Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох 1921000000170 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн ........ гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М.М. /РД: ............/

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн дэнж” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 

Хохирогч Б.Мөнгөнсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нуурын 6Б-06 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад манай гэрийн хашааны хаалгыг М.М морьтой ирчихээд морин дээрээсээ онгойлгох гээд байхаар нь би “морь малаа хашааны гадна уячихаад орж ирээч” гэхэд “сүртэй муу хар гичий вэ” гэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд мориноосоо бууж ирээд заамдаж бариад газарт хавсарч унагаад босохгүй байхад манай эхнэр гэрээс гарч ирээд “боль” гээд бид хоёрыг салгасан. ...гэр рүүгээ орох гэсэн чинь араас ирээд “чи хүрээд ир, хоёулааа зодолдъё, чамайг гүйцээнэ” гээд морио унаад гэрээс зүүн тийш явахаар нь мотоциклтой араас нь очоод “чи намайг гүйцээгээд алчихаа” гэж хэлсэн чинь мориноосоо бууж ирээд заамдаад хэл амаар доромжлоод байхаар нь “зодож чадахгүй бол намайг тавь, би явлаа” гэсэн чинь цээж рүү өшиглөөд тонгойсон чинь морин дээрээ мордоод толгойны дагз хэсэг рүү нэг удаа цохиод цаашаа явсан...” гэжээ. /хх-ийн 13-16 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 343 тоот дүгнэлтэд

1. Б.Мөнгөнсүхийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 21 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 6 тал/

- Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 7 тал/

- Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/

- Гэрч Н.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 18 тал/

- М.М-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17, 31-33 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар: Сүлжмэл суран ташуур 1 /нэг/ ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн дэнж” гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Мөнгөнсүхийн эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б.Мөнгөнсүх, гэрч Н.Түвшинжаргал нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 343 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч М.М-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

 

Шүүгдэгч М.М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хохирогч Б.Мөнгөнсүх нь шүүгдэгч М.М-той эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүлжмэл суран ташуур 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-д буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.М-н .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.М-н ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүлжмэл суран ташуур 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.М-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ