| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0152/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/159 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1938002460170 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Д-,
Шүүгдэгч Н.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ХХ аймгийн Х сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг гараар цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ХХ аймгийн Х сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн танил тус сумын төвд оршин суудаг Доржпалам гэдэг хүний гуйлтаар өөрийн эзэмшлийн УАЗ маркын 93-78 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ түлээнд явж өгсөн. Тэгээд Доржпаламын хашааны үүдэн дээр ирэхээр нь би Н.Д-гоос машинаа аваад Доржпалам хашааны хаалгаа онгойлгохоор нь тэр айлын хашаанд ороод тойрч дүгэрээд түлээний хог руу нь ухрах гэж байсан. Тухайн үед Доржпалам нь миний жолооч талаар орж ирээд хаалга онгойлгоод “чи хүн амьтан дайрлаа” гэхээр нь би Доржпаламд “түлээний хогон дээр чинь буулгах гээд байна, эсвэл энд чинь буулгаад би харьлаа” гэсэн чинь машины кундакторын арын нэг утсыг тас татаад унтраасан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “яасан ч яадаг юм” гээд намайг Доржпалам машинаас суга татаж буулгаж ирээд Доржпалам араас тэвэрч байхад Н.Д- нь үсэрч ирээд гараараа хамар руу цохисон. Мөн Доржпалам намайг доош тумлайлаад бөхийлгөөд дарсан байхад Н.Д- нь цээж хэсэг рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Мөн хамар луу өшиглөсөн. Тухайн үед хамрын яс хугарсан байсныг сумын эмнэлэгийн их эмчээр савхаар гаргуулж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/
Гэрч Т.Доржпаламын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 25-ны өдөр би Т.Б- гээд өөрийн танил найзыг УАЗ машинтай нь гуйж түлээнд авч явсан юм. Тэгж явахдаа мөн өөрийн найз Н.Д- буюу Н.Д-г хамт авч явсан. Тэгээд би хүн ажилд гуйж явж байгаа юм чинь гэж бодоод нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, мөн Н.Д- нэг шил 0,5 литрийн Ерөөл архи авсан. Тэгээд түлээ рүү явж байх замдаа бид гурав нэг шил архиныхаа талыг хувааж уугаад түлээ ачих газраа очсон...Намайг Т.Б-ыг тэврээд хашаанаас гаргаж байх үед Н.Д- Батбаатаын араас нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Т.Б-ыг “чи цаашаа бай” гээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/
Гэрч М.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр аавынд бууз хийж байгаад нэлээд оройхон гэртээ ирэхэд Т.Б- нь хашааны ёроолд суусан байсан. Тэгээд намайг хашаа руугаа ороход Т.Б- босоод цаашаа явж харагдсан. Тэгээд намайг гэртээ орж ирэхэд араас манай нөхөр Доржпалам, Н.Д-гийн хамт гэрт орж ирсэн...Тухайн үед цаг нэлээд орой харанхуй байсан болохоор би Т.Б-ыг сайн ажиглаж хараагүй. Мөн Н.Д- манайд орж ирэхэд нүүр амнаас нь цус гарсан зүйл байгаагүй. Харин манай нөхөр Доржпалам “Н.Д-, Т.Б- хоёр хэрэлдээд зодолдох гэхээр нь би салгапаа” гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
Шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг Мөрөн явах санаатай машинтайгаа хүн тээврийн зогсоол дээр зогсож байхад миний танил найз Доржпалам нь Т.Б- гэдэг жолоочтой УАЗ /аавын цээж/ машинтай ирээд намайг “Мөрөн явахгүй бол найздаа түлээнд хамт явалцаж егөөч” гэхээр нь би тэр хоёртой Доржпаламын түлээнд явалцсан. ...Тэгсэн чинь Т.Б- “машиныг ингэж тавьдаггүй юм” гэж өөрөө жолоон дээрээ суугаад хашаан дотор урагшаа, хойшоо хэд хэд шуугиад байхаар нь Доржпалам “чи байшин сав, машин тэрэг дайрлаа” гээд жолооч талын хаалгыг онгйолгож кундакторын утсыг таслаж хүчээр унтраасан юм. Тэгсэн чинь Т.Б- машинаас бууж ирээд “чи машины утас тасаллаа” гэж над руу дайраад намайг гараараа үүдэн шүд орчимд нэг удаа цохиж авсан: Тэгэхээр нь би эргүүлээд гараараа Т.Б-ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж авсан. Тэгээд Доржпалам Т.Б-ыг хашаанаас аваад гараад явсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 151 дугаартай: Т.Б-ын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, элэгний доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Т.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Н.Д- нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ХХ аймгийн Х сумын - дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн энэ гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Н.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 43-р талд эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Н.Д- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938002460170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938002460170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР