Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/02191

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 18 210/МА2024/02191

 

 

 

Н.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04063 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК-нд холбогдох,

 

Гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж, А 1 болон 2 дугаар ээлжийн барилгаас 107 м.кв талбайтай орон сууцыг Н.От олгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний дүү Н.О нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ..... тоот хаягт 700 м.кв газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамруулж, байр орон сууцтай болохыг хүссэн. Би итгэмжлэлээр 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт болон 2 талт гэрээг байгуулсан. 2 талт гэрээгээр нийт 145 м.кв орон сууц болон 5 м.кв үйлчилгээний талбайг шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. 2015 оны 12 дугаар сард дахин 2 талт гэрээ байгуулж, 145 м.кв орон сууцыг 3 хувааж өгөхөөр тохиролцож, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 37.9 м.кв талбай бүхий орон сууцыг өгсөн. Иймд, ..... хотхоны 1 эсхүл 2 дугаар блокоос 107 м.кв орон сууцыг олгохыг даалгуулахаар шаардаж байна гэжээ. 

  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа, тухайн орон сууц нь одоогийн байдлаар Г ХХК-ийн ашиглалтад оруулсан ..... хороололд баригдсан байр нь манай өмчлөлд байхгүй. Өөр хүнд худалдан борлуулсан, өөр хүний өмчлөлд байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н.Цтэй байгуулсан гэрээ бартерын гэрээ. Энэ бартерын гэрээнд бартерлаж буй гэрээний нэр нь ..... буюу 137 дугаар гэрээ, талуудын хооронд хамгийн анх байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаар гэрээг бартерлаж байгуулав гээд гэрээг байгуулаад орон сууцыг хүлээлгээд өгчихсөн байдаг. Одоогийн байдлаар манай компанийн хамгийн түрүүнд ашиглалтад оруулсан 2 блок орон сууцнаас захиалга хийгдээгүй байр байхгүй байгаад байна. Гэрээгээ байгуулаад төлөлтөө хийгээд ихэнх айлууд нь өмчлөх эрхээ авчихсан зарим гэрээнийх нь хугацаа нь дуусаагүй байдалтай явж байгаа. Ийм учраас Н.Цг дараагийн ээлжид ашиглалтад орох буюу 2025 онд ашиглалтад орох орон сууцнаас өгье гэж уулзалт хийсэн.

2.2.2022 онд буюу эхний 2 блок ашиглалтад орж байхад Н.Ц өөрөө ирж уулзалгүй, гэрээний нөхцөл шаардлагаа баталгаажуулаагүй, Н.Ц одоо болтол газрынхаа эрхийг манай компанид шилжүүлж өгөөгүй. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, газрын өмчлөх эрх манай компанид байхгүй. Тийм учраас эхний ээлжинд манай компаниас 37 тоот орон сууцыг гэрээний дагуу олгочихсон байна. Харин газрынхаа өмчлөх эрхийг олгосны дараагаас бид бүхэн дараа дараагийнхаа үйл ажиллагааг шат дараатайгаар авмаар байна гэдгийг илэрхийлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ..... хотхоны 1 болон 2 дугаар блок барилгаас нийт 107 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Н.Цгийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Г ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...шүүх нь шүүхийн шийдвэрийн 9-р хэсэгт хариуцагчийн татгалзлыг Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан худалдан авагчийн давуу эрхийн зохицуулалт үйлчилнэ гэж тайлбарласан байх боловч Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчмын хувьд энэхүү үндэслэл нь зөрчигдөж байна.

Учир нь хариуцагчийн хувьд ..... хотхоны 1 болон 2 блок орон сууцнаас гэрээлэх боломжгүй буюу тухайн орон сууцнууд бүгд өөр худалдан авагчид гэрээлэгдсэн, төлбөрийн үе шатанд болон гэрчилгээ гарсан байдалтай байгаа билээ. Иймд уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй буюу өөр иргэний гэрээлсэн, эсвэл гэрчилгээ гарсан орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага үүсэх юм.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 2025 онд ашиглалтад орох орон сууцнаас олгох боломжтой байгаа бөгөөд мөн нэхэмжлэгч Н.Ц нь газрын гэрчилгээг хариуцагчид шилжүүлснээр орон сууц худалдах-худалдан авах гэрээ гэрээлэх боломж үүсэж байгаа энэхүү нөхцөл байдалд уялдуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №183\ШШ2024\04063 дугаартай шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх лүү буцааж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 50 гарсан настай, хэлгүй, дүлий, бичиг үсэггүй, бие муутай хүн 10 жил уг орон сууцыг хүлээж байдаг. Хариуцагч тайлбарлахдаа нэхэмжлэгч газраа хүлээлгэж өгөөгүй гэдэг. Гэтэл уг газрыг хүлээлгэж өгөөд 1, 2 дугаар ээлжийн блок барилга баригдчихсан. Мөн газраа өгсөн болохоор эхний ээлжид ашиглалтад орсон орон сууцнаас 39,7 м.кв байр өгсөн бөгөөд байрны түрээсийн төлбөрийг Г ХХК-аас гаргаж өгсөн. Бид үлдэгдэл 107 м.кв байраа авъя гэж нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч талаас 1, 2 дугаар ээлжийн блок байрнаас өгөхгүй гэдэг бөгөөд яагаад ингэж тайлбарладгийг бид мэдэхгүй. Гэрээний 3.2.7-т гэрээ байгуулсан тохиолдолд эхний ээлжид баригдсан орон сууцнаас байраар хангана гэж заасан. Мөн Н.Ц гуай эхний ээлжийн 1, 2 дугаар блок байрнаас орон сууц үлдээгүй бүгд зарагдчихсан юм болов уу гээд хэд хоногийн өмнө очиход зарагдаагүй байр байсан бөгөөд хүмүүст үзүүлж байсан байдаг. Мөн хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч юм шиг үгүй ч юм шиг эргэлзээтэй тайлбар гаргасан байдаг. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлээд хариуцагч талд газар болон газрын гэрчилгээгээ өгсөн. Иймд гэрээнд заасны дагуу эхний ээлжийн 1, 2 дугаар блок байрнаасаа орон сууцыг гаргуулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Г ХХК-нд холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болон 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, мөн түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж, А 1 болон 2 дугаар ээлжийн барилгаас 107 м.кв талбайтай орон сууцыг Н.От олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хэн болох, хэний эрх ашиг сонирхол зөрчигдсөн болон хариуцагчаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

 

4. Хэрэгт цугларсан баримтаар Н.О нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, ...... тоот хаягт байлах Г-..... тоот улсын бүртгэлийн дугаартай 70 м.кв талбайтай газрыг өмчилдөг бөгөөд тэрээр тухайн газрыг бусдад худалдах, бэлэглэх, чөлөөлөх асуудлаар Г ХХК-тай гэрээ байгуулах итгэмжлэлийг Н.Цд олгожээ. /х.х-ийн 10, 11/

 

4.1. Дээрх итгэмжлэлийн дагуу Н.Ц нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Г ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж, Н.Оын өмчлөлийн 700 м.кв талбайтай газрыг 1 м.кв талбайг 350,000 төгрөгөөр үнэлж Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд баригдах орон сууцнаас 261,000,000 төгрөгөөр 145 м.кв талбайтай орон сууц, мөн 12,000,000 төгрөгөөр 5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус авахаар харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 4-6/

 

4.2. Улмаар Н.О нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г ХХК-тай байгуулсан дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ..... хотхоны 1 дүгээр барилгын А байр, 6 давхар, 37 тоот хаягт байрлах 46.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84,510,000 төгрөгөөр, 7 давхар, 44 тоот хаягт байрлах 46.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84,510,000 төгрөгөөр, 7 давхар, 45 тоот хаягт байрлах 46.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84,510,000 төгрөгөөр тус тус тооцож авахаар тохирсон ба тус компани зөрүү 4.15 м.кв талбайг 1 м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр үнэлж 7,470,000 төгрөгийг дээрх орон сууц ашиглалтанд орох үед, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг ..... хотхоноос ирээдүйд баригдах орон сууцнаас тус тус олгохоор тохирчээ. /х.х-ийн 7-9/

 

4.3. Түүнчлэн Н.О нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г ХХК-тай байгуулсан эдгээр гэрээний дагуу авахаар тохирсон 46.95 м.кв талбайтай 3 ширхэг орон сууцнаас 1 ширхэг орон сууцыг Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ...., ... дугаар байр, 9 дүгээр давхар, 53 тоот хаягт байрлах 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцож, түүнээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр олгосон итгэмжлэлээр Н.Ц нь тус орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байна. /х.х-ийн 12-15/

 

Гэтэл анхан шатны шүүх тухайн гэрээний нэг тал болох Н.О нь хариуцагч Г ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж маргасан байхад нэхэмжлэгчийг Н.Ц гэж тодорхойлсныг тодруулахгүйгээр түүнд 107 м.кв талбайтай орон сууцыг олгохыг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цгийн Г ХХК-тай байгуулсан хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлүүлэгч Н.От үүсэхийг анхаараагүй байна.

Анхан шатны шүүх энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж зааснаар Н.О, аль эсхүл Н.Ц нарын хэний эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгч вэ гэдгийг тодруулах ёстой байсан.

5. Нөгөө талаар Н.Оаас Н.Цд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл олгосон эсэх нь тодорхойгүй байна.

 

Хэрэгт цугларсан баримтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/129 тоот захирамжаар Н.Цг Н.Оын харгалзан дэмжигчээр тогтоожээ. /х.х-ийн 3/

 

Гэвч хэрэгт Н.Оыг хууль болон гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ өөрөө хэрэгжүүлэх чадамжгүй талаарх баримт авагдаагүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно гэж зааснаар Н.Цг Н.Оын асран хамгаалагчаар тогтоогдсон гэж шууд дүгнэх боломжгүй юм.

 

6. Түүнчлэн шүүхээс гарах шийдвэр биелэгдэх боломжтой байх нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байхтай холбоотой.

 

Зохигч нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т тус тус зааснаар Г ХХК-иас Н.От өгсөн 37.9 м.кв талбайтай орон сууцыг хасаад үлдэх 2 ширхэг 46.95 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон дээр дурдсан талбайн зөрүү 7,470,000 төгрөгөөс гадна 5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн талаарх тохиролцоонд өөрчлөлт орсон эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 107 м.кв талбайтай орон сууц нь чухам нэг эсхүл хэд, хэдэн орон сууц эсэх, мөн аль байр, давхар хэсэгт хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлууд тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/17496 тоот захирамжаар гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг даалгах гэж иргэний хэрэг үүсгэсэн боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулаагүй байхад 107 м.кв талбайтай орон сууцыг олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардаж буй зүйлийг тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 700 м.кв талбайтай газрын өмчлөх, эзэмших эрхийг зохих ёсоор шилжүүлээгүй гэж маргасан байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

7. Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР