| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2021/03658/И |
| Дугаар | 210/МА2024/01440 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01440
2024 07 19 210/МА2024/01440
С.Сын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01725 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Сын нэхэмжлэлтэй
Хариуцагч Л.Бт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
С.С нь С.Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1201 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан С.Г ХХК-ийн 30 хувийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигч болох Л.Бт 300,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Уг гэрээг хуульд нийцүүлэн нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Гэвч Л.Б нь гэрээнд заасан 300,000,000 төгрөг ттөлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд Л.Баас 300,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч С.Г ХХК-аас болон алдангид 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Л.Б төлбөрийг бүрэн төлж нэхэмжлэгч өөрөө 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр баталгаа гаргаж өгсөн. С.С миний бие 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн эзэмшиж байсан С.Г ХХК-ийн 30 хувийг иргэн Л.Бт 300,000,000 төгрөгөөр худалдсан, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг баталгаажуулж байна гэх агуулгатай баталгааны бичиг гаргаж өгсөн. Мөн гэрээний хариу төлбөрт 300,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн бэлэн мөнгөний зарлагын баримтад С.С гарын үсэг байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Хамгийн сүүлд эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3132 дугаар шинжээчийн дүгнэлтээр баталгааны хуудас дээрх С.Сын гарын үсэг мөн байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн Авлигатай тэмцэх газраас гэрчийн мэдүүлэг ирсэн. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Г.Бийн гэрчийн мэдүүлэгт С.Г ХХК-ийг удирдаж байсан хүмүүс Ж.Стой тохиролцож 300,000,000 төгрөгөөр хувьцааг худалдан авч, С.Ст мөнгийг нь бэлнээр өгсөн гэж мэдүүлэг өгсөн байдаг.
Дээрх шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэгт зэргээс харахад С.С хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн хүлээн авсан гэдэг нь нотлогдож байна. Иймээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэгт заасны дагуу хэрвээ ингэж тохиролцоогүй бол шаардах эрхгүй гэж заасны дагуу С.С нэхэмжлэх эрхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Л.Баас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ст олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С.С нь хариуцагч С.Г ХХК-аас болон алдангид холбогдох 150,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хариуцагч С.Г ХХК-д болон 150,000,000 төгрөгт холбогдох иргэний хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,417,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 1,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ст олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Л.Баас 300,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ст олгосугай гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ХХГ-1201 дугаар Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, ЭШ1201 дугаар Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу С.Г ХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Саас Л.Бт шилжүүлсэн. Нэхэмжлэгч С.С нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л.Бт Соронзонболд овогтой Содбаяр миний бие 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн эзэмшиж байсан С.Г ХХК-ийн 30%-ийн хувьцааг иргэн Л.Бт 300,000,000 төгрөгөөр худалдсан билээ. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг баталгаажуулж байна хэмээн баталгааны бичиг гаргаж өгсөн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөрт 300,000,000 төгрөг хүлээн авсан тухай Бэлэн мөнгөний зарлагын баримт дээр нэхэмжлэгч С.С гарын үсэг зурсан.
Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баталгааны хуудас, шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлэг зэргээс харахад нэхэмжлэгч С.С нь Хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрөө бүрэн авсан болох нь нотлогддог. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт заасны дагуу Л.Б нь хариу төлбөр болох 300,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд С.С нь нэхэмжлэх эрхгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэг хүлээдэг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр С.Сын гарын үсэг мөн байна гэж дүгнэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Л.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 300,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, худалдагч С.С нь С.Г ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Л.Б нь 300,000,000 төгрөг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Уг гэрээгээр тохиролцсон хувьцааны үнэ төлөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ С.Г ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч маргаагүй гэх боловч маргаан бүхий гэрээг үндэслэн хувьцааны шилжилт хийгдсэн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Талууд хувьцаа шилжсэн эсэхэд маргаагүй байж болох хэдий ч энэ нь улсын бүртгэлээр тогтоогдох үйл баримт болохыг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар талуудаас тодруулаагүй, өөрөөр хэлбэл хэрэгт тогтоогдвол зохих үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.
3.2. Үүнээс гадна нэхэмжлэгч талын гэрч Ж.С ...Бүгдийг нь мэдэж байгаа. Энэ талаар С.Саас илүү би энэ ажлыг мэдэж байгаа С.Г ХХК-ийн үхрийг нь үржүүлье, санхүүжилтийг нь Б.Б ХХК-аас гаргаад С.Г ХХК-ийн үйл ажиллагааг явуулъя гэж хамгийн анх санал тавьсан хүн бол Г.Б юмГэрээний дагуу мөнгө төгрөг өгч, авахаас илүүтэйгээр Г.Б олдохгүй алга болсон. Мөнгө огт өгөөгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчид асуулт тавьж хариулт авсан байдлаас дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлын талаарх мэдүүлгийг нь бүрэн аваагүй гэж үзэхээр байна.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан Г.Б, Г.Г нарын гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт нотлох баримтаар шаардан авсан боловч тэдгээрийг үнэлээгүй байна. Гэтэл нэхэмжлэгч тал тайлбараа тухайн мэдүүлгүүдэд үндэслэсэн байх ба шүүх уг баримтуудыг үнэлэх үндэслэлгүй гэж үзвэл нотлох баримтаас хасах ажиллагааг хийж, талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх учиртай.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хариуцагчийн гаргасан нотлох баримтын үнэлгээний талаарх давж заалдах гомдолд дүгнэлт өгөхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/01725 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 1,657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА