| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0127/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/129 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Л.А,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007240163 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Л.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянмонгол кароакед Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянмонгол кароакед Б.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Б.Оын ... 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би Баянмонгол караокед эхнэр У болон Д, Г, Н.А нарын хамт орсон. Тэгээд бид нар караокед пиво ууж байгаад Аптангэрэл бид 2 нойлд орсон. Тэгэхэд нойлын өрөөнд 1 ах зогсож байхаар нь хажуугаар нь бид 2 өнгөрөөд 2 нойлд тус тусдаа бие засаад эргэж гарахад нойлын өрөөнд гаднаас дахиад 1 ах орж ирсэн. Тэгтэл гаднаас орж ирсэн ах шилтэй пиво барьсан байж байгаад дотор зогсож байсан ахад өгсөн. Тэгтэл тэр дотор зогсож байсан үстэй захтай хар күртиктай ах “та нар ах нарынхаа урдуур орж шээлээ” гээд пивоны шилээрээ Г гэдэг манай найзын урдуур саваад миний хөмсөг рүү цохисон. Тэгээд тэр 2 ах гараад явхаар нь би араас нь дагаж бүр гадаа гараад “яагаад намайг цохиж байгаа юм” гээд бариад авсан чинь нөгөө ах миний гарыг дугтарч тавиулаад зугтаасан. Тэгээд цуг явж байсан ахыг нь бариад үлдсэн. Тэгтэл надтай хамт явсан хүмүүс бүгд гараад ирсэн. Нөгөө хүмүүстэй хамт явсан 3 эгч 2 ах гарч ирээд нөгөө намайг цохьчихоод зугтаасан ахын эхнэр нь араас нь яваад өгсөн. Үлдсэн хүмүүстэй нь манай эхнэр болон надтай хамт явсан хүмүүс маргалдсан. Би тухайн үед нөгөө ахыг бариад зайтай зогсож байсан. Гадаа гарч ирсэн хүмүүсийг хархад манай эхнэрийг хар куртиктэй эмэгтэй үсдээд унагааж байсан. Би нөгөө барьчихсан байсан ахыгаа алдахгүй цагдаа ирхээр нь хүлээлгэж өгөх гээд бариад зогсож байсан юм. Тэгж байтал цагдаа ирээд би нөгөө ахыг хүлээлгэж өгсөн. Намайг гадаа гархад нөгөө намайг цохьчихоод зугтаасан ахын эхнэр нь ирээд ”яагаад нөхөр бариад байгаа юм” гээд миний нүүр, хүзүүг самардсан. Тэгээд нөхөр нь явсан чинь тэр эмэгтэй яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65/,
Гэрч Т.Угийн ... 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр Оын төрсөн өдөр болоод Баянмонгол гэдэг караокед нөхрийн найз А, Г, Д, Гийн эхнэр бид нар орсон. Тэнд байж байхад манай нөхөр О Атэй тамхи татах гээд гарсан. Тэгтэл коридорт манай нөхөр “намайг цохичихлоо” гэж орилсон. Тэгэхээр нь би коридорт гарсан чинь Оын хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэгтэл эрэгтэй эмэгтэй 2 хүн гадагшаа гарч байсан ба би гараад эмэгтэйгээс нь “яагаад хүн цохисон юм” гээд араас нь татсан чинь тэр эмэгтэй эргэж хараад намайг алгадсан. Тэгэхээр нь би юм дуугаралгүй эргэж ортол манай нөхөр зөрж гараад тэр эрэгтэй эмэгтэй 2-ын цаана явж байсан эрэгтэй рүү “намайг цохисон хүн тэр байна “гээд гүйсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Гэрч Д.Мгийн ... 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай нөхрийн ангийн Энхтөр болон түүний эхнэр Р, найз О түүний эхнэр Б бид нар манай нөхрийн хамт уулзаж Баянмонгол гэдэг караокед суусан. Тэгээд цаг нь дуусаад гарах гэж байсан. Эмэгтэйчүүд нь тооцоо хийж байсан. Манай нөхөр А болон О нар нойл орж бие засчихаад гараад ирсэн. Бид нар караокены гадаа үүдэнд нь гараад буцаад караокены хаалга онгойлгоход урдаас нэг эмэгтэй хүчтэй үсрээд миний гэдэс рүү жийсэн. Би дуугарч чадахгүй эвхэрээд машины дэргэд очоод цаана нь хэсэг суусан. Тэгээд гайгүй болохоор нь би эргээд караокены үүдэнд очиход Ргийн үснээс 1 хүүхэн зулгаасан. Р үснээс тавь гэж байсан. Нөхөр нь болох Энхтөр үсийг нь тавьчих гээд Р болон нөгөө эмэгтэйг салгах гэж оролдож байсан. Р тэгхэд газар уначихсан байсан. Тэгэхээр нь би араас нь очоод нөгөө хүүхнийх нь араас куртикнээс нь зулгаасан чинь намайг араас нэг хүүхэн үснээс зулгаагаад би хойшоо болсон. Намайг хойшоо болонгуут тэр хүүхэн нь миний үсийг тавьсан. Тухайн үед би бага зэрэг архи уусан учир халаалттай байсан. Манай нөхөр тэгэхэд булан тойроод явахаар нь би араас нь явсан. Тэр үед О нь манай нөхрийг барьж авсанаа үлдээд манай нөхөр цаашаа явсан. Манай нөхрийн араас нь намхан залуу явсан. Би нөхрийнхөө араас яваад байшингийн булан тойроод зогссон чинь араас миний гэдэс рүү өшиглөдөг эмэгтэй ирсэн. Тэр эмэгтэйтэй би “чи намайг ямар аймаар өшиглөвөө” гэхэд тэр эмэгтэй “би таныг таниж байна та ингээд явчих” гэсэн. Манай нөхрийн араас явсан бор савхитай намхан залуу ирээд бид ярилцаад 3-уулаа эргээд Караокены үүдэнд ирэхэд тэнд цагдаа нар ирчихсэн О, Энхтөр нар байсан. Харин Р Б нар харагдахгүй байсан. Нөгөө улсуудаас хүмүүс бас байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/,
Гэрч Ч.Ргийн ... Сүүлд нь А Оыг пивоны шилээр цохиосон байна гэж ярьж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/,
Шүүгдэгч Л.Аын ... би бие засчихаад гарч ирээд найзыгаа хамт гарах гэхэд манай найз хөдөлж өгөхгүй байсан. Би бие засч байхдаа угаалтуур дээр түр зуур шилтэй пиво тавьчихсан байсан юм тэр пивоны шилээр маргалдаад байсан нэг залууг цохисон тэгээд би гарч явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 23 тоот шинжээчийн ... Б.Оын биед зүүн хөмсөгт шарх, хөмсөг, хацар, дээд уруул, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгйин гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.О шүүгдэгч Л.А нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 129-130 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Аын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Аын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Л.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Ат 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Аын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ат мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Л.Аын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА