| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0889/Э |
| Дугаар | 977 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 977
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Өсвөр насны шүүгдэгч Г.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюун,
Өсвөр насны шүүгдэгч Л.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогт,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мандал /ҮД:1494/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарт холбогдох 1806 08286 0798 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 27 дугаар сургуулийн 7в ангид сурдаг, ам бүл 2, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамжийн 3 дугаар гудамжны 263 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Гийн М /РД:........../,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн 6г ангид сурдаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 01-01 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Лийн Э /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Кристал таун” хорооллын 8803 дугаар байрны 2 дугаар орцны 10 давхарт 6 настай Ш.Баттүшигийн Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Эгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Мын хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогтын өгсөн: “Э бол зан байдал, төлөвшилт, цаашдаа хүмүүжих бүрэн боломжтой хүүхэд юм. Мын хувьд зан байдал гайгүй ч багш нарыг шаардлага тавихад уурлаад байдаг. Сүүлийн үед янз бүрийн хүүхдүүдтэй нийлээд байрандаа байхгүй байсан. Голцуу бид нар өөрсдөө хайж олдог. Сүүлийн үед Мын зан ааш эвдэрсэн. М 7 дугаар ангиа төгсөж чадаагүй, оргочихсон. Э 6 дугаар ангиа төгссөн. Суралцах сонирхолтой, цаашдаа хүмүүжих бүрэн боломжтой хүүхэд юм.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Эгийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюуны өгсөн: “Мын ээж нь байдаг. Ээж нь зайсанд түрээсийн байранд байдаг гэсэн. Өнөөдөр шүүх хурал дээр ирнэ гэсэн ч ирсэнгүй. Өөр ах, дүү, байхгүй, над дээр байдаг. М заримдаа худлаа хэлж намайг хуурдаг. Би араас нь байнга явах хэцүү байна.” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх.6-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ш.Баттүшигийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчимд дэлгүүрээс чихэр худалдаж авахаар гараад буцаж гэр лүүгээ ороход лифтэнд 2 хүнтэй цуг суусан. Би 11 давхарт буухаар дарсан тэр хоёр 10 давхарт зогсох товчлуур дээр дараад лифт 10 давхарт зогсоход цуг суусан 2 хүүхдийн нэг нь лифтний хаалга зогсоож байгаад нэг нь намайг лифтнээс татаж гаргаад шат руу чирсэн. Тэгээд тэр хүн надаас 100 төгрөг байна уу гээд нэхсэн. Би байхгүй гэж хэлэх гэсэн чинь миний гартаа барьж байсан Айфоне-7 плас загварын гap утсыг сургуулийн дүрэмт хувцастай хүн нь аваад зугтсан, араас нь нөгөө нэг нь гүйгээд гарсан. Тэгээд би ахыгаа хайгаад гарсан. Ахыг ирэхийг хүлээж байхад манай байрны харуулууд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Түвшинтөрийн өгсөн: “... Би Есөн-Эрдэнэ ХХК-д хамгаалагчаар ажилд ороод удаагүй байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 11-нд 18 цаг 08 минутад “манай дүүгийн устыг үл таних хүүхдүүд авсан байна” гэж 3 хүүхэд орж ирээд хяналтын камерийн бичлэг шүүж үзсэн. Хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 3 эрэгтэй хүүхэд орж ирээд хохирогчтой 2 нь хамт лифтэнд суугаад 10 давхарт чирээд буулгаж байгаа дүрс бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
“Дамно” ХХК-й 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б31-19-186 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Л.Эгийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... Сүхбаатар тэр нэг жаахан хүүхэд том гар утас барьчихсан явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 3 араас нь яваад тэр хүүхэд орц руу орсон бөгөөд Сүхбаатар гадаа хүн хараад үлдсэн. М бид хоёр тэр хүүхдийг дагаж лифтэнд суугаад 10-р давхарт нөгөө хүүхэд буусан бөгөөд бид хоёр араас нь дагаж буугаад М гар утсыг нь авч би нөгөө хүүхдийн гарыг нь барьсан. Тэгээд М түрүүлээд гүйсэн бөгөөд би араас нь шууд дагаж гүйгээд шатаар буусан... Тэр хүүхдийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй, зүгээр гар утсыг нь булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Г.Мын өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... Сүхбаатар тэр нэг жаахан хүүхэд том гар утас барьчихсан явж байна гэсэн. Тэгэхээр нь бид гурав араас нь яваад тэр хүүхэд орц руу орсон бөгөөд бид гурав дагасан. Тэгээд орц руу ороход Сүхбаатар би гадаа хүн хараад байж байя гээд үлдсэн. Тэгээд Э бид хоёр нөгөө жаахан хүүхдийг дагаад лифтэнд суугаад 10-р давхарт нөгөө хүүхэд буусан бөгөөд бид хоёр араас нь дагаж буугаад Э тэрийг хардаа гээд саатуулахаар нь би гар утсыг гараас нь булааж аваад шууд шатаар доош бид хоёр гүйж зугтаасан, араас Э гүйж гарч ирсэн... Тэр хүүхдийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй, зүгээр гар утсыг нь булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.65-66/,
Нас тоолсон тэмдэглэлүүд /хх.16-17/,
Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.73-74/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /хх.85-86/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Кристал таун” хорооллын 8803 дугаар байрны 2 дугаар орцны 10 дахварт 6 настай Ш.Баттүшигийн Айфоне-7 плас загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх.6-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Ш.Баттүшигийн өгсөн: “... 2 хүүхдийн нэг нь лифтний хаалга зогсоож байгаад нэг нь намайг лифтнээс татаж гаргаад шат руу чирсэн. Тэгээд тэр хүн надаас 100 төгрөг байна уу гээд нэхсэн. Би байхгүй гэж хэлэх гэсэн чинь миний гартаа барьж байсан Айфоне-7 плас загварын гap утсыг сургуулийн дүрэмт хувцастай хүн нь аваад зугтсан, араас нөгөө нэг нь гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Түвшинтөрийн өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 11-нд 18 цаг 08 минутад “манай дүүгийн устыг үл таних хүүхдүүд авсан байна” гэж 3 хүүхэд орж ирээд хяналтын камерийн бичлэг шүүж үзсэн. Хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 3 эрэгтэй хүүхэд орж ирээд хохирогчтой 2 нь хамт лифтэнд суугаад 10 давхарт чирээд буулгаж байгаа дүрс бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
“Дамно” ХХК-й 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б31-19-186 дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх.36-37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Л.Эгийн өгсөн: “... Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...Сүхбаатар тэр нэг жаахан хүүхэд том гар утас барьчихсан явж байна гэж хэлсэн тэгэхээр нь бид 3 араас нь яваад тэр хүүхэд орц руу орсон бөгөөд Сүхбаатар гадаа хүн хараад үлдсэн М бид хоёр тэр хүүхдийг дагаад лифтэнд суугаад 10-р давхарт нөгөө хүүхэд буусан бөгөөд бид хоёр араас нь дагаж буугаад М гар утсыг нь авч би нөгөө хүүхдийн гарыг нь барьсан. Тэгээд М түрүүлээд гүйсэн бөгөөд би араас нь шууд дагаад гүйгээд шатаар буусан. ...Тэр хүүхдийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй, зүгээр гар утсыг нь булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.62-63/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч Г.Мын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...Сүхбаатар тэр нэг жаахан хүүхэд том гар утас барьчихсан явж байна гэсэн тэгэхээр нь бид гурав араас нь яваад тэр хүүхэд орц руу орсон бөгөөд бид гурав дагасан. Тэгээд орц руу ороход Сүхбаатар би гадаа хүн хараад байж байя гээд үлдсэн. Тэгээд Э бид хоёр нөгөө жаахан хүүхдийг дагаад лифтэнд суугаад 10-р давхарт нөгөө хүүхэд буусан бөгөөд бид хоёр араас нь дагаж буугаад Э тэрийг хардаа гээд саатуулахаар нь би гар утсыг нь гараас нь булааж аваад шууд шатаар доош бид хоёр гүйж зугатаасан араас Э гүйж гарч ирсэн. ... Тэр хүүхдийг зодож цохиогүй, биед нь гэмтэл учруулаагүй, зүгээр гар утсыг нь булаагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.65-66/,
Нас тоолсон тэмдэглэлүүд /хх.16-17/,
Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.73-74/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлалгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй учир түүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин өсвөр насны шүүгдэгч Л.Эд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, уг хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгчид даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ялтан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Л.Эд сануулж байна.
Өсвөр насны шүүгдэгч Г.Мын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч Л.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Д овогт Гийн М, Б овогт Лийн Э нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж бүлэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтууд, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, өсвөр насны шүүгдэгч Л.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хугацаанд хараа хяналтдаа байлган хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцогтод даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэхийг өсвөр насны шүүгдэгч Л.Эд сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар, өсвөр насны шүүгдэгч Г.Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Г.Мын урьд нь цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, өсвөр насны шүүгдэгч Г.М, Л.Э нар бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Л.Э урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Л.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР