Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч Б.Д,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002630190 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 51-02 тоотод Б.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 03 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-51-2 тоотод иргэн Б.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч Б.Мын ... Тухайн өдөр би хамтран амьдрагч Өтэй хамт гэртээ байсан. Тэгтэл Өгийн дүү Жүгдэр 15 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэр жаахан согтуу юм шиг байсан. Ө эрүүл байсан. Жүгдэр 20.000 төгрөг гаргаж ирээд Өг архинд явуулж 1 шил архи авч ирээд тэр 2 уусан. Ө авдар доторх архиа гаргаж ирээд нэмж уусан. Тэр 2 нилээн согтсон ба Жүгдэр нь “танай гудамжны чинь идэвхтэн манай ээжид орж ирээд 4 хүүхэдтэй бэлэн хоол идсэн хүүхэн байдаг байсан амьдрал мэдэхгүй” гэж ярьсан гээд намайг “чи миний ахын гэрт байх шаардлагагүй” гээд босч ирээд миний үснээс зулгааж хойш нь ор руу намайг хөндөлдүүлж дарсан. Тэгэнгүүт Ө босож ирээд “Маа битгий юм хэлээрэй наадах чинь согтуу байна” гэсэн. Жүгдэр намайг хөөсөн тэгэнгүүт Ө “чи одоо тэгвэл зайлаад өг Жүгдэр хэлж байгаа юм бол” гэсэн. Ө салгаад дундуур орсон. Жүгдэр нь тэгээд намайг тавьсан. Тэгээд би гараад цагдаа дуудсан. Тэндээсээ би дүүгийндээ очиод хоносон. Жүгдэр намайг цохиогүй харин үсдэж аваад дарсан. Утасны цэнэглэгчээр 1 удаа миний нуруу руу өнгөцхөн шавхуурдсан. Тэгэхээр нь би явсан ... Би Б.Дт гомдол санал байхгүй. Бид 2 эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14, 59-60/,

Гэрч Ч.Өгийн ... Д Мтай маргаад босоод ирхэд нь би урдаас нь босоод тэвэрч аваад гаргасан. Намайг Дийг тэвэрч авсан хойгуур л Мыг Д энд тэндээс нь орлуу түлхсэн байж магадгүй түүнээс өөрөөр Мад Д гар хүрээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч    Б.Сын ... 2019 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд байх манайд Б.М эгч зодуулчихаад ирлээ гээд уйлчихсан байдалтай ирсэн. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгсөн ... Маргааш өглөө нь Б.М бид 2 эмнэлэг дээр очиж эмчид Б.М эгч үзүүлсэн. Би бол Б.М эгчийг зодуулхад нь байгаагүй болохоор хэн яаж зодсоныг нь мэдэхгүй байна. Д нь намайг зодсон гэсэн. Б.Мын нүүрэнд нь мэдэгдэх зүйл байхгүй байсан. Өглөө нь босоод ирхэд хацар нь жаахан хавдсан юм шиг байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,

Шүүгдэгч Б.Дийн ... Ө архи уух гэж архи гаргаж ирээд тэрийгээ боль гээд бас над руу дайрхад нь би Б.Мыг түлхээд тэр баруун ор руугаа унасан ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 140 тоот шинжээчийн ... Х.Б-гийн биед зүүн гарын алганы дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/

Баянхонгор  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 13-ны өдрийн 206 тоот шинжээчийн ... Б.Мын биед тархи доргилт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.М шүүгдэгч Б.Д нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 81-82 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны цэнэглэгчийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Дийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Дт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Дийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны цэнэглэгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА