасан май загас, хатаасан далайн байцаа нийлүүлэхээр тохиролцсон юм. Бүтээгдэхүүн  нийлүүлэхэд хуулийн этгээдтэй гэрээ байгуулах ёстой гэсний дагуу Д.Нансалнямын үүсгэн байгуулсан “Өгөөмөр хужирт” ХХК-тай манай компани экспортын бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.

Бүтээгдэхүүнийг Монголд борлуулахаар тохиролцсоны дагуу 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр БНСУ-ын Пёнтэк боомтоос HAEYANG MARINE компанийн нэр дээрээс 33.521 ам.долларын далайн гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлж “Өгөөмөр хужирт” ХХК нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан. Монголд борлуулалт сайн байна дахин нийлүүлж өгнө үү гэсэн тэдний хүсэлтийн дагуу БНСУ-ын Дабль Юү эйч трейд компанийн нэр дээрээс 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Пёнтэк боомтоос 14.546 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Өгөөмөр хужирт” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан.

БНСУ-ын Дабль Юү эйч трейд компанийн нэр дээрээс дахин 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Пёнтэк боомтоос 38 982,95 ам долларын бүтээгдэхүүн нийлүүлж “Өгөөмөр хужирт” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан.

Худалдах худалдан авах гэрээний дагуу борлууласны дараагаар бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг нэг ч удаа хийгээгүй.  Бүтээгдэхүүний борлуулалт сайн гэж хэлж 3 удаа чингэлэг ачаа нийлүүлэн авсан нь залилан мэхэлсэн үйлдэл байна гэж цагдаагийн байгууллагад гомдлыг гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гарга гэсний дагуу хариуцагч нараас худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 87 049.95 ам долларыг гэрээний хугацаа дуусгавар болж үүрэг үүсэх үеийн /2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр/ Монгол банкны ханш 1811 төгрөгөөр тооцож 157 647 459.45 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж Монгол Улсад ирж төлбөр шаардаж байсан болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байсан зардлын хамт гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч “Өгөөмөр хужирт” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь давхар хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч Д.Нансалням болон “Өгөөмөр хужирт” ХХК-иас төлбөрийг гаргуулж өгнө үү.

Монгол Улсад 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 20 ны өдрийг хүртэлх хугацаанд Эйр маркет ХХК-иас 10 удаагийн нислэгийн тийзний үнэд төлсөн 8 923 453 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Кореан эйр компаниас 610 800 вонн буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1 068 900 төгрөг, нийт ирсэн онгоцны тийзний үнэ 9 992 353 төгрөг,

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хуульч ажиллуулсан зардал 20 000 000 төгрөг, худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 87 049.85 ам доллар буюу 157 647 460 төгрөг, бичиг баримтын орчуулгын зардал 1 650 000 төгрөг, нийт 189 289 813 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч "Өгөөмөр хужирт" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалням шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Солонгосын иргэн Бэйк нь 2012 оны эхнээс 2013 оны 1 дүгээр cap хүртэл манайтай хамтран ажиллая гэж гуйгаад байхаар нь эхний ээлжид дээж авч энд судалгаа шинжилгээнд өгч үзье гэсэн. Ингээд дээж авах гэсэн чинь бүр их хэмжээгээр явуулсан байсан. Юу болоод ийм их бараа явуулав гэсэн чинь хамаагүй, энэ бол наймаа биш халхавч шүү. Үүнээс мөнгө төгрөг ч хуримтлагдахгүй гэж байнга хэлдэг байсан. Тэгсэн мөртлөө нэг өдөр би энэ Цэвээнпүрэвтэй хамтарч ажиллана бараа бүтээгдэхүүнийг энэ хүнд өг гэсэн. Ингэхэд нь тэгвэл өг гэсэн албан тоот гарын үсэгтэйгээ хийгээд өг гэсэн чинь үгүй бичиг баримтыг хэрэггүй гэж уурлан сүр болгосоор бараагаа авсан. Энэ барааг хүлээлгэн өгөх хүртэл манайх уг бүтээгдэхүүнийг хүмүүст ярьж танилцуулах, борлуулах ажил хийж байсан. Нэмж бараа авахгүй гээд байхад бидэнд мэдэгдэхгүйгээр дур мэдэн бараа явуулан ав  гэж утсаар мэдэгдсэн.

 Бараа 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 дугаар чингэлэг, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 дугаар чингэлэг бараа ирсэн. Би мөнгөний боломжгүйгээс  гааль дээр  10-14 хоног хүлээгдэн, улмаас аргагүй эрхэнд хүнээс мөнгө зээлж авсан. Үүнийг өөрт нь хэлж ярихад хамаагүй хүнээс зээлээд ав би удахгүй очоод өгнө гэсэн болохоор би хүнээс 0.5% хүүтэй мөнгө зээлж барааг авсан. Өөрөө бараагаа ирж үзэж харсан, бид ч  борлогдохгүй, хадгалах газаргүй, ийм их бараа дэмий байна гэхэд хамаагүй энэ бол зүгээр л халхавч битгий сандар тайван бай би өөрөө мэдэж байна гэсэн. Би энэ хүнийг  бодож ядаж гаалийн татвар, ачааны хөлсөө олог гэж бодож нэр бүхий дэлгүүрүүдтэй гэрээ хийж ажилласан боловч манай Монголчууд хэрэглэж заншаагүй учир борлогдоогүй юм.

Энэ бүгдэд ажилчин, унаа машин, агуулах гээд маш их зардал гарсныг мэдэж байгаа. Мөн орчуулагч нар нь энэ бүгдийг мэдэж байгаа. Бэйк нь намайг Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт гүтгэж олон сараар цагдаад шалгуулсанд гомдолтой байгаа гэжээ.

           

              Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч "Өгөөмөр хужирт" ХХК-аас 53 877 062,91 төгрөг /тавин гурван сая найман зуун далан долоон мянга жаран хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын "W СН Trade" компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 706 219,09 төгрөг гаргуулах шаардлагыг болон хариуцагч Д.Нансалнямд холбогдох хэргийг? тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлд заасныг баримтлан "Haeyang marine" компанийг төлөөлөн БНСУ-ын "W СН Trade" компанийн нэхэмжлэлтэй, "Өгөөмөр хужирт" ХХК-д холбогдох, 150 хайрцаг хатаасан, давсалсан хайтан загасны үнэ 33 521 ам.доллар буюу 60 706 531 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 461 483 төгрөг, хариуцагч "Өгөөмөр хужирт" ХХК-аас 427 336 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын "W СН Trade" компанид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642.517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол болох нислэгийн тийзний зардал 9 992 353 төгрөг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хуульч ажиллууласны зардал 20 000 000 төгрөг, баримт бичгийн орчуулгын зардал 1 650 000 төгрөг, нийт 31 642 353 төгрөг гаргуулах шаардлагаас 28 923 453 төгрөгийг гэрээний хохиролд тооцох үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн нь хуулийн буруу тайлбарласан гэж үзэж байна.

Дээрх зардлууд нь гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс болж нэхэмжлэгчид учирсан хохирол юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол болох 28 923 453 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалням Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлээгүй, орхигдуулан нэхэмжлэлийг шаардлагаас зарим хэргийг буюу 53 877 062.91 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой.

Манай компани нь БНСУ-ын Дабль Юү эйч трейд ХХК-нд төлөх төлбөргүй, нийт 122 137 154 төгрөгийн бараанаас  85 917 770 төгрөгийн барааны борлуулалтыг өөр хүнтэй түншилнэ гэж захирал Пек Үн Чан өөрөө “Булган тээлийн хөдий” ХХК-д нь өөрийн орчуулагч Номинчимэг, Өлзийбаяр гэх 2 хүнийг байлцуулан хүлээлгэж өгсөн. Пек Үн Чанд өөрт нь бэлнээр 3 800 000 төгрөг өгсөн, үүнийг анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн, мөн 674 300 төгрөгийн барааг авч найз нөхөддөө зарцуулсан. Пек Үн Чан нь намайг залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба мөрдөн байцаалтын ажиллагаанд бараа, далайн байцаа, хатаасан загас зэргийг хураан авч битүүмжилэн,  Пек Үн Чанд хүлээлгэн өгсөн. Агуулахын түрээс, 2 удаагийн гаалийн татвар, жолооч, ачигч нарын хөлс гээд манай компаниас маш их зардал гарсан, мөн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэст нэмэгдсэн өртөгийн албан татварын өртэй үлдсэн, манай компанийг маш их хохиролд оруулсанд гомдолтой. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс шүүхийн шийдвэрийн талаар дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

БНСУ-ын “Дабль Юү эйч трейд” компани нь хариуцагч “Өгөөмөр хужирт” ХХК, Д.Нансалням нараас гэрээгээр шилжүүлсэн 3 чингэлэг хатаасан загас, далайн байцааны үнэд 87 049 .95 ам. доллар буюу 157 647 459 төгрөг, гэрээний үүргээ хариуцагч тал зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж хохиролд онгоцны тийзний үнэ 9 992 353 төгрөг, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хуульч ажиллуулсан зардал 20 000 000 төгрөг, бичиг баримтын орчуулгын зардал 1 650 000 төгрөг  нийт 189 289 812 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг  хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч 3 удаагийн чингэлэгтэй бараа болох хатаасан загас, далайн байцааг хүлээн авснаа зөвшөөрсөн боловч  нэхэмжлэгчийн өөрийнх нь зааврын дагуу 85 917 770 төгрөгийн барааг “Булган тээлийн хөндий” ХХК-нд хүлээлгэн өгсөн, 129 хайрцаг барааг мөрдөн байцаагч битүүмжлэн хурааж нэхэмжлэгчид өөрт нь хүлээлгэн өгсөн, 3 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлэн төлсөн, нэхэмжлэгч өөрөө 674 300 төгрөгийн барааг найз нөхөддөө тараасан, одоо өөрт нь бараанаас үлдэгдэл үлдээгүй, тооцоо дуусгавар болсон гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 27 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд мөрдөн байцаагч 129 хайрцаг бүтээгдэхүүнийг Бек Вун Чанд  буцаан олгохоор гэж заасан байх бөгөөд энэ нь хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан, уг бүтээгдэхүүн “Булган тээлийн хөндий” ХХК, “Өгөөмөр хужирт” ХХК нарын хэн алиных нь эзэмшилд байгаа барааны тооцооноос хасагдах тухай үйл баримт тодорхойгүй байна.

 

Мөн хариуцагч 3 чингэлэг бүтээгдэхүүн хүлээн авсан талаар тайлбарласан байхад 1 чингэлэг хүлээн авсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг шаардаж байгаа бол гэрээний гол нөхцөл буюу гэрээний зүйлийн хэмжээ, тоо ширхэг, тус бүрийн үнэ зэрэг тодорхой байхаас гадна барааны нийт үнэ гэх 157 647 459.45 төгрөг болох талаарх нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй юм. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаа талаар, түүнчлэн ямар үндэслэлээр юуны төлбөр төлүүлэх гээд байгаа тооцоолол,  задаргаа тодорхой бус байгаа талаар тайлбар хүсэлтийг удаа дараа гаргасан байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа даалгавар өгөгч даалгавар, зааварчилгаагаа өөрчилсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Шүүх Ц.Цэрэнпүрэвийг гэрчээр асуухад “ ... 85 000 000 төгрөгийн барааг нэхэмжлэгчийн зааварчилгаагаар хүлээн авсан” гэж мэдүүлсэн, /хх-ийн 121 дүгээр хуудас/,  түүнчлэн “...шүүхийн танхимд нэхэмжлэгчтэй нүүрэлдэх хүсэлттэй байгаа, түүнчлэн нэхэмжлэгчтэй хоорондын тооцооны асуудалтай байгаа” талаар анхан шатны шүүхэд мэдэгдсэн байхад түүний уг мэдэгдэл гуравдагч этгээдээр оролцох агуулгатай эсэхийг тодруулаагүй байна.

 

Талуудын хооронд шилжүүлсэн хатаасан загас, далайн байцааны тооцоо  тодорхойгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн төлсөн 302 600 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалнямын төлсөн 427 350 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                          Ш.ОЮУНХАНД