| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0021/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/162 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2019/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1838007370431 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХХ аймгийн Х сумын нутагт иргэн Э.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХХ аймгийн Х сумын нутагт хохирогч Э.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 06 ны өдөр Х сумын Хайс 2 дугаар багийн нутаг Хулганы ам гэх газарт тус сумын ЗДТГ-ын ажилчид болон тусгай хамгаалалтай газрын ажилчдыг урьж жуулчны үйл ажилагаа явуулдаг Нүүдэлчин аялал ХХК хүлээн авалт зохион байгуулсан. Энэ үед хүлээн авалт дуусаад гэрээс гараад гол руу явах замд Засаг даргын орлогч ажилтай Б.Б- гэх залуу намайг “чи өмнө нь энэ суманд засаг дарга хиймээр болж байхдаа намайг ажилд томилоогүй, чи том компаний гэрээ шалгах ямар эрхтэй хүн бэ” гэж хэлээд заамдаад бариад авахаар нь “би чиний өргөдлийг санаж байна би Тамгын даргад чиний өргөдлийг цохсон, томилгоо нь ЗДТГ-ын даргын томилгоогоор дотоод ажил хариуцсан ажилд Чимэдцэрэн гэх хүн томилогдсон, үүнд миний оролцоо байхгүй” гэхэд “чи томилоогүй, би төрийн албаны шалгалтанд 1-ээр зогссож байхад чи томилоогүй” гээд хоолой боогоод байхаар нь тус сумын ИТХ-ын дарга хамаатны ах нь хараад зогсож байхаар нь “та дүүгээ аваач” гэхэд аваагүй. Тэгээд намайг газарт унагаагаад нүүр ам руу тааралдсан газраа гараараа цохиж өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27-31-р тал/
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Х сумын ЗДТГ-ын хамт олныг Х суманд үйл ажиллагаа явуулдаг Номадик жөнс компани үйл ажиллагаатайгаа танилцуулахаар урьсан байсан юм...Тэндээсээ голын цаана байх Номадик жөнс-ийнн кемп дээр завиар гарсан. Харуулын байрнаас хуучин Засаг дарга байсан Э.Ч- бид нартай хамт очсон. Э.Ч- харуулын байр дээр өвс хадахаар гарч ирсэн гэж байсан...Голоор хүмүүс гарч дууссаны дараа харуулын байр дээр ирсэний дараа хоёр хүн хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь очоод салгатал Б.Б-, Э.Ч-тай зодолдсон байсан. Би Э.Ч-ыг салгаад харуулын байранд нь оруулж өгсөн, Э.Ч-ын нүүр нь цус болсон байсан. Тэгээд Тамгын газрын ирсэн хүмүүс буцсан. Би харуулын байранд үлдэж тэндээ хоносон. Маргааш нь Э.Ч-ын нүд нь хавдсан байсан...Тухайн үед тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар сонирхож ч асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р тал/
Гэрч Д.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Х сумын 2 дугаар багийн нутагт байдаг Хулганы амны амралт гээд амралтын газарт сумын Тамгын газрын хамт олныг ирж амрах талаар урьсан юм. Тэгээд тамгын газрын хамт олонтой бид нар очиж амарч байсан....Миний үзсэн харсан зүйл бол тэр амралтан дээрээсээ буцах болоод амралтын газрын хүмүүстэй зургаа авахуулж амралтын газрын нөхцөл байдал үйл ажиллагаатай танилцаад буцах үед тэр хоёр хүн маргаж эхэлсэн. Э.Ч- нь Б.Б-ыг асуугаад “хаана байна” гээд хайгаад яваад байсан. Голын зах дээр тэр хоёр тааралдсан. Тэнд Э.Ч- нь Б.Б- луу “чам шиг нус байтугай 10 шкаб шиг оросыг зодож явсан хүн” гээд дайраад байсан...Зодолдож байхад нь би салгаагүй. Зодолдох гээд хэрэлдэж байхад нь салгаад Э.Ч-ыг завиар голын нөгөө талд гаргаад Б.Б- голын эрэг дээр үлдсэн. Дараагийн ээлжийн завиар үлдсэн хэдэн хүмүүстэй цуг Б.Б- бид хоёр гарч очсон. Тэгэхэд урдаас Э.Ч- тосч ирээд ахиад хэрэлдээд Б.Б- хальт өшиглөж цохисон. Тэгэнгүүт нь дахиж салгаад тэр хоёр хүнийг тус тусад нь өөр машинд суулгаад тусгай хамгаалалтын байр луу явуулсан. Сүүлд гол гарч ирсэн хүмүүсийг би хүлээж байгаад хамт нөгөө отог руу ирэхэд тэр хоёр зодолдоод дууссан бололтой тэнд хүмүүс салгасан юм шиг байна лээ Б.Баярын толгойноос цус гоожсон байсан...Б.Б- нь миний толгойг шилтэй архиар цохиод “толгой хага цохичихлоо” гээд хувцас хунар нь цус болсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 464 дугаартай: Б.Б-ын биед хүзүү, баруун гуя, шилбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай: Б.Б-ын биед тухайн үед хүзүү, баруун гуя, шилбэнд зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр тухайн үед баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих уйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгуй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх нэмэлт дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-60-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 463 дугаартай: Э.Ч-ын биөд баруун хөмсөгөнд зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхи болон цээжний хажуу гадаргуу, ууцанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Э.Ч-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаартай: Нэмэлтээр ирүүлсэн дээрхи зураг нь тухайн үеийн гэмтэлтэй тохирч байна. Хохирогчийн дээрхи баруун хөмсөгний зулгаралт гэмтэл нь баруун хөмсгөнд зузаан цагаан сорви тогтоосон ба дээрхи зурагт баруун хөмсөгнөөс цус их хэмжээгээр гарсан байсан зэргийг харгалзан узхэд тухайн үед зузаан тавны доор зулгаралт бус шарх байсан байна гэдэг нь илт байна. Иймд Э.Ч-ын биед тухайн үед шарх тогтоогдлоо. Энэ нь тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруул мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: ...Тэгээд тэндээ байж байгаад орой болоод бид нар явах дөхчихсөн байсан. Би гэрээс гарч ирэхэд гэрийн үүдэнд Э.Ч- сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн болох манай эхнэртэй ажлын талаар яриад маргалдах байдалтай зогсож байсан юм. Би Э.Ч-ад “одоо энд ажил төрлийн холбогдолтой юм ярьдаг цаг нь биш, наад асуудлаа ярих газраа ярьдаг цагтаа ярь” гэж хэлсэн чинь Э.Ч- миний урдаас “би бол Х сумын төлөө юм ярьдаг байхгүй юу” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би тэгэхээр нь “та хэзээ тийм сумын төлөө юм ярьдаг байсан юм бэ, таныг Засаг дарга байхад би төрийн албаны шалгалтанд тэнцээд декриттэй хүний оронд түр ажилламаар байна гэж өргөдөл өгөхөд та улс төрийн юм яриад намайг ажилд аваагүй биз дээ” гэсэн юм яриад бид хоёр маргалдаад гэрийн хажуу талд хальт заамдалцаж аваад байж байхад хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд сум руу буцах болоод голоор завиар гараад машиндаа суугаад харуулын байран дээр ирэхэд Э.Ч- ах гараад ирчихсэн “Б.Б- муу гөлөг хаана байна, би цагтаа 10 шкаб шиг орос залуучуудыг тарааж явсан, наад муу гөлгийг чинь алаад хаячихъя” гээд орилоод байсан. Тухайн үед би “гараад яах вэ” гэж бодоод машин дотор сууж байхад ...улсын бүртгэгч Одхүү ах ирээд надад “таньтай учраа олъё гээд байх шиг байна, та бууж очоод уулзчих юм уу” гэхээр нь би “түрүүний болсон асуудал дээр уучлалт гуйх гээд байгаа юм болов уу, хэрвээ уучлалт гуйх юм бол ялгаа байхгүй би ч гэсэн уучлалт гуйя” гэж бодоод машинаас буугаад урдаас нь яваад очиход намайг шууд хянгар луу өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр би цээж хэсэг рүү нь хөлөөрөө жийсэн чинь хойшоогоо Э.Ч- унахаар нь би дээрээс нь дарж суугаад бид хоёр барилцаж аваад байж байхад хүмүүс ирээд намайг татаад бид хоёрыг салгасан. Бид хоёрыг ноцолдож байх үед миний баруун хөлийн гуя хэсэг нэг үзүүртэй зүйлээр шаасан. Тухайн үед юу байсныг нь мэдээгүй. Тэгээд хүмүүс салгах үед газраас босч ирээд машины гэрэлд намайг цохих гээд дайрахаар нь би нүүр лүү нь өшиглөсөн. Тэгсэн Э.Ч-ын хөмсөг нь тасарсан байх, нүүр хэсгээс нь цус гарсан байсан. Тэгээд хүмүүс бид хоёрыг салгаад би машин луугаа явж байхад араас миний толгойны дагз хэсэг рүү шилтэй зүйлээр цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 43-45-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ХХ аймгийн Х сумын нутагт хохирогч Э.Ч-ын зүй бус үйлдлээс шалтгаалан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгөнд зулгаралт, шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б-ын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 184.600 төгрөг, замын зардал 150.000 төгрөг бүгд 334.000 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн хохирогч Э.Ч-ад олгож, хохирогчийн нэхэмжлэлээс хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас өвс худалдан авсан тухай 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1838007370431 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1838007370431 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 334.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ч-ад олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 700.000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР