Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

              Улсын яллагч П.Итгэл,

              Хохирогч Н.Ц-,

              Иргэний нэхэмжлэгч М.О-,

              Хохирогчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

              Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-т холбогдох эрүүгийн 1818001910042 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, Г.Н-, 

              Шүүгдэгч Г.Н- нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны                      3 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Д аймгийн Х сумын нутаг дэвсгэр Ц гэх газарт Д-У чиглэлийн хатуу хучилттай зам дээр 11-11 ААА  улсын дугаартай Н.Соuntу маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1/А. 2.3/А. мөн дүрмийн 9-р бүлэг 9.3/Г заасныг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн М.Э-ы амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Г.Н- нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны                      3 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Д аймгийн Х сумын нутаг дэвсгэр Ц гэх газарт Д-У чиглэлийн хатуу хучилттай зам дээр 11-11 ААА  улсын дугаартай Н.Соuntу маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1/А. 2.3/А. мөн дүрмийн 9-р бүлэг 9.3/Г заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас  уг тээврийн хэрэгслийн зорчигч Б.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч М.Э-ы амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              Хохирогч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн өдөр би өвчинтэй охин болох өөрийн охин 13 настай Б.Батцэцэгийг Улаанбаатар хотруу эмчилгээнд авч явахаар ХХ аймгийн Х хотын авто вокзал дээр... “Улаанбаатар явна” гэж байсан 11-11 ААА улсын дугаартай Г.Н-ын жолоодож явсан автобусанд суухаар болсон...Эрдэнэтээс өнгөрөөд замдаа Б.Г- жолоочийн суудлаас босоод Г.Н- автобусыг жолоодохоор жолоогоо сольж байсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал хүмүүс хашгираад эхлэхээр нь сэртэл автобус осолдсон зүүн талаараа газарт унасан байсан. Миний толгой өвдөөд дотор муухай оргиод байсан. Охиноо хайтал охин Батцэцэгийг маань ачаанууд дарсан байхаар нь ачааг нь холдуулж охиноо гаргаж аваад ганцхан гадагш гарч болох газар болох урд талын салхины шилээр хүмүүстэй цувраад гадагш гарсан...Ингээд хартал автобусны зүүн талд талийгаач болсон охин цээжин биенээсээ доошоо дарагдсан толгой нь өндөлзөөд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс автобусыг бага зэрэг дээш нь өргөж бага зэрэг зай гараад талийгаач охиныг татаж автобусны доороос суллаж гаргаж газарт хэвтүүлсэн. Тухайн үед охин амьд байсан. Тэгтэл миний хүзүү хөдөлж болохгүй толгойгоо даахгүй болтол өвчин ороод байсан. Тэгээд замын машинд суугаад Баруун хараа орсон. Охины хамт Баруунхараагийн эмнэлэг дээр ирж үзүүлж өвчин намдаах тариа хийлгэж хүзүүндээ чиг боолгосон. Охин тухайн үед гар нүүр нь халцарч шалбарсан байсан. Охин маань бүх төрлийн эм тарианаас харшилтай, төрөлхийн холбогч эдийн өвчтэй химийн тарианд орсон учраас эм тариа хэрэглээгүй өөрийнх нь хэрэглэдэг эмчийн заавартай эмийг уулгасан. Ингээд Улаанбаатар хотоос ах маань өөрийнхөө машинтай Баруунхараад ирж охин бид хоёрыг аваад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний “хүзүүний сэртэн яс хугарсан, дагзны яс цуурсан байна, хагалгаа хийх шаардлагагүй, чиг тавиад 3 сар гам барьж хэвтрийн дэглэм бариарай” гэж хэлсэн. Охиныг гэмтлийн эмч үзээд “зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн...Цаашдаа ямар хэмжээний зардал гарахыг мэдэхгүй, биеийн байдал бүрэн эдгэрээгүй байна. Хохирлын баримтыг авч хэрэгт хавсаргуулна. Хохирол төлөгдвөл гомдол санал байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 31-36-р тал/

              Хохирогч Ш.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би М.Э-ы хууль ёсны нөхөр нь байгаа юм...Эхнэр бид хоёр 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Дундаасаа 2010 онд төрсөн 8 настай Дөлгөөн гэдэг 1 хүүтэй юм. Эхнэрийн маань ээж Мөнхжаргал, төрсөн дүү Цогдэлгэр нар нь ХХ аймгийн Х хотод амьдардаг ба эхнэр маань ээж дүү нар дээрээ оччихоод Улаанбаатар луу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХХөөс хөлсний автобусанд сууж гарсан байгаа юм. Миний хувьд энэ үед Улаанбаатар хотод байсан учраас тодорхой зүйлийг мэдэхгүй байна. Ингээд эхнэр маань замдаа Дд зам тээврийн осолд орж нас барсан гэдгийг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Цагдаагаас ярьж хэлэхэд нь мэдсэн...Эхнэр маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Эрүүл мэнд сэтгэцийн байдал нь эрүүл хүн байсан. Эхнэр маань ааш зангийн хувьд даруу төлөв зантай, сайхан сэтгэлтэй хүн байсан...Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-44-р тал/

              Хохирогч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мөнхжаргал овогтой Энхайван нь миний төрсөн эгч байгаа юмаа. Эхээс бид хоёулаа байсан ба эгч маань ээж аав хоёрыг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө төрсөн тул ээжээрээ овоглодог. Миний хувьд ааваараа овоглодог юм. ...Мягмарсүрэн нь талийгаачийн төрсөн төрөл төрөгсдийг бүрэн төлөөлж чадахгүй гэж үзсэн тул Мягмарсүрэнгийн хамтаар тус хэрэгт би өөрөө хохирогчоор оролцох тухай хүсэлтийг гаргасан.. Мягмарсүрэнтэй эгч маань 2009 онд гэрлэлтээ батлуулж 2016 оныг хүртэл хамт амьдарсан...Сургууль төгссөнөөсөө хойш эгч мань хуваариа наймаа хийсэн. 2016 оны намраас Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болж эгч маань ХХ аймгийн Х суманд ээж Мөнхжаргалын болон хүү Дөлгөөний хамтаар амьдрах болсон. ХХ аймгийн Х хотод эгч маань зах дээр бэлэн хувцасны лангуу түрээслэн БНХАУ-ын Эрээн хотоос бараагаа татан зарж борлуулдаг түүнийхээ ашигаар амьдарч байсан...Талийгаачийн өөрийнх нь орлого тогтмол боловч өөрийнхөө олсон мөнгөөрөө өөрийгөө болон ээжийг минь бүрэн тэжээдэг байсан болно...Талийгаачийн ар гэрийн гишүүн болох би осол гаргасан жолоочид маш их гомдолтой байна. Энэ хэргийн улмаас ээж маань, талийгаачийн хүү бид бүгд маш их сэтгэл санааны байдлаар хохирсон. Үүнийг юугаар ч орлуулашгүй ээ. Хамгийн хэцүү байгаа нь талийгаачийн 8 настай хүү Дөлгөөн нь байна. Байнгын ээжийгээ санаж бэтгэрч байна. Мөн ээж маань сэтгэл санааны маш их хямралтай байна. Дөлгөөн хүүгээ цаашдаа аав нь болох Мягмарсүрэн өөрөө асарч хамгаалан өсгөхөөр болсон байгаа, Мөн талийгаач Энхтайван эгч маань амьд ахуй үедээ нагац эгч Отгонжаргалаас 5.000.000 төгрөгийг зээлж наймаандаа ашигласан. Түүнд 5.000.000 төгрөг өгөх өглөгтэй байсныг нь би мэдэж байна...Энэ хэргийн улмаас талийгаачийн оршуулга болон 49 хоногийн буяны ажилд хүнсний зүйлд 5.776.850 төгрөг, талийгаачийн шарилыг Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас ХХ аймаг руу тээвэрлэн хүргэхэд 4 машин явсан. Машины шатахуунд 880.440 төгрөг, оршуулгын үйл ажиллагаанд зарцуулсан шатахуунд 899.420 төгрөг, буян үйлдэж ном хуруулахад 275.000 төгрөг, мөн энэ хэргийн улмаас Мягмарсүрэн бид хоёр емгөөлөгч Тэрбишийг сонгон авсан бөгөөд өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийн төлбөр гээд нийт 13.831.710 төгрөгийг гэм буруутай жолооч Г.Н-аас нэхэмжилж байгаагаас Мягмарсүрэнд Г.Н-ын зүгээс 4.800.000 төгрөг олгогдсоныг хасвал үлдэгдэл 9.031.710 төгрөгийг миний биө гэм буруутай жолоочоос нэхэмжилж байна...Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 45-49-р тал/

              Хохирогч Н.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …Хохирлоо авсан ч гомдолгүй гэж хэлэхгүй. Хүүхдийн тэжээгчээ адсаны тэтгэмжийн зөрүүг энэ шүүх хуралдаанаар гаргуулж өгнө үү гэв.

              Иргэний нэхэмжлэгч М.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Талийгаач нь миний төрсөн эгч Мөнхжаргалын охин нь байгаа юм Бид хоёр төрвл садангийн холбоотой өөрөөр хэлбэл би нагац эгч нь юм....Талийгаач нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр надаас 5.000.000 төгрөг хүүтэй зээлж аасан Өмнө нь ч гэсэн надаас мөнгө эээлдэг байсан. 5.000.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 10-ны дотор эргүүлж төлөхөөр авсан Мөнгө зээлж авсанаас хойш хоёр сарын дараа дүү маань Хгөөс Улаанбаатар хот руу явж байгаад Д-Уул аймагт зам тзэврийн осолд орж нас барсан. Ингээд би мөнгөө эргүүлж олж авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Талийгаач надаас зээлж авсан мөнгөнөөсөө 400.000 төгрөгийгг эргүүлээд төлсөн төлөхдөө 200.000 төгрөгөөр хоёр удаа өгсөн тэр баримт нь надад байна. Талийгаач надаас мөнгө зээлж авахдаа гэрээ хийсэн тэр нь надад байгаа  Би буруутай этгээдээс талийгаачийн надаас зээлж авсан 5.000.000 төгрөгийн үлдэгдэп болох 4 600.000 төгрөгийг гаргуулж авахыг хүсэж байна. Хэрвээ дүү маань бусдын буруутай үйлдлийн улмаас болж зам тээврийн осолд орж нас бараагүй бол зээлсэн мөнгөө буцаагаад өгчих байсан. Тийм учраас би 4.600.000 төгрегийг Г.Н- гэх хүнээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р тал/

              Иргэний нэхэмжлэгч Х.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Дээрх автомашины осолд ороод би ослын газраас шууд Д-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж үзүүлснээс өөр эмнэлгийн бичиг баримт надад байхгүй ээ. Миний биед тухайн ослын улмаас ямар нэгэн байдлаар айхавтар хүнд гэмтэл аваагүй. Тухайн үед толгой доргисон, мөн нуруу бага зэрэг өвдөөд байсан. Хэд хоног зовиуртай байж байгаад гайгүй болсон. Тиймээс би эмнэлгийн байгууллагад ахиж үзүүлээгүй болно. Осол гаргасан жолооч Г.Н- нь надад өөрийн санаачилгаар цөөхөн хэдэн төгрөг өгч “үзүүлж харуулж, эм тариа авч хэрэглээрэй” гэж өгсөн. Тиймээс миний зүгээс Г.Н-т хандсан гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 60-62-р тал/

              Иргэний нэхэмжлэгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Зам тээврийн осолд орсоноос хойш миний толгой байнгын өвддөг болсон. Тухайн үед бас гараа даруулаад гаранд маань шил шигдэж орсон. Шинжээчийн дүгнэлтээр надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа. Би буруутай этгээдээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ энэ мөнгийг маань гаргаад өгчихвөл ямар нэгэн гомдол, санал алга байна. Надад яг хохиролтой холбоотой баримт байхгүй...Би осол болохын өмнө унтаж байсан болохоор яг яагаад осол гарсаныг хэлж мэдэхгүй байна. Тухайн үеийн замын нөхцөл байдал хальтиргаа гулгаатай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р тал/

              Иргэний нэхэмжлэгч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр...тээврийн хэрэгсэл осолд орох үед би уг тээврийн хэрэгслийн 5 дахь эгнээний цонхон талаасаа 2 дахь суудал дээр сууж явсан. Уг тээврийн хэрэгсэлд 38-39 хүн зорчиж явсан. Суудалгүй хүмүүс нь голоор сууж явсан. Миний зүүн талд хүүхэдтэй хүүхэн сууж явсан. Би хамгаалалтын бүсээ бүслээгүй байсан. Жолооч хамгаалалтын бүсээ бүслэхийг сануулаагүй...Ямар ч байсан үүрийн 04-05 цагийн орчимд байх. Осол гарах үед би жаахан зүүрмэглэчихсэн явсан юм. Ингээд хүмүүс орилох чимээ гараад сэрсэн чинь машин далбилзаад нэг мэдсэн чинь нөгөө тийшээ далбилзаад замын зүүн тал руу гараад онхолдсон. Тухайн үед хот руу явж байсан машин Д руу хараад зогсчихсон. Осол гарах үед би тээврийн хэрэгслийн эд ангид дарагдсан байсан учир хамгийн сүүлд тэнд байсан хүмүүс лоом, мод зэргээр хөшиж байгаад намайг гаргасан. Тэгээд би замын машинд суугаад Д-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн тэндээ эмчилгээ хийлгэсэн...Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийг туслах жолооч Г.Н- нь жолоодож явсан. Хгөөс гараад үндсэн жолооч Б.Г- нь тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Д-Уул аймаг ороод туслах жолооч Г.Н-таа жолоогоо шилжүүлсэн. Жолоогоо шилжүүлсэн нь андашгүй Г.Н- гэх жолооч маш эвгүй яваад байсан. Өмнөх өдөр нь бороо, цас холилдож ороод өдөр нь хайлаад байсан. Тэгээд шөнөдөө эргэж хөлдөөд зам жаахан хальтиргаатай байсан болов уу гэж бодож байна. Ослын улмаас миний дух хавдсан, уруул зүсэгдсэн, зүүн талын гар машины эд ангид дарагдаж хөхөрч хавдсан байсан. Би осолд орсноосоо хойш хоёр ч удаа дотрын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Одоо толгой өвдөж байгаа. Бусад гэмтэл нь гайгүй болсон...Гомдолтой байна. Би 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/

              Гэрч З.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Hyundai County маркийн тээврийн хэрэгсэл осолд орох үед уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан. Би уг тээврийн хэрэгслийн хойноосоо хоёр дахь эгнээний жолоочийн талын цонхны хажууд сууж явсан. Их л олон хүн сууж явсан. Яг хэдэн хүн сууж явсан тоог нь мэдэхгүй байна. Миний хажууд манай нөхөр Батбаяр сууж явсан...Би хамгаалалтын бүс бүслээгүй. Жолооч ч намайг бүсээ бүслэхийг сануулаагүй...Зам тээврийн ослын шалтгааны талаар сайн мэдэхгүй байна. Шөнө байсан болохоор би унтаж явсан юм. Тэгсэн чинь “тас няс” хийх чимээ гараад хүмүүс орилоод явчихсан чинь машины хажуу талаараа унасан байсан. Яг ямар шалтгааны улмаас уг машин онхолдсон гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Нэлээд хэдэн хүн бэртэж гэмтэх шиг болсон...Зам тээврийн осол гарах үед туслах жолооч Г.Н- гэх хүн тээврийн хэрэгслийг жолоодож явсан...Үндсэн жолооч Б.Г- тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Г.Н- гэх хүнд хэзээ жолоогоо шилжүүлсэн талаар надад мэдэх зүйл байхгүй...Зам жаахан хальтиргаатай байсан болохоор гулссан байж магадгүй гэж бодож байна...Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р тал/

              Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би 2018 оны 3 дугаар сарын дундуур эхнэрийн хамт Х сумын хүн тээврийн зогсоол дээрээс цагаан, саарал өнгийн жижиг оврын автобусаар зорчиж явж байгаад Д хот өнгөрөөд явж байхад туслах жолоочдоо жолоогоо шилжүүлж бариулаад шөнө 04 цагийн үед байх нөгөө туслах жолооч нь машинаа унагаачихсан юм. Тухайн уед 20 гаруй хүнтэй явж байсан. Тэгээд 5 хүн гэмтэл авсан байсан.Би тухайн үед ямар ч гэмтэл аваагүй...Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72-р тал/

              Гэрч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн. ...Тэгээд явж байгаад Д-Уул аймаг өнгөрөөд л осол гарсан болов уу гэж бодож байна. Би унтаж байсан. Тэгсэн гэнэт хүмүүс гэнэт орилолдоод тэгээд би сэрэхэд машин гулгаад байх шиг байсан.Тэгээд нэг л мэдсэн онхолдчихсон. Би ухаан алдсан юм шиг байгаа юм. Хүмүүс дээгүүр гүйлдээд байх шиг байсан. Тэгээд би боссон чинь миний гутал байхгүй байсан. Тэгээд гутлаа автобусан дотор хайсан чинь жолоочийн ард талын суудлын баганан дор нэг хүний хөл байсан тэгээд хүн хавчуулагдсан ч юм шиг, дарагдсан ч юм шиг байсан. Тэгээд автобуснаас гараад зорчигчидтой нийлээд автобусыг өргөөд тэр дарагдсан эмэгтэй хүнийг гаргасан. Тэгээд хөл гар салсан ямар нэг байдлаар цус гарсан зүйл бол ажиглагдаагүй ээ. Гэхдээ юм ярьж чадахгүй царай нь их барайсан харагдсан. Тэгээд л цагдаа эмнэлэг дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 96-97-р тал/

              Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд намайг сууснаас 30 орчим минутын дараа автобусанд 22 хүн сууж автобус дүүрээд 19 цагийн Х сумаас хөдөлсөн юм. Тэгээд Хгөөс гараад замдаа Урьхан гэдэг хоолны газар хоол идээд тэндээс хөдлөөд Орхон аймгийн төв орж ирээд нэг колонк дээрээс түлш хийж хөдөлж яваад автобусыг миний хажууд сууж байсан хар савхин хүрэмтэй 35-40 орчим насны барзгар нүүртэй ах жолоодож эхэлсэн  юм.Харин автобусны жолоог барьж явсан жолооч нь жолооныхаа арын суудалд сууж явсан эмэгтэйгийн хажууд суусан юм. Харин тэр эмэгтэйгийн хажууд сууж явсан залуу миний хажууд ирж суусан юм. Тэгээд би жолооч солигдоод удалгүй унтчихсан байсан юм. Тэгээд нэг  мэдэхэд хүмүүс шуугилдаад сэрэхэд миний гар эвгүй болчихсон автобусан дотор хэвтэж байсан ба арайхийж өндийж босоод гарахад миний сууж явсан автобус замын хажууд 4 дугуй нь дээшээ хараад хэвтэж байсан юм. Тэгээд автобусны жолооч замын унаа зогсоогоод тэнд байсан 4 хүнийг суулгаж өгөхөд нь би хамт суусан юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэг дээр осолд орсон 4 хүн ирээд хамгийн урд талд солигдсон жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй нас барсан юм...Миний санаж байгаагаар автобусыг миний хажууд сууж явсан туслах жолооч Эрдэнэтээс нааш барьж явсан ба би хааяа автобусны хянах самбар луу нь харахаар 100 километр цагийн хурдтай л яваад байсан юм. Тэгээд би унтаад өгсөн болохоор бусад зүйлийг сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 99-102-р тал/

              Гэрч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Осол гарах үед 23-24 цаг болж байсан болохоор би унтаж явсан юм. Ингээд нэг сэрэхэд хүмүүс орилолдоод машин замын зорчих хэсгийн баруун талын эгнээгээр явж байгаад өөрийнхөө явж байсан эгнээнээс гараад эсрэг урсгал руу ороод шууд замаасаа гарч яваад бараг бүтэн шахуу эргээд онхолдсон. Тэгээд зорчигч нар шуугилдаад хүмүүс орилолдоод машинаас гарцгаасан. Тэгээд машинаас гараад байж байсан чинь “нэг хүн машин доор дарагдчихсан байна” гээд бид нар машинаа бөөнөөрөө өргөж байгаад тэр хүнийг гаргаж авсан. Тухайн хүнийг гаргаж авахад тэр хүн амьсгаатай байсан бөгөөд зам тосож байгаад суудлын жижиг машин ирэхээр нь тэр хүнийг суулгаж явуулсан. Тэгээд тэр хүн замдаа амьсгал хураасан юм шиг байсан. Мөн “босож чадахгүй байна, хөдөлж чадахгүй байна” гэсэн 5-6 хүнийг замын машинд суулгаад эмнэлэг рүү нь явуулсан. Тэгээд бие нь гайгүй хүмүүс нь араас ирсэн... Хгөөс гараад Эрдэнэт хот хүртэл үндсэн жолооч Б.Г- нь тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Эрдэнэт хотоос цаашаагаа Г.Н- гэх хүн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Осол гарах үед цас, бороо холилдож орж байсан болохоор тэр нь шөнөдөө хөлдөөд зам гулгайтай болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р тал/

              Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэтийн наана ирээд осол гаргасан Нэргүй гээд байсан байх өндөр туранхай ах автобусыг сэлгэн жолоодсон. Ингээд Д орсон. Тухайн үед унтаад сэрээд явсан учраас сайн мэдэхгүй байна. Тэгсэн хүмүүс хашхиралдаад байхаар нь сэртэл автобус хажууд талаараа холбироод унасан. Тэгтэл миний толгойн орой хэсгээс цус гараад эхэлсэн. Автобусан дотор байсан хүмүүс хашхирч уйлаад ёолоод автобуснаас цонхоор гарсан. Тэгсэн тэнд байсан ослын үед автобус жолоодож явсан Нэргүй гээд байсан ах цус гарсан арай илүү гэмтэлтэй надаас гадна 2 хүнийг замын машин зогсоогоод арай ойр гээд Баруунхараагийн эмнэлэг рүү хүргүүлсэн. Тэгсэн надтай хамт явсан нэг эмэгтэй замдаа явж байгаад нас барсан.... Баруунхараагийн эмнэлэгт ирэхэд эмч нь үзээд “толгойн оройд язарсан шархтай байна” гээд 8-9 оёдол тавьсан гэсэн. “Хүзүү гэмтэлтэй байна” гээд хүзүүнд чиг тавьж өгсөн...Би осол гарах үед унтаж явсан учраас машин хичнээн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Цаг агаар осол үйлдэгдэх үед тогтуун зүгээр байсан. Осол үйлдэгдсэн шалтгааныг би жолооч анхаарал болгоомжгүй байдлаас болсон гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 109-111-р тал/

              Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд орой 20 цаг болох гэж байхад Хгөөс гарсан. Замд Эрдэнэт өнгөрөөд явж байхад гадаа цас ороод орсон цас нь хайлаад зам дээр ус болж байсан. Тэгж явж байгаад би унтчихсан байсан. Гэтэл гэнэт хүмүүс хашгиралдаад байхаар нь сэртэл автобус замын хажуу талын ховил руу ороод жолооч талаараа хажуулдчихсан. Би унтаж явсан болохоор яагаад ямар учраас замын хажуу тал руу орсоныг ч ойлгоогүй. Тэгээд машинаас буутал хүмүүс “машинд хүн дарагдчихсан байна” гээд бүгдээрээ нийлж автобусыг бага зэрэг өргөөд доороос нь хүн гаргаж авсан. Би “хүн гаргачихлаа” гэхээр нь хартал нэг эмэгтэй газарт хэвтэж байсан. Тухайн үедээ амьсгаатай байсан юм. Ингээд машинд гар өргөж зогсоогоод тэр эмэгтэй болон хэсэг хүмүүс Баруун хараа руу эмнэлэг рүү явсан....Би хууль бус, тендерийн бус автобус гэдгийг мэдээгүй. Өглөө нь хотод ажилтай байсан болохоор явна гэхээр нь л суучихсан...Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй...санал хүсэлт, гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/

              Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгж явж байгаад Эрдэнэт ороод Хгөөс машин барьж явсан жолооч нь жолоогоо нөгөө жолоочдоо шилжүүлсэн. Эрдэнэтээс цаашаа хөдлөөд нэг сэрэхэд Ды постон дээр ирж байсан. Түүнээс цааш осол болох хүртэл би сэрэнги явж байсан бөгөөд явж байтал гэнэт машин шарваад бөгсөө шидээд хөндөлсөөд ирсэн. Энэ үед хүмүүс хашгиралдаж эхэлсэн бөгөөд машин жолооч талаараа замын хажуу руу ороод жолооч талаараа замын ховил руу цохигдоод зогссон. Тэр үед би сэрэнги явсан болохоор машины бариулаас бариад тулж байсан тулдаа цонхоор шидэгдчихээгүй. Машин замын хажуу руу орсоны дараа хүмүүс машинаас бууж байхад харахад миний урд талд сууж явсан эмэгтэй машинд дарагдчихсан байхаар нь бүгдээрээ машинаар гарсаны дараа машинаа өргөж байж тэр эмэгтэй машин доороос гаргасан. Тэгээд цагдаа эмнэлэг дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 118-119-р тал/

              Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би Эрдэнэт хүртэл унтахгүй явж байгаад унтчихсан байсан. Тэгтэл гэнэт хүмүүс хашгиралдаад “уналаа шүү дээ” гэхээр нь сэртэл машины жолооч талаараа замын хажуу тал руу орчихсон. Тэгээд хүмүүс машинаас буусан. Машинаас буугаад харсан чинь жолоочийн ар талын суудалд сууж явсан эмэгтэй машинд даруулчихсан байсан. Тэр даруулсан эмэгтэйг бид нар машин доороос арай гэж гаргаж авсан. Машин доороос гаргаж авахад тэр эмэгтэй амьд байсан. Цаашаа Баруун хараа руу эмнэлэг рүү авч явж байх замдаа нас барсан юм шиг байсан...Би осол гарах үед унтаж байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Осол гарсаны дараа харахад зам маш их гөлүүртэй байсан. Тэр гөлүүрэн дээр шарваад замын хажуу талруу орчихсон юм уу гэж би ойлгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121-р тал/

              Гэрч Э.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тус өдөр миний ажил өглөөний 11 цагаас оройн 20 цаг хүртэл байсан. Энэ хугацаанд 11-11 ААА  улсын дугаартай Hyundai County маркийн тээврийн хэрэгсэл хаана байж байгаад хүн тээвэрлээд ХХ аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан талаар би мэдэхгүй байна. Авто тээврийн үндэсний төвийн ойр орчимд харагдаагүй. Миний ажил үүргийг хувиарт гэрээгүй, хууль бус тээвэрлэлтэд хяналт шалгалт хийх заалт байдаггүй. Гэрээгүй хууль тээвэрлэлтэд авто тээврийн үндэсний төвийн улсын хяналтын байцаагч хяналт шалгалт хийх ёстой...Би жолооч Б.Г-, Г.Н- нарыг танина. Уг хоёр иргэн өмнө нь гэрээтэй байгууллагын жолоочоор хүн тээвэрт явдаг байсан. Мөн өмнө нь хууль бус, гэрээгүй тээвэрлэлт хийгээд арга хэмжээ авагдахад нь улсын хяналтын байцаагчтай хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 150-151-р тал/

              Гэрч М.А-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...ХХ аймаг дахь авто тээврийн үндэсний төв нь Аймгийн Цагдаагийн газартай хамтран “Сар шинэ, аюулгүй зорчигч тээвэр” нэгдсэн арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртлэх 25 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Энэ хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 42-20 ХӨВ улсын дугаартай Hyundai County маркийн тээврийн хэрэгслээр жолооч Б.Г- нь нэг удаа хууль бусаар хүн тээвэрлэж яваад надад баригдаж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авагдсан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Л.Б.Г- нь жолоодож явсан ба би уг хүнд холбогдох заавар, зөвлөгөөг өгөөд “дахин хүн тээвэрлэж болохгүй” гэдгийг нь хэлсэн. Энэ талаар уг хүн өөрөө мэдэж байгаа. Тэрнээс хойш уг тээврийн хэрэгсэл нь хүн тээвэрлээгүй. Хяналт шалгалт хийж байхад огт надтай таараагүй...Г.Н- гэх жолоочийн тухайд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ХХ-ХХ ХӨҮ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр гэрээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаад Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Дахиж гэрээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхгүй байх талаар зөвлөмж зөвлөгөө авч байсан хүн байгаа юм. 11-11 ААА  улсын дугаартай Hyundai County маркийн тээврийн хэрэгслээр үүнээс өөрөөр хүн тээвэрлэж явсан талаар мэдэхгүй байна. Надтай огт таараагүй..гэх мэдүүлэг /хх-ийн 152-154-р тал/,

            Гэрч Л.Р-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Ганболд овогтой Г.Н- нь миний нөхөр юмаа...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн өглөө над руу нөхөр Г.Н- 08 цаг 30 минутын алдад утсаар яриад “Дд явж байгаад зам хальтаргаа ихтэй Б.Г-ы автобусыг осолд оруулчихлаа, нэг зорчигч нас барсан, Ды цагдаа дээр ирсэн байна” гэж хэлсэн. Ингэж л мэдсэн. Тэгээд би ХХ аймгаас тухайн өдрөө 11 цагийн алдад хүргэн дүүгийнхээ хамтаар түүний жижиг машинтай Дд ирсэн. Ингээд Дд шөнө ирээд Г.Н-тай уулзахад Г.Н- надад “осол гарах үед зам гулгаатай байсан ийм осол болчихлоо” гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Миний нөхөр Г.Н- нь...2015 онд Сэлэнгийн Хөтөл гэх газарт эрхийн үнэмлэхгүй хүнд машинаа бариулаад нөгөө жолооч нь осол гаргаад хүн нас барсан хэрэгт “жолоо шилжүүлсэн” гэдгээр баривчлах ял авч, мөн жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан. ...Миний нөхөр зан байдлын хувьд даруу төлөв зантай, хүнд их тусархуу, хүнтэй их эвсэг харьцдаг, хань ижил үр хүүхэддээ их халаламжтай, аливаа зүйлд их хашир болгоомжтой хүн юмаа...Нөхөр маань эрүүл мэндийн хувьд ходоод нь өвддөг өвчтэй, бөөр нь өвддөг бусдаар эрүүл саруул. Нөхөр маань сэтгэцийн ямар нэгэн өвчинөөр өвчилж байгаагүй болно...Б.Г- надад ярихдаа “миний автобус үйлдвэрлэгдсэн он хөгшин учраас тендерт / нийтийн зорчигч тээвэр / тэнцэхгүй байна” гэж ярьсан ба “зунаас ХХд аялал зуучлалын цаг эхлэхээр жуулчинд явахаас” гэж ярьж байсан...Б.Г- болон манай нөхөр бид 3 гурвуулаа ажилгүй тул амьдралын шаардлагаар Б.Г- нөхөр 2 маань Б.Г-ы автобусаар нийтийн тээвэрт явсан болно. Нөхөр бид хоёр Хас банкинд 3.000.000 гаруй төгрөгийн зээлтэй ба сар бүр тухайн зээлэнд төлөлт гэж 200.000 гаруй төгрөг төлдөг. Нөхөр бид 2 ажилгүй учраас энэ удаад Б.Г-тай хамт нөхөр маань “Х Улаанбаатар чиглэлд хүн авч яваад ашигаар нь банкны зээлээ төлчихье” гэж л дүүгээсээ гуйж яваад ийм зүйл болчихлоо...гэх мэдүүлэг /хх-ийн 135-137-р тал/

              Иргэний хариуцагч Б.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хадам ах Г.Н- манайд ирж надтай уулзаад “ах эгч 2 нь ажилгүй, банкны зээл төлөх хугацаа хэтэрчихээд байна чамтай ах нь хамт автобусаар чинь ээлжийн жолоочоор чинь Улаанбаатар яваад нэг удаагийн ашгаар чинь ах эгч 2 нь банкны зээлээ төлчихмөөр байна, туслаач” гэж гуйсан. Тэгэхээр нь би эгч, ах хоёрынхоо амьдралд тус болох санаатай зөвшөөрсөн юм...Миний хувьд Г.Н- ахыг жолоодох эрх нь сэргэсэн гэж бодсон юмаа...Ер нь Г.Н- ахыг урьд нь ослын хэрэгт холбогдсон шүүхээр ял шийтгэгдсэн, жолоодох эрхээ хасуулсан байгааг би мэдэж байсан. Г.Н- ах болон эхнэр 2 нь хоёулаа ажилгүй, 3 хүүхэдтэйгээс 1 хүүхэд нь оюутан, амьдрал нь хүнд хэцүү банкны зээлтэй гэдгийг нь мэддэг учраас амьдралд нь нэмэр болж туслаж байна гэдгээрээ би ээлжийн жолоочоороо авч явж нэг удаагийн тээвэрлэлтийн ашгаа Г.Н- ахад өгч туслах санаатай л ийм зүйл болчихлоо. Г.Н- жолоо барьдаг, жолоодох тодорхой хэмжээний дадлага туршлагатай хүн учраас ийм осол гаргачихна гэж бодоогүй ээ...Нэгэнт миний хувьд жолоодох эрхгүй Г.Н- ахад тээврийн хэрэгслээ жолоодуулсны улмаас осол гарч иргэд хохирсон нь үнэн...Миний буруу...гэх мэдүүлэг /хх-ийн 125-128-р тал/

              Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би хадам дүү Б.Г-тай хамт түүний 11-11 ААА  улсын дугаартай Hyundai County маркийн автобусаар тээврийн товчоон дээрээс хүн авч Улаанбаатар хотын чиглэлд явсан. ...Эрдэнэт өнгөрөөд Баруун бүрэнгийн цаад талд Орхоны гүүр дөхөөд Б.Г- жолоогоо надад шилжүүлсэн. Би түүнээс цааш бариад явсан. Намайг жолоо шилжүүлж аваад хөдлөх үед гадаа бороо, цас холилдож ороод тэр нь хөлдөөд мөс болчихсон замын нөхцөл байдал тиймэрхүү байсан. Би жолоо барьж явсаар Ды пост өнгөрөөд Хонгор ороход зам нилээн хальтаргаатай болчихсон, ер нь явахад хүндрэлтэй болсон байсан. Хонгор сум өнгөрөөд Хустайн даваа өгсөөд явж байтал автобусны бөгс хэсэг баруун гар тал руу гэнэт гулсаад шарвахаар нь би баруун гар тал руугаа жолооны хүрдээ дартал машины бөгс хэсэг буцаад зүүн гар тал руу шарваад хөндөлдөөд ирсэн. Энэ үед урд хэсгээрээ замын хажуу талын далан мөргөтөл бөгс хэсэг засмал дээр явсан болохоор гулсаад шидэгдээд замаас гараад жолооч талаараа хажуулдчихсан. Тэгээд машин хажуулдчихаар нь би хартал урд талын салхины шил хагарсан байхаар нь хүмүүсээ урд цонхоор гаргаад байж байтал хүмүүс “машин доор нэг хүн дарагдчихсан байна” гэхээр нь хартал жолоочийн ар талд цонхон талд сууж явсан эмэгтэй машинд дарагдчихсан байхаар нь тэнд байсан хүмүүс нийлээд машиныг хальт өргөж байгаад дарагдсан эмэгтэйг татаж гаргасан. Машинд дарагдсан эмэгтэйг гаргасны дараа эмнэлэг цагдаа дуудах гэсэн боловч утас маань унтарчихсан байсан бөгөөд Б.Г- Д руу цагдаа эмнэлэг дуудсан. Би тухайн үед айж балмагдсан байдалтай байсан...Бид хоёрын хүн тээвэрлэж явсан автобус хүн тээвэрэлэх зөвшөөрөл байхгүй Бид хоёр зөвшөөрөлгүй явж байсан. Би банкны мөнгө төлөх хэрэгтэй болчихоод мөнгө олдохгүй байсан юм. Тэгээд Б.Г-ыг “нэг удаа яваад өгөөч” гэж гуйгаад машинтай нь явж байгаад ийм байдалд орчихлоо...Би өөийн хариуцлагагүй байдлаас болж зам тээврийн осол гаргаж эрдэнэт хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна Зорчигч нараас бүгдээс нь уучлагт гуйж байна. Маш их гэмшиж байна. Би өөрийн хэмжээнд хохирлыг барагдуулна. Тэр бол миний үүрэг хариуцлага. Миний тухайд мөнгөний боломжгүй болоод хохирогч нартайгаа уулзаж чадахгүй байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 245-249-р тал/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3718 дугаартай: Б.Л-гийн биед хүзүүний 1-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн нүх, үений гадаргуу хамарсан бяцарсан хугарал, дагзны баруун ёрвонгийн хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун гуяа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 156-р тал/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3720 дугаартай: Б. Батцэцэгийн биед баруун нүдний зовхи, хацар, бугалга, зүүн сарвуу, доод мөчний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 159-р тал/

              Д-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 792 дугаартай:...Х.Ц-ын биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Х.Ц-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 165-р тал/

              Д-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 569 дугаартай: ...Н.Амарбаясгалангийн биед гэмтэл тогтоогдсонгүй..гэх дүгнэлт /хх-ийн 175-р тал/

              ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 271 дугаартай: Ж.Б-ын биөд зүүн шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Ж.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 169-р тал/

              ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын               08-ны өдрийн 268 дугаартай: Ц.Э-ийн биед баруун, зүүн шуунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Ц.Э-ийн биед учирсан гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 172-р тал/

              Д-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай: Талийгаачийн биед, уушигны няцрал, урагдал, дэлүү задрал, 2 талын олон хавирганы шууд хугарал, гялтан урагдалт, цус хуралт, цээжний хөндийн цусан хураа, баруун чамархайн хуйхны шарх, цус хуралт, дух, баруун, зүүн хацар, доод эрүү, цээж, хэвлий, бүсэлхий, зүүн ташаа, баруун гуя, баруун сарвууны зулгаралтууд, баруун мөр, бугалганы цус хуралт бүхий бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн цохигдох мөргөгдөх, доргих, хавчигдах үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн биед үүссэн дээрх гэмтэл болон зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт нь амьд ахуй үед үүссэн гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байжээ. Талийгаач нь 3-р бүлгийн цустай байна. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас хурц цус алдалтаар нас баржээ...гэх шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 190-198-р тал/

              Д-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шнижээчийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай: ...Жолооч Г.Н- нь осол гарах үед тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх нь хүчингүй байсан... Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1/А, 2.3/А, мөн дүрмийн 21-р бүлэг 21.8/А, мөн дүрмийн 9-р бүлэг, 9.3/Г заасан заалт зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан...гэх дүгнэлт /хх-ийн 230-231-р тал/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-19-р тал/

              Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-28-р тал/

              Капитал зууч ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эвдрэл , хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 204-207-р тал/

              Авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 214-222-р тал/

              Гэрч Ө.Чойжгаваа, Д.Дэмбэрэл, Э.Энхжаргал, Б.Нарантуяа, А.Мөнх-Эрдэнэ, С.Бат, Г.Мягмарсүрэн, насанд хүрээгүй гэрч О.Энхчимэг нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-94, 112-115, 138-148-р тал/ зэрэг болно.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Шүүгдэгч Г.Н- нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2018 оны                      3 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн орчим Д аймгийн Х сумын нутаг дэвсгэр Ц гэх газарт Д-У чиглэлийн хатуу хучилттай зам дээр 11-11 ААА  улсын дугаартай Н.Соuntу маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1/А-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангиалалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх бичиг баримтыг биедээ авч явна. 2.3/А-д жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар  тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ. 9-р бүлэг 9.3/Г-д тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед 70км/цаг хурдтай явна” заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгслийн зорчигч Б.Л-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, зорчигч М.Э-ы амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна.

              Шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

              Иймд шүүгдэгч Г.Н-ын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.   

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.       

              Шүүгдэгч Г.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт, саналыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

              Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хэрэгт иргэний хариуцагч, гэрч Б.Г- нь шүүгдэгч Г.Н-т жолоогоо шилжүүлсэн болох тогтоогдсон. Автомашины эзэмшигч Б.Г-ыг  иргэний хариуцагчаар тогтоосон байх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан тул баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Г.Н-, иргэний хариуцагч Б.Г- нараас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

              Үүнээс: Хохирогч Б.Л-, Ш.М- нар нь Г.Н-аас хохирлоо барагдуулсан тул гомдол, санал байхгүй, иргэний нэхэмжлэгч Х.Ц- нь цаашид ямар нэгэн гомдол саналгүй гэх тайлбарыг өгсөн байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.О- шүүгдэгчээс 4.600.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Г.Н- нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байх тул шүүгдэгч Г.Н-аас 4.600.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.О-д,

              Иргэний нэхэмжлэгч Ж.Б- 2.070.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас нотлох баримтын хэмжээнд/ 2-р хх-ийн 166-р тал / 320.000 төгрөгийн эмчилгээний баримтыг үнэлж Г.Н-аас 160.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Г-аас 160.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Б-од олгож шийдвэрлэх нь зүйтэй,

              Хохирогч Н.Ц- түүний өмгөөлөгч нар нь 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн хүү М.Дөлгөөнд хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээ 217.900 төгргөөс тэтгэмж 155.000 төгрөгийг хасаж тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 62.900 төгрөгийг 18 нас хүртэл шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх боловч  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлын төлбөр гаргуулах хэмжээг нас барагчийн цалин, орлогын дунджаас нас барагчид өөрт нь болон түүний хүү М.Дөлгөөнд оногдох хэсгийг хасаад үлдэх төлбөрийг тэжээгчээ алдсаны тэтгэмжээс хасаж зөрүүг гаргах хуулийн зохицуулалттай байх бөгөөд хохирогч нь талийгаачийн цалин, орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар шүүгдэгч Г.Н-, иргэний хариуцагч Б.Г- нараас нэхэмжлэх эрхтэй болно.

              Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэчимэг 1.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Б- нь 1.750.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Н-, иргэний хариуцагч Б.Г- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

              Эрүүгийн 1818001910042 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ХХ аймгийн Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Г.Н-ын хамтран өмчлөлийн эзэмшлийн ... бүртгэлийн дугаартай 30м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/таван/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жил 1нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г. Г.Н-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Н-аас 4.600.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.О-д, шүүгдэгч Г.Н-аас 160.000 төгрөг, иргэний хариуцагч Б.Г-аас 160.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Б-од тус тус олгож,  хохирогч Н.Ц- нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, иргэний нэхэмжлэгч Ж.Б- нь 1.750.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Э нь 1.000.000 төгрөгийн хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Н-, иргэний хариуцагч Б.Г- нараас нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн 1818001910042 дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, ХХ аймгийн Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч Г.Н-ын хамтран өмчлөлийн эзэмшлийн ... бүртгэлийн дугаартай 30м2 талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР