| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 184/2024/05022/И |
| Дугаар | 210/МА2024/02014 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/02014
| 2024 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/02014 |
А.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/04490 дугаар шийдвэртэй
А.Г-ын нэхэмжлэлтэй, Б.Ч-, О.Б- нарт холбогдох
Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, **-** улсын дугаартай ***- маркийн тээврийн хэрэгслийг А.Г-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г-, түүний өмгөөлөгч Н.Э, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.Г- нь О.Б-, Б.Ч- нартай 2023 оны 11 сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд автомашиныг худалдах зорилго байгаагүй, харин автомашиныг барьцаалж ББСБ-аас 7 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийн зээл авах зорилгоор гэрээг байгуулсан. Ингээд А.Г- нь Б.Ч-тэй худалдах-худалдан авах гэрээ хийж автомашины үнэд бэлнээр 25,000,000 төгрөг төлж, үлдэх 30,000,000 төгрөгийг ***** ХХК-аас зээл авч төлөх мэтээр гэрээ хийж тус ББСБ-аас 30,000,000 төгрөгийн зээл авсан. Ингэхдээ А.Г-ын ***- маркийн автомашиныг ББСБ-ын барьцаанд тавьсан. А.Г-ыг зээл бүтээж өгсөн гэж 2,000,000 төгрөг өгч, 7 хоногийн хугацаанд ***** ХХК-ийн мөнгийг төлж автомашиныг эргүүлэн өгнө гэсэн ч хариуцагч нар нь одоог хүртэл зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлсэн байна. О.Б- түүний хүү Б.Ч- нарын зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөгийг А.Г- аваагүй ба **-** улсын дугаартай ***- маркийн автомашиныг өмчлөх эрхээ бусдад алдаж хохирсон.
А.Г- өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай ***- маркийн автомашиныг хариуцагч Б.Ч- худалдах зорилгоор биш зээл авахад нь автомашинаа барьцаалуулах зорилгоор гэрээ байгуулж, зээл авч 7 хоногийн дотор зээлээ төлж автомашиныг нэрийг буцаан шилжүүлнэ гэсэнд нь итгэсэн. Улмаар ***** ХХК-ийн шаардлагад нийцүүлэн хариуцагч нарыг зээл авах боломжоор нь хангах гэж автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул Б.Ч-тэй хийсэн 2023 оны 11 сарын 24-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, **-** улсын дугаартай ***- маркийн автомашиныг өмчлөх эрхийг А.Г-т буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Ч-ий тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч О.Б-гийн тайлбар, татгалзлын агуулга: 2023 оны 11 сард анх 30,000,000 төгрөгийн зээл авч, 3 удаагийн төлөлтөөр 25,000,000 гаруй төгрөгийг төлсөн. Сар өнжиж төлдөг тул хүү, алданги нь их болсон ч энэ сараас төлөлт хэвийн хийж байгаа. ***** ХХК-ийн зээлийг төлж дуусаагүй тул нэхэмжлэгчийн барьцаалсан автомашины оронд ****** маркийн автомашиныг нэхэмжлэгчид санал болгосон ч хариу өгөөгүй. 2025 оны 11 сард зээлийг төлж дуусна. Нэхэмжлэгч автомашинаа авна гэж байгаа тул төлбөрийг нэн даруй төлнө. Нэхэмжлэгч 6,200,000 төгрөгийг өгвөл би ББСБ-ийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг хугацаа тохирон төлөх боломжтой гэжээ.
4. Гуравдагч этгээд ***** ХХК-ийн тайлбарын агуулга: Бидний зүгээс хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэж байна. Уг зээлийн гэрээг бичгээр үйлдсэн ба Б.Ч-ий дансанд зээлийг олгосон. Зээлийн болон барьцааны гэрээг тус тусад нь хийсэн. Уг гэрээнүүдийг хийхэд худалдах, худалдан авах гэрээг үндэслэсэн. Барьцаа гэрээний 1.2-т барьцаа хөрөнгө нь эрхийн доголдолгүй бөгөөд гуравдагч этгээдийн хувьд шаардах эрх байхгүй, хууль шүүхийн байгууллагад ямар нэгэн маргаангүй болохыг нэхэмжлэгч А.Г- хариуцагч Б.Ч- хоёрын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.Ч- батлан гарын үсэг зурсан. Барьцааны гэрээний 1.3 болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар автомашины өмчлөх эрхийг ***** ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход буцаан шилжүүлнэ гэж заасан. Зээлийг хугацаа хэтрүүлж төлөлт хийдэг ба төлөлт хийхгүй болохоор нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгийг бид эзэмшилд түр байлгаж байгаа. Төлөлт хийхгүй явсаар 2024 оны 09 сарын 09-ний өдөр зөвхөн 8 сарын хүүг 5,280,000 төгрөгийг төлсөн. Зээл нь хариуцагчийн хэлж байгаа шиг хэвийн биш ба гэрээнд 2024 оны 08 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 18,750,000 төгрөг үлдсэн байх ёстой ч одоогийн байдлаар 25,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. ББСБ-аас зээл хаагдмагц барьцаа хөрөнгийг буцаан шилжүүлэхэд татгалзахгүй, манай байгууллага хохирох эрсдэлтэй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д зааснаар хариуцагч Б.Ч-, О.Б- нарт холбогдох тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, **-** улсын дугаартай ***- маркийн автомашины өмчлөх эрхийг А.Г-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, мөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 54,800 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Тодруулбал,
6.1. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн тухайд:
А.Г- нь Б.Ч-тэй байгуулсан 2024-11-24-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулахаар шүүхэд хандсан. Тиймээс шүүх талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа бодитоор үүссэн эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. Гэтэл шүүх хэргийн үйл баримт, талуудын тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй.
Анх 2023-11-23-ны өдөр хариуцагч О.Б- нь А.Г-аас 30,000,000 төгрөг зээлдүүлээч гэхэд нь А.Г-т тийм их хэмжээний мөнгө байхгүй гэхэд машинаа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхэд А.Г- миний машин ББСБ-ын барьцаанд байгаа 6 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэхэд О.Б- нь зээлийг нь хаагаад өгье чи дахиад зээл авчих гэсэн. О.Б- нь 7 хоногийн хугацаанд машиныг буцаагаад ББСБ-аас чөлөөлж өгнө гэсэн тул А.Г- нь хамт ажилладаг байсан, өмнө өөрт нь тус болж байсан тул түүнд итгэж зөвшөөрсөн. Улмаар О.Б- нь А.Г-ын өмнөх зээлийг хаагаад тухайн ББСБ-аас зээл хүсэхэд хамгийн ихдээ 13,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой гэж хэлсэн.
Тэгэхэд О.Б- нь ***** ХХК руу дагуулж явж, тус ББСБ-ын салбарын захирлыг Б.Ч-ий *****-тай байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч О.О таньдаг гээд миний автомашиныг өндрөөр үнэлүүлж 30,000,000 төгрөгийн зээл гаргуулна гэсэн. Гэтэл ***** ХХК нь А.Г-ыг өөр бусад хэрэглээний зээлтэй, эрхэлсэн ажилгүй, орлогогүй гээд зээл олгохоос татгалзсан. Тэгэхэд О.Б- нь чи машинаа миний хүү Б.Ч-ий нэр дээр шилжүүлчих, тэгээд машиныг чинь ***** ХХК-д барьцаалаад зээл авъя гэх саналыг гаргасан. Дээрх нөхцөлөөр 2024-11-24-ны өдөр А.Г- нь Б.Ч-тэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийн үнийг 55,000,000 төгрөг гэж, урьдчилгаа 25,000,000 төлсөн, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг ***** ХХК-ийн зээлээр төлнө гэж гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. А.Г- гэрээнд дурдсан урьдчилгаа 25,000,000 төгрөгийг аваагүй, үлдэгдэл 30,000,000 төгрөг нь ***** ХХК-аас А.Г-ын дансанд шилжиж ороогүй.
Тиймээс дээрх гэрээний зорилго болон А.Г-ын жинхэнэ хүсэл зориг нь тээврийн хэрэгслээ Б.Ч-д худалдах хүсэл зориг биш юм. Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагч нарын тайлбараар Б.Ч- нь тухайн тээврийн хэрэгслийг бодитоор худалдан авах хүсэл зориггүй байсан нь нотлогдсон. Гэтэл анхан шатны шүүх талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг зохигч хэн аль нь зээл авч мөнгөн хөрөнгө бий болгох зорилгоор хүсэж үйлдсэн гэх үндэслэлээр дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн ББСБ буюу гуравдагч этгээд нь энэхүү гэрээнд ямар нэг буруугүй, оролцоогүй мэтээр шүүх дүгнэж байгаа нь буруу. Учир нь гэрээг байгуулахаас өмнө болон байгуулах үеэс эхлэн мэдээлэлтэй байсан бөгөөд хэний нэр рүү шилжүүлэх, ямар үнээр гэрээг байгуулах, хэнтэй хамтран зээлдэгчээр оролцох ёстой байсан зэргийг зохион байгуулсан этгээд билээ. Ийнхүү шунахайн сэдэлтээр хандаж, ямар ч аргаар хамаагүй зээл олгосон болж, ашиг олох үйл ажиллагаа явуулж, зээлийг бодитоор судлаагүй, зээлийг зориулалтын дагуу ашигласан зэрэгт хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байгаа зэрэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана, 19.13-д Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй гэж тус тус заасантай нийцэхгүй байна.
6.2. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүй тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ***** ХХК нь А.Г-, Б.Ч- нарын байгуулсан 2024-11-24-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Б.Ч-тэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, 30,000.000 төгрөгийн зээлийг Б.Ч-д олгосон гэж тайлбарладаг. Хариуцагч Б.Ч-ий хувьд тухайн зээлийг би аваагүй миний аав О.Б- авсан гэж, О.Б- нь би зээл авсан гэж тус тус тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх зээлийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн эсэх нь нотлогдохгүй байна. Учир нь зээлийн гэрээг байгуулснаар бус зээлийг олгосноор хүчин төгөлдөр болдог хуулийн зохицуулалттай. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс зээл олгосон авсан талаар маргадаггүй хэдий ч уг зээлийг бодитоор олгосон талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. О.Б- нь зээлийг төлж байсан, 25,000,000 үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарладаг ч ***** ХХК-д мөнгө шилжүүлж байсан баримт мөн хэрэгт авагдаагүй. Тиймээс хариуцагч болон гуравдагч этгээдийн зээл авсан, төлсөн гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байхад зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй.
Мөн ББСБ нь нэг эд хөрөнгийг барьцаалж өөр өөр этгээд зээл авахаар удаа дараа хүсэлт гаргасныг тус тусад нь судалсан хэрнээ тухайн барьцааны хөрөнгийн жинхэнэ өмчлөгч хэн болохыг шалгахгүй гэрээ байгуулсан, зээлийн судалгаа нь тухайн ББСБ-д байх ёстой. Улмаар зээлийн хувийн хэрэгт барьцааны хөрөнгийг хэрхэн үнэлсэн, хэзээ зээлдэгчийн өмчлөлд шилжсэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөлийг тодруулахад шаардлагатай мэдээллийг агуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтууд бүхий зээлийн хувийн хэргийг гаргаж өгөөгүй.
6.3. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй тухайд.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зохигчид өөрсдөө тодорхойлдог боловч маргааныг үнэн зөв, эргэлзээгүй шийдвэрлэхийн тулд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлж шийдвэрлэх ёстой. Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан шаардлага болохгүй ч түүнд үндэслэн гаргасан шаардлагыг шийдвэрлэхэд заавал авч үзэх ёстой үндэслэл болдог. Тиймээс автомашины өмчлөгчөөр тогтоолгох, буцаан гаргуулахтай холбогдох шаардлага нь зөвхөн зохигчийн хооронд бус түүнийг үндэслэн хийсэн зээлийн гэрээ, зээл олгосон нь хууль ёсны эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байсан.
Маргаан бүхий автомашины өмчлөл нь ББСБ-д байгаа учир автомашиныг гаргуулах шаардлага нь ББСБ-д холбогдох ёстой тул *****-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр бус хариуцагчаар оролцох ёстой. Энэхүү алдаа нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаас үүдсэн ба маргааныг талуудын мэтгэлцэх, нотлох баримт гаргахтай холбоотой ажиллагаа дутуу хийгдсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч Б.Ч-, О.Б- нарт холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, **-** улсын дугаартай ***- маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг А.Г-ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байхад энэ талаар тодруулах ажиллагааг хийгээгүйн улмаас зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэж хэргийг хянан шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан талуудын хооронд 2023 оны 11 сарын 24-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, түүний үр дагаварт уг тээврийн хэрэгслийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасан.
Маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч А.Г- нь худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Б.Ч-д шилжүүлж, Б.Ч- нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр гуравдагч этгээд ***** ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ..
Энэ тохиолдолд нэхэмжлэгч хэнээс, юуг, ямар үндэслэлээр шаардаж байгааг тодруулсны эцэст анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх байжээ.
5. Зохигчийн маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл хариуцагч нарын мэдэлд бус гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн зүгээс Б.Ч-, ***** ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тайлбарлан маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ***** ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулсан боловч тухайн ББСБ-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлын талаар нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийгээгүй нь буруу байна. Учир нь нэхэмжлэгч **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг буцаан гаргуулах шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргасан ч уг тээврийн хэрэгсэл ***** ХХК-ийн өмчлөлд байгаа нөхцөлд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах замаар гуравдагч этгээд ***** ХХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх тодорхой бус нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авсан бол уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах замаар хэргийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй. Анхан шатны шүүх энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүйг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээх замаар залруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/04490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ