Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/02139

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 09 210/МА2024/02139

 

 

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/04706 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК, Ц.Ц, З нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,017,308,177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Зээлдэгч М ХХК нь Т ХК-иас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04/20-12 дугаар бүхий зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 800,000,000 төгрөгийн тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл зээлийг жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 04/20-13 дугаар барьцааны гэрээ байгуулан дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: Баянгол дүүрэг, 09 дүгээр хороо, ..... гудамж 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Э-..... дугаартай, 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газарт тус тус барьцаалсан. Т ХК нь зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж тухайн зээлийн төлбөр болох 800,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд бүрэн шилжүүлсэн. Зээлэнд тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх зориулалттай Бгийн эх үүсвэртэй зээл байсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт нэгт заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн хүү 1,406 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн хүү 25,756 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хүү 6,997,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлнээс 7,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүүнээс 3,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр З нь батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлд 167,238,537 төгрөг төлөөд мөн хугацаанаас хойш төлбөр төлөгдөөгүй юм. Тны зүгээс 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 03 дугар сарын 31-ний өдөр уулзалт хийсэн тэмдэглэл, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уулзсан тэмдэглэл хөтлөн уулзалт хийж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Ингээд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 465,514,463 төгрөг, зээлийн хүүд 277,669,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,634,267 төгрөгийн зөрчилтэй байсан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04/20-15 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээний 1.1, 3.1.3, 3.4.2 дах хэсэгт тус тус заасны дагуу төлөгдөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 167,240,000 төгрөгийг Бгаас гаргуулсан тул Бгаас татгалзаж, үлдэх төлбөрийг хариуцагч Монголиан пропет ХХК-иас гаргуулах төлбөр дээр нэмж, 1,017,308.177 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд дурдагдсан Баянгол дүүрэг, 09 дүгээр хороо, ..... гудамж 1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Э-..... дугаартай, 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагч М ХХК, болон Ц.Ц нарын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 800,000,000 төгрөгийг цогц үйлчилгээгээ өргөтгөх төслөө хэрэгжүүлэхээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо ...... тоот буюу тус объектыг худалдан авч төслөө эхлүүлсэн. Гэвч яг энэ үеэс 2 жилийн хугацаанд ковидын цар тахал дэгдэж хил гааль хаагдаж хатуу хөл хорионд орсон учраас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй зогсонги байдалд орсон. Анх энэ зээлийг авахдаа судлуулсан худалдааны дэлгүүр хаагдаж орлогогүй болсон учраас шинээр эхэлсэн төслийн зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж чадахгүй байсан учраас зээлийн хугацааг хойшлуулах хүсэлтийг Т болон Зд удаа дараа гаргаж байсан. Зээлийн гурвалсан гэрээтэй учраас эхлээд Тны байгууллагын банк хариуцсан захирал н.Амараатай уулзаж учир байдлыг ойлгуулж зээл хойшлуулах гэрээ хийхээр Тнаас зээлийн ахлах эдийн засагч н.Октябрь тухайн зээлийг хариуцсан эдийн засагч н.Банзрагч мөн хуулийн мэргэжилтний хамт Зд эхний удаа очиж уулзахад Згийн захирал нь халагдсан шийдвэр гараад эзгүй байсан учраас шийдвэр гаргаж өгөөгүй. Үүний дараа 2 дахь удаагаа очиж уулзахад захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа газрын албаны дарга зээл авснаас хойших дансны хуулга болон бусад шаардлагатай зүйлсийг нэхэмжилж тэдгээрийг бүрдүүлж өгснөөр хариу гаргаж өгнө гэж хэлсэн боловч хариугаа авахаар очиход мөн захирал тодорхой болоогүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэж явсаар өдийг хүрсэн. Мөн энэ хугацаанд төслөө хэрэгжүүлэхэд ойр орчмын оршин суугчдын гаргасан гомдлоос болж 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж 96090 заалтыг нэмүүлж бүтэн нэг жилийн хугацаанд Баянгол дүүргийн шүүх дээр гомдол гаргасан хүмүүстэй шүүхийн асуудалтай явсан. Үүний дараа шүүхийн захирамж гарснаар 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манайх үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. 2022 оны 07 дугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадахгүй ийм хэмжээнд байсан учраас нэхэмжлэгчийн ярьж байгаа 2021 онд Хан-Уул дүүргийн шүүхэд өгөөд Хан-Уул дүүргийн шүүхээс надад ямар ч нэхэмжлэл ирлээ гэж хэлээгүй. Тиймээс би мэдэхгүй байгаа. Надад ирсэн шүүхийн нэхэмжлэлээр 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 744,818,180 төгрөгийг Монголиан корпорайшн компаниас нэхэмжилж Згаас 167,240,000 төгрөгийг нэхэмжилж анхны шүүхийн нэхэмжлэл ирсэн. Шүүхийн нэхэмжлэлийг анх ирүүлэхдээ З нь Танд 167,240,000 төгрөгийг гаргаж өгсөн байсан. Үүнийг гаргаж өгөхдөө 8 дугаар сарын 01-ний өдөр авлага барагдуулах гэрээг хууль ёсны дагуу нотариатаар орж хийсэн боловч 2023 оны 08 дугаар 15-ны өдөр 15 хоногийн дараа Тны хамт Баянгол дүүргийн шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан байсан. Шүүхээр орохын өмнөх шатанд танайх үйл ажиллагаа эхэлсэн төлбөрөө төлж чадах учраас шүүхээр орохгүйгээр авлага барагдуулах гэрээг эвлэрлийн гэрээ болгож хийдэг гэсэн. Түүний дагуу эвлэрлийн гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд графикийн дагуу төлөөд явж байна. З 167,240,000 төгрөгөөр манай компанийг батлан даагаагүй. Згийн хийсэн зээлийн батлан даалтын гурвалсан гэрээгээр 344,480 төгрөгөөр батлан дааж байгаа нь бичээстэй байгаа. Уг төлбөрийг бүрэн төлж дуусаагүй болоод Бг хариуцагчаар татсан. Үүнд холбогдуулаад зээлийн гэрээг цуцлаад 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу 1 жилийн дараах байдлаар 744,000,000 төгрөг маань 1 тэрбум 17 сая төгрөг болж өөрчлөгдсөн. Иймд нэг жилийн хугацаанд гарсан хүүгийн төлбөр буюу 373,022,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,531,460 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. 1 жилийн хугацаанд ийм хэмжээний хүү тооцогдох ямар ч боломжгүй. Мөн зээлийн хугацаа дуусах болоогүй. Анх 744,818,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн. 2023 оны 08 дугаар 15-ны өдрийн байдлаар хэвийн зээл төлөгдөх ёстой байдлыг харахад 708,035,883.15 төгрөг байсан. Иймд зээлийн зөрчил үүссэн хэмжээгээр гаргуулж аваад зээлийг хойшлуулах боломжтой байсан боловч тусгай активын хэлтэст ирснээр зээл хойшлуулах боломжгүй, эвлэрэх боломжгүй гэсэн шалтгаанаар шүүхэд хандсан. Зээлийн гэрээг цуцалсан бол тухайн үед гарсан 744,818,180 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Уг төлбөрөөс Згийн 167,000,000 төгрөгийг мөн гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 744,818,180 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, үлдэх 272,489,997 төгрөгийг Ц.Ц болон М ХХК нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн, Ц.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ..... гудамж 1 тоот хаягт байрлах, 617 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийн ..... тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-..... дугаарт бүртгэгдсэн 579 м.кв үйлчилгээний зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Зд холбогдох 167,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  5,872,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,952,241 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэж үзсэн талаар:

...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2020.02.17-ны өдрөөс 2028.03.02 хүртэл 10 жилийн хугацаатай байгуулагдсан. Т анх гэрээний үүрэг шаардаж 2023.08.15-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцлаагүй бөгөөд энэхүү шийдвэр гарсан анхан шатны шүүх хуралдаан дээр банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2024.10.08-ны өдрийн байдлаар Зээлийн гэрээ цуцлагдаагүй байгаа тул үндсэн зээл ашигласан хугацааны хүү, гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцно гэж тайлбарлаж байсан. Гэтэл шүүх гэрээ цуцласан гэж тайлбарласан мэтээр шийдвэр тусгаж үндэслэл болгожээ. Энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,21.2-т заасантай нийцээгүй байна.

2. Зээлийн үндсэн төлбөрөөс хариуцагчийг чөлөөлсөн талаар:

...Нэхэмжлэгч Т, хариуцагч М ХХК, З нарын хооронд 2020.02.17-ны өдөр 04/20-15 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 1.1-д заасан тохиролцоо нь, мөн гэрээний 2.1, 2.2-т зааснаар хэрэгжихээр тохиролцсон. Харин З нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагчийн нэгэн адил зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар тохиролцоогүй, энэ талаар үүрэг хүлээгээгүйг шүүх анхаараагүй байна. Энэ нөхцөлд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар талууд гэрээндээ үүрэг гүйцэтгэх хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заагаагүй бол нөхөх хариуцлага хүлээх хуулийн зохицуулалтай. Нэхэмжлэгч Төриин банк, Бгийн хооронд баигуулагдсан Батлан даалтын ерөнхии гэрээний 2.3-ийн (b)-ийн (i)-т зааснаар батлан даалтын дүнгийн 50% буюу 167,238,537 төгрөгийг төлсөн. Харин Батлан даалтын гурвалсан гэрээний 2.1, 2.2, Батлан даалтын ерөнхий гэрээний 2.3-ийн (b)-ийн (ii)-т зааснаар батлан даалтын үлдэх 50%-ийг банкны зүгээс зээлийг барьцаа хөрөнгөөр төлүүлэх хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авсан байхыг шалгуур болгож талууд тохиролцсон. Гэтэл шүүхийн шийдвэрт М ХХК-ийг оролцуулаагүй байгуулсан батлан даалтын ерөнхий гэрээгээр тал төлбөрийг урьдчилан төлөөд үлдсэн төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дараа үлдсэн хэмжээгээр батлан даана гэсэн нь хариуцагч М ХХК-ийн хувьд хүчингүй гэж үзлээ гэж дүгнэсэн.

3. Батлан даалтын гэрээний үүргийг дүгнээгүй талаар:

...Тны зүгээс зээлийн гэрээг М ХХК-тай байгуулсан бөгөөд харин тухайн гэрээний батлан даагчаар иргэн Ц.Цтэй гэрээ байгуулж, энэхүү батлан даалтын гэрээний үүргийг шаардсан байхад уг шаардлагад дүгнэлт хийгээгүй түүнийг хариуцагчаас чөлөөлсөн байдаг. Тухайн зээлийн батлан даагчаар иргэн Цэцэгийн Ц оролцож Ттай 2020.02.17-ны өдрийн дугаар 04/20-14 Батлан даалтын гэрээ байгуулахдаа гэрээний 1.2-т зээлдэгчийн Банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гарсан зардал, бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэн батлан даахыг, 3.1.1-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй, эсхүл гэрээг цуцалсан тохиолдолд үүргээ биелүүлэхийг Батлан даагчаас зээлдэгчийн нэгэн адил шаардах, 4.2.2-т Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд Зээлдэгчтэй хамтран хариуцаж, батлан даалтын үүргийн дагуу үл маргах журмаар төлөх гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэсэнтэй нийцэхгүй байна.

4. Зээлдэгчийн хүлээх үүрэг хуульд нийцээгүй талаар:

Зээлдэгч М ХХК нь Тнаас зээлийн гэрээгээр 800,000,000 төгрөгийн зээл авч улмаар үндсэн төлбөрт 7,000 төгрөг, зээлийн хүүд 10,024,162 төгрөг төлж, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 744,818,180 төгрөгийг нэмж тооцвол нийт 754,849,342 төгрөг төлөх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 272,489,997 төгрөгийг нэмж гаргуулан нийт 1,017,308,177 төгрөгийг Ц.Ц болон М ХХК нараас гаргуулж, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч М ХХК, Ц.Ц болон З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,017,308,177 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч М ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 800,000,000 төгрөгийг тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх зориулалтаар жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгохоор тохирч, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан /х.х 10-13/,

 

3.2. Улмаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Ц.Цийн өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, ..... гудамж, 1 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Э-..... дугаартай 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан /х.х 14-20/,

 

3.3. Мөн М ХХК, З болон Т ХК нарын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан батлан даалтын гурвалсан гэрээгээр З нь 800,000,000 төгрөгийн 41.81 хувь буюу 334,480,000 төгрөгийн хэмжээнд батлан даахаар болсон бол Ц.Ц нь Т ХК-тай батлан даалтын гэрээ байгуулжээ. /х.х 21-25/

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн зохигчид тус 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар болон 617 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх ба талууд энэ талаар маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч Т ХК нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч М ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 465,514,463 төгрөг, зээлийн хүүнд 277,669,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,634,267 төгрөг, нийт 744,818,180 төгрөг, хариуцагч Згаас батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 167,240,000 төгрөг, хариуцагч нараас нийт 912,058,180 төгрөгийг нэхэмжилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Цийн өмчлөл, эзэмшлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. /х.х 1-3/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Зг батлан даасан 334,480,000 төгрөгөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 167,238,537 төгрөгийг төлсөн тул энэхүү байгууллагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, улмаар хариуцагч М ХХК, Ц.Ц нараас зээлийн үлдэгдэл 632,754,463 /465,514,463+167,240,000/ төгрөг, зээлийн хүү 277,669,450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,634,267 төгрөг, нийт 912,058,180 төгрөгийг нэхэмжилсэн байна. /х.х 57, 111/

 

Мөн нэхэмжлэгч Т ХК нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, М ХХК, Ц.Ц нараас үндсэн зээлийн үлдэгдэл 632,754,463 төгрөг, зээлийн хүү 373,022,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,531,460 төгрөг, нийт 1,017,308,177 төгрөгийг нэхэмжилжээ. /хх.190/

 

Харин нэхэмжлэгч Т ХК-ийн нэмэгдүүлсэн буюу Б.Батцоожийг зээлийн гэрээний шаардлагын хамтран хариуцагчаар, Ц.Цийг батлан даалтын гэрээний шаардлагын хариуцагчаар тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2024/04053 тоот захирамж хүчин төгөлдөр хэвээр байна /х.х 101, 106, 107/.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоос хариуцагч Ц.Цээс батлан даалтын гэрээний үүргийг шаардсан хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэсэн хэсгийг хүлээн авахгүй.

 

5. Хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч М ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хүүнд 1,406 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 25,756 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,997,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлээс 7,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүнд 3,000,000 төгрөг, З 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлээс 167,238,537 төгрөгийг тус тус төлсөн эсэх талаар маргаагүй байна.

 

Тодруулбал, зохигч нарын байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч М ХХК нь сар бүр үндсэн зээлээс гадна зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул уг компанийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч М ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, хариуцагч Ц.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

Учир нь, Ц.Ц нь зээлдэгч этгээд биш, тэрээр барьцаалуулагч болоод батлан даагч бөгөөд түүнийг батлан даагчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулаагүй тул анхан шатны шүүхийн Ц.Цийг зээлийн гэрээний үүргийг хүлээхгүй гэсэн дүгнэлтийг буруутгахгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс энэ хэсэгт гомдол гаргаагүйг үүгээр дурдана.

 

6. Харин анхан шатны шүүх Т ХК болон З нарын байгуулсан батлан даалтын гэрээний эрх, үүрэг хэрхэн хэрэгжих болон нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан эсэх, үүнтэй холбоотой зээлдэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

6.1. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана гээд 231.1.5-д батлан даалт гэж, мөн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой дагалдах эрх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчээс, аль эсхүл хожим үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаар хангуулахаар шаардах нь түүний эрх юм.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Т ХК-ийг хариуцагч М ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 632,754,463 төгрөгийг нэхэмжилсэн байхад Зтай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу тус байгууллагаас 167,240,000 төгрөгийг нэхэмжлэх ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно гэж заасантай нийцэхгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч М ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 632,754,463 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангана.

 

6.2. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч М ХХК-нд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бол 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн талаар уулзалт хийж байжээ.

 

Талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзвэл зохигчид зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эрхтэй эсэх талаар маргасан байх тул шүүх зээлийн гэрээг цуцлах нь үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн шийдвэрлэнэ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд цуцалж болно гэж зохицуулсан.

 

М ХХК нь зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч Т ХК нь хариуцагчид зээлийн гэрээний үүргийг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон, тэрхүү хугацаанд үүргээ биелүүлээгүйг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхтэй ба гэрээг цуцлах талаарх журмыг зөрчөөгүй байна.

 

Тиймээс анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

7. Харин зохигчид энэхүү магадлалын 5 дахь хэсэгт дурдсан үндсэн зээл болон зээлийн хүү төлсөн тооцооллын талаар маргаагүй ч нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нь төлөх ёсгүй гэж маргажээ.

 

7.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Мөн талууд зээлийн гэрээний 2.2.4-т Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний ерөнхий хугацаа дууссан болон хуваарьт хугацааг зөрчсөн тохиолдолд зээлийн үлдэгдлээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоход мөн адил хамаарна.

 

7.2. Хэдийгээр талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг үндэслэн түүнд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хугацаа хэтэрсэн зээлийн хүү 109,622,462.35 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх талаар, мөн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлөөгүй 165,962,133.75 төгрөгийн зээлийн хүүг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор төлөх талаар мэдэгдсэн боловч тэрээр зээлийн төлбөрийг төлөөгүй тул гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэж шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Иймд, хариуцагч зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тооцож үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй учир энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

 

Тиймээс хариуцагч М ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 632,754,463 төгрөг, зээлийн хүүнд 373,022,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,531,460 төгрөг, нийт 1,017,308,177 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

8. Мөн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2024/04053 тоот захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,297.84 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ энэхүү мөнгөн дүнг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байх тул өөрчлөлт оруулна.

 

9. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/04706 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, -д тус тус заасныг үндэслэн хариуцагч М ХХК-иас 1,017,308,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Цд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

4 дэхь заалтад заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  5,472,641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 5,244,491 төгрөг, хариуцагч Ц.Цээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,520,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР