Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/2022/0018/З |
Дугаар | 001/ХТ2022/0075 |
Огноо | 2022-11-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/0075
Г.Г-ын гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоол,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар магадлалтай,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-г оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Г, өмгөөлөгч Г.Г нар нь “Өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээ хязгаарыг “1.Эрүүгийн хэрэгт эрх ашгийг хамгаалах, 2.”Ч” банк болон “Н” ХХК-тай холбогдох эрүү, иргэний хэрэгт эрх ашгийг хамгаалах” гэж тохиролцжээ. Д.Г нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж, мөн “Чингис хаан” банкинд холбогдуулан эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоолгохоор, “Н” ХХК-д холбогдуулан иргэний журмаар маргахаар эрх зүйн туслалцаа хүссэн, улмаар өмгөөлөгч Г.Г-тай гэрээ байгуулсан боловч түүнээс татгалзаж, М.У-тай өмгөөллийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.
3.Гомдол гаргагч Г.Г нь “... миний зүгээс ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй гэрээний дагуу үйлчлүүлэгчийн эрх ашгийн төлөө ажилласан, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд “ГМК” ХХК-ын захиралтай байгуулж байгаа талаараа тодорхой тусгасан, харин Д.Г нь “НХ,СО” ХХК-ийн холбоотой маргаанд гэм буруутай нь тогтоогдож ял эдлэхээр болсон, миний хувьд “НХ,СО” ХХК-ийн захирлын эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцоогүй. Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасаар байхад оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн ...” гэж маргажээ.
4.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Өмгөөлөгч Г.Г нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлээс гаргуулан авсан албан бичиг, харилцан бичсэн мессеж болон бусад цугларсан баримтаар тогтоогдож байна” гэх үндэслэлээр өмгөөлөх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “... Мэргэжлийн хариуцлагын хороо шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Г.Г нь үйлчлүүлэгч Д.Г-ын захирлаар ажилладаг “НХ,СО” ХХК-тай холбоотой иргэдийн эрх ашгийг хохироосон талаарх эрүүгийн хэрэг маргаанд оролцоогүй гэх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, Г.Г-ын байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь чухам ямар маргаанд хамаарч байсан болох, дээр дурдсан ажиллагаа аль гэрээний хүрээнд хийгдсэн болох, “ГМК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Чингис хаан” банкинд холбогдох эрүү, иргэний хэрэг болон “НХ,СО” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр дээрх гэрээгээр хамтруулан тохиролцсон гэж үзэх эсэх, дурдсан ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо хэр байсан зэргийг тус тус тодруулан шалгаж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулах шаардлагатай” гэх үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар, шийдвэр гаргасан байгууллагад буцааж шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Өмгөөлөгч Г.Г нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хянан шалгагчийг утсаар холбогдоход утсаа авдаггүй, элдэв шалтгаан хэлэн ирдэггүй байсан. Маргаан хянан шийдвэрлэх хуралдааны тов мэдэгдсэн, хуралдаан болох өдөр ирэх боломжгүй, эсхүл бусад шалтгаанаа хуралдааны нарийн бичигт мэдэгдээгүй.
6.2.Ёс зүйн асуудал нь шүүхээр хэрэг шийдвэрлэж байгаатай адилтгаж болохгүй бөгөөд Өмгөөлөгчдийн холбооны нэг гишүүний ёс зүйн асуудлыг шийдэж байгаа тул энэ мэтчилэн нэр нөлөөгөө ашиглан үйлчлүүлэгчээ төөрөгдүүлдэг үйл ажиллагааны талаараа мэдээлэл өгдөггүй, тууштай эрхийг хамгаалдаггүй асуудлыг шийдэх ёстой.
6.3.Өмгөөлөгч Г.Г нь өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хөлс мөнгөө авсан хэрнээ бүрэн гүйцэт өмгөөллийн туслалцаа үзүүлээгүй. Шаардлагатай, хууль зүйн туслалцаа хэрэгтэй үед утсаа авдаггүй, мессеж бичихээр “дараа залгая” гэж хариу өгдөг байсан нь баримтаар тогтоогдсон гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт тодорхой, эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шаардлагагүй нотлох баримтыг зааж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
8.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.3-т “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах” гэж тус тус заасныг өмгөөлөгч Г.Г зөрчсөн болох нь гар утасны мессеж, иргэний хэрэгт ажиллагаа явуулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үйл баримтаар хангалттай тогтоогдож байх тул өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр хууль зөрчөөгүй байна.
9.Өмгөөлөгч Г.Г-ын ““НХ, СО” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг маргаанд оролцоогүй” гэх тайлбар хэрэгт авагдсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон “НХ, СО” ХХК-иас Г.Г-д мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн баримтаар няцаагдаж байна.
10.Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 338-х дугаар захирамжид “... яллагдагч Д.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “НХ,СО” ХХК-ийн Амар амгалан гурав нэртэй хотхоны нэгдүгээр блокын 1 дүгээр орцны 5 давхрын 40,18 метр квадрат байрны захиалгын урьдчилгаа гэж иргэн М.Н-ээс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Худалдаа хөгжлийн банкны дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 16,978,300 төгрөгийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Өмгөөлөгч Г.Г нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Г-той эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба шүүхэд шинээр 18 хуудас нотлох баримтыг ирүүлсэн байх тул хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт, хүсэлтийг хүлээн авч, яллагдагч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хүчингүй болгож, ...” гэж дүгнэжээ.
11.Эндээс үзэхэд өмгөөлөгч Г.Г нь яллагдагч Д.Г-ын холбогдсон залилан мэхлэх эрүүгийн хэрэгт өмгөөлөх үйл ажиллагааг үзүүлсэн нь нотлогдож байна.
12.Түүний зэрэгцээ “Н” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Д.Г-ын эрх ашгийг хамгаалахаар гэрээ байгуулсан боловч үүнтэй холбогдох ажиллагааг явуулаагүй, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрх зүйн туслалцаа үзүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн хариуцлага хүлээх хангалттай үндэслэл болсон бөгөөд өмгөөлөгчөөс иргэний хэрэгт ямар ажиллагаа явуулсан талаар холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.
13.Түүнчлэн өмгөөлөгч Г.Г-ын “Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн зөвшөөрөлгүй аливаа үйлдэл хийхгүй байхыг хүссэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулснаас хойш өмгөөлөх үйлчилгээ хэрхэн явуулсан үйл баримт маргааны гол зүйл бөгөөд дээрх бичигт нь өмгөөлөгчөөс татгалзсан гэх үйл баримт тогтоогдоогүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй байх агуулгатай, харин үүнээс хойш буюу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өмгөөлөгчөөс татгалзсан бичиг хэрэгт авагджээ.
14.Мөн “ЧХ” банкинд холбогдох эрх зүйн маргаанд “ГМК” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан Д.Г-ыг өмгөөлөх үйл ажиллагаа явуулсан баримт хэрэгт авагдсан, гэвч эдгээр баримт нь энэхүү маргаанд хамаагүй, иргэн Д.Г нь өмгөөлөгч Г.Г-д холбогдуулан гомдол гаргахдаа дээрх асуудлаар гомдол гаргаагүй, харин залилах гэмт хэрэгт холбогдох эрүүгийн хэрэг болон “Н” ХХК-д холбогдох иргэний маргаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан гомдол гаргасан, өмгөөлөгч Г.Г-аас энэ үйл баримтад холбогдох нотлох баримт, хийж гүйцэтгэсэн ажиллагааны талаарх мэдээллийг гаргаж өгөөгүй байна.
15.Тиймээс давж заалдах шатны шүүх “... эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь чухам ямар маргаанд хамаарч байсан болох, дээр дурдсан ажиллагаа аль гэрээний хүрээнд хийгдсэн болох, “ГМК” ХХК, “ЧХ” банкинд холбогдох эрүү, иргэний хэрэгт болон “НХ, СО” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэхээр дээрх гэрээгээр хамтруулан тохиролцсон гэж үзэх эсэх, дурдсан ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо хэр байсан зэргийг тус тус тодруулан шалгах шаардлагатай ...” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу бөгөөд хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар үнэлээгүй байна.
16.Хавтаст хэрэгт өмгөөлөгч Д.Г-той харилцаж байсан гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан, уг баримтыг Д.Г хуурамч гэж маргаагүй бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 06, 12 дугаар сарын 1, 4, 2021 оны 1 дүгээр сарын 20, 23, 27, 2 дугаар сарын 3, 3 дугаар сарын 20-ны өдөр харилцан мессеж илгээсэн, өмгөөлөгч Г.Г нь үйлчлүүлэгч Д.Г болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй уулзаагүй, зөвлөгөө мэдээллээр хангаагүй болох нь тогтоогдож байх ба гомдол гаргагчийн “09 дүгээр сарын 30-ны өдөр хоригдож гаргаснаас хойш ямар 1 ажиллагаа явуулаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 10-нд хоригдсон байхад ирж уулзаагүй, утсаа авдаггүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.
17.Түүнчлэн “хуралд оролцуулахгүйгээр маргааныг хэлэлцэж шийдсэн” гэх гомдлын тухайд: Мэргэжлийн хариуцлагын хорооноос “хурлын тов мэдэгдэх гэсэн боловч утсаа авахгүй байсан, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч эргээд залгая гэсэн” гэж тайлбарласан бөгөөд өмгөөлөгч Г.Г-аас “хурал болох үеэр Увс аймагт хуралтай байсан. Оролцох боломжоор хангаагүй шууд шийдвэрлэсэн” гэснээс үзэхэд өмгөөлөгч Г.Г нь хурал болох талаар мэдсэн гэж үзэхээр байх бөгөөд хурал хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, холбогдох баримтаа ирүүлээгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
18.Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ