Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1938003250215 дугаартай хэргийг  2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х.Б-, 

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХХ аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ийн нуруун тус газарт нь сүхээр цохиж, биед нь шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХХ аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ийн нуруун тус газарт нь сүхээр цохиж, эрүүл мэндэд нь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би Бямба гэдэг хүнтэй хонь худалдаж авахаар найз Х.Б-гийн очиход эхнэр болох Дэлгэрмөрөн байсан. Бямба цай уугаад гадаа гарч бие засахаар гарсан.Тэгээд удаа ч үгүй гадаа мотоциклийн дуу гарахад гарч очиход Х.Б- нэг залуугаар хүргүүлж ирээд тэр залуу нь давхиад яваад өгсөн. Х.Б- намайг “чи юу хийж яваа юм” гэхээр нь “танайд ганц аяга хар цай уулаа” гэж хэлсэн. Хашаа, гэр хоёр ойрхон хашааны хажууд зогсож байхад Х.Б- намайг 2 удаа баруун талын мөр лүү цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохиод айгаад зугтсан. Би намрын хонины намхан хашаа байшинтай ойрхон барьсан малын хашаа давж байхад араас миний нуруулуу юм туссан. Хашааны нөгөө талд гарахад Бямба мотоцикль асаасан “явъя” гэхэд би гүйж очоод мотоцикль дээр суугаад яваад өгсөн. Айлд очоод баруун ташаанд нойт оргиод байхаар нь гараараа үзэхэд цус болсон байсан.Тэгээд тэр айлын хүн сумын эмнэлэг дуудахад цагдаа, эмч нар ирээд Х.Б-, бид хоёрыг сумын төв рүү авч ороод эмч “хэвт” гээд хэвтсэн. Харин Х.Б- аймаг руу ачигдаад явсан. Ер нь согтуудаа архинаас болж ийм зүйл болсон. Тухайн үед Х.Б- миний араас түлээний сүхээр баруун талын ташаа орчимд шидэж намайг гэмтээсэн...Миний хувьд би урд өдөр нь найранд орж тодорхой хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэрэг үйл явдал болоход эрүүл байсан. Харин Х.Б- согтуу байсан...Тухайн үедээ цус гарсан бөгөөд эмч цусыг тогтоож эмнэлэгийн тусламжийг үзүүпсэн.Одоо хөдөлж гишгэхэд зовиургүй болсон. Шарх нь эдгэж байгаа, явахад ямар нэгэн өвделттүй байна...Би Х.Б-тэй эвлэрлийн гэрээ байгуулж гомдолгүй болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/

Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө гэрээсээ малаа хайхаар ганцаараа гарсан. Тэгээд зам дагуу Х.Б-гийнд очиход Дэлгэрмөрөн ганцаараа байсан. Малаа туугаад гарч ирэхэд Х.Б- мотоцикльтой хүнээр хүргүүлж ирсэн. Доороос П.Г-, Бямбаа хоёр сундалдсан гарч ирж таарсан. Х.Б-, П.Г- хоёр муудалцаж, зодолдсон. Би салгах оролдлого хийсэн...Х.Б-, П.Г- хоёр согтуу байсан. Тэр хоёрын хувьд архи уусан хүмүүс агсам тавьж байгаа хэлбэр, түүнээс өс хонзонгийн асуудал байхгүй. Юугаар гэмтэл учруулсныг мэдээгүй. Намайг салгах гээд оролдож байх явцад болсон явдал юм...Би тэр хоёрыг “боль” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/

Гэрч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай аав Х.Б- бол архи дарс нэг их уудаггүй. Ойр хавийн нутгийн хүмүүс дунд нэр хүнд сайтай. Зан аашын хувьд зөв боловсон, хүүхдүүд бидэнд сайн аав шиг байдаг, аливаа зүйлд нэг их оролцох дургүй, дуу цөөтэй, гэр орноосоо явж хэсдэггүй, олны дунд яриа хөөрөөтэй, хүн чанартай, тусархаг, нийтэч хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны                       4 дүгээр сарын 23-ны өдөр манайх охиныхоо сэвлэгийг үргээсэн..П.Г- халамцуу, архи  уусан байдалтай найранд ирж оролцсон...Х.Б- орой 22 цагийн үед эхнэртэйгээ ирсэн. Х.Б-г манайд ирэхэд П.Г- явсан байсан. Тэр хоёр уулзаагүй...Дараа нь П.Г-, Х.Б- хоёрыг зодолдсон гэж дуулсан. Өөр мэдэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

Гэрч Д.Дэ-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр Х.Б-, 3 хүүхдийн хамтаар Х сумын 1-р багт 3 хүүхдийн хамтаар хөдөө мал маллаж амьдардаг бөгөөд... 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай багийн айл Мөнхжаргалын сэвлэг үргээх үйл явдалд оройхон очиж оролцсон.Нөхөр унтаад өгөхөөр нь би гэртээ ирээд малынхаа ажилд гараад дуусгаад гэртээ ороод байж байхад мотоциклийн чимээ гарахаар нь “нөхөр ирж байна” гэж бодоод хэвтэж байхад хаалга онгойлгож хүн хараад хаалга хаасан. Би цонхоор харахад Мөнхдаваа мотоцикль дээрээ очоод байж байхад П.Г-, Бямба хоёр ирээд П.Г- л гэрт орж ганц аяга цай уугаад гарсан.Тэгэхэд нөхөр Х.Б- бас ирж таарсан.Х.Б-, П.Г- хоёр хоорондоо маргалдаж байхаар нь би нөхрөө “орж амраарай” гэж хэлээд хониныхоо хашаа руу орж хургандаа өвс тавьж өгөөд 4 хонь хургалсан болохоор тэрийгээ өвслөөд 2-ын хөхүүлээд гарч ирэхэд П.Г- “танай нөхөр намайг цохичихлоо” гэж хэлсэн. Би тэр хоёрын хооронд юу болсон талаар мэдээгүй.Тэгээд цагдаа, эмнэлэг болсон...Манай нөхөр хаяа нэг архи уудаг тэр болгон архи хэрэглээд байдаггүй. Зан аашийн хувьд өөлөөд байхгүй, нутаг орондоо нэр хүнд сайтай , нутгийн хүмүс Бадий гэж дууддаг.Залуу насандаа барилдаж сумын заан цолтой юм.Сүүлийн 3-4 жил барилдаагүй мөр нь мултараад барилдахгүй байгаа юм. Гэр бүлийн маргаан ч хийддэггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би П.Г-ээс уучлалт гуйж хохирлыг барагдуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан. Би эхнэр, хүүхдүүдийн хамтаар Х сумын 1 дүгээр багт амьдардаг бөгөөд ар гэрийн амьдрал хэцүү байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухаарч байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ баталж байна. Дахин архи ууж хүнтэй маргалдаж хэрэг төвөгт холбогдохгүй...Нэг нутаг орны нутгийн танилууд тэрнээс өмнө бид хоёр хоорондоо маргалдаж зодолдож байсан асуудал байхгүй.Тухайн хэрэг болох болсон хэрүүл маргаанаас болсон би өөрөө согтуу байсан болохоор хоорондоо муудалцаж ганц цохилцсоны улмаар ийм үйл явдап болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/

ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        4 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай: П.Г-ийн биед баруун ташаанд шарх, тэр хэсэг газарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. П.Г-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/

ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        4 дүгээр сарын 30-ны өдрийн 234 дугаартай: Х.Б-гийн биед зүүн доод зовхи, эрүүний зүүн хэсэгт цус хуралттай, хамрын баруун самалдаг, зүүн сарвууны гадна хэсэг зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Харин зүүн сарвууны гадна хэсэг зулгаралт нь тухайн цаг хугацаанд үүссэгүй хуучин гэмтэл байна. Х.Б-гийн биөд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Х.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ХХ аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ийн нуруун тус газарт нь сүхээр цохиж, эрүүл мэндэд нь шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн энэ гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Х.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 47-р талд эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

         Шүүгдэгч Х.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай модон иштэй, хуучин, ажлын хэсэг нь 14 см урттай, гар хийцээр хийсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938003250215 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938003250215 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 50 см урттай модон иштэй, хуучин, ажлын хэсэг нь 14 см урттай, гар хийцээр хийсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн 1938003250215 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР