| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0165/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/177 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч С.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.П-ид холбогдох эрүүгийн 1938003280199 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.П-,
Шүүгдэгч С.П- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг С гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 5.4 м3 хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 1.982.880 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.П- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ХХ аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг С гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 5.4 м3 хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 1.982.880 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Иргэн С.П-ийн бэлтгэсэн модонд хэмжилт хийж гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Иргэн С.П- хэрэв учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулна гэвэл Арбулаг сумын орон нутгийн орлогын 100170200988 тоот дансанд хохирлын мөнгөө тушааж нөхөн төлж барагдуулж болно...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 дугаар сард байхаа, яг өдрийг нь одоо сайн санахгүй байна цэвэрлэгээний ажлаар Арбулаг сумын 3-р багийн нутаг "Хужирт” гэх газраас 8,3 метр куб унаанги модыг бэлтгэх эрхийн бичгийг өрхийн тэргүүн С.П- гэдэг хүний нэр дээр эхнэр болох А.Чандмаа гэдэг хүн ирж авсан. Миний олгосон эрхийн бичиг нь иргэн хүн ойгоос цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх эрхийн 0116793 бүхий серийн дугаартай эрхийн бичиг байгаа. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ ойг цэвэрлэх журмаар хэрэглээний мод бэлтгэж авдаг журамтай. Миний олгосон эрхийн бичгээр бол иргэн хүн ойгоос хэрэглээндээ ойг цэвэрлэх журмаар байгалийн жамаар унасан модыг авах журамтай. Би “ийм аргаар хэрэглээний модыг аваарай” гэж уг эрхийн бичгийг олгосон. Тэрнээс би “ойгоос хуурай болон нойтон босоо мод унагааж аваарай” гэж эрхийн бичгийг олгоогүй. Тэр тусам иргэн хүнд ойгоос босоо мод унагах эрх байхгүй. Иймд иргэн С.П- гэдэг хүний үйлдэл нь мод бэлтгэх эрхийн бичигт заасан нөхцөл болзол зөрчиж ойгоос босоо нойтон мод унагааж “Ойн тухай” хуулийн 38.2 зүйлийн 5 дахь хэсэгт заасан хууль зөрчиж мод бэлтгэсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/
Гэрч А.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өмнө нь байгаль хамгаалагч Цогзолмаад “гоожин авна шүү” гэж захиж байсан. Тэгтэл 2018 оны намар 11 дүгээр сард байхаа Арбулаг сумын ЗДТГ-т байгаль хамгаалагч ажилтай Цогзолмаа над руу утсаар яриад “модны эрх нэмж ирлээ, та орж ирээд гоожин ав” гэсэн тул би тэр өдөрт нь сумын төв рүү орж ирж байгаль хамгаалагч Б.Нямжав гэдэг хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг гоожин авсан... Тухайн үед би нийтдээ 132.500 мнган төгрөг тушаасан байхаа, мод бэлтгэх эрхийн бичигт “хэрэглээний мод” гээд бичсэн байсан. Би өмнө л байгаль хамгаалагч Цогзолмаагаас түлшний модны гоожин 2 машин мод бэлтгэх гоожинг нийт 60.000 орчим төгрөг тушааж авсан. Энэ гоожинг өгөхдөө Цогзолмаа “унаанги гишүү зэрэг мод аваарай” гэж надад хэлсэн...Би нөхрөө мод бэлтгэхэд хажууд нь байгаагүй, яг ямар мод авсан талаар надад мэдэх юм алга. Харин би нөхөртөө “мод бэлтгэх эрхийн бичиг авчирлаа, 3 хоногийн дотор модоо бэлтгэх ёстой гэж байна, бушуухан явж модоо бэлтгээрэй” гэж хэлээд нөхрөө явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би С.П-, А.Чандмаа гэдэг хүмүүсийг танина. Энэ хоёр хүн бол манай Арбулаг сумын 3 дугаар багийн иргэд бөгөөд нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм...Би 2018 онд А.Чандмаа гэдэг хүнийг “ирж гоожин ав” гэж ярьсан асуудал байхгүй. 2018 оны 11 дүгээр сард санагдаж байна, А.Чандмаа гэдэг хүн над руу залгаад “мөнгөтэй болчихлоо, эгч нь модны гоожин авах гэсэн юм” гэхээр нь би тэр үед “танай багийн байгаль хамгаалагч Нямжав гэж хүн байгаа, та баг хариуцсан байгаль хамгаалагч Нямжавтай уулзаад ойгоос бэлтгэх хаягдал модоо заалгаж аваарай” гэж хэлээд мөнгө тушаадаг дансны дугаараа өгсөн. Тэр үед А.Чандмаа гэдэг хүн надтай ярихдаа “хаягдал мод цомнож авна” гээд мод бэлтгэх эрхийн бичигний мөнгө тушаадаг банкны данс асууж байсан. Тэрнээс тухайн үед босоо мод авах талаар ер нь дурьдаагүй, ойн цэвэрлэгээ гэж хаягдал мод авдгийг Чандмаа гэдэг хүн өөрөө уг нь мэдэж л байх учиртай...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/
Гэрч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Сүмбэр овогтой С.П- гэдэг хүн бол миний төрсөн аав байгаа юм...Надад ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг, уг тээврийн хэрэгслийг би одоогоос 3 жилийн өмнө Нэргүй гэдэг хүнээс худалдаж авсан юм...Би ХХХХ улсын дугаартай ЗИЛ-130 маркын тээврийн хэрэгслээрээ 2019 оны 3 дугаар сарын эхээр санагдаж байна, өөрийн аав С.П-ид Х аймгийн Арбулаг сумын Саглагарын ар гэдэг газраас шургааг мод ачиж хөдөө гэрийнх нь гадна буулгаж өгсөн. Тухайн үед би ааваас “гоожинтой юм уу” гэж асуухад “гоожинтой /эрхийн бичигтэй/” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
Шинжээч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мод бэлтгэсэн талбай болох Арбулаг сумын 3-р багийн нутаг“Саглагарын ар” гэдэг газарт модонд мод унагаасан 16 ширхэг хожууланд хэмжилт хийж уг дүгнэлтийг гаргасан...Иргэн хүнд босоо мод унагаах ямар ч эрх байхгүй. Зөвхөн ойн мэргэжлийн байгууллага арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх эрхтэй, мөн ойн нөхөрлөлд ч гэсэн мод унагаах эрх байхгүй. Зөвхөн хариуцсан талбайгаас ойг цэвэрлэх ажлаар унаанги мод бэлтгэх эрхтэй. Тиймээс С.П- гэдэг хүн эрхийн бичигт заасан нөхцөл болзол зөрчиж босоо нойтон мод унагааж мод бэлтгэсэн байсан тул уг эрхийн бичиг хүчингүй гэж үзсэн. Энэ эрхийн бичигт зааснаар ойгоос цэвэрлэгээний ажлаар унаанги мод бэлтгэж хугацаандаа авсан бол хүчинтэй гэж үзэх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/
Х аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2019/02 дугаартай “Иргэн С.П- бэлтгэсэн модонд хийсэн хэмжилтээр нойтон 16 ширхэг шинэс мод, нарийн үзүүрийн диаметр 30-40 см. Урт нь 4-5 м дүнз болох нь тогтоогдов...экологи эдийн засгийн үнэлгээ 1.982.880...” гэх дүгнэлт, хавсралт /хх-ийн 39-43-р тал/
Шүүгдэгч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ХХ аймгийн А сумын - багийн нутаг Х гэдэг газраас 15 ширхэг босоо мод, 4 ширхэг хэвтээ мод хяргаж мод бэлтгэсэн. Тухайн үед би өөрийн улбар шар хөрөөгөөр мод бэлтгэсэн. Намайг мод бэлтгэж байхад манай эхнэр Чандмаа надад цай хоол дөхүүлж өгч байсан. Тэрнээс бол яг манай эхнэр хөрөө бариад мод бэлтгээгүй. Тэгээд бэлтгэсэн модоо 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн үеэр санагдаж байна, өөрийн хүү Наранбаатарыг Мөрөн сумаас дуудаж ХХХХ улсын дугаартай ЗИЛ-130 машинаар ачуулсан. Тэр бэлтгэсэн модоороо Арбулаг сумын 3-р багийн нутаг Нарийн хучирт гэх газарт байх хаваржаан дээрээ малын хашаа барьсан. Цөөн хэдэн шургааг мод үлдсэн нь манай гадаа байгаа...Манай хүү Наранбаатар надаас “мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа юм уу” гэхээр нь би тухайн үед өөрийн авсан мод бэлтгэх эрхийн бичгээ харуулсан. Манай хүү Наранбаатар тэр бичгийг нарийн сайн уншаагүй, эрхийн бичигтэй юм байна л гэж бодоод надад мод ачиж өгсөн байх...Би чадлынхаа хэрээр л хохирлоо нөхөн төлж барагдуулах бодолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-7-р тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 24-р тал/
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 15-р тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 8-9-р тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11-р тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 50-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч С.П- нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Сагалгарын ар гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 5.4 м3 хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэн, тээвэрлэж экологи, эдийн засагт 1.982.880 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч С.П-ийн гэмт үйлдэлд нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.П- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч С.П-ид Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь экологи эдийн засгийн хохиролд 1.982.880 төгрөгийг төлж барагдуулсан баримт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, мөн цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.П-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэгдсэн дружба хөрөө 1 ширхэг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 5.4 м3 хэмжээтэй нойтон шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн дружба хөрөө 1 ширхэг, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 5.4 м3 хэмжээтэй нойтон шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938003280199 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР