| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0147/э |
| Дугаар | 2019/ШЦТ/151 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогч Д.Байгалмаа
Шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-т холбогдох 1921002220121 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ......дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Ч. /РД: .........../
Шүүгдэгч Ч.Ч нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим “Тоёота Вироса” маркийн 06-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны зүүн хойд талд байрлах “Под” станцын зүүн талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаар явган зорчигч Д.Байгалмааг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулж, осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 1 шил пиво уугаад машинаа бариад үйлчилгээний төвийн баруун талын замаар явж байгаад хохирогч Байгалмаа эгчийг мөргөсөн. Би Байгалмаа эгчид хоорондоо тохиролцъё, мөнгө өгье гэж хэлэхэд цагдаа дуудна гэж хэлсэн. Би согтуу байсан болохоор айгаад хэргийн газраас зугтаасан. Би гэр рүүгээ очоод машинаа үлдээгээд найзыгаа дуудаад ахынхаа гэрт очоод хоноод маргааш өглөө цагдаа руу очсон юм...гэв.
Хохирогч Дамдинсүрэнгийн Байгалмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой хөдөө явах гэж байсан учраас ойр зуурын хэрэглэх зүйлээ аваад үйлчилгээний төвийн баруун талын замаар зам хөндлөн гарч явахад баруун талаараа машинд мөргүүлсэн. Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Би газарт унасны дараа нэг хүн “чи хүн мөргөчихөөд машинаасаа буугаач” гэж хэлж байсныг санаж байна. Хэсэг хугацаанд би балмагдаад хашгирсан. Удалгүй машины жолооч машинаасаа бууж ирэхээр нь би “чи согтуу юм уу? хүн дайрчих юм аа” гэж хэлэх үед жолоочоос архи үнэртэж байсан. Тэр үед хажууд байсан хүн цагдаа дууд гэж хэлэхээр нь цагдаа дуудахад намайг мөргөсөн хүн машинаа унаад явчихсан. Удалгүй манай дүү ирээд бид хоёр эмнэлэг очоод анхан шатны тусламж авсан. Осол болсноос хойш би дүүгийнхээ гэрт ээжээрээ сахиулаад эмчилгээ хийлгэсэн. Надад баруун агтал ясны дээд булууны сэтэрсэн хугарал гэсэн онош тавьсан. Рентгений зургаар ясны хугарал харагдаж байгаа боловч зөөлөн эдийн гэмтлийг MRI-гаар хардаг учир яаралтай Улаанбаатар хотод очиж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн учир би хот руу явсан. Очоод эмчид үзүүлэхэд ясаа бороолуулсны дараа зөөлөн эдийн гэмтлийг харна гэж хэлээд гипсийг сольж өгсөн. Ослын дараа толгой доргисон байсан учир хаван хөөх эмчилгээ хийлгэж 4 дүгээр сарын 30-ныг хүртэл хэвтрийн дэглэмтэй байсан. Би хөдөлгөөн заслын эмчилгээнд хамрагдсан. Дахин үзлэг оношлогоо хийх шаардлагатай гэсэн. Би 3 дугаар сарын 19-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх үед 3 сарын дараа дахин ирж үзүүлэх шаардлагатай гэсэн. Тэгээд 6 дугаар сарын 03-ны өдөр үзүүлэх үед MRI хийлгэх шаардлагагүй харин сэргээн засах болон сувилалд эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Хэрвээ өвчин чинь намдахгүй байвал тариа хийлгээрэй гэж зөвлөсөн. Миний баруун гарын булчин дагаж өвдөх болон баруун гарын ядам, чигчий хуруу татаад юм атгаж барьж чадахгүй болоод байна. Үүнийг эмч тайлбарлахдаа мэдрэлийн судал дагасан өвчин байж магадгүй гэж хэлсэн. Дорнод аймагт гар хөлийн мэдрэл шалгадаг электронюрограф шалгадаг мэдрэлийн хувийн эмнэлэг байдаг гэсэн. Өнөөдөр тухайн эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч эмч нь жирэмсний амралтаа авсан учир үзүүлж чадаагүй. Одоогийн байдлаар миний баруун гар янгинаж өвдөөд гараа мөрнөөсөө дээшээ өргөж чадахгүй болсон.Би хохирлоо гаргуулж авмаар байна...гэв.
Гэрч Ж.Бямбаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны зүүн талд ертөнцийн зүгээр зүүн тийш явж байхад миний урд талд нэг эмэгтэй ганцаараа явж байсан. ...Ертөнцийн зүгээр урд талаасаа хойд зүг рүү чиглэлтэй явж байсан цагаан өнгийн суудлын машин ирээд тэр эмэгтэйг мөргөхөд уг эмэгтэй зам дээр унасан. Гэтэл тухайн машины жолооч ирэхгүй хэсэг байж байгаад машинаасаа бууж ирээд тэр мөргүүлсэн эмэгтэйтэй уулзаж байгаад жолооч гэнэт машиндаа суугаад хөдлөөд хойд зүг рүү чигээрээ явсан. Би тэр эмэгтэйгээс жолоочийг яагаад явсан талаар асуухад “мэдэхгүй” гэж байсан. Тэгэхээр нь үйлчилгээний төвийн хойд талын зогсоол дээр замын цагдаа Мягмарсүрэн ахмад байхаар нь би очиж ослын талаар хэлсэн...” гэжээ. /хх-ийн 23 тал/
Гэрч Ш.Шинэзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим гэртээ байж байхад манай дүү Ч ганцаараа орж ирсэн. ...Тухайн үед Ч бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь би загнаад унтуулсан. Маргааш өглөө нь Ч надад “би өчигдөр орой буюу 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны хойд талын зам дээр өөдөөс машины гэрэл гялбаад нэг эмэгтэй хүнийг мөргөсөн” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 24 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 197 тоот дүгнэлтэд:
1. Д.Байгалмаагийн биед тархи доргилт, баруун атгаал ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
3. Дээрх гэмтлүүдийн баруун атгаал ясны дээд булууны сэлтэрсэн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 32 тал/
Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 тоот дүгнэлтэд
“Toyota Verossa маркийн 06-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ч.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,
Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээн. 3.7. а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэснийг тус тус зөрчсөн байна.
Хариулт-2. Тухайн хэргийн газрын үзлэг, схем зураглалд тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тоормосны мөрөөр тогтоох аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй.
Хариулт-3. Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /ЖЮ84022776/ регистрийн дугаартай Ч.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангилалын 1273417 дугаартай хүчинтэй эрхийн үнэмлэхтэй байна.
Хариулт-4. Хэрэг ослын газарт очсон Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн үзлэг дүгнэлтээс харахад жолооч Ч.Ч-н жолоодон явсан Toyota Verossa маркийн 06-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн замын хөдөлгөөнд оролцох байсан байна гэж үзлээ.
Хариулт-5. Toyota Verossa маркийн 06-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байна...” гэжээ. /хх-ийн 37-38 тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-15 тал/
Хохирогч Д.Байгалмаагийн мэдүүлэг /хх-ийн 17-21 тал/
Насанд хүрээгүй гэрч Г.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 26 тал/
Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 67-74 тал/
Ч.Ч-н гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22, 29-30, 44-45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ч.Ч нь согтуурсан үедээ, 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим “Toyota Verossa” маркийн 06-00 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны зүүн хойд талд байрлах “Под” станцын зүүн талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Д.Байгалмааг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулж, осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэр рүүгээ 3 хүүхдийн хамт 06-00 ДОР улсын “Тоёота Версо” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож үйлчилгээний төвийн баруун урд талын уулзвараар хойшоо эргээд 29 дүгээр байрны зүүн талд байх 4 замын уулзвараар өнгөрөөд дээшээ өгсдөг хэсэг дээр бага зэрэг хаазаа нэмээд явахад хойноос урагшаа чиглэлтэй нэг жижиг суудлын машин зөрөхөд уг машины араас нэг эмэгтэй хүн гарч ирэхэд нь би машинаараа мөргөсөн тул зогссон. Тэгээд машинаас бууж тэр эмэгтэйг замын хажуу руу өргөж гаргаад “түргэн тусламж дуудъя” гэхэд тэр эмэгтэй “цагдаа дуудна” гээд байхаар нь би пиво уусан байсан тул цагдаа ирэхээс өмнө явсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Байгалмаа, гэрч Ж.Бямбаа, Ш.Шинэзориг, насанд хүрээгүй гэрч Г.Гантулга нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 197 тоот дүгнэлт, Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ч-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Ч-г согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-г согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Байгалмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн, ирэх, буцах замын зардал, эмний мөнгө, ажилгүй байсан хугацааны цалин, акт, цалингийн урамшуулалын мөнгө зэрэг нийт 5129.881 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс эмчилгээний зардал, эмний мөнгө, ирэх, буцах замын зардалд нийт 761.530 төгрөг нэхэмжилснээс хоолны зардал, баримтгүй эмний зардал зэрэг 81.730 төгрөгийг хасаж тооцоод, шүүгдэгчээс хавтас хэрэгт баримтаар авагдсан нийт 686.800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Байгалмаад олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилж байгаа ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, актны мөнгө зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт дутуу, цалин, акт, урамшуулалд хэдэн төгрөг авсан, одоо хэдэн төгрөг нэхэмжлэх зэрэг нь тодорхойгүй байх тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж дээрхи зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Ч-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3-1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ч-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан, шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-т оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-с бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 686.800 /зургаан зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 33-41 тоотод оршин суух, Шарайд овогт Дамдинсүрэнгийн Байгалмаа /РД: ЖЭ73121300/-д олгосугай.
6. Хохирогч Д.Байгалмаа нь шүүгдэгч Ч.Ч-с цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, актны мөнгө зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Ч-н ................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ