Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01978

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01978

 

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02560 дугаар шийдвэртэй

Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох

190,773,687 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.А- нь 2019 оны 04 дүгээр сараас манай компанид борлуулалтын менежерээр ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард ажлаас гарсан. 2021 оны 01 сарын 22-ны өдөр манай компаниас өөрийн нэр дээр 190,773,687 төгрөгийн үнийн дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслийг түр хэрэглээд эргүүлж өгөх нөхцөлтэйгээр авч явсан боловч, өнөөг хүртэл буцааж өгөөгүй. Иймд Д.А-ээс эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 190,773,687 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид 2018 оны 3 сараас эхлэн Монгол Улсад бүртгэлгүй эм, барааг БНХАУ-ын Эрээн хотоос авчирч бөөнддөг болсон. Тухайн үед Д.А- нь Д.Б-ид туслан ажилладаг байсан ба үйл ажиллагаа өргөжин хэд хэдэн хүмүүст хамтран ажиллах саналыг тавьсан. Ингээд Ш.Ц-, Г.Г- нартай хамтран Б- ХХК-ийн хувьцааг 25, 25 хувиар хамтран эзэмшихээр тохирсон. Ингээд дундын фэйсбүүк чат нээж, эмтэй холбоотой зардлыг дундаасаа гаргасан. Ш.Ц-, Д.Б- 2 нь Хаан банкинд дундын данс нээлгэн орлогоо хийдэг болсон. 2019 оны 4 сард Д.Б- дундын мөнгөнөөс 23,000,000 төгрөг хувьдаа хэрэглэснээс болж Ш.Ц-, Г.Г- нар хамтын үйл ажиллагаанаас гарч, өөрсдийн оруулсан мөнгө болон ашигт бараагаа тооцоод гарсан. Үүнээс хойшхи ажлыг Д.А- хийж, компанийн бүх орлогыг 50, 50 хувиар авдаг болж, ажил өргөжөөд М т- компанийн ажлыг хийж эхэлсэн. Б- ХХК-ийн бүх ашгийн 50 хувь нь Д.А-ийнх гэж ойлгосон ч маргаан гарч, чи 20 хувийг авах ёстой гэж Д.Б- хэлснээр талууд хамтран ажиллахаа больсон. Тухайн үед нийт барааны 20 хувиар тооцон 190,000,000 төгрөгт тооцогдох барааг авсан. Үүнээс хойш А т- компанийг ажиллуулж эхэлсэн. Энэ хоёр хүн хамтарч ажилласан ба хамтарч ажилласан юмаа хувааж авсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний асуудал байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б- ХХК-ийн хариуцагч Д.А-д холбогдуулан гаргасан 190,773,687 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,111,818 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2024 оны 06 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг өөр шүүх хуралтай давхацсан тул хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх анхааралгүй шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасан болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, тэгш эрхтэй оролцох эрхийг зөрчсөн байна. Энэхүү зөрчил нь Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, мөн хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхийг тус тус зөрчсөн болно.

4.2. Шүүхийн шийдвэрт зааснаар Иргэний хуулийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн байх бөгөөд Б- ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан зэргийг хариуцуулан үзэхэд хариуцагч Д.А-д ногдох 20 хувиар тооцсон бараа материал өгсөн нь тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь үндэсллэгүй бөгөөд компанийн балансын активын 25 хувиас дээш үнийн дүнтэй хэлцлийг хувьцаа эзэмшигчид хийх үед Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана гэснийг шүүгч анхаараагүй байна.

4.3. Мөн талуудын хооронд 2018 оны 8 сараас хамтран ажиллах тохиролцоо байсан бөгөөд 2019 оны 4 сараас хамтран ажиллах хэлцлээс Ш.Ц-, Г.Г- нар гарснаар дуусгавар болсон байхад Д.А- нь хувьдаа машин авахуулж /2020.1.27 автомашины гэрээ, фидуцийн гэрээ/ энэ нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болсныг шүүгч анхаараагүй. Мөн хэрэгт авагдсан хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, олгосон цалин, нийгмийн даатгал төлсөн баримтууд нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болж хариуцагч Д.А- нь Б- ХХК-ийн ажилтан болсныг шүүх анхаараагүй байна. Мөн хариуцагч нь А т-" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 190,773,687 төгрөгийн бараа авсныг нотлохоор ЭМЯ-аас баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь хариуцагч талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б- ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан түр хэрэглүүлэхээр шилжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ 190,773,687 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, бидний хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон учир Б- ХХК-ийн барааны 20 хувийг хамтын үйл ажиллагааны ашигт тооцон 190,000,000 төгрөгийн барааг авсан гэж тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч Б- ХХК-аас 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 23/02 дугаартай итгэмжлэлээр О.Б-д нэг жилийн хугацаанд тус компанийг төлөөлөн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгожээ. Анхан шатны шүүх 2024 оны 06 сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарт 2024 оны 05 сарын 31-ний өдөр тус тус мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, үндэслэлээ ...Улсын дээд шүүхэд Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэж тодорхойлж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 06 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэх иргэний хэргийн зарыг хүсэлтдээ хавсаргажээ.

3.2. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн **** дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтдээ хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т шүүх хуралдаанд оролцох нэхэмжлэгч талын эрхийг зөрчсөн болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ хавсаргасан шүүх хуралдааны зар нь Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлсэн нийтэд илэрхий баримт байна. Нэхэмжлэгч тал тус шүүхийн цахим хуудаст, цахим хэлбэрээр байршсан уг зарыг цаасан хэлбэрт буулган шүүхэд гаргасныг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд илэрхий баримтыг дахин нотлохгүй учир шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Д.А- нь Б- ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллах байхдаа 190,773,687 төгрөгийн үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг түр хэрэглээд эргүүлэн өгнө гэж авч яваад буцаан өгөөгүй гэсэн агуулгаар, хариуцагч татгалзлын үндэслэлээ бидний эм ханган нийлүүлэх тухай хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон тул Б- ХХК-ийн олсон ашгийн 20 хувиар тооцон хамтын үйл ажиллагааны ашигт 190,000,000 төгрөгийн барааг авсан гэсэн агуулгаар тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Хэрэв талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж байгаа бол талуудын хамтын үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэх, талуудын хэн нь хэдэн төгрөгийн хэмжээгээр хураамжийг мөнгө эсхүл эд хөрөнгө болон үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр тооцон төлсөн эсэх, ашиг алдагдлыг хэрхэн яаж тооцсоныг анхан шатны шүүх тодорхойлоогүйн зэрэгцээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн хариуцагч Д.А-ийг хамтран ажиллах гэрээнээс гарахад хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгөөс түүнд ногдох хувийг 20 хувиар тооцон бараа материал өгсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэгт хөдөлмөрийн гэрээ нотлох баримтаар авагджээ. Тус гэрээний цалин хөлсний талаарх талуудын тохиролцоо нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн эсэхэд шүүх мөн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Зохигч болон гэрч нар шүүхэд Д.Б-, Д.А-, Ш.Ц-, Г.Г- нар нь 2018 оноос эхлэн Монгол Улсад бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг БНХАУ, ОХУ-аас импортоор оруулж ирэн, Б- ХХК-аар дамжуулан дотоодын зах зээлд бөөний үнээр худалдан борлуулах үйл ажиллагааг явуулахаар хамтран ажиллаж эхэлсэн гэсэн тайлбар, мэдүүлгийг гаргажээ.

Анхан шатны шүүх, талууд хамтын үйл ажиллагаа явуулж байсан гэж үзэхдээ тэдгээр нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй нь маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/02560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,113,018 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ