| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/00444/И |
| Дугаар | 210/МА2024/02159 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/02159
2024 12 13 210/МА2024/02159
Т.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/03855 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар М ББСБ ХХК-аас Капитрон банк ХХК-д 548,318,960 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, .............. дугаар байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 286,216,350 төгрөгөөр үнэлсэнд одоогийн нөхцөл байдлаар тооцоход бидэнд илт хохиролтой байгаа юм.
...Тухайн үедээ зах зээлийн үнийг тогтоохдоо үл хөдлөх хөрөнгийг ойролцоогоор 286,216,350 төгрөг буюу 1 кв.м талбайг 1,987,618 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь өнөөгийн байдлаар зах зээл дээр хамгийн багадаа 446,400,000 төгрөг буюу 1 кв.м бүр нь 3,100,000 төгрөг болсноос үзэхэд бидний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэд 160,183,650 төгрөгийн өөрчлөлт орсон байна.
...Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 сарын 20-ны мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дүгээр захирамжаар ...иргэн Т.М /....../-ийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр авагч Капитрон банкнаас хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний Дамно ХХК-г үнэлгээчнээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 286,216,350 төгрөгөөр үнэлсэн.
...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцон 200,351,445 төгрөгөөр оруулахад 204,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар үл хөдлөх хөрөнгөд хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01795 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2023/01730 дугаар магадлалаар нэхэмжлэгч Т.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлөдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.
Т.М нь тус шүүхэд 2024.01.12-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/02000 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.4-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч Т.Мын өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь илт үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ огт биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Нт холбогдох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэгч Т.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн шүүх хуралдаанд миний зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт хүргүүлсэн бөгөөд тухайн хүсэлтдээ нотлох баримт болох эмнэлгийн магадалгааг хавсаргасан. Гэтэл хавтаст хэргийн 239 дүгээр талд байх 2024 оны 10 дугаар сарын 16 өдрийн 19835 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж нь тодорхойлох хэсэгтээ ...шүүх хуралдаан давхацсан тул шуух хуралдааныг хойшлуулж өгнө үү гэжээ. гэж өмгөөлөгч миний хүсэлтийг өөр агуулгатайгаар бичсэн байгаа нь харагдаж байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ ямар ч хайхрамжгүй хандсан нь харагдаж байна. Миний зүгээс өөрийн биеэр очих боломжгүй байсан тул шүүхэд баримтаа мэйл хаягаар нь хүргүүлсэн.
Мөн миний бие хэргийн материал танилцаагүй, эрх үүрэг, нөлөөлөл мэдүүлэг танилцуулсан баримт дээр гарын үсэг зураагүй байсан ба эдгээр ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 181/ШШ2024/03855 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.Маас хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 тоот захирамжаар Капитрон банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 548,318,960 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг М ББСБ ХХК нь хүлээн зөвшөөрч, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 98,318,960 төгрөг төлсөн тохиолдолд Б.Мөнхтуулын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 53 дугаар байр, 303 тоот хаягт байрлах 19.84 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд Х.Тгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, ............ байр, 1 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд Т.Мын өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, ............ байр, 2 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд Н.Чын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ............. байр, 22 тоот хаягт байрлах 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /х.х-ийн 7-11/
3.1. М ББСБ ХХК нь шүүхийн дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй учир Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж, улмаар Т.Мын өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, ............ байр, 2 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан байна. /1.х.х-ийн 65-66, 70-71/
3.2. Мөн төлбөр авагч болон төлбөр төлөгч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүйг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч тухайн үнэлгээг хүчингүй болгуулахаар Т.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/01795 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2023/01730 тоот магадлал тус тус хуулийн төгөлдөр болжээ. /1.х.х-ийн 171-178, 38-41/
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.
Тодруулбал, хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад үл хамаарах бөгөөд зөвхөн талуудын тайлбарыг үндэслэн барьцааны зүйлийн зах зээлийн үнийг дахин тогтоох ажиллагаа явуулах нь учир дутагдалтай болно.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Т.М нь барьцаалуулагч этгээд болохын хувьд өөрийн өмчлөлийн буюу барьцааны зүйлийн зах зээлийн үнийг урьд өмнө тогтоосон үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээгээр нэмэгдсэн гэдгээ баримтаар нотлох үүрэг хүлээнэ.
Нэхэмжлэгч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв.
5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан байна
Үүний дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй тус тус танилцсан байх ба түүний хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг, мөн шүүх хуралдаан давхацсан гэсэн хүсэлтийг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж олгоогүй талаар шүүхийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хүсэлтээр товлогдсон шүүх хуралдаан хэд, хэдэн удаа хойшлогдсон бөгөөд шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны товыг зохигч нарт мэдэгдэх цаг хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг өвчтэй байсан гэдгийг мэдэх боломжгүй, өмгөөлөгч нь энэ талаар шүүхэд урьдчилан мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоос татгалзсан байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгахгүй.
6. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийг баримталсаныг давж заалдах шатны шүүхээс залруулна. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, барьцааны зүйлийн үнэлгээг дахин тогтоолгох, үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг даалгах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудын гомдлыг дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т тус тус зааснаар эрх бүхий этгээдүүд шийдвэрлэсний дараа шүүх хянан шийдвэрлэх журамтай.
7. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/03855 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад 55 дугаар зүйлийн 55.5 гэснийг 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Оын төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР