| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/02687/И |
| Дугаар | 4877 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 4877
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2016/04877 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг * хороо, өөрийн байранд байрлах Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг * хороо, * дугаар байр *тоотод байрлах “А” ХХК-д холбогдох
татварын өр 87,557,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А ” ХХК нь “Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа”, “Барилга угсралт”, “Уул уурхай олборлолтын туслах бусад үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 04 сарын 17-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн.
Тус Компани нь 2016 оны 04 сарын 12-ны байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 85769138 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 429,549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1,359,310 төгрөг, нийт 87,557,997 төгрөгийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, татварын албаны шаардлагыг биелүүлээгүй, МУ-ын ТЕХ-ийн 18 дугаар зүйлийн 1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1.4-т “татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн тул “А ” ХХК-аас 87,557,997 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тус компанид Татварын ерөнхий хуулийн 63,64 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Үүнд: 2015 оны 5 дугаар сарын 21 нд ************ тоот мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр хүргүүлж , 2015 оны 07 сарын 09 ны өдрийн *********** тоот мэдэгдэх хуудсаар Төрийн банк, ХААН банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Т.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн Татварын хэлтэсийн 2016.04.26-ны өдрийн 20-4**** тоотоор тус шүүхэд “А” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай танилцаад, уг нэхэмжлэлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 85,769,138 төгрөгийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй, илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 25-р зүйлд “Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14-р зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх зарчмыг хангана”, 28-р зүйлд “28.1.1-д татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх”, 46-р зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулж байгаагүй, бодит зөвлөлгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус компани 2014, 2015 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар нийт экспортод гаргасан жоншны хэмжээнээс тооцон АМНАТ-ийг илүү ногдуулсан байна.
Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт: “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасны дагуу зөвхөн өөрийн олборлосон жоншид АМНАТ ногдуулах ёстой байх тул бид тайландаа залруулга хийхээр БЗД-ийн татварын хэлтэст хандсан байгаа болно.
“А” ХХК нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус, “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай” хууль /тухайн үед үйлчилж байсан/-д заасан орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бичил уурхай эрхлэгчдээс жонш худалдан авч байсан. Жонш худалдагч иргэд нь мөн хуулийн 5-р зүйлд зааснаар тухайн орон нутагт 53 000 төгрөгийн албан татвар cap тутам төлж байсан. Эдгээр иргэд сумын Засаг даргын захирамжаар хамтран нөхөрлөл байгуулсан байдаг ба компаниудтай гэрээ байгуулан олборлосон жоншоо борлуулдаг юм.
Эдгээр гэрээг байгуулахдаа сумын Засаг дарга, сумын татварын байцаагчаас зөвшөөрөл авч, тэдний гарын үсгийг зуруулсан байгаа. Жоншийг олборлоод борлуулж буй этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тус компанийн хувьд шалгах эрх хуулиар олгогдоогүй, харин хуулиар шалгах эрх сумын татварын байцаагчид олгогдсон ба түүнд хяналт тавих эрх нь тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн оршин буй Засаг даргад байдаг.
Иймд “А” ХХК-нд АМНАТ төлөх үүрэг хууль зүйн хувьд үүсэхгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас ААНОАТ-ын 429,549 цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1,359,310 төгрөгийг Төрийн банк, ХААН банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасны дараа Хас банкны төлбөрийн баримтаар төлж барагдуулсан, 85,769,138 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь “А” ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 85,769,138 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 429,549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1,359,310 төгрөг, нийт 87,557,997 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “А” ХХК-нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг төлж барагдуулсан харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 85,769,138 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Хариуцагч “А” ХХК нь МҮ-017194 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2012 оны 10 дугаар сарын 22-ний өдөр авсан байна.
Уг зөвшөөрлөөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Зараа нэртэй газар орших 94.00 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заажээ.
Гэтэл хариуцагч тал нь өөрийн олборлосон жоншинд АМНАТ ногдуулах атал тайлангаа буруу гарган хүргүүлсэнийг Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хүлээн авч, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаар хянан нягталж аваагүй бөгөөд 46 дугаар зүйлийн 46.5-д зааснаар тайланд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна.
Мөн хариуцагч нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст “тайланд залруулга хийх хүсэлт”-ийг гаргасныг нэхэмжлэгч албан ёсоор хүлээн авсан боловч хариу өгөөгүй болох нь хариуцагчийн тайлбар болон хүсэлтийг хүлээн авсан баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь өөрийн компаний эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус ажил үйлчилгээ хувиараа эрхэлдэг бусдаас худалдан авч байсан гэх тайлбар нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн дүгнэлт, Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн захирамж, Дундговь аймгийн Луус сумын Засаг дарга, А ХХК-ний хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ, Бичил уурхайгаар ашигт малтмал худалдан авах тухай гурвалсан гэрээ, Жонш тээвэрлэх гарал үүслийн тодорхойлолт, Дундговь аймгийн Хулд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Бичил уурхайгаар олборлосон ашигт малтмал олгох гарал үүслийн бичиг зэргээр хариуцагч нь өөрийн компаний тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын талбайгаас олборлолт хийгээгүй болох нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-дэх заалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг нарийвчлан зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч өөрийн эзэмшлийн талбайгаас ашигт малтмал олборлоогүй, бусдаас ашигт малтмал худалдан авч, цааш дамжуулан худалдсан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш юм.
Харин хариуцагч “А” ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагын ААНОАТ-ын тайлангийн 429,549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1,359,310 төгрөгийг Хас банкны төлбөрийн баримтаар төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь хэргийн оролцогчийн хувьд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагаа бүх талаас нь нотлож үндэслэл бүхий шаардлагыг гаргах учиртай.
Иймд Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 85,769,138 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “А” ХХК нь ААНОАТ-ын тайлангийн 429,549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1,359,310 төгрөгийг төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаярт шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 46.5, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй 85,769,138 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
ААНОАТ-ын тайлангийн 429,549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1,359,310 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ