| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0159/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/168 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Г.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Х-д холбогдох эрүүгийн 1938003340210 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Х-,
Шүүгдэгч Г.Х- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ХХ аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А.Б-тэй маргалдан улмаар түүнийг зодож, биед нь хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ХХ аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-тэй маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд гэрийн гадаа машин ирэхэд охин Чанцалням нь гадаа гараад буцаж орж ирээд “таныг Г.Х- ах дуудаад байна” гэхээр нь гадаа гартал Г.Х- машин дотроосоо намайг дуудахаар нь би яваад очтол “худгийн насосоо тавиач, манайх ажиллахгүй байна” гэхэд нь “за тэгье” гээд өмнө нь Г.Х- надаас 4 литр түлш авч явсан нь гэнэт санаанд ороод тэрийгээ хэлээд “оронд нь нэг шил архи аваад ир” гэтэл “за” гэснээ “түлшийг чинь өгсөн шүү” гэхээр нь би “чи өмнө нь надаас зөндөө бензин тос авдаг байсан биз дээ, авсанаа өгч чаддаггүй байж чиний архи авчирдаг юу л бол доо” гэхэд Г.Х- машинаасаа буугаад ирэхээр нь би шууд хувцасных нь 2 захыг зөрүүлээд бариад автал гар салгаад бид 2 зодолдсон. Би уур хүрээд хэсэг ухаан балартаад нэг мэдсэн Г.Х-тай зодолдохоо болиод “үнсье” гээд байж байсан. Тэгээд би юу ч санахгүй байгаа юм...Г.Х- нь миний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, надтай эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа... Би гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р тал/
Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Г.Х- ирээд “Памий /А.Б-/ ахаа” гээд дуудаад байсан. Манай нөхөр гарч ирээд тэр 2 уулзаад зогсож байсан. Тэгээд бид хоёр хурга, ишгээ тавиад дуусахын үед тэр хоёр барилцаж аваад зодолдож байсан. Тэр үед хажууд нь миний төрсөн дүү Мягмардорж оччихсон бид хоёрыг дуудаад байхаар нь явж очтол нөхөр А.Б-, Г.Х- хоёр зодолдоод дийлдэхгүй байсан...Дээр нь гараад зодоод байсан. Тэр үед Мягмардорж Г.Х-ыг татаад салгасан. Тэгэхээр нь би очиж нөхрөө босгох гэтэл Г.Х- дахин ирж манай нөхрийн толгой рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөд нөхөр ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/
Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... А.Б- ахын гэрийн гадаа Г.Х- ирээд “Памий /А.Б-/ ахаа” гээд дуудаад байсан. Тэгэхэд А.Б- ах гарч ирээд тэр 2 уулзаад зогсож байсан. Тэгээд бид 2 хурга, ишгээ тавиад дуусахын үед тэр хоёр барилцаж аваад зодолдож байсан. Тэр уед хажууд нь манай нөхөр Мягмардорж оччихсон бид хоёрыг дуүдаад байхаар нь явж очтол А.Б- ах, Г.Х- 2 зодолдоод Бямбасүрэм ахын дээр нь Г.Х- гарчихсан зодоод байсан, Тэр үед манай нөхөр Мягмардорж Г.Х-ыг татаад салгасан. Тэгэхээр нь би Отгонжаргал эгчтэй А.Б- ахыг босгох гээд очих үед Г.Х- дахин А.Б- ахын толгой руу баруун хөлөөрөө 1 удаа өшиглөхөд А.Б- ах ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд ухаан орохгуй байхаар нь бид 4 Бямбасурэн ахыг өргөөд гэрт нь оруулсан. 1 цаг орчмын дараа 103 ирэхэд Г.Х-, Мягмардорж 2 А.Б- ахыг өргөөд 103-ын машинд суулгаад эхнэр Отгонжаргал нь суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/
Гэрч Т.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 20-ны...орой 18 цагийн орчимд...би шээх гээд гэрээс гарахад Г.Х-, А.Б- ах 2 уулзаад зогсож байсан. Шээгээд зогсож байтал тэр 2 барилцаж аваад зодолдож байсан Би шээж дуусаад би шууд тэр хоёр луу очиж салгах гээд Г.Х-ыг дийлэхгүй болохоор эхнэр Нямдолгор, эгч Отгонжаргал нарыг дуудаад дахин татаж салгатал Г.Х- салах үедээ А.Б- ахын толгой рүү баруун хөлөөрөө 1 удаа өшиглөхөд А.Б- ах ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон...Миний харснаар Г.Х- А.Б- ахын дээр гарчихсан толгой, нүүр лүү нь гараараа цохиод байсан. Тэр үөд би салгах гээд дийлэхгүй байж байгаад дахин татах үед А.Б- ахын толгой руу нь баруун хөлөөрөө өшиглөхөд А.Б- ах ухаан алдаад хөдөлгөөнгүй болчихсон. Тэгээд зодоон зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/
Гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр Г.Х-тайгаа гэр бүл болоод 19 дэх жилдээ болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй...Нөхөр Г.Х-ын маань зан чанарын хувьд гэвэл элдэв муухай ааш авир байхгүй, хүүхдээрээ зан чанартай, шударга, төлөв даруу зантай, хүнтэй харилцаа сайтай хүн байдаг. Нөхөр маань тамхи татдаг, харин архийг огт хэрэглэдэггүй. Мөн нөхөр Г.Х- маань урьд өмнө хэрэг төвөгт огт холбогдож байгаагүй...Би нөхөр Г.Х-ыгаа А.Б- ахтай маргалдсан талаар тухайн хэрэг гардаг өдрийн орой нөхөр Г.Х-аасаа сонсож мэдсэн. Тухайн өдөр нөхөр Г.Х- маань “усанд явчихаад ирье” гээд машинтайгаа явсан. Явчихаад ирэхдээ хацар нь шалбарчихсан, шалбарсан хэсгээс нь цус гарчихсан байдалтай ирсэн. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “А.Б- ахаас худгийн нацос асуух гээд очиход гэртээ согтуу байна лээ. Тэгэхээр нь уулзахаа болиод явах гэж байхад А.Б- ахын эхнэр Отгоо эгч дуудахаар нь эргэж очоод уулзаж байхад А.Б- ах гарч ирээд надаас архи нэхээд намайг цохиж авлаа. Тэгэхээр нь уурандаа А.Б- ахтай маргалдчихаад ирлээ” гэж хэлж байсан,..гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
Шүүгдэгч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эхлээд А.Б- ах намайг машин дотроо сууж байхдаа “архи авчир” гэж хэлснээ миний нүүр лүү гараараа цохисон. А.Б- ах намайг цохичихоор нь би уурандаа машинаас буусан. Машинаас буухад А.Б- ах намайг заамдаад авахаар нь би түүнийг мушгиж унагаасан. Тэгээд би А.Б- ахыг “намайг тавиач” гэхэд тавихгүй байснаа хэсэг байж байгаад тавьсан. Тавингуутаа намайг “үнсье” гэж хэлснээ цохих гэж дайрсан. Тэгэхээр нь би түүний нүүр лүү түлхэж цохиод дахиад мушгиж унагаасан. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...Тухайн үед миний зүүн хацар шалбарчихсан байсан. Тухайн үед би эмнэлэгт өөрийн биеэ үзүүлж баримтжуулсан зүйл байхгүй. Одоо бол уг шалбархай маань эдгээд зүгээр болчихсон...Би А.Б- ахын хохиролд гарсан 450.000 төгрөгийг төлж барагдуулахаар болж харилцан тохиролцож, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/
ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 235 дугаартай: А.Б-гийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамрын нурууны баруун хэсэгт зулгаралт, үүдэн зүүн 1-р шүд хөдөлгөөнтэй, доод уруулын зүүн хэсгийн салтсад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжгой. А.Б-гийн биед үүссэн хамар ясны хугарал, тархи доргилт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Х- нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ХХ аймгийн Х сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-г зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Х- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Хавтаст хэргийн 60-р талд эвлэрлийн гэрээ авагдсан байх ба тус эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан хохирол болох 450.000 төгрөгийг шүүгдэгч Г.Х-аас гаргуулж хохирогч А.Б-д олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Г.Х- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938003340210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Х- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-аас талуудын эвлэрлийн гэрээгээр баталгаажсан хохирол болох 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч ХХ аймгийн Х сумын 3 дугаар багт оршин суух Х овогт А.Б- /-/-д олгосугай.
5. Эрүүгийн 1938003340210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР