| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 155/2024/00841/И |
| Дугаар | 225/МА2024/00034 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 225/МА2024/00034
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 225/МА2024/00034 |
Б.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2024/00918 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Мд холбогдох
Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн Э хөтлийн буланд байрлах 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Бгийн Мийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн төлөөлөгч Д.Оийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Г.М, түүний төлөөлөгч Д.Оэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие Б.М нь 2021 онд Г.М гэдэг хүнээс нэгж талбарын 000 дугаар бүхий Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн Э хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрыг 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд би 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хаан банкнаас 5,000,000 төгрөг, 10,000,000 төгрөгөөр нийт 15,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны 4 удаагийн гүйлгээгээр 9,860,000 төгрөгийг тус тус шилжүүлж, газрын үнийг бүрэн төлсөн.
Улмаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээг Хөвсгөл аймгийн Б сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр батлуулж, Г.Мгөөс газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургуудын эх хувь, иргэний үнэмлэхийн хуулбарууд, өөрийнх нь гараар бичсэн өргөдөл, эд хөрөнгө худалдан борлуулсны албан татвар төлсөн тухай баримт зэргийг авч Б сумын газрын даамалд газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн өргөдлийг гаргасан. Гэтэл газрын даамлаас газар эзэмших эрхийг заавал цахимаар шилжүүлэх ёстой, газар зарж байгаа хүн нь өөрийн цахим эрхээр нэвтэрч хүсэлтээ илгээх шаардлагатай гэдэг зүйлийг хэлсэн.
...Миний хувьд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, Г.М ч худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрч нотариатаар баталгаажуулсан, газар худалдан борлуулсны албан татвараа төлсөн, холбогдох цаасан баримт бичгүүдийг надад хүлээлгэн өгсөн, авснаас хойш газрыг эзэмшиж, ашиглаж, газрын төлбөр зэргийг төлсөөр ирсэн тул зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хэрвээ газрыг цахимаар шилжүүлж өгсөн бол өөрийн эзэмшлийн газартай болчихлоо гээд төмс ногоогоо тариад явах байсан. Тухайн газрыг эзэмшээд 3 жил болж байна. Гэрээнд газрын хэмжээг 6 га гэж тусгасан. Гэхдээ гуанзны доорх газар миний худалдаж авсан 6 га газарт орж байгааг тухайн үед би мэдээгүй. Гуанзны доорх газрыг би анхнаасаа авна гэж бодоогүй, тийм болохоор газрын хэмжээг багасгаж 5,5 га газрын эрхийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэгэнт хийгдсэн гэрээ учир би газраа авна. ...Г.Мгөөс худалдаж авсан одооны гэрчилгээнд газрын хэмжээг 55000 м.кв гэсэн байгаа тул уг шинэчлэгдсэн гэрчилгээнд тусгагдсан газрыг цахимаар шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Оэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ...Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Уг нь нэхэмжлэгч Б.М нь манайхаас газрыг зориулалтын дагуу буюу төмс, хүнсний ногоо тариалахаар 5,5 га газар, худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.5 га газрыг тус тус авахаар тохиролцсон нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр юм. Гэтэл Б.М нь уг газрыг малын бэлчээр болон хадлангийн талбай болгон ашигласаар ирсэн. Энэ байдлыг орон нутаг болон иргэд мэддэг, бас дургүйцэж, бидэнд хандаж гомдоцгоодог, энэ талаар Б.Мд болон гэр бүлд нь хэлсэн, газраа буцааж авъя гэж учирлаж зөндөө ярьсан. Ойлголцохгүй байгаа болно. Б.М нь миний нөхөр Г.Мг гэртээ ганцаараа байхад нь архи өгч, ах аа та газраа өгчихөөч гэж гуйсаар байгаад газрыг түүнд худалдахыг зөвшөөрүүлсэн байдаг. ... Манай нөхөр бид хоёр Б.Мтэй эвлэрэх гээд удаа дараа мөнгийг чинь буцааж өгий, газраа буцааж авъя, газрыг 10 жилээр ч хамаагүй ашигла. Харин манайх нэр шилжүүлэхгүй гэж хэлдэг боловч мөнгө авахгүй, газраа л авна гэдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Оэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...Манай нөхөр Г.М нь ойрхон өвөлждөг байсан Б.Мд өөрийн эзэмшлийн 5,5 га буюу 55000 м2 газрыг /зориулалт нь төмс хүнсний ногооны усалгаагүй тариалан/ гэрээний дагуу эзэмших хүсэлтэй байна гэсний дагуу 2021.10.04 өдөр газар худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийн нотариатаар батлуулсан юм. Гэтэл Б.М нь 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад уг эзэмшил газрыг зориулалтын дагуу ерөөсөө эзэмшиж, ашиглаагүй харин өөрийн болон бусдын малыг оторлуулан /3000 орчим мал/ малын бэлчээр болгон хашаа хороо барин эзэмших газрыг талхуулсаар хөрсгүй болгон төмс хүнсний ногоо огт тариалалгүйгээр газрыг доройтуулан орон нутгийн иргэд болон багийн удирдлагуудаас байнга шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн. ...Иймд хуулийн дагуу байгуулаагүй 2021.10.04-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцож, уг газрыг хариуцагчаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Идэрцогтдаваа сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлд Б.Мийг 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, бусдын малыг оторлуулсан, төмс хүнсний ногоо тариалаагүй гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.М хашааг өөрийн эзэмшилд авснаас хойш мал орж бэлчээрийг тахлахаас хамгаалах зорилгоор 6 га газрын хашааг бараг бүхэлд нь шинэчлэн барьж, тор татсан бөгөөд эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд 30,000,000 сая орчим төгрөгийг одоогоор зарцуулаад байгаа. Түүнчлэн төмс хүнсний ногоо тариалалгүйгээр газрыг доройтуулсан гэж орон нутгийн иргэд, багийн удирдлагуудаас байнга шүүмжлэл дагуулсаар өдий хүрсэн гэдэг нь үндэслэлгүй.
Б.М нь Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн иргэн ба маргаан бүхий газар болох 6 га газар нь Б 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Э хөтлийн давааны буланд байрладаг. Тус багийн иргэд болон удирдлагуудаас Б.Мд хандан санал, гомдол, шаардлага ирүүлж байсан удаагүй. ...Анх газрыг зарахдаа тухайн газрын зэргэлдээ газрыг мөн Б.Мийн ахад зарж байсан ба бас л эрхийг нь шилжүүлж өгөхгүй байсаар буцааж авсан. Одоо түүнтэй адил Б.Мөөс газраа буцааж авна гэж маргалдаж байгаа нь нэг талаас залилангийн шинжтэй үйлдэл гэж харж байна. ...Мөн нэхэмжлэгч хашааг шинэчлэн барьж, тор татахад 30,000,000 төгрөг зарцуулсан. Тэгэхээр Г.М 25,000,000 төгрөг өгөөд газраа буцааж авлаа гэхэд Б.Мд багадаа 65,000,000 төгрөгийн хохирол учирсан байхаар байна. Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2024/00918 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Мд Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн Э хөтлийн буланд байрлах төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан зориулалттай, 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Бгийн Мийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 92 дугаар зүйлийн 92.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Мд холбогдох хариуцагчийн төлөөлөгч Д.Оийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 (хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мгөөс 282,950 (хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 165,150 (нэг зуун жаран таван мянга нэг зуун тавин мянга) төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.М, түүний төлөөлөгч Д.Оэ нар давж заалдах гомдолдоо: ...шийдвэртэй санал нийлэхгүй, зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хариуцагч Г.М нь газар худалдах худалдан авах гэрээг өөрийн биеэр үйлдэж гарын үсгээр баталгаажуулаагүй, тухайн эзэмшил газар нь тус гэрээнд хамаарахгүй,
2. Б.М нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 4.1.4, 3.1.3, 35.6, 38.1 гэсэн заалтуудын шаардлага хангахгүй бөгөөд газрыг зориулалтын дагуу үр ашигтай ашиглаагүй, 3 жилийн хугацаанд ямар нэгэн төмс, хүнсний ногоо тариалалт эрхлээгүй,
3. Газар эзэмших гэрээний 4.2, 6.4-т заасныг тус тус зөрчиж шүүх хуралдааны шийдвэрээр Г.М, Б.М нарын хооронд бий болсон харилцааг Хэлцэл гэж үзсэн нь Иргэний хуулийн 39.2, 39.8-т заасныг үгүйсгэж, үл харгалзан шийдвэр гаргасан нь иргэний эд хөрөнгийн эрхэд хүчээр халдаж, захиран зарцуулах эрхийг бусдад шилжүүлж байгаа зүй бус үйлдэл,
4. Б сумын газрын даамлын хавтаст хэрэгт хүргүүлсэн албан тодорхойлолтыг харгалзаж үзээгүй, Эзэмших эрхийн бичиг баримттай газрыг захиран зарцуулан худалдан борлуулах боломжгүй бөгөөд гэрээ, хуулийн дагуу төрийн өмч байхаар заасан бөгөөд тодорхой эрхүүд нь хязгаарлагдсан байдаг.
5. Г.М нь 2022 оноос хойш тус газрыг худалдан борлуулах асуудлын талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, хууль зөрчсөн асуудал гэдгийг мэдэж Б.Мд удаа дараа мөнгийг нь өгөхөө мэдэгдэж газар чөлөөлөх шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй, зөвхөн газрыг өөрийн болгоно гэсэн хариу өгдөг байсан.
Г.Мгийн зүгээс газрыг Б.Мд худалдан борлуулахгүй гэдгээ тухай бүрт мэдэгдэж авсан мөнгийг буцаан олгохыг хүссэн боловч зөвшөөрөлгүй өдий хүрсэн ба эв зүйтэй байдлаар тухайн асуудалд эзэмших эрхтэй газрыг түрээслүүлсэн байдлаар зохицож шийдвэрлэхээр хууль хяналтын байгууллагад гомдол гаргалгүй хүлээцтэй хандсан. Мөн гомдол гаргаж шийдүүлэх хангалттай, хугацаа эрх зүйн давуу тал байсан боловч ойлголцлоор шийдвэрлэхийг оролдсон. Г.М би өөрийн гараар тухайн газар дээр барьсан хашаа, малын дулаан өвөлжөө, хороо, амбаар сав зэргийг 3 жил Б.Мд ашиглуулсан.
Иймд төр захиргааны байгууллагын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх Эзэмших эрхтэй газрыг хууль зүйн шаардлага хангаагүй /эзэмшигч хийгээгүй гэрээ/ худалдах худалдан авах гэрээ түүний заалтуудад хамааруулан халхавчилж хэлцэл гэж тооцон гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж Б.Мөөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож шийдвэрлэхийг хүсье. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Мд холбогдуулан Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн Э хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Бгийн Мийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрын хэмжээг 5,5 га буюу (55000 м,кв) хэмээн багасгажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, бичгээр байгуулсан гэрээнд Г.М гарын үсэг зураагүй, эзэмшил газрыг бусдад худалдах боломжгүй... хэмээн маргаж, улмаар нэхэмжлэгч Б.Мд холбогдуулан, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрсөн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Газар худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан байх ба нэг талаас худалдагч болох Г.М нь маргаан бүхий газар болох Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн Э хөтлийн буланд байрлах үйлчилгээний зориулалттай 6 га газрыг 5,000,000 төгрөгөөр шилжүүлэн өгч газрыг худалдах, нөгөө талаас худалдан авагч болох Б.М төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцжээ /хх-н 73/.
Мөн хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.М нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 15,000,000 төгрөгийг Хаан банкны 000 дугаар данснаас Д.Оэ гэх Хаан банкны 000дугаар дансанд /хх-18/,
2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банкны эзэмшлийн данснаас дээрх 000дугаар данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 9,860,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна /хх-н13/.
Хариуцагчаас газрын эрх борлуулсны орлогын албан татварт 500,000 төгрөгийг Төрийн сангийн 100170400916 дугаар дансанд төлсөн байх ба эдгээр нь хэргийн 117-122 дугаар талд авагдсан төлбөрийн баримтуудаар давхар нотлогдож байна.
Дээрх үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд маргаан бүхий газрын үнийг 25,000,000 төгрөгөөр тохиролцож, амаар хэлцэл хийсэн байх ба үүнийг хожим 5,000,000 төгрөгөөр гэж бичгийн хэлбэрт оруулсан талаар талууд маргаагүй.
Дээрх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн агуулга, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон маргаан байх ба анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхдөө Иргэний хуульд заасан Худалдах-худалдан авах гэрээний зохицуулалттай уялдуулан тайлбарлах нь зүйтэй гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний суурь хэлцэл буюу үүргийн хэлцэл байгуулагдсан, өөрөөр хэлбэл, хариуцагч өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу газар эзэмших эрхийг шилжүүлэх, нэхэмжлэгч үнийг төлж эд хөрөнгийг шилжүүлэн авах хүсэл зоригоо хэн аль нь бүрэн илэрхийлж тохиролцсон байна.
Зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсаныг хэлцлийн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Г.Мд 25,000,000 төгрөгийг өгсөн нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх дээрх үнийн дүнгийн хэмжээгээр гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйл 43.1.1-д зохицуулсан ба мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд гэрээг өөрсдийн хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна.
Мөн талууд гэрээгээр тохиролцсон газрыг хүлээлгэн өгч, төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх ба харин хариуцагч Г.М нь гэрээгээр тохиролцсон газрын эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшигч болох Б.Мд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэгэнт Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах, хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлэх буюу худалдан авагчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх үүрэг үүснэ.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Хөвсгөл аймгийн Б сумын Б 2 дугаар багийн Э хөтлийн буланд байрлах төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалан зориулалттай, 5,5 га (55000 м,кв) газрын эзэмших эрхийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем (egazar.gov.mn) болон Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем (e-mongolia)-р дамжуулан Бгийн Мийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, худалдан авах гэрээнд Г.М гарын үсэг зураагүй... мөн төр эзэмшдэг газрыг хоёр хүн хоорондоо худалдан борлуулах заалт хуульд байхгүй... гэж марган Б.Мд холбогдуулан, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, газар албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн сумын Засаг дарга хүчингүй болгохоор Газрын тухай хуульд зохицуулсан. Гэтэл хариуцагч талаас маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, гэрээг хүчингүйд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Түүнчлэн хариуцагч нь бусад этгээд газрыг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд хяналт тавих эрх бүхий этгээд болох нь холбогдох баримтаар нотлогдоогүй байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж болохоор заасан бөгөөд хариуцагч талын тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахын алийг шаардаж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт бөгөөд гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус, эсвэл гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон бол өгсөн, авснаа буцаах үр дагавар талуудын хувьд үүснэ.
Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойшхи үр дагаврыг талууд шийдвэрлэдгээр ялгаатай.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагч Г.М, түүний төлөөлөгч Д.Оэ нарын гаргасан: ...хариуцагч Г.М нь газар худалдах худалдан авах гэрээг өөрийн биеэр үйлдэж гарын үсгээр баталгаажуулаагүй, тухайн эзэмшил газар нь тус гэрээнд хамаарахгүй... гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч Г.М болон түүний төлөөлөгч Д.Оийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 155/ШШ2024/00918 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Хариуцагч Г.Мгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,150 /нэг зуун жаран тав, нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ