| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2024/00189/И |
| Дугаар | 214/МА2024/00019 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 214/МА2024/00019
Б.А*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А******* даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 132/ШШ2024/00414 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.А*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.Ч*******д холбогдох,
12,016,800 /арван хоёр сая арван зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Ч*******гийн шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д*******, хариуцагч Л.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие Х******* худалдааны төвд хүнсний 119, 113 б гэсэн дугаартай 20 мкв 2 павилонд 8 тавиур, 2 ширхэг хөргүүр, хүнсний бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаад иргэн Л.Ч*******тэй харилцан тохиролцож 2 павилоноо нэг хөргүүр, худалдаалж байсан баглаа савтай хүнсний бүтээгдэхүүний хамт нийт 85,692,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож Ч******* 70,000,000 төгрөгийг надад шууд өгч, үлдэх 15,692,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний дотор 2 хувааж төлөхөөр гэрээ байгуулан нотариатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.
...Гэтэл Ч******* нь эхний төлөлтөө хийгээд үлдэгдэл төлөлтөөсөө 5,376,000 төгрөгийг төлөлгүй өнөөг хүрээд байна. Энэ үлдэгдэл мөнгөө нэхэхээр 3,500,000 төгрөгөөр үнэлж авсан хөргүүрийг чинь авахгүй буцааж ав, миний үнэгүй өгсөн голцуу чихэрийг надад буцааж 1,300,000 төгрөгөөр үнэлж өгчихөөд одоо 2,000,000 төгрөгт чихэр буцааж өгсөн надад тооцоо байхгүй гээд байгаа болно.
Тухайн үед 2 павилоны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад элдэв шалтаг тоочин мөнгөө 2 хувааж өгье гэхээр нь зөвшөөрсөн, мөн тухайн үед өөр хүн авах гэж байсан хөргүүрийг би авна гэж үнэ тохирч авчихаад худалдаж авснаас хойш 20 хоногийн дараа хөргүүрийг чинь авахгүй гээд үнийг төлөөгүй ба миний үнэгүй өгсөн чихэрийг надад буцааж өгчихөөд 2,000,000 төгрөгний чихэр өгсөн гээд маргаан үүсгээд байгаа тул би шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Энэ хугацаанд би бусад төлөх хугацаатай мөнгөө төлөхийн тулд хүнээс 3,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй авч 2 удаагийн хүүнд 900,000 төгрөг төлсөн.
Би эрхийн болоод эд хөрөнгийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг Ч*******д хүлээлгэн өгч, үлдэгдэл мөнгөн дээрээ гэрээ байгуулан нотариатаар батлуулсан тул төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, гэрээнд заасан хугацааны хүү 940,800 төгрөг нийт 6,316,800 төгрөг.
Бараа материалыг хүлээлгэж өгөхөд нэг удаа бүрэн төлж дуусгана гэсэн үгэнд нь итгэж байсан тул үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, кг-ын задгай чихэр зэргийн нийт үнэ 5,700,000 төгрөг бүгд 12,016,800 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар: Миний бие Л.Ч******* нь нэхэмжлэгч Б.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
а.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, ... зэргээ үнэлэн 5,700,000 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасны дагуу Б.А******* бид хоёрын хооронд энэ мөнгөн дүнгийн хэмжээнд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан ба хариу төлбөргүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна. Мөн тухайн үед өгсөн хуучин хөргүүр нь А*******ын өөрийнх нь биш байсан ба тухайн захад ажилладаг Туул гэх хүн минийх гээд буцааж авсан. Барааны жагсаалтын 403, 404, 405-д үнэгүй гэж тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй юм.
Мөн үнэгүй өгсөн задгай чихэр байхгүй ба бүх чихэрээ үнэ тооцсон. Хугацаа нь дууссан бараагаа ч үнэлж өгсөн. Павилон худалдаж авахад байсан задгай чихэр нь барааны жагсаалтын 368, 369, 370, 374 дээр бүгд мөнгөн дүнгээрээ бичигдсэн байгаа нийт 902,175 төгрөгний чихэр байсан.
б.Төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, түүний 940,800 төгрөг, нийт 6,316,800 төгрөгийг нэхэмжилжээ.
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 3,500,000 төгрөгийн хөргүүр энэхүү нэхэмжлэлийн дүнд орсон ба нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс өндөр надад зарсан. Зах зээлийн ханш 1,700,000-1,900,000 хооронд зарагдаж байна. Тиймээс А*******д 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй. ... Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлөгдөөгүй мөнгө, түүний хүү 6,316,800 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн барааны үлдэгдэл мөнгийг 2 хувааж өгөх талаар ярилцаж тохиролцсон нь үнэн гэхдээ хэзээ ч 14 хоногийн хугацаанд өгнө гэж яриагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасныг баримтлан хариуцагч Л*******гийн Ч******* -ээс 4,789,300 /дөрвөн сая долоон зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б*******ы А******* -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,219 /хоёр зуун долоон мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч*******гээс 91,579 /ерэн нэгэн мянга таван зуун далан ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Л.Ч******* нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Ч******* нь 414 дугаартай шүүхийн шийдвэрийг 11 дүгээр сарын 08-ны өдөр гардаж аваад ийнхүү давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч надаас 4.789.300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхны шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчээс бэлэглэсэн бараа материалаас бусад 6,316,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг ба энэ үнийн дүнд бидний маргаан бий болсон хөргүүрийн үнэ 3,500,000 төгрөг багтсан байдаг. Хөргүүрийг хүлээн авсныхаа дараа үнийг судлахад 1,700,000-1,900,000 хооронд байсан тул 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй.
Иймд уг хөргүүрийн үнэлгээг тогтоолгохоор 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Tonbао брендийн хөргөгчийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг Хүсэлт хангаж шийдвэрлэх тухай захирамжаар үзлэг хийлгэх хүсэлт гэж хангаж шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн түүнчлэн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1347 дугаартай захирамжаар уг хөргүүрт үзлэг хийх гэснийг хасаж өөрчилсөн бөгөөд гомдол гаргах эрхтэй захирамжийг надад шүүхээс мэдэгдээгүй атлаа утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэл үйлдсэн нь ойлгомжгүй байна.
Иймд 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 132/ШШ2024/00414 дугаартай шийдвэрийг хянаж өгнө үү. гэв.
5.Нэхэмжлэгч Б.А******* тайлбартаа: Хөргүүрийн хувьд шүүхээс шүүгчийн туслах, шүүгч, тэгээд би цуг очиж үзлэг хийсэн. Х******* дахь лангуун дээр очоод шүүгч үнэлгээ хийх боломжгүй юм байна гэж амаар хэлж байсан. Гэхдээ энэ мөнгөний хувьд ганцхан хөргүүр дээр биш юм. Өөр хүн авах гээд байна шүү, чи авах юм уу? гэхэд авна гэж хэлээд нотариатаар орж гэрээ байгуулсан. Тиймээс би гэрээний үүргийг хүлээлгэх гээд шүүхэд хандсан гэв.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д******* тайлбартаа: Б.А*******, Л.Ч******* нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийт үнийн дүнгээс 70,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 15,692,000 төгрөг дээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний үүргээ заасан хугацаандаа биелүүлээгүй учраас биелэгдээгүй үлдсэн үнийн дүнг хангуулах шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Талууд анхнаасаа лангуу худалдахдаа түүн дотор байгаа хөргүүрийг авахаар тохиролцож гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байдаг. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж харилцан үүрэг хүлээчихээд хөргүүрийн асуудлаас болж үлдэгдэл мөнгөө төлөхгүй, маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчид нотлох баримтуудаа өөрсдөө гаргаж өгөх үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Ч*******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.А******* нь ...Л.Ч*******тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлөгдөөгүй мөнгө 5,376,000 төгрөг, гэрээнд заасан хүү 940,800 төгрөг нийт 6,316,800 төгрөг, үнэгүй өгсөн тавиур, хөргүүр, жин, килограммын задгай чихэр зэргээ дээр үнэлсэн үнээр тооцон нийт 5,700,000 төгрөг бүгд 12,016,800 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 10,489,300 төгрөг гаргуулна гэж,
Хариуцагч Л.Ч******* нь ...3,500,000 төгрөгийн хөргүүр энэхүү нэхэмжлэлийн дүнд орсон. Хөргүүрийн зах зээлийн ханш 1,700,000-1,900,000 хооронд зарагдаж байна. Тиймээс А*******д 2,000,000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд зөвшөөрөөгүй. Мөн хугацаа нь дууссан чихэр бараа буюу 1,796,000 төгрөгийн барааг түүнд буцааж өгөх талаар олон удаа хэлсэн боловч ирж аваагүй ба сүүлд өөрийн дүүгээ явуулж авахуулсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлөгдөөгүй мөнгө, түүний хүү 6,316,800 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх хариуцагч Л.Ч*******гээс 4,789,300 /дөрвөн сая долоон зуун наян есөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,700,000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч нь хөргөгчийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг Хүсэлт хангаж шийдвэрлэх тухай захирамжаар үзлэг хийлгэх хүсэлт гэж хангаж шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгаар давж заалдсан гомдол гаргажээ.
5.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Хариуцагч Л.Ч*******гийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан шинжээч томилуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШЗ2024/00969 дугаартай Хүсэлт хангаж шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гээд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнээгүй байна. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШЗ2024/01347 дугаартай Шүүгчийн захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШЗ2024/00969 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мөн дүгнээгүй байна.
2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132/ШЗ2024/00969 дугаартай Хүсэлт хангаж шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг шүүх гаргахдаа Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаар 7 хоногийн дотор хүсэлтийг шийдвэрлэнэ гэснийг зөрчиж хүсэлт хүлээн авснаас хойш 17 хоногийн дараа шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
5.2.Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвхөн үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг өмнө гаргах боломжтой байсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. Хэрэв өмнө нь гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхэд шинжээч томилох боломжгүй байсан бол энэ талаарх дүгнэлтийг хийж хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргаж, хариуцагчид танилцуулах үүргийг шүүх хуулиар хүлээсэн.
6.Хариуцагч Л.Ч******* нь шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргахад шүүх шийдвэрлээгүй орхисон бөгөөд дахин тухайн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргахад өмнө нь гаргах боломжтой байсан гэдгээр шүүх уг нотлох баримтыг бүрдүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцэхгүй байна.
7.Нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 132/ШШ2024/00414 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Ч*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 91,579 /ерэн нэгэн мянга таван зуун далан ес/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР