| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0161/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/184 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Ч.Н,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.М.Э,
Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эод холбогдох эрүүгийн 1838007490182 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд иргэн Ч.Нийг эгч Э-тэй хардсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун нүдийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд иргэн Ч.Нийг эгч Э-тэй хардсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун нүдийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838007490182 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Ч.Н ахыг гарч ирэхээр нь та намайг хавар гэрт чинь ирсэн байхад Энхээ эгчтэй хардсан. Мөн манай гэрийнхнийг доромжилсон гэж хэлэхэд намайг боогоод авсан. Удалгүй ээж Түвшинжаргал, Энхээ эгч хоёр гарч ирсэн. Гарч ирэнгүүт Ч.Н ах бид хоёрыг салгасан. Салгахад миний ухаан балартахаар нь газарт хэсэг суусан. Толгой эргэхээ болихоор нь эргэн тойрноо харахад миний хуурай ах Нямкаг Ч.Н ах зодож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод нүүр лүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисон...Би хохирогчоос уучлал гуйж байна. Би нүдийг нь гэмтээсэндээ уучлал гуйж байна. Би ажил хөдөлмөр хийж байгаад мөнгө олоод заавал хараатай болгоно гэж бодож байна. Би цаашдаа бас тусалж дэмжиж явна гэж бодож байна...Би ахиж зодоон цохионы асуудал гаргахгүй. Аливаа асуудлыг зөвөөр шийдвэрлэж байна. Намайг нэг удаа харж үзээч гэж хүсч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...М.Э намайг гадаа гараад ирээч уулзья гэж байсан. Тэгэхээр нь би түүнтэй гарч хашааны гадаа уулзсан. Гадаа М.Э “та намайг эгчтэй маань хардсан” гэж хэлсэн, тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм чамтай юм ярихгүй” гэж маргалдаад барилцаж авсан. М.Этой хамт ирсэн залуу миний араас өшиглөөд намайг цохиод авахаар би түүнтэй барилцаад авсан. Тэр залуутай барилцаж авсан байхад Энхцэцэгийн том ах М.Эын ээж хоёр гарч ирээд намайг хоёр талаас маань бариад авсан. Яг тэгж барьж авсан байхад М.Э нь үсэрч ирээд миний баруун талын нүдрүү нэг удаа хүчтэй цохисон. Түүнд цохиулаад л баруун нүд маань шууд юм харахаа болиод харанхуй болчихсон...Тэгээд би Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Очоод 5.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би одоо гомдолтой байна... Намайг хагалгаанд орсны дараа 800.000 төгрөг, 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-17 дугаар хуудас/,
Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гүйгээд гарахад хамтран амьдрагч Ч.Н нь зодуулсан байдалтай байсан. Тухайн үед Ч.Н чиний дүү чинь миний нүдрүү цохьчихлоо гээд надруу дайрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Н манай гэрт ирэхдээ баруун талын нүд маань юм харахгүй байна гэсээр битүү хавдартай ирсэн...Ч.Н надад хэлэхдээ Энхцэцэгийн эгчийнх нь банди миний нүд рүү гараараа хүчтэй цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр ах араас үхсэнээ хараав нарийхан минь гэхээр тоогоогүй гараад явж байхад тэр ах араас ирээд намайг заамдаж аваад зүүн хөлний гуяруу 2 удаа өшиглөсөн. Зүүн гарын булчин руу нэг удаа, баруун булчин руу нэг удаа цохисон ... намайг зодож байгааг хараад М.Э ирээд тэр ахыг баруун талаас нь нүүрний шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 477 тоот:
1. Ч.Нийн биед баруун нүдний алим, эвэрлэг, торлог бүрхэвчийн гэмтэл, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
3. Ч.Нийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3-д зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний явцаас хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт:
1. Шинжээчийн №477 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Ч.Нийн биед баруун нүдний алимны агууламжийн гадагшлалт, шилэнцэрийн цус харвалт, торлог болон судсан бүрхүүлийн ховхролт, бүрэн хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо.
3. Баруун нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Нийн биед үүссэн баруун нүдний алим, эвэрлэг, торлог бүрхэвчийн гэмтэл, цус хуралт нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Миний бие дүгнэлтэнд нэг болон гэдэг үгийг орхиж бичсэн байна. Баруун нүдний алим, эвэрлэг, торлог бүрхэвчийн гэмтэл, цус хуралт бүхий гэмтлүүд нь нэг газарт үүссэн гэмтлүүд учраас мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...
”гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-68, 101-103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838007490182 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд иргэн Ч.Нийг эгч Энхцэцэгтай хардсан гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун нүдийг цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ч.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-17 дугаар хуудас/,
Гэрч Ц.Энхцэцэгийн /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Базархандын /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч А.Нямсүрэнгийн /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 477 тоот дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.Э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Э нь хохирогч Ч.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хохирогч нь 5.159.850 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хохирогч Ч.Н нь замын зардалд: №75761817 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №77010418 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №75761818 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №79145516 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №80228632 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №82459817 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №79941902 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №201811260 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №87127321 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №87127322 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг, №201902140 дугаартай Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ 36.000 төгрөг нийт 396.000 төгрөгийн баримтууд,
Эмчилгээний зардалд: Болор мэлмий эмнэлгийн нүдний мэс заслын үнэ 4.000.000 төгрөгний Е баримт, Болор мэлмий эмнэлгийн давтан үзлэгийн үнэ 20.000 төгрөгний 2 ширхэг Е баримт нийт 4.040.000 төгрөгний баримтууд,
Бусад зардалд: Саруул амьдрал хөгжлийн 43.750, 38.600, 30.000 төгрөгний Е баримтууд, Ноториатчын танхимын 6000 төгрөгний баримтууд, гэмтлийн зэрэг тогтоох хураамжны үнэ 8.000 төгрөг нийт 126.350 төгрөгний баримтууд,
Эмчилгээний болон бусад зардалд нийт 4.562.350 төгрөгийн хохирол нь хэрэгт
авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч М.Э нь эмчилгээний зардалд нөхөн төлсөн 1.100.000 төгрөгийг хасч 3.462.350 төгрөгийг шүүгдэгч М.Эоос гаргуулж хохирогч Ч.Н олгох нь зүйтэй байна.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Эоос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Эыг албадан ирүүлэхэд гарсан зардал 27.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Э нь урьд 2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 7 сарын хугацаагаар хойшлуулж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68, 102-103 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч М.Э нь ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838007490182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн
11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эоос 3.462.350 /гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Н, 27.300 /хорин долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн 1838007490182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Ч.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Эоос иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР