| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/05399/И |
| Дугаар | 210/МА2024/01441 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01441
2024 07 19 210/МА2024/01441
Б.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02488 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Б ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хүүбаяр, Ж.Одгарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие Б.Б нь Г.Б ХК-д 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Кастодиан банкны хэлтэст үйл ажиллагааны менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр харилцааны менежер Б.Тийн ажлыг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр харилцагчийн үйлчилгээний ахлах менежер М.Н ажлыг тус тус ажил хүлээлцэх актын дагуу хүлээн авч хавсран гүйцэтгэсэн. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
1.2. Г.Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1700 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд үндэслэх хэсэгт ...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Г.Б Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5, н/1326 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.4 дэх заалтыг тус тус үндэслэн гэжээ. Тус тушаалд Г.Б НУГ-Кастодиан банкны хэлтэст Үйл ажиллагааны менежер ажилтай Б.Б нь өөрийн үүрэгт ажилд үл хамаарах, банкны болон харилцагчийн маш нууц зэрэглэлийн мэдээллийг удаа дараа хэвлэж, ашиглаж, задруулж байсан байх нөхцөл байдал тогтоогдсон гэж бичжээ. Миний бие хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил, ажил үүрэг гүйцэтгэх, үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандах, ёс зүйгүй үйлдэл, санаатайгаар хайхрамжгүй хандах зэрэг зөрчлүүд, банкны болон харилцагчийн маш нууц мэдээллийг задруулж байгаагүй.
1.3. Г.Б ХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг одоог хүртэл байгуулаагүй болно. Иймд Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, тэмдэглэл 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан болно.
Иймд миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан НУГ-Кастодиан банкны хэлтэст үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Г.Б ХК болон Б.Б нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр н/1326 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар Б.Б нь Г.Б Кастодиан банкны хэлтэст үйл ажиллагааны менежерээр ажиллаж эхэлсэн.
2.2. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Г.Б төв оффисоос банкны болон харилцагчийн нууцад хамаарах мэдээллийг хэвлэсэн байдлаар авч гарах үед Г.Б аюулгүй байдлын хэлтсээс илрүүлсэн. Энэхүү гаргасан үйлдэл нь Г.Б холбогдох дотоод журам болон Банкны тухай хуулийг зөрчсөн, мөн тэрхүү зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчилд тооцогдох ноцтой зөрчил байсан. Ийнхүү ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний 6.5.4-д заасны дагуу түүнтэй байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэснээр гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1700 дугаар тушаалаар Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Б.Бийг Г.Б ХК-ийн НУГ-ын Кастодиан банкны хэлтэст үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19,694,407 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжпэгч Б.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжпэгч Б.Бийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Голомт банк" ХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Г.Б ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 256,422 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрт зөрчил гаргасан болохыг нотолсон үйл баримт байгаагаас гадна шүүх тухайн үйл баримт болсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй ноцтой зөрчил байна гэж дүгнэж байгаа нь хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцэхгүй, салаа утга агуулсан гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн болон Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын дагуу ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг тодорхойлсон. Хөдөлмөрийн гэрээний 6.6-д ноцтой зөрчилд тооцох үйлдлүүдийг тодорхойлсон ба үүний 6.6.17-д Ажилтан нь МУ-ын хууль, ХДЖ, ажил олгогчоос баталсан бусад дотоод хэм хэмжээг тогтоосон дүрэм, журам, ёс зүйн код зэрэг баримт бичиг болон энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдол нь ноцтой зөрчилд тооцогдохоор орсон. Үүнийг хэрэг хянан хэлэлцэх явцад тайлбарласан боловч шүүх яагаад 6.6.17-д заасныг нэрлэн заагаагүй гэж үзсэн талаар тайлбарлаагүй, тухайн зөрчилд тооцогдох үйлдлийг нэрлэн заасаар байтал нэрлэн заагаагүй гэж дүгнэж буй нь хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 1700 дугаар тушаалд ямар хууль, журмуудыг зөрчсөн болохыг тоочин тодорхойлсон байна. Үүнд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Хамгаалах орон зайн журмын 5.2, Нууцыг хамгаалах журмын 6.2.1, 6.2.2, Зохистой хэрэглээний журмын 11.10, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.8, Г.Б засаглалын кодексын Ес зүйн кодын хэм хэмжээг заавал дагаж мөрдөх хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдлийг хийснээрээ ноцтой зөрчилд тооцогдох үйлдлийг гаргасан байна. Эдгээр хориглосон хэм хэмжээ нь ажил олгогчийн үйл ажиллагаанд огтоос хүлээн зөвшөрөх боломжгүй, үйлдвэл банкны болон харилцагчийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөх, ноцтой хохирол учруулах үйлдэл байдаг болохыг шүүх ойлгож холбогдох хуулийн хэрэглэсэнгүй.
4.2. Шүүх болон нэхэмжлэгч талаас харилцагчийн болон банкны хуулиар хамгаалагдсан нууц баримт бичгийг зөвшөөрөлгүй авч гарсан үйл баримт болсон болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч талаас мөн энэ тал дээр маргаагүй болохыг тэмдэглэлээс харж болно. Өөрөөр хэлбэл, бидний хэн нэгний дансны хуулгыг банкны ямар ч ажилтан шаардлагагүй тохиолдолд үзэх, хэвлэх, авч гарах боломжгүй, дотоод дүрэм журмаар хориотой байдаг. Үүнийг талууд бүгд хүлээн зөвшөөрсөн ба шүүх шийдвэртээ үйл баримт тогтоож байгаа талаар бичсэн байгаа хэдий ч нэхэмжлэгчийн би зөрчил гаргаж байгаагүй гэх бичсэн тайлбарыг үндэслэж ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх, нотлох баримтыг үнэлэх зарчим, журмыг зөрчсөн гэж үзэж байна.
4.3. Мөн хөдөлмөрийн гэрээний 6.6.11-д ноцтой зөрчилд тооцохоор үйлдлүүдийг хөдөлмөрийн гэрээнд заасан. Б.Бийн үйлдэл харилцагчийн дансны хуулгууд, банкны 2018 оны кастодиан банкны дансны мэдээллийг олж авсан буюу танилцсан, хэвлэсэн, авч гарч байсан үйлдэл нь мөн дээрх ноцтой зөрчилд хамаарах боломжтой. Дээрх баримтуудыг ажилтан хэвлэх шаардлага ерөөсөө байдаггүй ба ажилтан өөрийн ажлын хэрэгцээнд шаардлагагүй, бусдын санхүү, мөнгөн хөрөнгөд холбогдох мэдээлэлтэй танилцах, хэвлэх нь өмнө дурдсан журмуудын дагуу хориотой. Харин эдгээр мэдээллийг хэвлээд цүнхлээд гарч буй үйлдэл нь нууц мэдээллийг олж авсан, түүнээс гадна задруулсан үйлдэлд хамаарахаар байна. Учир нь банк буюу хамгаалагдах орон зайнаас гарсан нь өөрөө нууц мэдээллийг задруулсан гэж үзэх бүрэн боломжтой үйлдэл мөн, аваад гарч байгаа бол дараа хэнд дамжуулж яаж ашиглахыг банк мэдэх боломжгүй. Банк харилцагчийн нууц мэдээллийг хэн нэгэнд дамжуулж, ил болгох, ашиглахыг хүлээгээд суух нь зүйд үл нийцнэ.
Тиймээс аливаа ажил олгогч хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа МУ-ын хууль тогтоомж болон ажил олгогчийн баталсан дүрэм журмын дагуу хориглосон үйлдэл хийх нь ноцтой зөрчил мөн гэж оруулах боломжийг үгүйсгэсэн, илт хууль зөрчсөн үйлдлийг дэмжсэн, бусдын хувийн мэдээллийг дураар ашиглахыг дэмжсэн, цаашид ямар байдлаар ашиглах нь тодорхойгүй үйлдлийг таслан зогсоох боломжийг үгүй хийсэн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд үйлдэл бүрийг нэрлэн заахыг шаардана. Гэтэл хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.4-ийг үндэслэсэн атлаа бусад ноцтой зөрчлүүдийг тусгаагүй. Өөрөөр хэлбэл тушаалын тушаах хэсэгт заасан дүрэм, журам, хэм, хэмжээг ноцтой зөрчил гэж үзэх хэм хэмжээ байхгүй. Иймд хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалд ноцтой зөрчлүүдийг нэрлэн заагаагүй, үндэслээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан тушаалаар баталсан Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.5, 8.6 дахь хэсэгт кастодианы үйл баримтыг зөвхөн сейфэнд хадгалахаар заасан.
5.2. Нэхэмжлэгчийн сейф ээлжийн амралттай байх үед нь солигдоод тухайн материалуудыг сейфэнд хадгалах зорилгоор авч гарсан үйл баримт байдаг. Хэрэгт 2 ажил хүлээлцэх акт, 3 ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар өгсөн. Харилцааны менежер Б.Тийн ажил үүргийг Б.Б хүлээж авсан буюу ажил үүрэг хавсран гүйцэтгэж байхад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурагдаагүй учир ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Б ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г.Б ХК-ийн Нөөцийн удирдлагын газрын Кастодиан банкны хэлтэст үйл ажиллагааны менежерийн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.
4. Г.Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1700 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.5, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.4 дэх заалтыг баримтлан Нөөцийн удирдлагын газрын Кастодион банкны хэлтсийн үйл ажиллагааны менежер Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Уг тушаалд өөрийн үүрэгт ажилд үл хамаарах, банкны болон хариуцагчийн маш нууц зэрэглэлийн мэдээллийг удаа дараа хэвлэж, ашиглаж, задруулж байсан байх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр харилцагчийн дансны дэлгэрэнгүй, банкны харилцагчдын дансны үлдэгдэл зэрэг банкны болон хариуцагчийн нууц мэдээлэл бүхий нийт 28 хуудас цаасан мэдээллийг банкны төв оффисоос авч гарч байхад нь Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн гэсэн үндэслэл зааж, энэ нь Г.Б засаглалын кодексын Ёс зүйн кодын 1, 4, Хамгаалагдах орон зайн журмын 5.2, Нууцыг хамгаалах журмын 6.2.1, 6.2.2, Зохистой хэрэглээний журмын 11.10, Хөдөлмөрийн дотоод журмын 3.4.1, 3.4.8, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг тус тус зөрчсөн болох нь МАБХ-ийн IS/23-01 тоот Илтгэх хуудсаар тогтоогдсон гэж дурджээ.
4.1. ЭУГ-ын МАБХ-ээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Кастодиан банкны хэлтсийн үйл ажиллагааны менежер Б.Бийн цүнх, эд зүйлсэд тохиолдлын байдлаар хийсэн шалгалтаар НУГ-ын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө ба гүйцэтгэл, Кастодиан банкны харилцагчийн дансны мэдээлэл нийт 28 хуудас мэдээллийг хэвлэсэн, цаасан хэлбэрээр нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүй авч гарахаар завдсан болох нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн IS/23-01 дугаар МАБХ Илтгэх хуудас баримтаар тогтоогдсон байна.
4.2. МАБХ нь тус ажиллагааны үеэр Кастодиан банкны хэлтсийн үйл ажиллагааны ахлах менежер Б.Батчимэгийг дуудаж, уг 28 хуудас баримтыг шалгуулж, Б.Б түүнээс зөвшөөрөл авсан эсэхийг тодруулсан болох нь гэрч Б.Б мэдүүлгээр тогтоогджээ. Нэхэмжлэгч нь тухайн баримтуудыг Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.5, 8.6 дахь хэсэгт баримтыг зөвхөн сейфэнд хадгалахаар заасны дагуу авч гарсан гэж тайлбарласан боловч гэрч уг нөхцөл байдлыг үгүйсгэсэн мэдүүлэг өгчээ.
4.3. Хэрэгт тухайн 28 хуудас баримтыг хариуцагчаас гаргуулж хавсаргасан байх ба Г.Б Кастодианы үнэт цаасны үлдэгдлийн тулгалт хийх гэсэн баримт 10 хуудас эх хувь, 4 хуудас хуулбар, Үнэт цаасны үлдэгдлийн тулгалт 1 хуудас хуулбар, А.Т.Д ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/149 дугаар Үйлчилгээ хаалгах тухай албан бичиг, хавсралт 2 хуудас эх хувь, НУГ-КасБХ Ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө (2023 оны 1-р хагас жил 22643443) гэсэн 2 хуудас баримт, хийгдэх ажлууд, тайлбар, хугацаа, систем, хариуцах ажилтан, хяналт тавих гэсэн багана бүхий хүснэгтэн мэдээлэл 4 хуудас, гадаад хэл дээр үйлдэгдсэн Portfolio Report for Fund, Net Asset Value for Fund гэсэн 3 хуудас хуулбар баримтууд, SIPOC DIAGRAM гэсэн нэртэй 1 хуудас баримт байна.
4.4. Хэрэгт Г.Б засаглалын кодекс, Хамгаалагдах орон зайн журам, Нууцыг хамгаалах журам, Зохистой хэрэглээний журам, Хөдөлмөрийн дотоод журам тус тус авагдсан ба маргаан бүхий 1700 дугаар тушаалд эдгээр журмын холбогдох заалтуудыг баримталсан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Нөөцийн удирдлагын газрын Кастодиан банкны хэлтсийн үйл ажиллагааны менежер Б.Б нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дээрх журмуудад заасныг зөрчиж харилцагчийн дансны мэдээлэл зэрэг 28 хуудас баримтыг нэгжийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас авч гарахыг завдсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. Харин тушаалд нэхэмжлэгчийг өөрийн үүрэгт ажилд үл хамаарах, банкны болон хариуцагчийн маш нууц зэрэглэлийн мэдээллийг удаа дараа хэвлэж, ашиглаж, задруулж байсан байх нөхцөл байдал тогтоогдсон гэж тусгасан нь баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
4.5 Тушаалд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.4 дэх заалт буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох тухай нийтлэг үндэслэлд хамаарах заалтыг баримталсныг буруутгах үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээний 6.6.17-д Ажилтан нь Монгол Улсын хууль, Хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчоос баталсан бусад дотоод хэм хэмжээг тогтоосон дүрэм, журам, ёс зүйн код зэрэг баримт бичиг болон энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдэл, эс үйлдэл гаргасан тохиолдлыг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл ажил олгогчийн тушаалд ажилтан хууль болон байгууллагын дотоод ямар хэм хэмжээг хэзээ, хэрхэн зөрчсөн, байгууллага тухайн зөрчлийг хэрхэн тогтоосон талаар дэлгэрэнгүй тодорхойлж тусгасан байх тул шүүх хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээтэй харьцуулж үзэх замаар сахилгын зөрчлийг дүгнэх боломжтой ба Б.Бийн гаргасан дээрх зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 6.6.17-д заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарч байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан бөгөөд Г.Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1700 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Нөөцийн удирдлагын газрын Кастодион банкны хэлтсийн үйл ажиллагааны менежер Б.Бийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцсэн байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйг залруулах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/02488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн нийт 396,825 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА