| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2019/03272/И |
| Дугаар | 210/МА2024/02195 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/02195
2024 12 18 210/МА2024/02195
“А” хадгаламж, зээлийн хоршооны
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04152 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “А” хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т.Э, Б.Х нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “А” хадгаламж, зээлийн хоршооны, Т.Э нарын байгуулсан барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Хгаас Т.Эад олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмэлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Б.У, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.У, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Т.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1904/09 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг 14 сарын хугацаатайгаар 2.8 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээл авсан. Зээл авсан өдрөөсөө хойш нэг ч төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн барьцаанд итгэмжлэлтэйгээр Б.Х Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар байр, 18 тоот хаягт байршилтай, ГД....., Ү-...... улсын бүртгэлийн дугаартай, 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Иймд, зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулж, үүргийн гйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч Т.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Т.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “А” ХЗХ-ноос 50,000,000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Б.Хгийн өмчлөлийн байрыг барьцаанд тавьсан. Уг зээлээс нэг төгрөг ч төлж чадаагүй нь үнэн. Зээлээ төлөх тал дээр ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
2.2. Хариуцагч Б.Х нь хариу тайлбар гаргаагүй.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Уийн шаардлага, үндэслэлийн агуулга:
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “А” ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ болон уг гэрээг хийх эрхийг Б.Хгаас Т.Эад 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлийг үйлдэхдээ гэмт хэрэг үйлдэх замаар хийсэн тул эдгээр хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар:
Э.У нь Б.Хд залилуулсан бол хохирлын асуудлаа эрүүгийн журмаар шийдвэрлэх ёстой. Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь “А” ХЗХ-ны барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болохгүй. Сонгинохайрхан дүүргийн 2022 оны 00545 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж байгаа. Худалдагч тал орон сууцын урьдчилгаанд 33,000,000 төгрөг авсан бөгөөд худалдан авагч тал гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлээгүйн улмаас 3 жил 6 сарын дараа гэрээнээс татгалзсан.
...Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хэлцлийн үндсэн дээр нэг этгээд, нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж байгаа юм. Э.Уийн өмчлөх эрх дуусгавар болчихсон Б.Хгийн өмчлөх эрх хэрэгжээд эхэлсэн. Өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ эрхийнх нь дагуу бусдад итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 183-д улсын бүртгэл өөрөө үнэн зөв байх зарчимтай гээд заачихсан. Э.У, Б.Х нар хожим гэрээнээс татгалзсан нь “А” ХЗХ-д үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад нөлөөлөх хууль зүйн боломж байхгүй тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Т.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жийн бие даасан шаардлагад гаргасан тайлбар:
Хариуцагч Т.Э нь Э.У гэдэг хүнийг ерөөсөө харж байгаагүй, мэдэхгүй Б.Хгаас итгэмжлэл аваад итгэмжлэлийг үндэслэж барьцааны гэрээ байгуулсан. Итгэмжлэлийн дагуу эрхээ хэрэгжүүлсэн гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар байр, 18 тоот хаягт байршилтай, 80.2 мкв талбайтай, гурван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Эаас зээлийн гэрээний үүрэгт 132,168,098 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Арвай-Үр ХЗХ-д олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т заасныг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Хгаас Т.Эад олгосон итгэмжлэл, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №1904/09 дугаартай А ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 265,150 төгрөг, хариуцагч Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 265,150 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ХЗХ-нд олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,350 /70,200+70,200+407,950/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 274,175 төгрөг, хариуцагч Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 274,175 төгрөгийг тус тус гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Ут олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Э.У нь Б.Хтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа урьдчилгаанд 33,000,000 төгрөг авч өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
Дээрх хуулийн заалтаар бол орон сууцыг өмчлөх эрх Б.Хд хуулийн дагуу бий болж, орон сууцыг чөлөөтэй эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх нь үүссэн байсан.
Дээрх үйл баримтаас харвал “А” ХЗХ болон Б.Х нарын хооронд хуулийн дагуу хэлцэл байгуулагдсан бөгөөд тухайн орон сууцыг барьцаалах үед ямар нэг харшлах зүйл байхгүй, аливаа эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн ямар нэг тусгай тэмдэглэл байгаагүй учраас нотариат баталж, улсын бүртгэл нь бүртгэсэн байдаг.
...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь дангаараа эрх зүйн харилцааг үүсгэхгүй бөгөөд үндсэн гэрээг дагалдаж байгуулагддаг хэлцэл тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бол барьцааны гэрээ ч мөн адил хүчин төгөлдөр юм. “А” ХЗХ болон Т.Э нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь Э.У Б.Х нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээтэй он цагийн хувьд ч, эрх зүйн хувьд ч ямар ч харилцан хамааралгүй хэлцэл юм.
...Э.У Б.Х нарын байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн. өөрчлөгдсөн, дуусгавар болсон хууль зүйн факт гэж үзвэл тухайн хууль зүйн фактыг эцэслэн шийдвэрлэсэн эрх зүйн баримт бичиг нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2002/00545 тоот захирамж юм.
...Иймд, дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 04152 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Б.Хгийн өмчлөлийн Ү-...... дугаартай, СХД, 14-р хороо, 1.... байр, 18 тоот хаягт байрлах, 80 м.кв бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн магадлалд тусгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8.Бие даасан шаардлага гарагасан гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг зөвтгөж гомдлын хууль зүйн үндэслэл болгож нэхэмжлэгч байгууллагаас тайлбарласан. Уг зүйлт заалт нь гэмт хэргийн шинжтэй бус иргэний эрх зүйн харилцаанд дүгнэлт хийхэд хэрэглэгдэх хуулийн хэм хэмжээ байгаа. Тухайн тохиолдолд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон байхад Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлаж байгаа нь нийцэхгүй. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Иргэний хуулиар зөвтгөж тайлбарлах боломжгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Уг хугацаанд эрүүгийн журмаар гомдол гарган шалгаж байхад өөрт оногдсон хууль зүйн боломжийнхоо хүрээнд нэхэмжлэл гаргаад хариуцагч Б.Х хүлээн зөвшөөрсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлж авч байгаа Б.Хгийн үйлдэл нь гэмт хэрэг болохыг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн. Цаг хугацааны хувьд эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолоос өмнө иргэний шүүгчийн захирамж гарсан байсан. Эрүүгийн шүүхээс гэмт хэрэг болохыг тогтоосон учраас тус захирамж үйлчлэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн процесс үйлдэл нь гэмт хэрэг байна гэж үзвэл иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй. Гуравдагч этгээд Э.Уийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авахдаа түүний банк бус санхүүгийн байгууллагад байсан үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б.Хгаас төлөх замаар үл хөдлөх хөрөнгө шилжсэн. Гуравдагч этгээдийн авсан 33,000,000 төгрөгийг эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байгаа. 33,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй этгээд нь хариуцагч Б.Х байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн тохиолдолд буцаан авах харилцаа үүснэ. Нэхэмжлэгч энэ талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Мөнх-Од гээд нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн гомдол гаргасан эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлэгтээ 33,000,000 төгрөгийг Б.Х авсан тухай мэдүүлсэн. Уг мэдүүлэг хавтаст хэргийн 143-144 талд авагдсан. Хариуцагч Т.Э эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн нь 140-141 дугаар талд авагдсан. Нэхэмжлэгч байгууллага бүх нөхцөл байдлаа шалгаад эрхээ хэрэгжүүлсэн бол уг асуудал үүсэхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Гэмт хэргийн улмаас хохирсон хүнийг улам хохироох нөхцөл байдал үүсэж байгаа тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “А” хадгаламж, зээлийн хоршоо /цаашид ”ХЗХ” гэх/ нь хариуцагч Т.Э, Б.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Э хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.У нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “А” ХЗХ, Т.Э нарын байгуулсан барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Хгаас Т.Эад олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан.
3. “А” ХЗХ нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т.Этай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Хгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар байр, 18 тоот хаягт байрлах Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай 80.2 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалаа гэрээ байгуулсан. /1.х.х-ийн 13-21/
Талууд зээлийн гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан, түүнчлэн барьцааны гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар маргаангүй.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч Т.Эаас зээлийн гэрээний үүрэгт 132,168,098 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХЗХ-нд олгож шийдвэрлэсэн хэсэгт талууд гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэлт өгөхгүй.
Харин анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар талуудын байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Хэрэгт цугларсан баримтаар Өвөрхангай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/197 тоот шийтгэх тогтоолоор Б.Хг бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, улмаар 10,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМ/69 тоот магадлалаар хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1.х.х-ийн 175-аас 2.х.х-ийн 72/
Тодруулбал, Б.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э.Утэй худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар байр, 18 тоот хаягт байрлах Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай 80.2 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.
Гэвч Б.Хг Э.Уийг хуурч дээрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоосон учир Т.Эын Б.Хг итгэмжлэлээр төлөөлж “А” ХЗХ-той байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь зохигч нарын маргааны зүйл болсон байна. /1.х.х-ийн 20/
5. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл болох энэхүү орон сууцны хууль ёсны өмчлөгч Э.У нь өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бол түүнээс өмчлөх эрхийг нь залилан мэхлэх аргаар шилжүүлэн авсан Б.Хг гуравдагч этгээд буюу “А” ХЗХ нь уг орон сууцны өмчлөгч гэж итгэж, улмаар барьцаалуулах эрхтэй гэж үзэх нөхцөл байдал байсан эсэхийг тогтооно.
6. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.
Хэрэгт цугларсан баримтаар Б.Х нь Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар байр, 18 тоот хаягт байрлах Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай 80.2 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч “А” ХЗХ нь түүнийг уг орон сууцны өмчлөгч гэж үзсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д нийцсэн байна. /1.х.х-ийн 21/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А” ХЗХ болон Т.Э, Б.Х нарыг зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байх цаг хугацаанд тус хадгаламж, зээлийн хоршоог Б.Х нь Э.Уийг хуурч мэхлэх замаар тухайн орон сууцны өмчлөгч болсон гэдгийг мэдэж байсан, аль эсхүл мэдэх ёстой байсан буюу шударгаар хандаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул барьцаалагчийг бүртгэлийн үнэн зөв байдалд итгэсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог хэдий ч энэ нь улсын бүртгэлд үндэслэсэн байх тохиолдолд хамаардаггүй.
Тодруулбал, “А” ХЗХ нь Б.Хг тус орон сууцыг эзэмшиж байгаа үйлдлийг нь бус, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байгааг үндэслэн өмчлөгч гэж итгэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй барьцааны гэрээ байгуулсан учир тухайн гэрээг шууд хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй юм.
Энэ талаар тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж, 154.7-д “Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна” гэж тус тус заасан.
Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т нийцэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангана.
8. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/00545 тоот захирамжаар Б.Х нь худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан гэх орон сууцны өмчлөх эрхийг буцаан Э.Ут шилжүүлэхийг зөвшөөрсөн. /2.х.х-ийн 80-81/
Талуудын эвлэрлийг баталсан энэхүү захирамж нь Б.Хг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол гарахаас урьд өмнө тэдгээрийн тохиролцсон тохиролцоонд үндэслэсэн бөгөөд “А” ХЗХ-д барьцаалуулсан барьцааны зүйлийг Э.Уийн өмчлөлд буцаан шилжүүлэх буюу өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг хөндөхгүй.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04152 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Эаас зээлийн гэрээний үүрэгт 132,178,098 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХЗХ-д олгосугай” гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Т.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, ..... дугаар байр, 18 тоот хаягт байрлах Ү-...... тоот улсын бүртгэлийн дугаартай 80.2 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т тус тус заасан үндэслэлгүй тул Э.Уийн гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “А” ХЗХ, Т.Э нарын байгуулсан барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Хгаас Т.Эад олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,111,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 818,790 төгрөг, хариуцагч Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХЗХ-д олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж,
4 дахь заалтыг 5 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР