| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/08207/И |
| Дугаар | 210/МА2024/02158 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02158
2024 12 13 210/МА2024/02158
О.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/04534 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: О.Сын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Мд холбогдох,
12,571,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие хариуцагч Н.Мтэй 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Тоёота AQUA маркийн .... УНЦ улсын дугаартай автомашиныг урьдчилгаанд 6,000,000 төгрөг төлөөд 14 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр нөхцөлөөр худалдан авахаар тохирсон. Би, хариуцагч болон н.Ундармаа гэж хүний дансанд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл 13 удаагийн үйлдлээр төлөлт хийсэн. Ингээд хариуцагчтай яриад сүүлийн 500,000 төгрөг өгөөд автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлээд авъя гэхэд тэрээр Өмнөговь аймагт ажилтай байна, дараа сард болъёо, дараа ярихад оны дараа болъёо гэж хойшлуулж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Намайг хариуцагчийн өгсөн хаягаар очихд байхгүй, эхнэрээсээ салсан, хаягаа өөрчлөөгүй гэсэн. Гэтэл миний худалдан авсан автомашин Үлэмж их оргил ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, хариуцагч Н.М нь мөнгийг төлөөгүйгээс уг автомашиныг алдах нөхцөл байдал үүссэн. Иймд, хариуцагчид төлсөн 12,500,000 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардал 71,600 төгрөг, нийт 12,571,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.М нь хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Мэс 12,571,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Саас төлсөн 222,590 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Мэс 216,096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Сд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Саас дутуу төлсөн 558 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...шүүх хэргийг шийдвэрлэхдээ тогтоох хэсгийн 1-т ...хариуцагч Н.Мэс 12,571,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Сд олгосугай гэж шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагч надаас машин зээлээр авсан төлбөрийг бүрэн хэмжээгээр гаргуулахаар шийдсэн мөртлөө миний автомашиныг яах нь тодорхойгүй байдлаар үлдээж, хэргийг бүх талаас нь хянан үзэж бүрэн шийдвэрлэх үүргээ биелүүлсэнгүй. Нэхэмжлэгч нь нэгэнт гэрээнээс татгалзаж нэхэмжлэл гаргаж байгаа бол авсан, өгснөө буцаах хуулийн зохицуулалттай. Шүүхийн гаргасан дээрх шийдвэр нь хэргийг бүрэн бодитой тал бүрээс нь судалж шийдвэрлэлгүй дутуу шийдсэн, хэт нэг талыг барьсан шинжтэй гарсан байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Бидний зүгээс төлбөрийг нь бүрэн төлж, худалдаж авсан автомашинаа өнөөдрийн байдлаар захиран зарцуулж чадахгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас огт мөнгө аваагүй тул энэ хэргийг түргэн шуурхай, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Н.Мд холбогдуулан гэрээний үүрэгт 12,571,600 төгрөг нэхэмжилэл гаргасныг хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй.
3. Талуудын тайлбараар О.С нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Н.Мтэй худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр Тоёота AQUA маркийн .... УНЦ улсын дугаартай автомашиныг 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон талаар маргаангүй.
Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн, мөн хэргийг бүрэн гүйцэт шийдвэрлээгүйгээс гадна нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийг баримталсан байх тул эдгээр алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Зохигчид гэрээний зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөлөөр тохиролцсон байх боловч тус автомашины үнэ болох 13,000,000 төгрөг нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй буюу зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус, харин 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тодруулбал, худалдагч нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.
5. Зохигч нарын тайлбараар О.Саранцэцэг нь өнгөрсөн хугацаанд Н.Мд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 12,500,000 төгрөгийг төлсөн хэдий ч худалдагч нь автомашиныг бусдад барьцаалуулсан гэсэн шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр худалдан авагч нь гэрээнээс татгалзаж, улмаар гэрээний үүрэгт төлсөн 12,500,000 төгрөгийг хариуцагчийн оршин суугаа хаягийг тодруулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,600 төгрөгийн хамт нэхэмжилжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч нь гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй, харин хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох .... УНЦ улсын дугаартай автомашиныг шийдвэрлээгүй орхигдуулсан гэсэн гомдлыг хүлээн авна.
Учир нь, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд уг гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүргийн хүрээнд худалдан авагч О.Саранцэцэг нь худалдагч Н.Мд автомашиныг буцааж өгөх нь дээрх хуульд нийцнэ.
6. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг хоёр талын гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол нэхэмжилсэн байхад энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримталсан нь учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд хохиролд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хамааруулна.
7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/04534 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Мэс 12,571,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгож, .... УНЦ улсын дугаартай, Тоёота акуа-Р10 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг хариуцагч Н.Мд буцаан өгөхийг нэхэмжлэгч О.Сд даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,096 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР